АТГ-аас Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны бодлого төлөвлөлт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Ш.Эрдэнэжаргал, Гаалийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга Б.Даваасүрэн, Гашуунсухайт дахь Гаалийн дарга Л.Ганбаяр, Хилийн шалган нэвтрүүлэх албаны дарга Б.Гансүх нарын найман албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ.
Шалгагдаж буй албан тушаалтнуудын хувьд Ш.Эрдэнэжаргал нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байх үедээ газар олголтын асуудлаар шалгагдаж байсан. Нэг хэсэгтээ “царцаад” байсан энэ хэргийг одоогоор дахин шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Үүнд Өмнөговь аймгийн Засаг дарга асан, одоо тус аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа нар ч хамтдаа шалгагдаж буйг эх сурвалж үгүйсгэсэнгүй.
Харин Б.Даваасүрэнгийн тухайд  урьд нь Гашуунсухайтын гаалийн дарга, Дарханы гаалийн дарга зэрэг албан тушаалд ажиллаж байгаад ГЕГ-ын Хяналт шалгалтын газрын даргаар ажиллах болсон аж.
Гэтэл эдгээрийг Мөрдөн шалгах хэлтсийн дарга Р.Баярмагнай нь ХХЕГ-ын дарга асан, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны дарга, генерал Ш.Лхачинжавыг Хууль сахиулахын их сургуулийн захирлаар ажиллаж байхад нь тус сургуульд багшаар ажиллаж байсан. АТГ-ын дэд дарга Г.Азжаргал нутаг ус, эцгийн талын садан төрөл гээд хамаарал байж болох талтай гэж хардаж болох юм.
Энэ бүхнээс харахад “нүүрсний хулгай” гэгч улстөржсөн төдийгүй улс төрөөс ангид үзэх ч боломжгүй хэргийг чухам хэн, хэзээ, хэрхэн илрүүлэх нь тун бүрхэг байна.

ХХЕГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн өвөрмөц сонирхолтой “ертөнцөөр”…

Хилээр нүүрс дутуу бүртгэгдэж гараад байсныг нь хууль хяналтынхан болон “Миний ахалсан Ажлын хэсэг илрүүлсэн юм шүү” гэж хашгираад байгаа ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэж байгаа л юм бол тухайн үед ХХЕГ-ын даргаар ажиллаж байсан, одоо төрийн өндөр эрх мэдэлд хүрчихээд байгаа УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн генералыг болон маш чухал хариуцлагатай алба болох Боомтын онцгой бүрэн эрхт захиргааны даргаар ажиллаж буй туршлагатай эрхэм генерал Ш.Лхачинжав нарыг яагаад шалгуулчихаж болохгүй гэж? УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн тухайд л гэхэд ХХЕГ-ын даргаар ажиллаж байгаад 2013-2016 онд БНХАУ-ын “Чин хуа” группийн хөрөнгө оруулалттай “Импайр газ” компанийн Ерөнхий захирлаар ажилласныг УИХ-ын албан ёсны сайт дээрх намтраас харж болно. Улмаар Зоу Шиу Шан, Шү Вэй Хуа, Ванг Хуй, Монгол Улсын иргэн Баасанжавын Отгонбаатарын  хамт ТУЗ-д нь ажиллаж байсан тухай холбогдох баримтуудыг Шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал, иргэн Б.Сайнбаяр АТГ-т 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр АТГ-т хүргүүлэхдээ тус газрын гадаа хэвлэл мэдээллүүдийн хэрэгслүүдийг дуудан олон нийтэд өргөн хүрээнд мэдээлсэн байдаг. Харамсалтай нь энэ хэргийг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа АТГ мэдээлээгүй.


ХХЕГ-ыг “цэвэрлэхгүйгээр” нүүрсний хулгайн гэх хэрэг цэгцрэхгүй л болов уу

Ямартай ч УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнг тус компанийн захирлаар ажиллаж байх үед буюу 2014 оны 8 дугаар сард “М Си Эс Петро Лимитед” ХХК нь Монгол, Хятадын хамтарсан “Импайргаз Монголиа” компанитай “Борзон-VII” талбайд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэхээний эрх үүргийг бүхэлд нь шилжүүлэх гэрээ хийгдсэн. Үүнд Газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд шаардагдах техник, технологи, санхүүжилтийг БНХАУ-ын талын хувь эзэмшигч “Чинхуа групп” хариуцах, Австралийн “JORK” стандартын дагуу нөөцийг тогтоох, эдийн засгийн үр ашигтай нөөц тогтооглсон тохиолдолд хувь нийлүүлэгчид Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулах үйлдвэр барихаар болсон гэх мэдээлэл хэвлэлүүдэд гарчээ.


Сонирхолтой нь эрхэм захирал Ц.Сэргэлэн нь энэ ажлынхаа үр дүнг орхиод бизнесийн ертөнцийн хаалгыг чимээгүйхэн хаагаад буцаад ХХЕГ-ын даргаар ажиллах болсон. Үүнд нь АТГ ямар нэг саад хийгээгүй болоод л томилогдсон биз. Хачирхалтай биш гэж үү? Үндэсний аюулгүй байдал, Төрийн дархлаа, өндөр босго хаана яваа болоод Хилийн дарга нь Хятад компани удирдаж яваад эргээд Хилийн даргаараа ажилладаг юм бэ?  Яагаад түүнийг ХХЕГ-ыг удирдах үед буюу зөвхөн 2019 оны 3-р улиралд давхардсан тоогоор 2902 машин зөвшөөрлийн бичиггүй хил нэвтэрсэн, давхардаагүй тоогоор 59 ААН-ийн 937 машин 2074 удаа ГС-аар, 16 ААН-ийн  130 машин 838 удаа Шивээхүрэнгийн боомтоор гарсан баримт олдов? Энэ тоо нийт дүнгээрээ болон нүүрсний үнийн дүнгээр тооцвол ямар хэмжээтэй гарах бол? Тэр үеийн ХХЕГ-ын даргыг шалгах, хариуцлага тооцох асуудал байж болох уу? Яагаад тэр үед ХХЕГ-ын мэдээлэл технологийн ажилтан мэдээлэл устгасан гэх хэрэгт холбогдож байв гэдгийг хардаж болно биз дээ?

Яг энэ албан тушаалаараа ажиллаж байгаад сонгуульд өрсөлдөж ялаад УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Ц.Сэргэлэнг ХХЕГ-ын даргаар ажиллаж байх үед хилээр гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гараад байсан нь “Нүүрсний хулгайн хэрэг” гэгчид чинь огт хамаагүй юм уу? Түүнээс ХХЕГ-ын даргын албыг хүлээж авсан Ж.Бямбасүрэн Лаост Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд оронд нь тус газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал эрхэлсэн дэд дарга асан, бригадын генерал Х.Лхагвасүрэнг томилсон. Түүний “бэхэлгээ” нь ХХЕГ-ын дээр дурдсан экс дарга нар. Ингээд бодохоор сүүлийн арван жил үргэлжилсэн “нүүрсний хулгай” чинь хилийн байгууллагатай, улстөржсөн томилгоотой салшгүй холбоотой шүү, Ерөнхий сайд аа!
                                                                                                                                                          /Үргэлжлэл бий…/