Гашуунсухайтын боомт, Өмнөговь, Ханбогдын хөгжил... Аль нь нэгдүгээр асуудал вэ гэж удтал бодсоны эцэст хүнээсээ эхлэх нь зөв гэж сэтгэв. “Тусгайгаас ерөнхий рүү” гэдэг шиг. Улаанбаатарынхан “Гашуунсухайтаар хэдэн сая тонн нүүрс хил давав” хэмээн тооны машинд тооцоо хийж суухад Өмнөговьчууд, Ханбогдынхан “Уугуул нутагт маань ямар ашиг тустай вэ” гэж толгой өвдөж явдаг. Учир нь, Эрдэнэт үйлдвэрийг ашиглалтанд оруулснаас хойших 40 гаруй жилд манайд Оюутолгой шиг том орд нээсэнгүй, том хөрөнгө оруулагч орж ирсэнгүй. Тиймээс Оюутолгой бидний боломж, бас сорилт юм.

Засгийн газрын 2020-2024 оны  үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-д өмнийн говийн бүс нутагт хөгжүүлэх уул уурхай, аж үйлдвэр, дэд бүтцийн олон бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөр багтсан. Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр, үйлдвэр-технологийн парк, эрчим хүч, зам тээврийн сүлжээ, дэд бүтцүүд гэх мэтчилэн. Гэтэл эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх, дэлхийн шилдэг технологиудыг нутагшуулахад хамгийн түрүүнд инженер, технологийн чадварлаг мэргэжилтнүүд шаардлагатай. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд 38 мянган чадварлаг инженер хэрэгтэй тухай Ерөнхий сайд онцолсон байна лээ. Арван жилийн өмнө Боловсролын сайд асан Л.Гантөмөрийн дэлхийн шилдэг сургуулиудад бэлтгэж эхэлсэн 10 мянган инженерээс дөрөв дахин давсан тоо.  

Тиймээс Засгийн газрын 2021 оны 321-р тогтоолоор Өмнөговь аймагт эрчим хүч, геологи, уул уурхай, барилга, мэдээллийн технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн юм байна. Эхний ээлжинд 1000 оюутны их сургуулийн хичээлийн байр, 500 оюутны коллежийн байр, 1500 оюутны дотуур байр, спорт цогцолбор, инноваци судалгааны төв лаборатори, эмнэлэг, номын санг төлөвлөжээ. Эхний 120 оюутнаа ирэх намраас авч эхлэх бөгөөд тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Политехникийн коллежийн байрыг түшиглэж сургалтаа явуулна. Оюутнууд эхний хоёр жил Өмнөговьд сураад үлдсэн хоёр жилээ Австрали, Канад, БНСУ-д суралцаж төгсөнө. Хөтөлбөрийг зөвхөн Өмнөговь аймгийн Технологийн сургуульд хэрэгжүүлнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлсэн.

Тэгэхээр Өмнийн говь уул уурхай, үйлдвэрлэл технологийн бүс болоод зогсохгүй Монголын боловсролын шинэ гал голомт болж хөгжих нь. Эрдэнэт, Дарханы дараа улсын чанартай гурав дахь том хот болно гэсэн үг. Говийн ганц айл гэдэг үг, улиг болсон ойлголт түүх болж үлдэх нь. Эрдэнэт, Дарханыг анх барихад Монгол улсын зүг бүрээс зүсэн бүрийн залуус цуглаж чуулсантай адил хөл ихтэй хөдөлнө дөө. Гадаадын шилдэг их, дээд сургуулиудаас сургагч багш нар ч ирнэ. 2020 оны хүн амын тооллогоор Өмнөговь аймгийн хүн ам 71 мянга гаруй гэж бүртгэгдсэн байсан. Энэ тоо ч гэсэн түүх болно. Хэдхэн жилийн дараа Өмнөговь аймаг Хөвсгөл аймагтай хүн амынхаа тоогоор өрсөлдөж эхэлнэ. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг дээ. Ирэх жилүүдэд Өмнөговьчууд маань эдгээр нөхдийг хооллож, хувцаслах нөр их ажилтай золгох нь. Мал мах, жимс ногоо, сүү, цагаан идээ, бараа товар юу эс хэрэгтэй билээ. Энэ чинь л эдийн засаг шүү дээ. Уул уурхай гэхээр л “ухсан шороо нь үлддэг” гэдэг ойлголт ч бас улирч байна.

