ХУУРАМЧ ӨВЧИНД ЗОРИУЛСАН ХУУРАМЧ ВИТАМИН


Лондонгийн Кинс коллежийн профессор Тимоти Спэктор нь генетик эпидэмиологийн салбарт хамгийн их эшлэгддэг, анагаахын шинжлэх ухааны энэ төрөлдөө хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн юм. Эпидэмиологийн ухаан нь урьдчилан сэргийлэх зорилгоор алив өвчний үүсэл болон тархалтын механизмыг судалдаг анагаах ухааны нэгэн судалгаа бөлгөө. Тэрээр энэ чиглэлээр хэд хэдэн ном хэвлүүлсний дотор “Бидний идэж буй хоолны цаад бодит учир” ном нь ихэд алдаршсан.

Энд түүний бичсэн “Д витамин: Хуурамч өвчин эдгээх зориулалттай хуурамч витамин” гэсэн өгүүллийг орчуулан тавьж байна.


Амин дэмийг нээж олсноос хойш нэгэн зуун өнгөрсөн ч хүмүүсийн дур сонирхол буураагүй байгаа билээ. Өнөө үед Америк, Английн хүн амын тал нь нэмэгдэл хэлбэрээр амин дэм уудаг.Нарны гэрлийн амин дэм гэгдэх бидний хамгийн дуртай Д витамин биед их ач тустай нь нотлогдсон юм. Д витамины эрүүл мэндийн ач тус тун их учраас насанд хүрсэн хүн бүр жилд доод тал нь 6 сарын турш нэмэгдэл хэлбэрээр уух ёстой гэж засгийн газрууд, түүний дотор Британий засгийн газар үздэгбайв. 

Үүнийг анх Викторийн үед хөдөө газрын ядуу зүдүү амьдралтай хүүхдүүдийн ракет өвчнийг эмчлэхэд хэрэглэж байсан ба өнөө үед ясны хэврэгшил (остеопороз) болон хугарлаас сэргийлэх, эмчлэхэд уулгаж байна. Д амин дэмийг хэрэглэснээр депрессээс эхлээд хорт хавдар хүртэлх зуу гаруй нийтлэг өвчний эрсдлийг бууруулдаг болохыг судалгаа харуулдаг.

Саяхан ясны хугарлаас сэргийлэхэд Д амин дэм хэр чухал болохыг харуулахыг зорьсон судалгааны дүнBMJ (British Medical Journal)-д нийтлэгдлээ. Уг судалгаанд олон орны 500 000 хүн хамрагдсан ба 188 000 ясны хугарлын тохиолдлыг судалжээ. Д витамины төвшин генээс их хамаардаг тул ажиглалтын судалгааны зарим нэг эргэлзээ төрүүлсэн талаас зайлсхийх үүднээс судлаачид цусан дахь Д витамины генетик маркерийг (МR) ашигласан байна. 

Хүний наснаас үл хамаарч Д витамины хэмжээ, ясны хугарал хоёрын хоорон хамаарал байдаггүй болохыг энэ судалгааны дүн харуулсан. Энэ дүн Британы засгийн газрын сүүлийн үеийн үзэлтэй зөрчилдөж байгаа ч өмнө хийгдсэн олон тооны клиникийн туршилтын дүнгээс зөрөхгүй байгаа юм.

Д витамины 31 нэмэгдэл бүтээгдэхүүнд хийгдсэн бие даасан судалгаануудын дүнг харьцуулсан анализаар ясны хугаралд ямар нэг нөлөөгүй болох нь 2014 онд харагдсан. Үнэндээ Д амин дэмийн ач тусын тухай бидэнд суусан хүчтэй итгэл үнэмшил 1980-аад онд асрамжын газруудад хийгдсэн нэмэлт бүтээгдэхүүны судалгаанаас үүдэлтэй бөгөөд энэ судалгаа давтан огт хийгдээгүйгээс гадна алдаатай байсан байх талтай.

50 000 өндөр настныг хамруулсан 33 судалгааны дүнг нэгтгэсэн саяхны анализаас харахад кальци, эсвэл Д витамины нэмэлт бүтээгдэхүүн ясны хугарлын тохиолдолд ямар нэг нөлөө үзүүлэхгүй байгаа нь харагдсан. 

Хэрэв Д витамин ясны хугарлаас сэргийлэхэд нөлөө үзүүлэхгүй гэж судалгаануудын дүн харуулж байгаа бол энэ витамины дутагдалтай хүмүүст санаа зовох хэрэг бий юу?

