Дэлхийн II дайнаар олзлогдож нөхдийн хамт Монгол руу ачигдан Улаанбаатарт хоёр жил хорионд ажилласан япон эр хожим “Би тэр чигтээ Монголд үлдчихвэл ч үлдчих л байсан, нэгэнтээ дайн дуусчихсан юм чинь...” гэж ярихын хажуугаар сайхан сэтгэлт монгол бүсгүйг дурсдаг байжээ. Гэрийнхэн нь “Гэр орон чинь энд байхад чи тэнд үлдээд яах юм” гэж тоглоом хийгээд л өнгөрнө. Харин чухам хэнийг, яагаад байсхийгээд дурсдаг байсныг нь төдий л сонирхолгүй явжээ. Гэтэл олзны япон цэрэг эр буцаж ирснээс хойш яг 70 жилийн дараа монгол бүсгүйд дурсгасан сэтгэлийн бэлгийг нь гэр бүлийнхэн гартаа барьж үзэх учиртай байсан юмсанж.  

Өвөрхангайд 2000 онд Японы Шо-о мужийн хөрөнгө оруулалттай “Мэргид” дунд сургууль байгуулагдахад Сургалтын менежерээр ажилд орсон Тунгалаг хүүхдүүдэд зааж байгаа үсгийг хаана харснаа санажээ. 1979 онд Өвөрхангайн бэр болж хадмындаа ирэхэд л байсан “япон манерка” нэртэй шар тос хийдэг савыг угаахад яг тийм үсэг гарч ирсэн аж. Ингээд хадам ээжээсээ учрыг нь асуувал “Олзны япон цэрэг Монголоос явахдаа дурсгасан юм” гэхээс өөр тойвтой зүйл яриагүй байна. Харин “Мэргид” сургууль байгуулах санаачилга гаргаж, хөөцөлдсөөр ажил хэрэг болгосон Монголын соёлын элч; Япон-Монголын соёл, эдийн засгийн нийгэмлэгийн тэргүүн  Сато Норико сан жилдээ хоёронтаа Өвөрхангай аймагт очдог юмсанж. Түүнийг ийн нэг ирэхэд нь Тунгалаг мөнөөх савны тухай дуулгавал “Орчуулагч Бурмаад өгчихөөрэй” гэжээ. Тэр цагаас хойш долоон жил өнгөрч Бурмаагийнх байраа сольж нүүх болоход мөнөөх сав гарч ирснээр эзнийг нь хайж олох ажил ундарчээ.

Угтаа бол тэр нь шингэн хийдэг “манерка” буюу дашмаг бус цэрэг хоолны сав байсан юм билээ. Түүн дээр японоор « ... Икэмүра», латин үсгээр «S . I» гэсэн нь тодорхой харагдана. “Тухайн үед Америк, Японы дайсан байсан гэтэл латинаар бичнэ гэдэг маш ховор тохиолдол. Харин тэр латин тэмдэглэл эзнийг нь олоход их тус болсон” гэж Сато Норико сан дурсч сууна. Ингээд «Икэмүра»-аар нь чиг болгоод, «S . I»-ээр нь дэм хийгээд эрэлд гарсан аж. Ингээд Фукия мужийн “Икэмүра Сусуми” гэж хүн дайнд яваад олзлогдсон гэдэг мэдээлэл олжээ. Энэ сэжүүрээ хөөгөөд явтал нөгөө хүн «Владивостокоос Находка орох замдаа нас барсан» гэдэг архивын баримт гарч ирсэн байна.

Бурмаа ч Монголд зүгээр суусангүй. Үндэсний төв архивт очиж олзны япон цэргүүдийн дансыг шүүсэн ч монгол бичгээр таталчихсан бас нэрийн японоор бичсэн балархай хэсгийг тодорхой мэдэхгүй учраас барьцтай зүйл олоогүй гэнэ. Ингээд эзэн нь нас барчихжээ гэж дүгнэхээс өөр гарц бараг үлдсэнгүй. “Эрэл маань энэ хүрээд зогслоо гэж сэтгэлээр унасан” хэмээн Сато Норико сан дурслаа. Гэтэл «Икэмүра Саичиро» гэж өөр нэг нэр гарч иржээ. Тэгэхээр нь Сато Норико сан “Асахи шинбүн”, “Киодо цүшин” зэрэг Японы 10 гаруй өдөр тутмын сонинд хоолны савны зурагтай эзнийг нь хайж байна гэдэг зар хэвлүүлсэн байна.

