Улсын наадам
Гол асуудал бол Төв цэнгэлдэх өөрөө.
Наадмын өдөр. Гэнэт стадионы урд талын хашаа пирхийн нурж үерийн ус мурилзан орж ирлээ. Хүмүүс хашгирч үймэлдэхэд авга ах Бямбаа намайг шүүрэн авч хойшоо зүглэн Төв цэнгэлдэхийн баруугаар эгнэсэн жижиг цагаан мухлагуудын хажуугаар, өвдгөөр татсан усыг туучсаар Энх тайвны гүүрэн дээр гарч билээ. Ийнхүү миний санах анхны наадам, 1966 оны гамшигт үер хоёр нэг дурсамж болж үлдсэн юм. Стадион гэж Төв цэнгэлдэхийг биш, харин түүний баруун урд, өнөөгийн Олимпийн хорооны хавийг багтаасан модон стадионыг хэлж байна. Гадуураа гоёмсог хаалга бүхий модон хашаатай. "Хүний мөр" кинон дээр хэсэгхэн зуур харагдаад өнгөрдөг. Өвөл нь мотоциклийн мөсөн замын уралдаан болж, зун нь эргэн тойрны модон байшингуудад дээлтэй, дээлгүй хүмүүс цугларч шагай харвадагсан. Үер буусан тэр өдөр Төв цэнгэлдэхэд маргааш нь Мөнхбат аварга түрүүлсэн бөх барилдаж, харин энэхүү Бага цэнгэлдэхэд янз бүрийн тэмцээн уралдаан болж байсан болов уу.
Би түүнээс хойш Улаанбаатартаа ихэнх, 1991 оноос хойшхи бүх наадмыг алгасалгүй үзэж, Төв цэнгэлдэхийг нар зөв тойрон хуушуурдаж, наадмын нээлт ба тавын даваанаас хойшхийг ядахдаа зурагтаар, заримдаа дэргэдээс үзэж, сурын талбай, шагайн асруудаар шагайж, бас Хүй долоон худгийг зүглэн соёолонгийн биш юмаа гэхэд хавь ойрын тоосонд даруулсаар өдий хүрсэн байна. Уяачдын наадмыг сонирхдог ч үгүй. Харин хөдөөний наадам нэгийг ч үзээгүй шүү.
Ийм арвин туршлагатай улсын наадамчны хувьд хэлэхэд наадмаа шинэчлэх юмсан. Начны найраа, сэрвээний өндөр сэлт миний мэдэх асуудал биш, шөвгийн дөрөв, үзүүр түрүү, айргийн тав, баян ходоод тэртэй тэргүй сайхан, гэхдээ эмх цэгц, зохион байгуулалт нь үнэхээр тааруу. Хэзээ хаана юу хэн ямар тухай мэдээлэл, зар үндсэндээ байхгүй. Телевиз, гар утас, дэлгэц хөгжөөд хэд дахин гоёоор, мэдээлэл тайлбартай үзүүлж байхад нөгөө багадаад байгаа, жуулчдад тасалбар олддоггүй Төв цэнгэлдэхэд хоосон суудал есийн даваагаар ч зөндөө болжээ. Төрийн наадам юм бол нээлт нь хатуу дэг жаяг бүхий ёслол баймаар санагдана. Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх рүү хүндэтгэсэн шиг хүндэтгэж залах. Түүнээс биш хэн дуртай нь дагаж гүйлдэх биш. Наадмын нээлт хэмээх концертыг гоё болгох гэж оролдох тусам тансаг хэдий ч ядаргаатай шоу болон хувирч байна. Үүний оронд начин, харцага, заан, гарьд, арслан, аварга, тэр дундаа далай, даян, дархан аваргуудыг Төв цэнгэлдэхийн ногоон зүлгийг (жинхэнэ зүлэг болгомоор) дүүргэж танилцуулах, хүндэтгэх. Сүүлийн жилүүдэд бөхийн өргөөнд бөх болгоны нэрийг бүтэн дуудаж танилцуулдаг болсон, 2011 онд 6002 бөхийг жагсааж Гиннесийн номонд бичүүлсэн нь Р.Нямдорж тэргүүнтэй Үндэсний бөхийн холбооны хийсэн хоёр сайн зүйл билээ. Гэтэл өнөөдөр наадмын нээлтээр Хорлоогийн Баянмөнх тэргүүтэй аваргууд дарга нарын өмнүүр зүгээр явж өнгөрөх нь даанч жол. Харин индрийн эсрэг талын цахим дэлгэц дээр барилдааны дүрс, бусад мэдээллийг гаргаж харуулдаг болсон, энд тэндгүй дэлгэц зоож байгаа нь маш сайн. Гэхдээ хангалтгүй. Наадмаа яаж шинэчлэх талаар яриа хөөрөө эхлэх цаг болсон байна.
