Нийтлэлээ “Үргээлэг” гэсний учир нь Монголын тагнуулын байгууллагад хувийн өндөр ашиг сонирхол тээн ажиллаж байгаад, бизнесээ өргөжүүл, үндэслэлгүйгээр баяжих явдал Үндэсний аюулгүй байдалтай холбоотой, дээр нь энэ сэдвээр бичихэд “НУУЦ” гэх нэрийдлээр “хар хөшиг”-ний ард үлдээх нь бий. Тагнуулын байгууллагад ажиллаж маш их мэдээлэл олж аваад гадаадын улс орнуудад дипломат албанд томилон “хилийн цаана байршуулж” байгаад буцаагаад ажилд авдаг энэ явдал нэг ёсондоо “Үргээлэг” юм.

Элчин сайдуудын нэр урьдчилсан байдлаар тодорч эхлээд байна. Тэдгээрээс хамгийн сонирхолтой нь буюу өнөөг хүртэл эцэслэн нэрсийг оруулахад гацааж байсан орнуудын нэг нь БНСУ-д суух Элчин сайдын нэр байлаа. Одоогоор Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдад Хонконгт суугаа Ерөнхий консул асан, ТЕГ-ын дэд дарга асан С.Эрдэнийн нэрийг оруулахаар болоод байгаа аж. С.Эрдэнэ нь 2013 оны наймдугаар сард тус байгууллагын дэд даргаар томилогдож байв. Ю.Цэдэнбал агсны комиссараар ажиллаж байсан. Бригадын генерал цолтой.АТГ-т Гүйцэтгэх албаны даргаар ажиллаж байсан. Гүйцэтгэх ажиллагаанд илүү туршлагатай гэх боловч С.Зоригийг хөнөөсөн хэргийг хэлэлцэх үед айлын хашаанд цогцос хаясан гэх аймшигт явдалд холбоотой гэж үздэг юм билээ. Мөн Австрид цэргийн атташшегаар ажиллаж байхдаа тамхи худалдаалж байгаад Германд баригдсан гэдэг. 

Мөн АТГ-ын дарга болон Дэд даргын томилгоо ид яригдаж байна. Одоогоор Гүйцэтгэх албаны даргаар ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан, хурандаа Д.Цогтбаатарыг томилохоор тохиролцсон тухай эх сурвалжийн мэдээлэл улам баталгаажсаар байна. 

Мөн ТЕГ-аас халагдсан “Хурцын хүмүүс” гэх хэсэг хүмүүс “Изинис” компанид “нүүдэллэж” очооод томилгоо хүлээж буй. ТухайлбалТЕГ-ын даргаар Б.Хурцыг ажиллаж байхад тус байгууллагын хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан Б.Саруул дотоод хяналт, аюулгүй байдлын албаны даргаар ажиллаж байсан Б.Цолмонбаатар, түүний орлогч байсан Ш.Энхбат, Б.Хурцын дэмжлэгтэйгээр МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Тамир, “МТ”-ийн Ганзориг нар бий. Тэдгээрээс хамгийн сонирхолтой нь Тагнуулын ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын даргаар ажиллаж байсан Ш.Энхбат. 2000-аад оны эхээр Японд сурч байсан, япон хэл эзэмшсэн,эдүгээ Монгол-Японы хооронд наймаа хийж яваа ч үүргээ гүйцэтгэсээр яваа бололтой. “Хурцын” хүмүүс ТЕГ-т ирлээ л бол Ш.Энхбат ч бас ирэх “хоршин ажиллагчид”. 

Хурандаа Ш.Энхбат тагнуулчдаа тагнаж чагнасан гэх үндэслэлээр халагдаад 2016 онд Токио дахьЭлчин сайдын яаманд Консулын зөвлөхөөр ажиллаж байсан ч хугацаанаасаа өмнө эргүүлэн татагдсан. Шалтгаан нь Элчин сайд нь “болохгүй” гээд байхад зөвшөөрөлгүйгээр, ажлын цаг дууссаны дараа нь Далай ламд нууцаар виза олгосон. Тухайн үед “Далай ламд виза олгосон консулын ажилтан халагджээ” гэж хэвлэлээр хэсэгхэн бичээд өнгөрсөн ч тагнуулын ажилтан байсныг нь хэн ч төдийлөн анзаараагүй. Эх сурвалжууд түүнийг Далай ламд виза олгохын тулд ЭСЯ-нд томилогдсон ч байж мэднэ гэлцдэг. Халагдчихаад хаачсан гээч. Буцаад Тагнуулын ерөнхий газрын техникийн тагнуулын даргаар ажиллаж байхдаа бас л тагнаж чагнасан асуудлаас болж 2017 оны есдүгээр сард ажлаас халагдав. 

Дашрамд дурдахад түүний “хоршигч” нь Б.Цолмонбаатар. Б.Хурцыг ТЕГ-ын даргаар ажиллаж байхад Б.Цолмонбаатар ТЕГ-ын Дотоод хяналт, аюулгүйн албаны дарга, Ш.Энхбатын орлогч нь байсан. Ш.Энхбатыг Токио руу томилогдоход ажлыг нь авч жинхэлж үлдсэн. Б.Цолмонбаатар 2018 оны дундуур халагдсан. Харин одоо бол бүгд АТГ-т ч, ТЕГ-т ч дарга нь байсан Б.Хурцын үнэгүйдүүлж авсан “Изинис Эйрвэйз”-ийн данстай ажилтнууд. Тэд ТЕГ-ын даргаар хэн очихыг л хүлээж буй.

Уг нь ТЕГ-ын даргыг Ерөнхий сайд, АТГ-ын удирдлагыг УИХ томилдог боловч өнөөдөр бүх зүйл өөр болж. М.Энхболдыг УИХ-ын дарга, МАН-ын дарга байхад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баахан уяач сайд, дэд сайдтай үйлээ үзэж ажилласан бол одоо Монголын төр, тэр тусмаа тусгай байгууллагын томилгоог тохирдог шинэ “Бадамжунайтай” болжээ. Түүний нэрийг энэ удаад хэлэхээ азная. Харин ТЕГ-ын удирдлагуудыг томилох эрхээ хаа нэгтээ “алдчихсан” Ерөнхий сайдын эрх мэдэл хаана явна вэ. Төрийн тэргүүн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол төрийн алтан аргамжаа хэмээн өргөмжлөгддөг дипломат ажилтнуудын томилогоонд голлох шийдвэр гаргаж буй ч ямар шалгуураар вэ гэдэг нь туйлын сонирхолтой, улс төрийн “хатуу тоглоом” болон хувирч мэдэхээр байна. Учир нь нэр дэвшигчдээс хэдэн аграмены хариу буцахыг таашгүй. Энэ бол Монгол Улсын нэр хүндтэй холбоотой асуудал. Гэвч эцсийн шийдвэрийг УИХ гаргах тул "долоо хэмжиж нэг огтолно" гэж найдъя.