Ёс зүйн ДЕЛО №24. ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар Та “Эдийн засгийн алуурчин” юм уу?
-Сангийн сайд нь экспортын орлого хайгаад, Эдийн засгийн хөгжлийн сайд нь нүүрсний гэрээг яаман дээрээ хянах гээд байгааг огт ойлгохгүй байна, Ерөнхий сайд аа!-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нарын гарын үсэгтэй, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоол анхаарал татлаа. Үүний өмнө Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдааны 46 дугаар тэмдэглэлд яг дээрх тогтоолын агуулга багтсан байдаг.
Үүнд Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулсан бөгөөд энэ зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг нүүрсээр барагдуулах (off-take) нөхцөлтэй болон төлбөрийг урьдчилан авч ашигласан гэрээнүүдийн хэрэгжилтийг 2022 он дуустал хойшлуулахыг даалгасан. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг нүүрсээр барагдуулах (off-take) нөхцөлтэй болон борлуулалтын бүх гэрээг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны дотор ЭЗХЯ-нд хүргүүлж бай” гэж заажээ.
Энэ нь Засгийн газрын тогтоол болж албажжээ.
Хятадын тал зөвхөн Монголд “хаалгаа бяцхан нээж” урт хугацаанд тогтвортой авахаар болсон. Үүнд буюу ийм амлалт өгчихөөд явсан Ван И гэгч даргад Монголын ард түмэн, төр засаг талархаж буй. Мэдээж ийм амлалт авахын тулд гадаад харилцаа талдаа чамлахааргүй ажлыг хийсэн. Сангийн сайд экспортын орлогоо нэмэгдүүлэхийг хүсч л байгаа байлгүй дээ. Ганцхан жишээ дурдахад төсвийн орлогод байнга “мэрдэг” ИНЕГ л гэхэд 2022 онд 150 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс одоогоор 16 тэрбумыг л өгсөн. Дайнгүй үед шүү дээ. Ингээд 2023 онд яахыг Сангийн яамнаас тайлбар авъя гэхэд дахиад 150 тэрбумыг төлөхөөр төсөв өргөн барьсан. Дайнаас үүдэн орлого тасалдаж, байсан навигацийн орлогоо Хөгжлийн банкинд байршуулаад алдчихсан шүүхдээд явж байгаа “айл” шүү дээ. Энэ мэтчлэн төсвийн орлого эмзэг байхад, гадаад талаасаа Хятад дуртай, дургүй нүүрсийг маань авъя гэж байх яг ийм үед нүүрсний гэрээний хэрэгжилтийг зогсоодог Эдийн засгийн хөгжлийн сайд та энэ танхимын гишүүн мөн үү? Эсвэл “Эдийн засгийн алуурчныг” Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилсон Ерөнхий сайдын буруу юу?
Сайн сайхан талаас нь харах гэж хичээвэл нүүрснээс ашиг олдог цөөнгүй улстөрчтэй Ч.Хүрэлбаатар сайд тэмцэх, илрүүлэхийг хүссэн байж болно. Зөв байлгүй яахав. Тэмц! Гэхдээ экспортын орлоготойгоо битгий тэмцээд бай л даа, Сайд аа. Олборлосон нүүрсээ экспортлох төмөр замтайгаа, түүний санхүүжилттэй тэмцээд яах вэ дээ? Гаднын, хүүтэй мөнгөөр төмөр замаа санхүүжүүлэх үү, нүүрсээ зараад мөнгий нь урьдчилж аваад төмөр замаа өөрсдөө барих уу гэдэг хоёр замаар өөр ямар сонголт байсан юм бэ?
Энэ дунд хулгай зэлгий байсан уу гэвэл байсан байх. Та бид зэрэгцээд л шүүмжилдэг, ухаж төнхдөг. Гэхдээ “үүлэн чөлөөний нар” шиг богинохоон хугацаанд нүүрсээ экспортлоод орлого олсон нь дээр үү? Харин та нүүрсний хулгайч илрүүлэх тэмцэх зорилгоо одоо л “0”-ээс эхэлбэл зөв болох бус уу?
