“Өглөө сэрэхгүй бүх хотоороо унтчихсан байвал яах вэ?” хэмээх өгүүллийн минь үргэлжлэл. Гэхдээ мэргэжлийн хүний мэдээлэл, үнэлэлт дүгнэлттэй. Мэргэжлийн хүн гэдэг нь миний цэргийн найз, химийн шинжлэх ухааны доктор, генерал М.Хүрлээ. Тэрээр Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагад эх орноо төлөөлөн анхлан очиж ажилласан, дэлхийн 50 гаруй улсаар явж химийн зэвсэг, үй олноор хөнөөн сүйтгэх зэвсэг, технологид мэргэжлийн хяналт хийсэн, бас Нобелийн энх тайвны шагнал байгууллагаараа хүртэхэд хувь нэмрээ өргөсөн нэгэн. Тэрээр дараагийн 7 хоногийн Баасан гаригт baabar.mn дэх миний энэ буланд өөрөө нэн тодорхой өгүүлэх болно

Тэр найз маань нийслэлийн өтгөрсөн энэхүү утаан гамшгийн тухай мэргэжлийн түвшинд өгүүлж байна. “Өглөө сэрэхгүй бүх хотоороо унтчихсан байвал яах вэ?” гэдэг хорлонтой асуулт маань орчин цагийн химийн дайнд хэрэглэдэг, тийм дайны зэвсгийн дотор ордог олон элементүүдээр бид амьсгалж байгааг хэлж буй хэрэг бөгөөд тэдгээрээс Хүрлээ генералын өгсөн мэдээллээс дор сонирхуулъя. 

  1. Юуны өмнө бид хүхрийн ислээр (SО2) өдөр тутам, түгээмэл хордож байдаг аж. Агаар дахь чийгтэй урвалд тэр нь орж хүхрийн хүчил үүсгэж уушиг гэмтээнэ, бие организм дахь уургийн солилцоог алдагдуулж, цус төлжүүлэх эрхтэнг хямраана.
  2. УБ-ын өтгөрсөн утаанд агуулагддаг азотын ислүүд: NO, NO2, N2O, N2O3, N2O5 (буюу товчоор – NOx) ньавтомашины дотоод шаталтын хөдөлгүүрээс ялгарч агаарт цацагддаг хорт хий. Тэр нь хүн амьтны нүдний болон хамрын салст бүрхүүлийг цочроож, амьсгалын замаар уушигт орох явцдаа чийгтэй урвалд орж азотын болон азотлиг хүчлийг үүсгэж, аажмаар уушигны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, астма өвчнийг үүсгэнэ. Түүнчлэн төв мэдрэлийн системд нөлөөлж, зүрх судасны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэнэ.NOx нь угаарын хийгээс (СО) даруй 10 дахин их хортой байдаг. 
  3. УБ-ын өтгөрсөн утаанд агуулагддаг цацраг идэвхит бодис (уран-238, радий-226, торий-232, калий-4 гэх мэт). Нүүрсээр ажилладаг ДЦС-ын ойролцоо амьдардаг болон гэрт нүүрс түлж амьдардаг хүмүүст нүүрсний шаталтаас ялгарч байгаа утаанаас гадна тэндээс агаарт дэгдэж цацагддаг цацраг идэвхит бодисуудын муу нөлөө тун их. Бие организмд орсон цацраг идэвхит бодисууд биеийн эд эсийг ионжуулж, улмаар туяаны өвчин үүсгэнэ.
  4. УБ-ын өтгөрсөн утаанд агуулагддаг фосген (COCl2) бол химийн зэвсэгт ашиглагддаг, амьсгал боогдуулах үйлчилгээтэй, байлдааны зориулалтын хорт бодис. УБ-ын агаарт өдөр тутам, түгээмэл тархаж байна. Ердөө элдэв хуванцар сав шатаахад л амьсгалын замын болон хоол боловсруулах эрхтэнд муу нөлөөтэй диоксин, стирол, формальдегид, фенол зэрэг хортой бодисууд ялгарна. Гол нь фосген гэдэг бодис үүснэ. Энэ хорт бодист өртсөн үед нүдний салст бүрхүүл цочирч, нулимс урсаж, ханиалгаж, толгой эргэж, цээж давчдан улмаар бие сульдаж, бөөлжүүлэх шинж тэмдэг илэрнэ. Хэсэг хугацааны дараа биеийн байдал доройтож, амьсгал давхцаж, хөөсөөр ханиалгаж, уруул зовхи хамар хөхөрч, зүрхний цохилт түргэсч, бие сульдаж, амьсгал боогдож, халууран, хэд хоногийн дараа ихэнхдээ үхэлд хүрэх аюултай.
  5. УБ-ын өтгөрсөн утаанд агуулагддаг Нүүрс-устөрөгч (CnHm). Автомашины хөдөлгүүрийн доторхи дутуу шаталтаас үүсдэг нүүрс-устөрөгч олон бодисоос хамгийн хортой нь бензапирен гэдэг бодис юм. Энэ бодис нь амьсгалын замаар бие организм орж уушигны хорт хавдар үүсгэх аюултай. 
  6. УБ-ын өтгөрсөн утаанд агуулагддаг цианы хүчил (HCN). Арьс, үс ноосон эдлэл, нейлон, поролон, полиэстер болон синтетик материалууд шатахдаа цианы хүчил, хүхэрт устөрөгч г.м гэдэг маш хортой бодис ялгаруулдаг.Үүнээс цианы хүчил (HCN) нь цэргийн химийн нэр томъёогоор бол “Ерөнхий үйлчилгээтэй, байлдааны хорт бодис”-ын ангилалд багтдаг, огцом үйлчилгээтэй маш хортой бодис. Манайхан мэдэхгүйгээс ийм төрлийн бодисоор хийсэн “түлш” их шатаадаг.
  7. УБ-ын өтгөрсөн утаанд агуулагддаг альдегид (RCHO). Нүд, уушигны салст бүрхэвчийг цочроож, төв мэдрэлийн систем, бөөр, элгийг сэвтээнэ.
  8. УБ-ын өтгөрсөн утаанд агуулагддаг хар тугалга (Рb). Амьсгалын болон хоол боловсруулах замаар биед орсон хар тугалга хуримтлагдсаар цусны бүтцэд өөрчлөлт оруулж, бодисын солилцоо болон төв мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хоол боловсруулах эрхтэнг хямраана. 
  9. УБ-ын өтгөрсөн утаанд агуулагддаг жирийн мэт хөө тортог (С). Амьсгалын замын хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй бодис гэхчлэн.

