Улсын Ерөнхий сайд Та улс орны тулгамдсан асуудлын эрэмбэд өөрөөр хандана гэж найдъя!
“Нүүрсний сонсгол” улс төрийн акц, Эрчим хүч, шатахууны бодлого төрийн тулгамдсан асуудал гэдгийг санаарай
Шинэ оны босгон дээр, тэр тусмаа шинэ хуулиар сонгууль явуулах 2024 оныг угтах энэ өдрүүдэд улс оронд тулгамдсан асуудлууд олон байна. Үүнтэй зэрэгцэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гишүүд хувь хувийн тоглолт хийж эхлэв үү гэх дүр зураг харагдаж эхэллээ. Ерөнхий сайд үүнд зөв бодлого, оновчтой эрэмбээр хандах хэрэгтэй байна.
Шулуухан л хэлье, хэн ч “нүүрсний сонсгол”-ыг эсэргүүцээгүй. Харин ч хүсэн хүлээж байна. Гэтэл энэ сонсголын үүрэг, ач холбогдлыг одоо харахад зөвхөн сонсголыг зохион байгуулагчдад “+”оноо цуглуулах, энд нэр дурьдагдсан, ялангуяа улстөрчдөд “-“ оноо цуглуулах зорилго анзаарагдаж эхэллээ. Хэн рүү голлож чиглэж байна, намынхан дотроосоо, Засгийн газрын танхим дотроосоо хэнийг түлхүү гөрдөв, яагаад АН-ынхнаас, тэр тусмаа талийгаач Г.Батхүү агсны ар гэрийнхнийг хүртэл ухаж төнхөж, opendatalab.mn нээлттэй цахим сайтаас хайгаад ч нэр холбогдохгүй байхад хүчээр холбон олон нийтэд зарлах болов гэдэг нь хүртэл хардлага төрүүлж байна. Гэтэл мөн л “андуурал” гарсан бололтой мэдээлэл дуулдаж эхлэв. Ингэж тохуурхдаг Төрөөс томилогдсон Түр хороо байдаг юм уу? Тэгээд ч энэ бол хуулийн зөрчил, зарчим ярих сонсгол болохоос ялын тогтоол унших шүүх хурал биш. Гэтэл өнгөрсөн хоёр хоногт “шинжээч” гэдэг хүний дүгнэлтээр дэндүү улайран зүтгэж хэлэх хэлэхгүй үг хэрэглэж зандрахыг үзэв. Хамгийн сонирхолтой нь сонсголын эхний өдрөөс эхлээд л Цагдаагийн байгууллага, ЭЦА, АТГ-ын шалгаад прокурорт шилжүүлсэн, зарим нь шүүхээс ял авчихсан хэргийн тухай яриад “шалга” гэсэн албан бичгийг дахин тус байгуулагууд руу илгээж эхэллээ. Уг нь УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд маань энэ Ажлын хэсгийг ахалж байгаа атал яагаад тухайн хэргүүд зохих шатандаа шалгагдаад дуусчихсныг мэдсээр байж “шалгах үүрэг” өгдөг билээ гэдгийг гайхав. Үүрэг авсан байгууллагууд ч яахав, сайдын даалгаврыг биелүүлэхийн тулд дахиад эхнээс нь шалгах биз? Тэгвэл шүүх, прокурорууд яах вэ? Сонсголын “Түр хорооныхны” хараат байдлаар ажиллах уу? Энэ мэт эргэлзээтэй зүйл цөөнгүй байгаа ч “нүүрсний сонсгол”-ыг хийх нь зөв, жигших хүмүүсээ жигшиж, хариуцлага тооцох биз ээ. Гол нь хүн хэлмэгдүүлж, хилсдүүлж болохгүй шүү гэдгийг Түр хорооныхонд дахин сануулахад илүүдэхгүй болов уу.
