Саяхан би “Ядуурлыг устгасан нь” гэсэн хятадын телевизийн шинэ баримтат сериал үзэв. 1.3 тэрбум хүнтэй Хятад орныг ядуурлаас хэрхэн гаргасан тухай тэр киног үзээд мэл гайхав. Хятад улсад 1978 оноос хойш 43 жилийн хугацаанд нийтдээ 800 сая хятад хүнийг ядуурлаас гаргажээ. Хятадад ядуурлыг устгах сүүлчийн шат 2012 онд эхэлжээ. 2012 онд Хятад улсад 98.2 сая ядуу хүн үлдсэн байлаа. Сүүлийн таван жилд 68 сая хүнийг ядуурлаас гаргажээ. 2017 оны эцэс гэхэд 30 сая ядуу хүн үлдсэн байлаа. Ядууралтай тэмцэх төгсгөлийн шат их хүнд сорилтыг туулжээ. Ер нь ядуурлыг устгах тухай 1992 онд хятадын нэгэн жижиг тосгоны намын нэгэн залуу дарга их нарийн төлөвлөгөө, төсөл, арга барилын тухай бичжээ. Тэр залуу дарга бол Ши Жипэнь байжээ. 2012 онд Ши Жипэн дарга хятадын хамгийн ядуу өмнөд мужуудын тосгодоор явж газар дээр нь бодит байдалтай танилцжээ. Машинтай явж хүрэхэд хэцүү өндөр уулархаг газрууд байв. Тэндэхийн тосгодын хүмүүсийн амьдрал ядуу, маш хүнд байв. Тэдгээр ядуу тосгодуудад машины зам ч байхгүй, цахилгаан эрчим хүч хүрээгүй байв. Ши Жипэн дарга нэн даруй ядууралтай тэмцэх хөтөлбөр гаргаж, ядууралтай тэмцэх ажилд 800 000 боловсон хүчин гаргаж, 255 000 ажлын тусгай бүлэг гаргаж газар дээр нь судалгаа явуулж бүх талаар туслах ажиллагаа явуулав. Ядуурлыг устгах ажилд орон нутгийн намын анхан шатны нарийн бмчгийн дарга, түшмэд нийт 3.0 сая хүнийг дайчилжээ.Ядуу хүмүсээ дөрөв ангилж ямар шалтгаанаас ядуурсан, яаж ядуурлаас гарах аргыг нь олох талаар ажиллав. Хөгжлийн бэрхшээлтэй, боловсролын түвшин доогуур, хөдөлмөрлөх чадваргүй ядуу гэсэн ангиллаар судалгаа гаргав. Зээл олгож ядуурлаас гарах бүлгийн хүмүүсийг ангилж тогтоов. Хятад улс ядууралтай тэмцэхдээ шилжүүлэн нүүлгэх, үйлдвэрлэл хөгжүүлэх, экологийн нөхөн олговор олгох, боловсролыг хөгжүүүлэх, нийгминй доод баталгаа гаргаж өгөх аргыг хэрэглэв. Мөн ядуу гацаа, ядуу тосгон гэсэн ангилал хийж, албадлага*урамшууллын арга хэмжээ авав.Ядуу хүмүүс эхний 3 жилд хүүгүй 50 000 юаны зээл олгов. Харин энэ зээлийг авах ёсгүй зарим хүмүүс авчихаад автомашин, байр авчихсан байсныг илрүүлж алдаагаа засав. Ядуурлын бүртгэлд орж чадаагүй 8.2 сая хүнийг илрүүлж шинээр бүртгэв. Өвчнөөс болж ядуурсан хүмүүсийг эрүүл мэндийн даатгалд хамруулж эмчилж туслав. Ядуу хүмүүсийг ядуу бүсээс гаргаж баян чинээлэг бүсэд нүүлгэв.