ХУДАЛ ХУУРМАГГҮЙ АМЬДРАХУЙ
Зөвлөлтийн тэрс үзэлт зохиолч, Нобелийн шагналт Александр Солженицыныг 1974 онд Зөвлөлтөөс хөөж, иргэний харъяаллыг нь хүчингүй болгожээ. Тэрээр яг хүчээр хөөгдөн гарахынхаа өмнө Зөвлөлтийн ард түмэнд хандан энэ нээлттэй захидлаа бичиж үлдээсэн. Үүнээс 3 жилийн дараа польш оюутны дунд нууцаар тарсан уг захидлын хуулбар гар бичмэлийг олж авсан бивээр үүнийг польшоос монгол руу орчуулан мөн л нууцаар эх орондоо сайн найз нартаа тараасан. Бичгийн машинаар бичсэн яг 10 хувийг тараасан санагдана. Жилийн дараа Аюулаас хамгаалах яамны байцаагчийн ширээнд дээр дөрвөн хувь нь дэлгээтэй хэвтэж байлаа. Мэдээж би хэрэгт орсон. Өдгөө манай эх орон үг хэлэх, хэвлэн нийтлэх эвлэлдэн нэгдэх эрхээр хуульчлан хангагдсан эрх чөлөөт нийгэм болжээ. 45 жилийн өмнө орчуулсныгаа сонирхуулж байна. Алдаа, найруулга тааруу болсон, гэхдээ огт засварласангүй, оригоор нь тавьлаа. БААБАР ЁСЛОВ
Александр СОЛЖЕНИЦЫН
ХУДАЛ ХУУРМАГГҮЙ АМЬДРАХУЙ
Шивнэж ярихаасаа ч айдаг тийм цаг үе байсаан. Одоо бид зарим зүйлийг бичиж уншиж болж байна. Хүрээлэнгийн аль нэг буланд цуглаад үнэн сэтгэлээсээ “Тэд юу бодож олоод биднийг дахиад хааш нь чирээд унав? Айл гэр тарчиг хоосон байхад хэнд ч хэрэггүй худал хуурмаг үгээр сайрхан биеэ магтацгаах юм. Ямар ч ухаангүйгээр Мао Зэдунг тэжээж тэжээчихээд (бидний хөлс хүчээр шүү) одоо болохоор биднийг түүн рүү тухираад байдаг. Нуугдах газар үгүйгээс хойш туулцаж л байхаас даа. Хүнийг дуртайгаараа шүүж байна. БИДЭНД бол эрх мэдэл байхгүй…” хэмээн гомдоллон ярилцацгаанам.
Ёроол байдаг бол түүнд нь хүрлээ. Биднийг бүгдийг, бүхнийг хамарсан оюуны төөрөгдөл эзлэн, бид бидний хүүхэд галд нь шарагдаж байна. Бид яг л хуучин шигээ хулчгардуухан инээмсгэлээд
“Одоо яая гэхэв дээ!Бидэнд ямар ч эрх мэдэл байх биш! Бид хүн нэрээ худалдаад идчихсэн. Хөөрхийлөлтэй амьдрал маань бүр уруугаа битгий хөндөрчихөөсэй гэсэндээ зүсэм талх, үмх махны төлөөс болгожбайгаа л бүхий зарчим, сүнс сүлд, өвөг дээдсийнхээ чармайлт, үр хүүхдийнхээ найдварыг бүгдийг нь өгдөг. Бидэнд ариун суртал ч байхгүй. Бахархал ч байхгүй. Зүрх сэтгэл ч байхгүй. Бид атомын бөмбөгнөөс айдаггүй. Дэлхийн гуравдугаар дайнаас ч айдаггүй (Хорогдох газар олоод нуугдчихаж болно). Харин гагцхүү ард иргэдийн зоригоос айдаг. Сүргээсээ тасарчих вий! Цагаан талх, хийн зуух, Москва орох нэвтрэх бичиггүй байж байж гэнэт ухаан орчих вий!”