Гол асуудал бол Төв цэнгэлдэх өөрөө. Тэртээ 1959 онд баригдсанаас хойш огт шинэчлэгдээгүй. Саяын наадмаар буюу 59 жилийн дараа таваас есийн давааг яг шпротны загас шиг нягтралтай сууж үзлээ. Орж гарах нь бүхэл бүтэн даваа. Ноднин уржнан төв замаас харагддаг байсан Төв цэнгэлдэх энэ жил өндөр барилгуудаар бүрэн таглагдаж хорооллын дундах тоглоомын талбайн зиндаа руу дөхөж байна. Эргэн тойрон ундуй сундуй. Тэр өдрүүдэд хөл бөмбөгийн аварга стадионуудын үзэж тансагласан бидний хувьд арай дэндүү...
Шинэ стадион хэрэгтэй! Төв цэнгэлдэх нэгэнт өнгөрсөн, ийм учраас хаа нэгтээ шинийг, бүр томыг барихаас өөр аргагүй гэж бүгд ярьж байна. Гэхдээ ойрын жилүүдэд бүтэхгүй, бүтээд ч нэмэргүй. Ямар сайндаа хятадууд нисэхийн дэнж дээр тийм сайхан Спортын ордон барьж бэлэглээд байхад бүгд хуучнаасаа холдож өгөхгүй, бушуухан буулгаж шинийг барих тухай хэрүүлтэй байхав.
Ойрын тав, арван жил эндээ наадах нь гарцаагүй учраас одоо, дараа жил юу хийхээ бодох цаг. Төв цэнгэлдэхийг өөд нь татахгүй байгаагаа нийслэлийн дарга нар 51 хувийг нь Нямдаваа гэдэг хувь хүн эзэмшдэгээр тайлбарладаг. Үнэхээр тийм. Цаадах нь наадам бүрийн өмнө төсвөөс бага сага мөнгө нэхэж будаг түрхэж жижиг сажиг засвар үйлчилгээ хийлгэдэг. Төв цэнгэлдэх бол зөвхөн ганц стадион биш, түүнээс хэд дахин том эргэн тойрны талбай байсан. Хөрөнгө оруулж гадагш нь өндөрлөн тэлж хэд дахин том болгоход хүрэлцэх тэр орон зай хаачсан бэ? Нийслэл өөрөө, Нямдаваа хоёр ээлжлэн барилгын компаниудад сэмхэн өгч (мэдээж зарсан байж таарна) орон сууц бариулаад барж буйн гэрчүүд нь наадамчин олон бид юм. Одоо сул харагдаж байгаа газрууд дараа жилийн наадмаар очиход байх уу? Хэрвээ манайд жинхэнэ төр засаг, сайн хот байсан бол Төрийн наадам хийдэг Төв цэнгэлдэхийнхээ 51 хувийг алдчихаад дөрлүүлж явахгүй байсан.
Уг нь хамгийн сайхан наадмын талбай бол Яармагийн дэнж. Төв цэнгэлдэх баригдах хүртэл буюу бүр 1930-аад оноос 1960-аад оныг тултал Төрийн наадам энд болдог байжээ. Хотод ойрхон, хүүхэд хөгшидгүй хүрээд очиж чадахаар цэлийсэн сайхан энгэр. Хэдэн ч цэнгэлдэх багтана. Жилдээ нэг удаа наадмынхаа ёслолыг хийгээд бусад цагт нь амралт зугаалга, өвөл нь цана чарга. Ердөө хоёрхон жилийн өмнө ингэж болох байсан. Гэтэл одоо үй түмэн барилгаар дүүргэж байна. Дархан цаазаас нь гаргаагүй байж шүү! Дээр үеийн барилгуудаас хуучирсан, сүйтгэсэн хэдэн балгас, бас голд нь нэгэн хөшөө үлдсэн. Түүнийг 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор ёслол төгөлдөр нээсэн ажээ. Оройд таван хошуу нь байсан нь алга. Баруун тийш харсан энгэрт нь Лувсаншарав гуайн дурссанаар ийм шүлэг бичсэн байж. Одоо бүрэн баларчээ.
Үрийн үрээс эрх чөлөөг хүсээд
Үеийн үеэс тэмцсэн ардын тэмцэлд
Ачит Ленин, Сталин дэмжиж туслаад
Ардын төртэй Монгол улс тогтов оо.
Түүнээс хойш яг 72 жил өнгөрчээ. Ленин, Сталин яахав ээ. Муу, сайн ч гэсэн Төрийн наадам болж байсан газар.
Зочин
хэн газрыг нь нямдаваад зарсан юм бэ?
.
Тэр
Зочин
ЦӨХӨРМӨӨР
зочин
Зочин
Сүхбаатар
zochin
Үнэнч
Б.Батболд
Б.Батболд
onom
яй