УЕП-ын туслах прокурор, Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөх, одоо Нийслэлийн ерөнхий прокуророор томилогдон ажиллаж буй Ц.Ариунболд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгаас Гавьяат хуульч цол хүртсэн. Түүний албан үүрэг нь товчхондоо Нийслэлийн хэрэгсэхгүй болсон хэргүүдийг Улсын прокурор дээр хүлээж авдаг гэж олон нийт ойлгодог. Гэтэл Гавьяатын цолоо тухайн үеийн Ерөнхийлөгчөөс хүртсэн Ц.Ариунболдод 2021 оны 03 дугаар сарын 3-ны өдөр УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнд холбогдох хэрэг дээр ажилласан АТГ-ын мөрдөгчөөс эсэргүүцэл ирсэн байдаг. 

Үүнд тухайн үед Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдорж нь УИХ-ын гишүүнээр сонгогдсон иргэн А.Адьяасүрэнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2021 оны 02 дугаар сарын 09-ний 13 дугаартай тогтоолыг ирүүлсэн нь хуульд нийцэхгүй шийдвэр тул хянан үзэж хүчингүй болгож өгнө үү” гэсэн байна. Хамгийн ноцтой нь уг эсэргүүцэлд маш тодорхойгоор “Нийслэлийн ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдоржийн дээрх шийдвэр болон 2021оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай тогтоолууд нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд ашигтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан “ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэнийг анхаарна уу” гэсэн байгаа юм. Харин Ц.Ариунболд прокурор үүнийг олж харахыг хүссэнгүй. 

Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан Та энэ нөхцөл байдлыг мэргэжлийн үүднээс дүгнэж олон нийтэд хэр шударга хүнээр Монголын Прокурорын байгууллага удирдуулж байгааг харуулж өгөхийг олон нийтийн өмнөөс хичээнгүйлэн гуйж байна!!! Энд яригдаж буй бүх баримт миний гарт бий бөгөөд байгууллагын нэр хүндийг эрхэмлэсэн учир энэ удаад нийтлээгүй болно.

Тухайн үед УЕП-ын туслах прокурор, Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байсан, хууль цаазын тэргүүн зөвлөх Ц.Ариунболд нь 2021 оны 03 дугаар сарын 18-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэнд тухайн өдрийн 4/591 албан тоотоор хариу өгөхдөө “…прокуророос 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг 265 хоногийн хугацаанд сэжигтэнд танилцуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр дээд шатны прокуророос уг тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулахыг мөрдөгчид даалгажээ. Дээрх шийдвэрт мөрдөгчөөс санал гаргах эрхийг хуульд тухайлан заагаагүй тул хэргийг буцаан хүргүүлэв. Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах боломжтой байна. Хэрэг 2 хавтас, 483 хуудастай” гэжээ.

 Уг нь мөрдөгч 2020 оны 05 дугаар сарын 20-ноос эхлэн иргэн А.Адьяасүрэнд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг танилцуулахаар хэдэн удаагийн оролдлого хийж албан үүргээ гүйцэтгэсэн боловч иргэн А.Адьяасүрэн ямар тайлбар өгөөд тогтоолтой танилцалгүй худал хэлж бултсаар байсан тухай УЕП-т гаргасан эсэргүүцэлдээ маш тодорхой бичсэн юм билээ.  

Эсэргүүцэлд: …2020 оны 05 дугаар сарын 20-нд гар утсаар нь ярьж мэдэгдэхэд “Баянхонгорт сонгуулийн бэлтгэл ажлаар явж байна, сонгуулийн дараа тогтоолтой танилцах боломжтой” гэсэн байдаг. Үүний дараа УИХ-ын гишүүнээр сонгогдож тангараг өргөсөн. Улмаар коронавирустай холбогдуулан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Засгийн газар, УОК-ийн шийдвэрийг дагаж байсан ч 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Төрийн ордон дахь түүний албан өрөөнд очсон боловч “гадуур ажилтай”, “бүлгийн хуралтай” гэхчлэн тогтоолтой танилцахаас зугтсаар байжээ. 

Ингээд 2021оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 18.30 цагт тухайн үеийн Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Нямдоржийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаартай тогтоол гарахаас 12 хоногийн өмнө Төрийн ордон дахь УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнгийн албан өрөөнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Д.Нямдагва уулзаж Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын19-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг танилцуулсан байна. Эрхэм гишүүн тогтоолтой танилцангуутаа тогтоол, эрх үүрэг танилцуулсан тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзаж 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр АТГ-т өмгөөлөгчтэйгээ хамт очиж мэдүүлэг өгнө гэсэн тайлбар хийсэн бөгөөд түүнээс хойш утсаа унтраах, эсвэл дуудлагыг авахгүй байх, сүлжээнээс гаргах зэргээр холбогдох боломж өгөхгүй байжээ. 

Эрхэм гишүүн А.Адьяасүрэн АТГ-ын мөрдөн шалгах үйл ажиллагаанд энэхүү нөхцөл байдлыг үүсгэсэн нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгаас Гавьяат хуульч цол хүртсэн УЕП-ын туслах прокурор, Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, одоо Нийслэлийн Ерөнхий прркуророор ажиллаж буй Ц.Ариунболдыг 2021оны 03 дугаар сарын 03-ны өдөр АТГ-аас мөрдөгчид дээрх эсэргүүцлийг явуулах, үндэслэлд нь мөрдөгчийг буруутгах шалтгаан болсон дүр зураг харагдаж байна. Өөрөөр хэлбэл авлигын үйлдлийг илрүүлсний дагуу эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон ч нам гүм өнгөрлөө.  

УИХ-ын гишүүн, Прокурорын байгууллагын үүрэг хариуцлага, Ерөнхийлөгчийн хүртээсэн гавьяа шагнал ийм учир холбоотой байхад шударга ёс, хууль яриад яах юм бэ? 

Ерөнхийлөгчийн нутгаас төрсөн эрхэм гишүүн, ямар гээчийн дархан эрх эдлэхээрээ Төрийн хууль биелүүлдэггүй, АТГ гэдэг төрийн тусгай байгууллагын үйл ажиллагааны зарчмыг уландаа гишгэж, Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох хүртэл Улсын Ерөнхий Прокурорт нөлөөлж байна вэ? Үүний шийдвэрийг Эрхэм гишүүн А.Адьяасүрэн, Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан, тухайн үед УЕП-ын туслах прокурор, Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөх Ц.Ариунболд , одоогийн Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий Прокурор Д.Баянжаргал нараас хатуу нэхэж олон нийтэд тайлагнах болно.

Ёс зүйн “дело” үргэлжилж байна!!!