Улс төрийн хичээлээр бөндгөр рүү маань чихэж өгсөн суртлаас “Орчин, нийгмийн нөхцөл ийм байхад бид тэдний гараас гарахгүй. Ахуй нь ухамсраа тодорхойлдог болохоор бид одоо яах вэ дээ? Яаж ч чадахгүй!” гэсэн дүгнэлтэд хүрч байна.
Гэтэл тийм биш ээ. Бид их зүйл чадна. Гагцхүү бид амар тайвнаа бодоод өөрснөө өөрснийгөө хуурч байна. Бүх юманд тэд л буруутай бишээ. Харин БИД өөрснөө буруутай!
Хэн нэг нь “Бидэнд үнэхээр хөдлөх нөхцөл алга. Бидний амыг бөглөсөн, бидний хэлэхийг сонсдог ч үгүй, биднээс асуудаг ч үгүй. Бид яаж тэднийг үгэндээ оруулах юм бэ! Тэднийг сэхээрүүлнэ гэдэг огт боломжгүй. Тэднийг сонгох гэж үү? Манай оронд сонгодоггүй юм шүү дээ. Баруунд хүмүүс ажил хаядаг, гудамжинд жагсдаг. Харин биднийг айлгасан учир зүрх үхсэн. Гэв гэнэт ажил хаяад гудамжинд жагсана гэдэг манийн сэтгэлд багтахгүй байна. Оросын түүхийн сүүлийн гашуун зуунд туршиж оролдож ирсэн тэмцлийн бусад хэлбэрийг бид давтан хэрэглээд хэрэггүй нь дээр! Цуст аллага, бослого, иргэний дайнаар Эх орондоо шударга ёс, аз жаргал авчирна гэж баттай итгэж байсан тэр залуусын анжис нь хагалах ёстойгоо хагалж, тарьсан нь өнөөдөр ургажээ. Үгүй ээ, хүндэт гэрэл гаргагч минь, өөдгүй арга өөдгүй үр дүнд хүргэнэ гэдгийг бид одоо сайн мэдэхтэйгээ болсон. Ядаж л гар маань цэвэр ариун байг.” гэж хэлж болох юм.
Хаалга ингээд хаагдчихав уу? Үнэхээр гарах гарц алга уу? Гэнэт өөрөө бүтчих байх гээд хүлээгээд суух уу? Бид тэдний хамгийн эмзэг цэг болох ХУДАЛ ҮГ-ийг нь өдөр бүр зөвшөөрч алдаршуулж дэмжээд байгаагаа зогсохгүй юм бол тэр нь биднээс хэзээ ч салахгүй.
Хүчирхийлэл хүмүүсийн амьдралд орж ирэхдээ туган дээрээ “БИ БОЛ ХҮЧИРХИЙЛЭЛ гэж бичсэн байдаг ба “Холдоорой, тэгэхгүй бол гишгичихэнэ шүү” гэж хашгирч явдаг. Өөртөө ч бүрэн итгэлтэй байдаг. Гэвч хүчирхийлэл нь дорохноо хөгширч, хэдхэн жил болоход нөгөө эрдүү царай нь солигдож эхлэнэ. Ийм үедээ хүмүүст хуучин шигээ үзэгдэж, зохимжтой аятайхан харагдахын тулд худал үгээр хуурч эхэлдэг. Худал үгийг зөвхөн хүчээр тогтоон барьж болно. Хүчирхийлэл нь хүнд сарвуугаараа өдөр бүр эс ширхэг болгонд дээр дарж дарамталж бардаггүй. Гагцхүү биднээс хуурамч худал үгээ сонсож байхыг, цаг ямагт биднээс хуурах ажилд оролцож байхыг шаардаж байдаг. Дуулгавартай байна гэж энийг хэлдэг юм. Чухам энд л биднийг чөлөөлж болохуйц, хайхарч үзээгүй хамгийн энгийн, хамгийн амархан, хэрэгжүүлэхэд төвөггүй арга – ХУДАЛ ХУУРМАГТ ОРОЛЦОХГҮЙ БАЙХ арга байна. Бүх юмыг худал хуурмаг бүрхсэн байсан ч “БИ ҮЛДЭХ ЁСТОЙ” гэсэн зарчим баримталъя. Чухам энэ л биднийг чөлөөлж чадна. Энэ бол бидэнд амархан, харин худал хуурмагт аюултай. Учир нь хүмүүс худал хуурмагийг дэмжихгүй бол тэр сөнөнө. Яагаад гэвэл худал хуурмаг нь хүмүүсээр хооллодог.