Эндээс таныг хувийн сэдлээр асуудалд хандаад байгаа юм биш биз гэх хардлага төрж эхэлсэн. Учир нь та урьд нь Сангийн сайдаар ажиллаж байхдаа З.Энхболдыг УИХ-ын даргатай жигтэйхэн муудалцаж байснаа л түүний хамаарал бүхий “Страто” компанийг чадах гэж байгаад баахан ААН-ийг туйлдуулсан, хаалгаа барихад хүргэсэн шийдвэр гаргасан нь одоо ч хэрэгжсээр байна. Тухайлбал, Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны 465 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах асуудлыг зохицуулж, зарим тохиолдолд гэрээний үнээр АМНАТ төлөх зохицуулалт байсан боловч Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоолоор хүчингүй болгочихсон. Энэ тогтоолд тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын гарын үсэг зуржээ. Зорилго нь гэрээний үнээр бус жишиг үнээр татвар авч орлого нэмэгдүүлэх гэсэн хэрэг. Үүний цаана боловсруулах үйлдвэрүүд л боомилогдож хоцорсон.
Харин одоо тэрбээр “Гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, гаалийн хяналтыг сайжруулах чиглэлээр Сангийн сайд, Гаалийн дарга, Татварын даргад үүрэг өгөөд, ирэх оны эхний өдрөөс дээрх системд бүртгүүлээгүй бол экспортод гаргахгүй гэж “Ерөнхий сайдын дэргэдээс” үүрэг өгөөд сууж байгааг Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолоос харж байна. Ингэхэд тэрбээр өөрийгөө “бараг Ерөнхий сайд” болчихсон гэж бодоод үүрэг өгөөд сууна уу? Эрх талаас нь харахаар бас сонихон. Дээр дурдсан Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдааны 46 дугаар тэмдэглэлээр Ч.Хүрэлбаатар сайд ямар эрх эдэлмээр байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийг нүүрсээр барагдуулах (off-take) нөхцөлтэй болон борлуулалтын бүх гэрээг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны дотор ЭЗХЯ-нд хүргүүлж бай” гэж заажээ. Эдгээр гэрээг Ч.Хүрэлбаатарын яам руу хүргүүлж байхаар богино хугацаанд бушуухан нүүрсээ ачаад гаргаж байвал дээр юм биш үү, Ерөнхий сайд аа! Яагаад Хятадын тал тэдний яамаар гэрээ хянагдахыг хүлээгээд сууж байна гэж бодоод байгаа юм бол?
Хэрэв LTR төслийн талаарх маргаантай холбоотойгоор Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байх үеийн гэрээ учраас “танай яам” хянах гэж байгаа бол үр дүнд нь баригдах төмөр зам юуны буруутай байх вэ? “Нүүрсний бизнес” эрхэлдэг намынхаа улстөрчидтэй “дайтах” гэж байгаа бол хэний ч хамаагүй нүүрс хилийн цаана гарч ам.доллар болж орж ирэх нь илүү чухал. Тэр хоорондох хулгайн асуудлыг олох нь холбогдох байгууллагуудын үүрэг гэдгийг хууль батлалцдаг туршлагатай улстөрч та дэндүү сайн мэднэ. ЭЗХ-ийн сайдад нүүрсний хулгайг илрүүлэх, таслан зогсоох, яамныхаа хяналтад байлгахаас өөр ажил үүрэг хуваарилагдсан л байж таарна.
Хэдийгээр эдүгээ та бүхэн нэг танхимын сайд нар боловч танай Засгийн газар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг урагшлуулах гээд байхад Увс аймгийн Өмнөговь сумын хэсэг иргэд хэрхэн саад болж байна? Эрчим хүчний сайдаар ч, Сангийн сайдаар ч ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар гишүүн та энэ төслийн үр нөлөөг нутгийн иргэдэд ойлгуулахын төлөө юу хийж байсан бэ? Өнөөдөр тэд өрх бүр биш иргэн бүрээрээ нөхөн олговор авна гээд, нөлөөллийн бүсийн бус хүмүүс хүртэл нэмэгдээд байгаа, эцсийн дүндээ сонгуулиар амласан танай намын ажил, таны ажиллаж буй Засгийн газрын ажил шүү дээ.
Яагаад танхимын сайд нартайгаа нэгэн зүгт харж ажиллахгүй байна вэ? Зөвхөн энэ ч гэлтгүй “хориглох”, “хаах”, “хянах” зорилтоо хойш тавьж экспортын орлогоо нэмэгдүүлэхгүй бол ойр хавийн сайд дарга нартаа аччихаад “Эдийн засгийн хөгжлийг хариуцаж байна” гээд “дээрээс нь” хараад үүрэгдээд суугаад байх нь зохимжгүй харагдаж байна. Сангийн сайд нь экспортын орлого эрж хайгаад, Эдийн засгийн хөгжлийн сайд нь олсон гарцыг нь хаагаад өөртөө төвлөрүүлээд байхыг огт ойлгохгүй байна, Ерөнхий сайд аа!