Улаанбаатарын түүхийн төгсгөл буюу Энх тайвны өргөн чөлөөний гүүр
Хавар ирлээ, Улаанбаатарчууд аа.
Хэдэн жилийн өмнө би яг энэ сэдвээр бичиж байжээ. "Улаанбаатарын түүхийн төгсгөл буюу Цагаан хаалга". Бас "Сүйтгэн байгуулалт". Одоо үргэлжлүүлэхээс.
Хавар ирлээ, Улаанбаатарчууд аа. Утаагүй тэнгэр, дулаахан өдрүүд. Удахгүй зүлэг мод ногоорно. Бас нөгөө алдарт "газрын маргаан" эхэлж байна. УИД-ийн өмнөх Цэрэндоржийн гудамжнаа Битлз-тэй хөшөөтэй талбайн дор үйлчилгээний төв байгуулах барилгын компаниуд ба эсэргүүцсэн иргэд хоёр талаасаа бэлтгэлээ базаажээ. Хажууханд нь машин өнгөрөх замыг таглаж "Зан интернэйшнл" компани барилга барихаар завдахад оршин суугчид жижиг гэр бариад тэмцээд эхэллээ.
Нөгөө пэрээзэрийн төмөр гүүрийг хамгаалах кампанит сурталчилгаа дэгдээд байна. Ийм гүүргүйгээр нийслэл хот сөнөх юм байна. Бүтээн байгуулалтаа үг дуугүй дэмжих, ухамсраараа жил хагас тэсэх хөдөлгөөн ч өрнөлөө. Энэ тэнэг шийдэлд 42 сая долларыг зээлдээд авчихсан, буцах аргагүй тул гүрийхээс өөр яахав. Залгуулаад 2018 онд хийгдэх дэд бүтэц, бүтээн байгуулалтыг тэнгэрээс харуулсан 6 минутын бичлэгийг баруун солгойгүй цацлаа. Үзэхэд юу байсан гээч! Автомашинд зориулсан гүүрэн замыг Офицеруудын ордон, Баруун дөрвөн зам, Нарантуул, Дүнжингарав, Бөхийн өргөө, Арслантай гүүр, Багшийн дээд, Гадаад харилцааны яамны уулзвар дээр угсруулан босгохоор төлөвлөжээ. Бусад нь дүүрч, гэхдээ Энх тайвны өргөн чөлөө гүүрэн замаар хэдэнтээ хэрчигдэх нь. За бүр Энхтайваны өргөн чөлөө дүүрч. Гадаад яамны уулзварын гүүр арай ч дээ. Сүхбаатарын талбай маань дэргэдээ автомашины гүүртэй болох нь. Ажил энэ онд эхлэнэ. Тийм ээ, энэ бол эхлэл, гэхдээ нийслэл Улаанбаатар хотын XX зууны түүхэн дүр төрхийн жинхэнэ төгсгөлийн эхлэл.
Хотын удирдлага нэг гараараа түгжрэлийн эсрэг замаа өргөтгөж, автомашиныг ээлжээр явуулж, одоо төмөр гүүр, гарцаар үргэлжлүүлж байна. Харин нөгөө гараараа өчүүхэн төдий завсар зайг ч хамаагүй барилгаар чигжсээр байна. Орон зай огт үлдээгүй харагдавч эрх мэдэлтнүүд яаж ийгээд олоод байдаг нь гайхалтай. Эхэндээ зайчилдаг байсан бол сүүлдээ шуудхан таглаж, дээгүүр доогуур шургаж, одоо бол зүв зүгээр байшин барилгыг элдвээр цоллож нураагаад оронд нь хэд дахин том өндрийг босгож байна. Жишээлэхэд гал командын барилгыг нурааж Онцгой байдлын ерөнхий газрын тансаг офисыг барихаар болсон. Төв шуудангийн баруун талд Макс-ийн ээлжит, паркийн бөөрөнд Наранхүүгийн 100 давхар цамхаг босно. Урьд нь зуун офис, мянган айл байсан газарт өнөөдөр мянган офис, түмэн айл төвхнөлөө. Ажиллаж амьдардаг, ирж очдог хүмүүсийн тоо, дагаад автомашины тоо төдийчинээ нэмэгдэнэ. Арга алга гээд дараачийн хязгаарлалт, дахиад гарц, гүүр. Өөр юу бодож олохыг таашгүй. "Крантны усыг нээх тусам их л ус гардаг юмдаа, өшөө зам, өшөө машин, өшөө түгжрэл" гэж нэгэн уншигч бичжээ.