Гудамж талбайд гарч чанга дуугаар үнэнийг хашгирах хэрэггүй. Учир нь маш аюултай. Тэгвэл ядахнаа бодоогүй юмаа ярихаас татгалзая. Энэ нь маш амархан, хэрэгжүүлэхэд огт төвөггүй. Махатма Гандигийн дэвшүүлсэн хүч үл хэрэглэх эсэргүүцэл гэдгээс хавьгүй хялбар арга зам болой. Манай лоозон: ХУДАЛ ҮГИЙГ МЭДСЭЭР БАЙЖ ХЭЗЭЭ Ч ДЭМЖИХГҮЙ! Худал хуурмагийн хязгаар хаана буйг таниад (Хүн бүр энэ заагийг янз бүрээр харна) энэ үхширлээс холдон салцгаая. Үзэл суртлын хуурамч хоосон хальс цаас наахаа больё, илжирсэн тантан оёхоо зогсьё! Чингэвэл худал хуурмаг арчаагүйгээр маш түргэн унаж, нүцгэн үнэнээрээ байх ёстой юм гэрэлт шар наран дор яг үнэн байгаагаараа гарч ирэх болно. Мэдсээр байж худал хуурмагийн үйлчлэгч болох уу гэдгээ хүн бүр өөрсдөө сонгоцгоо. Дуртайдаа ингэхгүй нь мэдээж л дээ. Ар гэрээ тэжээх гэж л ингэж байгаа байх.Гэвч үр хүүхдээ худал хуурмагаар хүмүүжүүлэх гэж үү? Эсвэл шударга үнэнч амьдарч үр хүүхэд хамт олондоо хүндлэгдэн явах уу?
Бөөс ингэвэл арилна:
-Үнэнийг гуйвуулсан гэж үзсэн ганц ч өгүүлбэр бичихгүй, гарын үсэг зурахгүй, хавлүүлэхгүй.
-Ийм үгийг олны өмнө болон амин хувьдаа алин боловч өөрийнхөө болоод өөр бусдын үгийг дамжуулах маягаар (ухуулагч, багш, хүмүүжүүлэгч, жүжигчин, нэвтрүүлэгч гэх мэт маягаар) хэлж ярьж зарлахгүй.
-Уран зураг, баримал, фотозураг, техник, хөгжим зэрэгт хуурмаг үзэл, үнэнийг мушгисан зүйлийг мэдсээр байж номлохгүй.
-Албадмал, худал хуурмаг юм ярилцах алив хурал цуглаанд оролцохгүй.
-Худал үг, дэмий балай үзэл суртал, ичгэвэргүй ухуулга сонссон даруйдаа хурал, лекц, жүжиг киног хаяж гарна.
-Үндсэн санааг нь орхигдуулан гуйвуулж мушгисан мэдээ нийтлүүлсэн сонин сэтгүүлийг худалдан авахгүй… гэх мэт.
Дээрх нь худал хуурмагийг эсэргүүцэх бүх боломж аргыг агуулсан жагсаалт биш. Зөв зам дээр зогссон хэн боловч өөр олон арга хялбархан олж чадна. Тийм ээ, эхлэхэд хялбаргүй байх болно. Зарим нэг нь хэсэг хугацаанд ажилгүй болох байх. Үнэнээр амьдрах гэсэн залуу хүмүүсийн амьдрал эхэндээ хүндрэнэ. Учир нь наад зах нь л гэхэд хичээл номд сууна гэдэг худал хуурмагт умбана гэсэн үг. Гээд үнэнч шударга байя гэсэн хэнд ч өөр арга байхгүй. Хүн болгон, тэр байтугай техникийн болоод хамгийн аюулгүй өөр бусад салбарт ажилладаг хүмүүс ч гэсэн оюуны бие даасан үнэний зүг тийш алхам хийх үү, эсвэл оюуны дуулгавартай буулт хийх худал хуурмагийн зүг тийш үү гэдгээ өдөр бүр сонгож байх ёстой. Ядахнаа ийм эсэргүүцэл үзүүлж өөрийнхөө оюун санааг хамгаалах зориггүй хүн байвал өөрийнхөө дэвшилтэт үзлээр бүү гайхуул. Академийн цол, алдартай жүжигчин, гавъяат зүтгэлтэн, генерал хэргэмээрээ бүү сайрх. Харин өөрөө өөртөө “Би бол хоолой давах бантан, дулаан оромж байвал хамаг хэрэг бүтлээ гэж үздэг өөдгүй хулчгар мал” гэж хэлэгтүн.