Ядуу хүмүүсийг сургах, боловсрол олгох, тэтгэмж олгох ажлуудыг зохион байгуулав. Ядуусыг хаягаар туслах ажиллагаа явуулав. Судалгааны дүнд 7 сая нурах дөхсөн оромжийг илрүүлж ядуусыг шинэ байранд нүүлгэв. Сургууль завсардсан, ядуурлаас болж сургуулиас гарсан хүүхдүүдийг заавал сургуульд хамруулж ТМС-т суралцуулж мэргэжилтэй болгов. Ядуурлын бүст цахилгаан, цэвэр ус, зам, интернет, эмнэлэг, сургуулийн үйлчилгээг хүргэв. Ядуурсан хүмүүст эко тусламж үзүүлж ядуу хүмүүсээр мод тариулж цалин олгож нийт 3 сая хүн энэхүү тусламжаар ядуурлаас гарав. Ядууст хаягаар туслах ажил амжилттай болов. 2015 он гэхэд 42.5 сая ядуу хүн үлдэв. Ер нь 1949 онд шинэ Хятад улс анх байгуулагдаж байхад нэг хүнд ногдох ДНБ дөнгөж 17 доллар байжээ. 1978 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 155 ам.доллар байсан бол эдүгээ 900 ам.доллар болжээ. Хятад орон хорьдугаар зууны эхэнд ядуусын орон байв. Өвчин, ядуурал, дайн, өлгөлөн нүүрлэсэн орон байлаа. Соёлын хувьсгалын үе буюу 1966-1976 онд Хятад улс туйлын ядуу байв. Харин 1978 оноос эхлэн Дэн Сяопины бодлогын үр дүнд хятадын эдийн засаг сайжрахын хэрээр ядуурал буурч эхлэв. 2012 оноос эхлэн ядууралтай тэмцэх ажил улам эрчимжив. Энэ бол бүх нийтийн ажил байлаа. Бүх нам төрийн байгууллага, иргэн бүр ядууралтай тэмцэв. Ядууралтай тэмцэх ажил төгсгөлийн шатандаа орлоо. Алслагдсан Түвдийн район, Шинжаан Уйгурын район, өмнөд хятадын Юнань,Хунань мужийн тосгод ядуу үлдэв. Зарим нэг бэрхшээл гарав. Ядуурлыг хариуцсан зарим байгууллагын дарга нар ядуурлаас гарсан хэмээн хуурамч тоо, тайлан гаргажээ. Энэ бүгдийг илрүүлж, худал мэдээлсэн хүмүүст арга хэмжээ авч, үнэн бодит тоо, ядуу хүмүүсийг нэрсийг нэг бүрчлэн дахин гаргав. Хятадын Өвөр Монголд нэг ч ядуу хүн байдаггүй ажээ.Өвөр Монголын тухай телевизийн нэвтрүүлэг үзэж байхад тэнд ядууралтай өөрсдийн онцлог байдалд тохируулж тэмцэж байв. Ядуу малчин айлд шинэ хаус барьж өгөхөд улсаас зээл тусламж өгч, ядуу өрхөд тугалтай үнээ, хонь өгч, хоршоололд хамтран ажиллаж, ажлын байр буй болгож, улсаас хөнгөлттэй зээл тусламж олгож байв. Тариачин хүнд газар олгож хэрэв газар дээрээ ажиллаж чадахгүй бол хамтарсан хоршоонд газраа түрээслүүлж орлого олж байв. Хятад даяар ядууралтай тэмцэхдээ боловсрол, эмнэлгийн үйлчилгээг хүн амд хүргэж, цахилгаан эрчим хүчээр хангаж, зам тавих, аялал жуулчлал хөгжүүлэхэд ихэд анхаарч байв. 2018 он гэхэд хятадын хэмээнд 18.5 сая ядуу хүн үлдээд байлаа. Ядууралтай хийх сүүлчийн дайралтаа хийв. 2019 оны сүүлчээр Уханьд гарсан цар тахал ядууралтай тэмцэх ажлыг бараг зогсооход хүрэв. Гэвч ядууралтай тэмцэх ажлыг цар тахлын үед бүрмөсөн зогсоосонгүй. Тэмцсээр л байв. 2020 оны 2-р сар гэхэд Хятадын Коммунист нам ард түмэндээ амалсан ядуурлыг эцэс болгоно гэсэн амлалтаа биелүүлэв. 2021 оны 2-р сард Си Жипэн дарга “ Хятад улсад ядуурал үндсэндээ устгав” хэмээн мэдэгдэв.