Энэ мэтээр цааш үргэлжлэх хичнээн олон нэрийн хортой бодисууд УБ-ын агаарт байгааг чухамхүү энэ асуудлыг хариуцсан чиг үүрэг бүхий мэргэжлийн хяналтын байгууллага, албан тушаалтан, мэргэжилтнүүд судалж, учир шалтгааныг нь олж, аюулгүй болгох арга хэмжээ авч хэрэгжүүлж байх учиртай хэмээн Хүрлээ генерал бичжээ.

Орчны бохирдол агаар дахь ганц энэ өтгөрсөн утаа биш. Гэр хорооллынхон хөрс усыг яаж алж дуусч байгааг бид ярьдаггүй, хичнээн арван (зуун) жил хөрс рүү өтгөн шингэнээ шингээж, тэр нь гүний ус руу ямар доозоор хүрснийг тооцоолоогүй. Гэр хорооллын худгууд ярайж, өөрсдөө тэндээсээ ундаална. Тэд хог, үнс нурмаа ойролцоох жалга руугаа юүлж, эсвэл хашаандаа булж байдгийг бид байх ёстой үзэгдэл мэт боддог. Үерийн далангаар нь арай хүний шарил урсдаггүй байх. 



Тэгвэл даян дэлхийд орчны ийм бохирдлыг дайнтай зүйрлэж авч үздэг. Дайн, мөргөлдөөн, хүчирхийлэл, өвчин, өлсгөлөнгөөр амиа алдсанаас илүү тооны хүн эдүгээ орчны бохирдлоос болж амиа алдаж байгааг америкийн эрдэмтэд эрүүл мэндийн Lancet гэх сэтгүүлд хийгээд ил болгожээ. Phys.org гэх сайт руу ороод үзээрэй. 

Тамхинаас шалтгаалах үхлээс орчны бохирдлоор үхэгсэд 1.5 дахин их, ДОХ, сүрьеэ, халууны хумхаагаархалдварлаж амиа алдагсдаас 3 дахин их, дайн байлдаанд амиа алдсан хүний тооноос 15 дахин их гэсэн судалгаа тэнд бичээтэй байна.“2015 он: Дэлхий дэх цаг бус үхэл” гэх судалгаа байна. Амь алдсан 6 хүн тутмын нэг нь (9 сая) орчны бохирдлын хордлогоор нас баржээ. Цаад улсууд нь мэдээгээ өгснийг нэрлэж байгаагаас бус мэдээгээ өгөөгүй улс орон (жишээ нь Монгол өгөөгүй байж таарна) тоймгүй олон гэсэн байна. Орчин бохирдсоор бохирдсоор химийн хор ялгаруулах хэмжээнд очдог, энэ талаар алив улс орон өөртөө мониторинг хийж байх ёстой гэнэ. 

Ийм хороор хордуулдаг аюултай бүс нутгууд Африк, Азид олон байна. Тэдний нэг нь Монгол гэж арай нэрлээгүй ч би бол энд зайлшгүй оруулах ёстой гэж үзэж байна. Хүн амын тоогоороо Энэтхэг толгой цохино, хөрс, ус, агаарын бохирдлоор Энэтхэгт жилдээ 2.5 сая хүн хорвоог орхидог. Араас нь жагсаалтыг Хятад нөхнө, экологийн бохирдлоор 1.8 сая хүн жилдээ үхдэг, араас нь Бангладеш, Пакистан, Өмнөд Солонгос, Өмнөд Судан, Гаити гэхчлэн Lancet сэтгүүл, Phys.org сайтад бичжээ. Монголыг нэрлээгүйд бид баярлах бус эндээс сургамж авууштай юм биш үү? 


МЯНГАНЫ СУУТ ХҮН ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН - ИЛ ЗАХИДАЛ

Дэлхийн мянганы суут хүн их эзэн Чингис хаан, түүний угсаа залгамжлагчдын тухай Та бидний өнөө үеийн монголчуудын сэтгэлд хүрсэн, урам зоригийг бадраасан ил захидлын цомогийг санал болгож байна. 

Ялангуяа гадаадад олон жилээр суугаа монголчуудад бэлэг дурсгал болгож хүргэхийг хүсч байна.

Их эзэн чингис хаан, Монголын эзэнт гүрэн, Монгол Бахархал зэрэг уран зургийн олон бүтээл бүхий  
ил захидлын цуглуулга. Үнэ: ердөө 15.000₮.  

Дэлгэрэнгүйг: https://goo.gl/rXccjN
Утас: 976-11-312069, Гар утас: 99113966, 9305-0709, 9514-9496