Бүхнээс хамгийн зөөлөн энэ арга ч гэсэн бидэнд бас амаргүй. Гэвч өөрийгөө шатааж, өлбөрч үхэхээс амархан. Биеийг чинь гал төөнөхгүй, нүд чинь бүлтэрч унахгүй, ар гэрт чинь зүсэм талх, балга ус хэзээд олдоно. Европын аугаа ард түмэн, бидэнд хуурч мэхлэгдсэн чехословакчууд танкны урдаас нүцгэн духаа тавьж эр зоригийн гайхамшгийг бидэнд харуулсан шүү дээ. Ямар бахархам эр зориг вэ!
Тун хэцүү арга шиг байна уу? Гэвч боломжтой бүхнээс хамгийн хялбар нь юм шүү. Чамд сонгоход хэцүү байж болно. Харин зүрх сэтгэлд чинь мархан. Хялбар арга биш л дээ. Гэвч бидний дунд ОЛОН ЖИЛИЙН ТУРШ энэ замаар үнэнчээр амьдарч буй улс олон араваараа бий. Гол нь энэ зам дээр өөрөө хамгийн түрүүн гарахдаа биш, хамтдаа олуулаа ингэж замнахдаа байгаа юм. Бид хэдэн арван мянгуулаа болох юм бол манай орон танигдахгүй өөрчлөгдөнө. Хэрэв айж байгаа бол эрх чөлөөгөөр боогдож байна гэж гонгинохоо боль. Бид өөрөө өөрсдийгөө л боймолж байна. Ахиад жаахан хүлээе, бидний бодлыг уншиж генийг нь тоолж болдог үеийг биологчид ойртуулж байна. Хэрэв айж байгаа бол ямар ч найдлага байхгүй. Чингэвэл бидэнд Пушкины басамжлал таарна. Пушкин бичсэн нь:
Үхэр сүрэг эрх чөлөөгөөр яах юм бэ
…………………………………..
Үеэс үеп заяанаасаа тэд чинь
Дөртэй, шилбүүрэн дор байх үйлтэй.
1974.2.12
Зөвлөлтийн тэрс үзэлт зохиолч, Нобелийн шагналт Александр Солженицыныг 1974 онд Зөвлөлтөөс хөөж, иргэний харъяалалыг нь хүчингүй болгожээ. Тэрээр яг хүчээр хөөгдөн гарахынхаа өмнө Зөвлөлтийн ард түмэнд хандан энэ нээлттэй захидлаа бичин үлдээсэн. Үүнээс 3 жилийн дараа польш оюутны дунд нууцаар тарсан уг захидлын гар бичмэлийг олж авсан бивээр үүнийг польшоос монгол руу орчуулан мөн л нууцаар эх орондоо сайн найз нартаа тараасан. Бичгийн машинаар бичсэн яг 10 хувийг тараасан санагдана. Жилийн дараа Аюулаас хамгаалах яамны байцаагчийн ширээнд дээр дөрвөн хувь нь дэлгээтэй хэвтэж байлаа. Мэдээж би хэрэгт орсон.
Өдгөө манай эх орон үг хэлэх, хэвлэн нийтлэх эвлэлдэн нэгдэх эрхээр хуульчлан хангагдсан эрх чөлөөт нийгэм болжээ. 45 жилийн өмнө орчуулсныгаа сонирхуулж байна. Алдаа, найруулга тааруу болсон, гэхдээ огт засварласангүй, оригоор нь тавьлаа.
БААБАР ЁСЛОВ