Дутмагшил гэж юуг хэлэх вэ гэдэт нэгдмэл ойлголт байдаггүй

Д витамины дутмагшил гэж юуг хэлэх вэ гэдэг дээр санал нийлсэн нийтлэг ойлголт бараг байдаггүй. Дутмагшлын хэмжээг шүүн тогтоох олон улсын хэмжүүр байхгүй. Ийм төөрөгдлийн нэг шалтгаан нь Америкт өөр өөр нэгж ашигладагтай холбоотой. Цусан дахь “хэвийн” төвшин нэг литр цусанд 50-80 наномоль гэж үздэг бол саяхны судалгаанаас харахад 30 наномоль хангалттай болох нь батлагдсан.

Клиникийн дутмагшил (<10наномоль) гэсэн ойлголт нэгэнт тодорхой болсон байдаг ч Д витамны дутмагшилтай гэж сая сая хүнд буруу нэр хаяг зүүх нь стресс болон эмийн хэт хэрэглээ рүү түлхэж байна. Кальцын нэмэлтүүд нь ясны хугаралд ямар ч нөлөө үзүүлдэггүйгээс гадна зүрхний өвчинд хүргэж болно гэдгийг судалгаанууд харуулсны дараа би эмчилгээний арга барилааөөрчилсөн. Ийм нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэхийг өвчтөнд зааварлах буурч байгаа. 

Д витамин тосонд уусдаг тул биед ихээр хуримтлагдах талтай. Нэмэлтээр хэрэглэх тун их биш (10 микрограм буюу 400 олон улсын нэгж (IU)) байх заавартай ч зарим хүн саамхай загасны элэгний тосны эм, баяжуулсан сүү, амтат жүржийн шүүс, эсвэл талх зэргээс нэмэлтээр авч хэрэглэн хэрэгцээт тунг хэтрүүлэх нь ховоргүй тохиолддог.

Цусан дахь Д витамины хэмжээ хэтэрхий их (100 наномолиос давсан) өвчтөнгүүд манай эмнэлэг, өөр газруудад ч тааралдах боллоо. Зарим нэг судалгаанаас харахад цусан дахь Д витамины хэмжээ өндөртэй, эсвэл Д витаминыг өндөр тунгаар (800 IU) хэрэглэдэг хүмүүсийн дунд унаж ясаа хугалах эрсдэл өндөр байдаг. Д витамин аюулгүй амин дэм гэвэл огт худлаа.

Д витаминыг бусад өвчны тохиолдолд ч хэрэглэх заавар өгөх хэрэггүй. 137 өвчний үед хэрэглэх нь нааштай үр дүнтэй гэсэн судалгаанууд байдаг ч худал болох нь харагдсан. Д витамины нэмэлтүүд нь зүрх судасны өвчнөөс сэргийлдэг гэсэн ойлголт өргөн тархсан байдаг. Гэвч харьцуулсан анализууд, томоохон хэмжээний генетик судалгаануудаас харахад энэ нь үнэн биш болох нь нотлогдсон. 

Хуурамч өвчин

Өнөө үед витамины компаниуд, хүнс үйлдвэрлэгчид, эрүүл мэндийн байгууллагууд, буяны газрууд хуурамч өвчин бий болох явдлыг өөгшүүлэн дэмжиж байна. Витамин уувал бие гайхалтай сайн болно, “витамин биед ямар нэг байдлаар хэрэг болоод байна” гэж хүн бүр бодох дуртай.

Уул нь Д витаминыг “витамин” гэж нэрлэхгүй баймаар байгаа юм даа. Учир нь бидний Д витамин гэж нэрлээд байгаа зүйлийн хүнд шаардлагатай тунгийн хэмжээ хэтэрхий их. Нөгөө талаасаа жинхэнэ витамин нь хүний организм өөрөө үйлвэрлэж чаддаггүй учраас хоол хүнсээр дамжуулан гаднаас авах шаардлагатай бага молекулт органик нэгдлийг нэрлэдэг атал Д витаминыг хүний бие арьсан дээрээ нийлэгжүүлж чаддаг, ингэхээр энэ нь амин дэм биш харин стериод даавар.

Хэдэн мянган жилийн эволюцийн дүнд бид өвлийн цагт Д витамины хэмжээ буурдаг байгалийн жамтай ч хөл гараа хугалалгүйгээр дасан зохицсон байдаг гэдэгт эрхбиш итгэх ёстой. Дэлхийн хүн амын тал нь өнөөдөр ямар ч ашиг тусгүй, харин ч биед хөнөөлтэй нөлөө нь улам бүр батлагдсаар байгаа витаминуудыг өдөр бүр хэрэглэсээр байна. 

Хурц дутмагшилын тохиолдлуудад, эсвэл хэвтэрт орсон хүмүүст хэрэглэх Д витамины амчилгээнээс бусад тохиолдолд бид энэ хуурамч өвчний “эмчилгээнээс” хол явж, оронд нь амьдралын эрүүл хэв маягийг дагаж, агаар нар салхинд илүү байж, мөнгөө дэмий юманд үрэхийн оронд баялаг, эрүүл хоол хүнс хэрэглэж дадах хэрэгтэй