Ядууралтай хийсэн хүнд хэцүү тэмцэл бол нэг ёсны байлдаан байлаа. Энэ байлдаан гарз хохиролгүй байсангүй. Ядууралтай тэмцэх байлдаанд 1800 гаруй албан хаагчид, нийгмийн ажилтан, нам, төрийн залуу ажилтнууд амь насаа алджээ. Тэд ядуу хүмүүсийг аварч эх орныхоо өмнө гавьяа байгуулаад тэнгэрт хальжээ. Хятад улс сүүлийн найман жилд ядуурлыг устгахад зориулж төсвөөс 1.6 триллион юань буюу 246.0 тэрбум ам.доллар зарцуулжээ. Ийм л гайхалтай баримтат кино үзлээ.

Монголчууд бид өмнөд хөрш улсын энэхүү гайхалтай туршлагыг яаралтай нэвтрүүлж улсаа ядуурлаас үтэр түргэн гаргах хэрэгтэй байна. Эхлээд ядаж 21 аймаг, хот, 330 сумын хэдэн хүн ядуу байгаа тухай үнэн зөв судалгаагаа нэр ус, хаягтай нь гаргах шаардлагатай байна. 30 жилийн өмнө монголын хүн амын 30.0 хувь нь ядуу гэсэн тоо яваад л байсан.Эдүгээ ядуу хүний тоо монголын хүн амын 35.0 хувьд хүрсэн гэсэн. Монголын Засгийн Газар ядуурлыг устгах ажиллагаандаа орох цаг аль хэдийн болжээ. Арван жилийн өмнө ерөнхийлөгч Элбэгдорж “Монголчууд бидний дайсан бол ядуурал. Ядууралтай тэмцэнэ” хэмээн мэдэгдэж байсан боловч Ерөнхий сайд нар нь дэмжиж ажил хэрэг болгосонгүй. Гучин жилд ядуурлыг устгах ямар ч ажил хийсэнгүй, ямар ч ахиц гарсангүй. 21 аймаг, 330 сумын Засаг даргаас “Танай аймаг, суманд хэдэн ядуу өрх байна?” гэж асуувал хэн ч мэдэхгүй дээ. Уг нь тухайн шатны Хурлын дарга, сумын Засаг дарга нараас эхлээд Монголын Ерөнхий сайд хүртэл удирдах бүх хүмүүс ядуу өрхийнхөө судалгааг мэдэж ядууралтай тэмцэх ажлыг хийсэн бол байдал огт өөр болох байв. Эхлээд ядуурлаас гарах арга замаа судалж тогтоох хэрэгтэй.Тухайн ядуу өрхөд хүүгүй зээл өгөх юм уу, Үхэр мал өгөх юм уу, Зэлүүд бөглүү нутгаас нь ажлын байртай хот суурин газар руу нүүлгэх юм уу? гэдгээ сайн тогтоох хэрэгтэй.Монголын Засгийн Газрын Нийгмийн хамгааллын яам юү хийдэг юм бэ? Энэ яам ядаж ядуурлын судалгаагаа жил бүр гаргаач ээ. Монголын хүн ам 3.3 сая, үүнээс 1.0 сая нь хүүхэд, 300 000 нь ахмад, өндөр настан хүмүүс, хүн амын 1 сая 100 000 нь ажил орлоготой, тэхлээр ердөө үлдсэн 900 000 ажил, орлогогүй ядуу хүнийг л ядуурлаас гаргачихвал асуудал шийдэгдэх гээд байна даа. Даанч энэ бүхнийг нарийн төлөвлөж ядуурлаас гарах ажлыг тууштай зохион байгуулах зүрх зоригтой удирдагч, улс төрч, нийгмийн зүтгэлтэн өнөөдөр Монголд алга.Үүнийг зохион байгуулах чадвартай яам, газар ч алга. Өнөөдөр монголын хүн амын 45 000 айл өрх хүнсний талон хэрэглэж, олон айл дэлгүүрээс зээлээр хүнсний бараагаа авч эсгий гэрт модон жорлонтой хашаанд хүнд нөхцөлд туйлын ядуу амьдарч байна.Өнөөдөр монголын нийгэмд баян ядуугийн туйл улам ихсэж байна. Нийгмийн баялгийг шударга хуваарилж, баялгийн сангаа байгуулж, ажлын байр буй болгож, эдийн засгаа хөгжүүлж, ядуурлаас гарцгаая. Алийн болгон хэдхэн олигархиуд монголын хамаг баялаг алт, зэс, нүүрс, газар, лицензийг эзэмшиж, банкны хөнгөлөлттэй зээл тусламжийг авч, бүх боломж, баялгийг нь ард түмнээс булаан авч байхав дээ. 

Нийгмийн шударга ёсыг тогтоож, нийгмийн баялгийг шударга хуваарилж, ард түмнээ ядуурлаас гаргах нь хамгийн чухал зорилт болоод байна. Монголчууд бид нэг хүнд ногдох дотоодын бүтээгдэхүүний хэмжээг одооны 4000 ам.доллар байгааг нэмэгдүүлж 10 000 ам.долларын хэмжээнд хүргэх хэрэгтэй.Ингэвээс монгол хүний цалин нэмэгдэж ядуурал үгүй болно. Тэгвэл өрнөдийн Швейцарь улсын ард иргэд ямар хэмжээний цалин авч байна вэ? Швейцарийн нэг хүний нэг сарын дундаж цалин 7400 ам доллар буюу 20 сая 720 000 төгрөг байна. Швейцарийн нэг хүнд ногдох ДНБ эдүгээ 80 000 ам.долларт хүрчээ. Швейцарьт цалингийн доод хэмжээ нэг цагт 22 ам.доллар буюу 61 600 төгрөг байна. Нэг өдрийн цалин нь 180 доллар буюу 504 000 төгрөг байна. Ядуурлаас гарсан улс ийм л байдаг юм байна. Монгол улс ийм түвшинд хүрэхийн төлөө ажиллах хэрэгтэй.

Нэг тэрбум дөрвөн зуун сая хүнтэй өмнөд хөрш Хятад улс ядуурлаас гарчихаад байхад гуравхан сая хүн амтай, 70.0 сая малтай, байгалийн үлэмж их баялагтай, 1.5 сая квадрат газар нутагтай туурга тусгаар Монгол улс яагаад ядуурлаас гарч чадахгүй гэж.

Доржийн СҮХБААТАР
2021.05.15