Дэлхийн ямар нийслэл төв гудамжаа автомашинд зориулан тасчиж, хоёр давхарлаж, төв талбайдаа автомашины зогсоол барьдаг байна аа? Уг нь Улаанбаатар бол зөв эхэлсэн хот. Цэлгэр гудамж талбай, эмх цэгцтэй мянгатууд, хорооллууд, хэдэн арван жил хүрэлцэж буй эрчим хүч, шугам сүлжээг бид өнгөрсөн зуунаас өвлөж авсан. Нийслэлийн хамгийн сайхан газар бол Сүхбаатарын талбай. Бид азаар Зөвлөлт, тэдний цаанаа Европыг дууриаж төв талбайтай хоцорчээ. (21 аймгийн төвийн хамгийн сайхан газар нь бас л төв талбайнууд) Гэтэл үүнийгээ хороох гэж янз янзаар үзэж буй. 2003 онд Сүхбаатарын талбайд шинээр хучилт хийхдээ урд хэсгийг нь үлдээсэн. Тэнд ямар нэгэн юм босгож ашиглах санаа байнга цухалздаг. Одоогоор машины зогсоол. Дасгаж байгаад хийж л таарна. Талбайн өмнөх цэцэрлэгийн газрыг авсан компанийн шунал нь ихдээд юу ч барьж амжилгүй хураалгасан. Тэрхүү цэцэрлэгийг сэргээсэн нь сайшаалтай боловч нэгэн гамшиг тохиолдсон нь АСЕМ-ын хөшөө. Далайн гүнээс тэмтрүүлээ сарвагнуулан өндийж буй аймшгийн ногоон наймаалж. Арван таван толгойтой атгаалжин хар мангас хамаагүй дээр байсан юм. Өнөөдөр тэр хурлыг хэн ч санахгүй (худлаа, санах юм байна, хэдэн зуун тэрбумыг үгүй хийсэн гэж). Даанч хэдэн арван жилийн турш жирийн хүмүүс цугларч буу халдаг, шатарддаг түүхийн гэрч болсон гэм зэмгүй тэр саравч устсан.
Нийслэлийн түүхэн дүр төрх, ой санамжийг хадгалсан хэдхэн барилгыг хэрхэн гоочилж (яг үнэндээ барилгыг биш, түүхийг) буйн ганц нэг жишээ.
Зуун жилийн түүхтэй, хэрэндээ л хийцтэй хэвлэх үйлдвэрийн хоёр давхар барилга авлигачдын гар дээр хэсэг саатаад хувьд очлоо. Уг нь хамгийн багаар бодоход л Улаанбаатар хотын төгс музей байхсан. Төрийн ордны барилга. Ноднин УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлын дүгнэлт, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах зарим арга хэмжээний талаар” Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын мэдээллийг сонсоод хэсэгчлэн буулгаж шинэчлэх шийдвэр гаргасан. Парламентийн ордонтой болох байж ингэх шаардлагагүй бус уу?
Маргаашаас нэг их хэтрэхгүйгээр нурж монголын түүхийн сан хөмрөгийг ажилтнуудтай нь дарж мэднэ гэсээр Үндэсний төв архивыг Яармагын дэнж рүү нүүлгэснээс хойш хоёр жил өнгөрчээ. Монголын түүх аврагдсан нь сайн хэрэг. Хачирхалтай нь архивын барилга өнгө зүс ороод гялалзаж байна гээч. Одоо тэнд худалдаа үйлчилгээ, тоглоомын газар гээд оюутан залуучууд пижигнэж, нурах сураг ч сонсогдохоо больжээ.
Ноднин спортын төв ордны барилга 60 нас хүрлээ, яг нурлаа, авраарай, яаралтай буулгаж шинийг баръя гэж хэсэг шуугисан. Телевизүүдийг дуудаж таазнаас гоожсон борооны дусал бүрийг баримтжуулсан. "Ямар сайхан мэдээ вэ? Бушуухан бариасай” гэж нэгэн эрхэм уулга алдсаныг санаж байна. Одоо тэр барилга бодлоо өөрчилсөн бололтой. Төр засаг мөнгө муутайг мэдээд ухамсраараа тэгсэн биз ээ.
Нийслэлийн хэт ачааллыг багасгахын тулд их, дээд сургуулиудыг нүүлгэнэ гэж дээр доргүй шийджээ. Чадахгүй л байгаа болохоос биш. Гэхдээ МУИС, ШУТИС, АУИС ХААИС бол тус тусын барилга байшинтайгаа Монгол Улсын нийслэлийн салшгүй хэсэг юм. Тийм учраас Улаанбаатар хот боловсролтой, соёлтой яваа, эсрэгээрээ анх Улаанбаатарт байгуулагдсан, одоо Улаанбаатарынх учраас тэд манлайд явдаг.
Үргэлжлүүлэх үү, яах уу? Нэмэргүй биз. Улаанбаатар хотын түүхэн дүр төрх аажим аажмаар баларч байна. 50,100 жилийн өмнөх үйл явдлын кино зургийг шууд авч болдог эсэхээр нь тухайн хотыг дүгнэдэг гэсэн. Гэтэл гучаадхан жилийн өмнөхийг харуулсан Ж.Батмөнхийн тухай "Бүү март" киноны хотын төвийн хэсэг тэр чигээрээ компьютер график. Одоо XX зууны гудамж байтугай барилга ч үлдэхгүй нь. Сүхбаатарын талбайг тойрсон Дуурийн театр гээд ганц хоёр, урагшаа Драмын театр сүүлчийн бэхлэлт торойно. Төв номын сан хоёр талаасаа хавчуулаад чанх урдаасаа л бүтэн харагддаг болов. Тэртээ урд Богдын ордон музей эргэн тойрны хамаг газраа алдсаар хагас бүслэгджээ. Захирал нь хааны нэрийг барьж тэмцээд ч бараагүй гэсэн.
Сайнзаяа
irgen
Г.Батнасан
Зочин
шүгэл
Зочин
Зочин
Зочин
Зочин
unshigch
Гана
Зочин
зочин
Зочин
Яаана даа
зочин
Зочин
Ба
Зочин
Зочин
Зочин
Зочин
ОНОМ
Зочин
zochin
Зочин
Зочин