Монгол Улс газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг ч хүн амынх нь тэн хагас нь нийслэл хотдоо шахцалдан амьдардаг. Хүн амыг хэт бөөгнөрлөөс үүдсэн нийгмийн асуудал гэж тоймгүй. Замын түгжрэл, сургууль, цэцэрлэгийн хомсдол, эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ гээд. Энэ хүндрэлийг даван туулах цорын ганц арга зам нь хүн амыг хэт төвлөрлийг сааруулах буюу дагуул хотууд, хөгжлийн шинэ төвүүдийг бий болгох явдал. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын санал болгож буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол цөм нь энэ. Одоогоор хөгжлийн хамгийн том бөгөөд бодит боломж Өмнөговьчууд, өмнийн говийнхонд харагдаж байна. Үүний түлхүүр нь Өмнөговь аймагт удахгүй ашиглалтад орох төмөр замын бүтээн байгуулалтууд, эрчим хүчний салбарт эхлүүлэх Тавантолгой цахилгаан станц, мөн Оюутолгой, Тавантолгойн ордуудын ашигт малтмалын экспортын тээврийн гол боомтууд. Сүүлийн 2-3 жил үргэлжилсэн цар тахлаас үүдэлтэй хямралын үүдийг хаах хөгжлийн түгжээг Өмнөговьчууд анхлан мулталлаа. Амны билгээс ашдын билэг гэдэг дээ.

Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын үеэр Өмнөговьчуудын эрэмбэлж, Ерөнхий сайдад танилцуулсан 12 асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр болсны дотор Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замын засвар, Даланзадгад суманд ДЦС барих ажлын зураг, төсвийн зардал болон Даланзадгад-Гурвантэс чиглэлийн автозамын эхний 80 км-ыг хатуу хучилттай болгох хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгах, Өмнийн говийн хөгжлийн зөвлөл байгуулах, аймгийн нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй 4С болгох зэрэг асуудал багтав. Зам, харилцаа дагаж хөгжил ирдэг нь жам. Өнгөрөгч мягмар гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаас Өмнөговийн хөгжлийн зөвлөлийг байгуулж, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржоор ахлуулсан.

ХАНБОГД ЖИШИГ ХОТ БОЛНО

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч долоо хоногт Өмнөговь аймагт ажиллахдаа “Оюутолгой” компанитай нэг гэрээ зурсан. Ханбогд суманд ирэх таван жилийн хугацаанд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх. Хөрөнгө оруулалтын зорилго нь Ханбогд сумын орчин үеийн жишиг хот болгон хөгжүүлэх. Энэ тухай 2009 онд уурхайн ажлыг эхлүүлж байхад Ханбогдын хүн ам 3100 гаруй байсан бол 10 жилийн дараа 2019 оны бүртгэлээр хүн амын албан ёсны тоо 8000 давсан. Оюутолгой төсөл дээр ажиллагсадтай нийлээд албан ёсны бүртгэлгүй ч байнга оршин суудаг, ирж очдог хүн амын тоо 20 мянга давсан тухай орон нутгийнхан хэлж байна. 20 мянган хүнтэй уурхайн жижиг тосгонд төсвөөс гадуурх 150 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт гэдэг жижиг тоо биш.

Өнгөрөгч 2018 онд "Оюутолгой" компаниас санхүүжүүлж Ханбогд сумыг Оюутолгойтой холбосон 46 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 35,1 км хатуу хүчилттай автозамыг ашиглалтд оруулсан нь Өмнөговь аймгийн "Шилдэг бүтээн байгуулалт"-аар шалгарсан. Ханбогд сум, Оюутолгой компанийн хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр говийн бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжтой Сум дундын малын эрүүл мэндийн төвтэй болсон, 1.8мгв  хүчин чадалтай уурын зуухны өргөтгөлийг ашиглалтанд оруулснаар Ханбогд сум дулаан, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болсон гээд тоочоод байвал олон бий. Крантаа нээгээд цэвэр ус ууж байгаа сум, суурингийн иргэд манайд тийм ч олон биш болов уу. Ханбогд суманд 2017 онд 6,9 сая долларын өртгөөр барьж байгуулсан Цэвэр усны хангамжийн цогцолбор говийн бүсийн хэмжээнд анхных нь гэж ярьж байна лээ.