Сонинд зар гарснаас таван өдрийн дараа Сато Норико сан рүү хүн утсаар ярьж “Энэ миний өвөө гэдэг нь бараг тодорхой байна. Манай өвөөг Икэмүра Саичиро гэдэг. Өвөөгөөс өөр хүн S I гэж нэрээ латинаар тэмдэглэхгүй байх” гэжээ. Утсаар ярьсан хүн нь Киото хотын иргэн Накаяма Нанами хэмээх уулын аяллын хөтөч бүсгүй байлаа. Харин түүний найз сонин дээрх зарыг олж үзээд “Танай өвөө Монголд олзонд байсан гэдэг, чи гэрлэхээсээ өмнө Икэмүра овогтой байсан биз дээ. Тэгэхээр энэ танай өвөөгийн эд байх магадлалтай. Очиж уулз” гэж мөнөөх сониныг өгснөөр Накаяма Нанами сан эрэлд нэгджээ. Ингээд Киото мужийн Цэргийн түүхийн архивыг шүүлгэхэд “Икэмүра Саичиро цэргийн хангамж тээврийн 133 дугаар дивизэд алба хааж яваад 1945 оны арванхоёрдугаар сард ЗХУ-аас БНМАУ руу ачигдаж, 1945 оны аравдугаар сар хүртэл Улаанбаатарын хорих ангид байсан” нь тодорхой болов. Мөн олзны хүмүүс буцаж ирсэнтэй холбоотой архивын бусад материалыг шүүж үзсэн байна. Буцаж ирсэн олзны цэргүүд буусан Майзүрү боомтын бүртгэл, Эрүүл мэндийн яамны архив зэрэг олон баримтаар савны эзэн бол Икэмүра Саичиро мөн гэдгийг хөдөлбөргүй нотолсон ажээ.

Икэмүра Саичиро буцаж очоод Киото мужийн Үжи хотод амьдран хүүхдийн тоглоомын жижиг үйлдвэр нээн ажиллуулж байгаад 2002 онд 87 насандаа таалал төгсчээ.  

Цэгмидийн Должин 1919 онд төрсөн, Өвөрхангайн Тарагт сумын хүн. Орчин үеийн анагаах ухаан нэвтрэхэд нутгийнхаа эмнэлэгт 1940 онд санитараар орж ажиллажээ. Хожим 1944-1948 онд Улаанбаатар хотод Анагаахын техникум төгссөн. Тэрээр нутаг усандаа “Доктор Дулмаа” гэж дуудуулсан хүндтэй хүн байжээ. Харин түүний нөхөр Батаагийн удирдлага дор Улаанбаатарын Модон эсвэл Төмрийн заводын аль нэгт олзны япон цэргүүд ажиллаж байсан, тэдэнд Ц.Должин тусалдаг байсан учир хоолны саваа дурсгасан болов уу хэмээн түүний хүү Б.Мөнхжаргал ярилаа.

Олзны япон цэргүүд


Дэлхийн II дайны дараа 1945-1947 онд Монголд байсан “олзны япон цэрэг”-ийн тухай бид бүдэг бадаг мэддэг. Түүхч, эрдэмтэн С.Идшинноровын “Сахалт эцэг”-ээс хүлээж авсан олзны япончууд өгүүллэгээс эшлэн зарим мэдээллийг өгье.

1945 оны есдүгээр сард Япон үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаас сарын дараа, аравдугаар сарын 20-нд олзны япон цэргүүдийн эхний хэсгийг ЗХУ-аас умард хилийн Сүхбаатар боомтоор хүлээн авчээ. Энэ ажил хоёр сар гаруй үргэлжилж, мөн оныхоо арванхоёрдугаар сарын дундуур шувтарсан аж. Монголын армид олзлогдоогүй Японы офицер, цэргүүд нэг ёсондоо И.Сталины өгсөн бэлэг болж таарна. Анх 20 мянган олзлогдогч хүлээн авахаар тохирсон ч Монголын тал тийм бэлтгэл болоод тэднийг бүрэн ашиглах чадвар байгаагүй бололтой. Ингээд нийт 12 318 хүн хүлээн авчээ.

Тэднийг Аж үйлдвэрийн комбинат, Налайхын уурхай, Алтанбулагийн булигаарын завод, Мах комбинат, Зүүнхараа, Жаргалантын САА зэрэг газарт хуваарилан ажиллуулжээ. Тэд зөвхөн Улаанбаатарт МУИС-ийн хичээлийн I байр мөн түүний баруун талын 60 айлын сууц, Дуурийн театр, Гадаад хэргийн яам, Улсын номын сан, Хөрөнгийн бирж, Удирдлагын академи, НҮБ-ын байраас гадна Сүхбаатарын талбай зэрэг зарим гудамжийг цардаж тохижуулах ажил хийсэн байна.

Харин 1947 оны эцсээр анх хүлээж авсан 12 318 олзны япон цэргүүдээсээ 10 713 хүнийг ЗХУ-д эргүүлэн тушаасан аж. С.Идшинноровын тооцоогоор Монгол газар 1 613 япон цэрэг ясаа тавьсан байна. 1991 оны наймдугаар сард Японоос Монголд анх төрийн албан ёсны айлчлал хийсэн ерөнхий сайд Тошики Кайфу олзонд байсан болон тэднээс нас барсан цэргийн асуудлыг шийдвэрлэх тухай хэлэлцсэн байдаг. Түүнээс хойш, өнөөдрийг хүртэлх 27 жилийн хугацаанд олзны япон цэрэгтэй холбоотой хүний ёс, орчлонгийн мөн чанарыг шингээсэн цөөн боловч сайхан түүхтэй бид танилцсаар ирсэн билээ.