Шатахууны үнээс болж Ж.Ганбаатар сайд огцрохгүйн шалтгаан
Одоо эрэмбийн тухай саналаа хэлье, Ерөнхий сайд аа. Нэгэнт улсын хилээр гараад явчихсан нүүрсний хулгайн гэх гэмт хэргийн талаарх хэлэлцүүлгийн үр дүнд олон нийт Шатахуун, эрчим хүчний асуудал хүндрэлтэй хэвээр байна. Хэдийгээр ОХУ, БНХАУ-ын талаас нийлүүлэлт тасалдаагүй, урьдынхаас ч хямд бөгөөд хэмжээний хувьд нэмэгдсээр байгаа боловч ШТС-уудын дараалал олон нийтийг бухимдуулсан хэвээр байна. Дээр нь УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Дизель түлшний болон АИ-92 шатахууны үнэ нэмэгдвэл огцроход бэлэн” гэсэн цочир мэдэгдэл гайхшруулахын зэрэгцээ шатахуун импортлогч жижиглэн худалдаалдаг компаниудтай ямар нэг тохиролцоонд хүрсэн байж болзошгүй” гэх хардлага дагуулав. Ерөнхий сайд Та өнгөрсөн оны есдүгээр сарын эхээр Владивостокт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай гар барин уулзах үеэрээ өмнө нь1285 ам.долларт хүрээд байсан АИ-92 автобензиний хилийн үнийг 830 ам.доллар болгон бууруулсан байснаа бататгаж 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохиролцсон. Үүний дараа энэ үнийг 705 ам.доллар болгон бууруулсан. Гэтэл өнөөдөр яагаад “хомсдол” үүссэн гэж? Яагаад татан авалт хэвийн байхад хэрэглэгчдэд шатахуун олдохгүй хонон өнжин дугаарласаар байна вэ? Сүүлийн хэдэн өдөрт Сүхбаатар өртөө, Замын-Үүдээр орж ирж байгаа дүн мэдээнээс харахад шалтгаан өөр зүйлд байна гэсэн бодол төрөв. Наад зах нь салбар эрхэлсэн сайд шатахууны төрлөө ялгахгүй зөвхөн вагонцистерн тоолж нийтэд буруу мэдээлэл өгснөөс болж хэвийн түгээлт, борлуулалттай байсан АИ-92 шатахуун хомсдох юм байна гэсэн айдас хүйдэс ард иргэдэд төрж энэ дугаарлалт нэмэгдсэн. Бодит байдал дээр ачилт л тодорхой хугацаагаар саатсан болохоос шатахууны олдоц, татан авалт огт буураагүйг та мэдсэн байх гэж найдъя.
Ингэж АИ-92-ыг хомсдуулсан салбарын сайд ахиад нэг алдаа хийсэн нь дизель түлшийг орон нутаг руу тээвэрлэхийг хориглож, үүндээ Цагдаагийн байгууллагыг татан оролцуулж “коммунист аргаар” тэмцэж буйг Та харж байна. Дизель түлш хомсдсон нь үнэн. Гэхдээ урьдын татан авдаг хэмжээ нэмэгдсэн үү гэхээс хоргодоогүй. Бахархалтайгаар хэлье, уул уурхайн салбар сайн ажиллаж, экспортын орлого нэмэгдсэн юм. Үүнийг танай Засгийн газраас УИХ-д өргөн барьж батлуулсан Төсвийн тухай хуулийн том амжилт учраас мэдэж байгаа байх. Гэтэл одоо УУХҮ-ийн сайд маань уул уурхайн салбараасаа дизель түлш харамлаад, үүндээ цэрэг цагдаа оролцуулаад байгааг юу гэж ойлгох вэ. Наанадаж бизнес эрхэлдэг хүний хувьд гэнэт “хорионд” орсон дүүрэн түлштэй цистерн хэрхэн хөлдөж, хэзээ гэсэж, чанар нь яаж өөрчлөгдөх, худалдагч, худалдан авагч ААН яаж хохирох тухай бодож үзсэн болов уу? Яагаад шатахууныг бөөндөж худалдаж болохгүй гэж? Уул уурхайн компани, шатахуун импортлогч компанитай гэрээ байгуулахдаа хугацаанд нь тогтвортой үнээр л гэж гэрээлдэг байлгүй дээ. Гэтэл гэрээгээ биелүүлээгүйн шалтгааныг нь ТӨР хийгээд байна шүү дээ. Нэг жишээ дурьдахад нефть импортлогч компаниуд УУХҮЯ, АМГТГ-тай хамтран БНХАУ-ын “Петрочайна Интл” компанийн Хөх хот дахь үйлдвэрээс 30 мянган тонн евро стандартын дизель түлшийг хилийн үнэ нь1080 ам.доллароор импортлохоор болсон. Энэхүү 30 мянган тонн дизель түлшээс 20 мянган тонныг нь “Шунхлай” ХХК дангаараа, 8000 тонныг нь “НИК” ХХК, үлдсэн 2000 тонныг нь хоёр гуравхан компанид квотоор олгосон. Энэ өндөр үнэтэй түлшээ хэрэглэгчдэд зарахыг шаардах нь нэгэнт “төр хутгалдсаных” тухайн компаниудтай зөвшилцөх хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгэхээр дизель түлшний зах зээл хэний гарт байна вэ? Үүнд “монополь” гэдэг үг ашиглах нь зөв үү?