Гэвч үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ханбогд сумыг жишиг хот болгон хөгжүүлэх өнөөдрийн хөрөнгө оруулалт нь Өмнийн их говьд шинэ хот сүндэрлүүлэх Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжих түүхэн үйл явдлын зөвхөн эхлэл” хэмээн хэлсэн. Ханбогд сум дангаараа Өмнөговь аймгийн нийт төсвийн 50 хувийг бүрдүүлдэг гэхээр хөгжлийн боломж, хөрөнгийн эх үүсвэр, нөөц бололцоо орон нутагт өөрт нь бий гэсэн үг. Харин үүнийг зөв удирдлага, менежмэнтээр залах нь Шинэ сэргэлтийн бодлогын гол зангилаа.

Гүүглээс хайвал Ханбогд сумын ерөнхий боловсролын сургууль хичээлийн хоёр байртай, 1000 гаруй сурагч суралцаж, 100 гаруй багш ажилчид ажиллаж, амьдарч байгаа тухай сумын танилцуулгад бичсэн байна. Сумын төвийн гурван цэцэрлэгт нийт 700 гаруй хүүхэд хүмүүждэг 80 гаруй багш, ажилчидтай. Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах анги, 350, 160 хүний суудалтай соёлын төв, Нийгмийн даатгалын хэлтэс, Цагдаагийн тасаг, 50 ортой сум дундын эмнэлэг, Сум дундын шүүх, Хандизель, Ханбогд хот тохижилт зэрэг орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд, ХААН банк, Хадгаламж банк, Хас банк , Голомт банк , Капитрон банкны салбарууд үйл ажиллагаа явуулдаг.

 Хувийн хэвшлийн 300 гаруй аж ахуйн нэгж, 60 гаруй дэлгүүр, супермаркет, 30 орчим  цайны газар, ресторан, зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаа нь баргийн аймгийн төвийг дагуулахааргүй. Товчхондоо Ханбогд сум бол бизнес эрхлэх хамгийн таатай орчин. Тиймээс Ханбогдыг зөвхөн уул уурхайд түшиглэсэн биш аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс болгох нь Шинэ сэргэлтийн бодлогын гол шийдэл юм. Уурхайг ашиглаж дууссаны дараа бид яах вэ гэдэг асуултын бас нэг хариу.

Ханбогд сумын нутагт Ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан алдарт Галбын гурван хийд, дэлхийн энергийн төв Дэмчогийн хийд, 100 модны ам, Хөдөлдөг цохио, Мэлхий хад, Баяжихын агуй, Зээрд, Шар цав, Байшин цав, Хэмгий, Сэвхүүлийн элсэн далан, Оцон мааньтын хүннүгийн ул мөр, Жавхлант хайрхан, Шийрийн уулын хадны зураг, Түрэгийн үеийн хүн чулууны олдвор, Мангасын хүрээ зэрэг түүх, соёлын олон дурсгалт газруудтай. Мал аж ахуй, уул уурхайгаас гадна аялал жуулчлал, ногоон хөгжлийг бий болгох нь хөгжлийн шинэ ирээдүй. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх дээр ажлууд эхэлчихсэн. Дотоодын аялан жуулчлалыг ч түлхүү хөгжүүлэх боломжтой. Нэг үеэ бодвол монгол хүний амьдралын чанар ч гэсэн дээшилж, аялан жуулчлах нь нэг төрлийн соёл болсон. Гол нь аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнүүдийг бий болгох, түүнийгээ чанаржуулах, хөгжүүлэх асуудал.

Хэрвээ эхэлсэн эрчээрээ явбал, хэрэгжүүлэх шатанд элдэв тээг, саад гарахгүй бол (ихэнхдээ л хүний хүчин зүйл байдаг даа) Шинэ сэргэлтийн бодлогын эхний үр дүнгүүд ойрын 4-5 жилд эхний гарч эхэлнэ. Тиймээс орон нутгийн иргэд, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа юу юунаас чухал гэдгийг Ерөнхий сайд өөрөө ч хэлсэн байна лээ. Гол нь хэн хэн нь хэлсэндээ байх...

Үргэлжлэл бий...

inews.mn