Үнэн хэрэгтээ өнөөдрийн манай “төрийнхний” хийгээд байгаа “баатарлаг” үйл хэрэг шахуу болчихсон “Роснефть”-тэй АИ-92 түлшийг Монгол руу импортлох нь гадныхны хувьд бол тун инээдтэй наймаа. Яахав голдуу л “мэдээлэлд ойр” буюу төрд хамаарал бүхий этгээдтэй “Сод Монгол”, “Тэс петролиум”, “Шунхлай” нар алт эрдэнэ мэт ховор “бараагаа” хувааж ард иргэддээ хүртээж буй мэт боловч чанарын хувьд Монголоос гадна “Роснефть”-ээс импортолдог цөөн орон нь дахин боловсруулж чанаржуулдаг бол манайд тийм боломжгүй учраас чанар султай хэвээр нь хэрэглэгчдэдээ хүргэдэг.
Тиймээс ирэх 4 дүгээр сар хүртэл автобензин, дизель түлшний үнэ буурахгүй байх нь дэндүү баттай учраас танай танхимын Ж.Ганбаатар сайд “огцрох” эсэхээрээ дэнчин тавьж мэдэгдэл хийлээ. Нэг литр АИ-92 автобензиний өртөг 2120 төгрөг, үүн дээр тээвэрийн болон үйл ажиллагааны зардал нэмэгдэхээр тэр хэмжээний ашгийг импортлогч ААН-үүд голоод байдаг бололтой юм. Тэгэхээр танай Засгийн газар энэ чиглэлээр юу хийж чадах вэ? Бараг юу хийгээд явж байгааг тань гадарлаж байна.
Улсын Ерөнхий сайд уул уурхайн салбараа ад үзэхгүй гэж найдъя
Муу ажиллаж байна гэж хэлэхгүй. Энэ өдрүүдэд Ерөнхий сайдын захирамжаар Эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн талаар үүссэн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар ОХУ-ын холбогдох байгууллага, ААН-үүдийн удирдлагатай яриа хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулан Москва хотноо ажиллаж байгаа юм билээ. Энэ талаар дараагийн нийтлэлд мэдээлэх болно. Ямартай ч Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зүгээс үүсээд буй нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч байр сууриа илэрхийлэх шаардлагатай байна. Иргэд өдөр шөнөгүй шатахуунд дугаарлаж, бие биеэсээ сураг тавин амь тэмцэж, ААН-үүд нь “хатуу сайд”-ын халгаанд “үхлийн шарх” авчихалгүй хүндрэлийг даван туулахаар тэмцэж, Оросууд эрчим хүчний бойм хүзүүнд углаж үзээд л, болиод л наадаж байхад хэдэн жилийн өмнө хулгайн замаар гараад явчихсан нүүрсний сонсгол Монгол Төрийн “номер нэг” тулгамдсан асуудал яг мөн үү. Дээрх тулгамдсан асуудлуудыг шийдэхэд юугаараа ач холбогдолтой юм бэ? Хууль зүйн сайд чинь хэн нэгний эцгийг тогтоох, эрүүл мэндийн чөлөөний бичиг хуурамч эсэхийг тогтоож улс төрийн хэрүүл хийхээс илүү чухал ажлуудаа олж харахгүй байгаа юм биш үү гэдгийг Улсын Ерөнхий сайдад дуулгахад илүүдэхгүй биз ээ.
/Үргэлжлэл бий/