Улаан армийн ЧВК Вагнер (1)
Өнөөгийн ОХУ-д цэрэг-эх оронч хөдөлгөөн хүчтэй ч Ялалтын баярын парадын бэлтгэл, Эх орны дайны үеийн шарил ухаж гаргах, дахин оршуулах ёслолоос цааш хэтэрдэггүй. Цэргийн алба нь ч СССР-ийн үеийнхээс өөр болсон. Цэрэг татаж дайчлаад армиа босгочихдог нь хэлбэрээ өөрчилж, хөлсний цэрэг, гэрээт цэрэг, цэрэг-дайн зориулалттай хувийн компаниуд (ЧВК) ил далд түгээмэлжиж янзтай.
Украинд оросын цэрэг улайран байлдана. Ёстой нэг үхэх сэхэхээ үзэж байна. Шийдвэрлэх ямар ч операц хийдэггүй. Сталинград, Курскэд эргэлт хийдэг шиг үйлдлийг хүлээгээд нэмэр алга. Учир нь ОРОСЫН АРМИ задран салах явцдаа байна. Яг одоо Орост 4 арми зэрэгцэн байгаа тухай барууны судлаачид бичдэг: 1) Армийн генерал С.Шойгугийн удирддаг БХЯ-ны мэдлийн ОХУ-ын Зэвсэгт хүчин, Оросын албан ёсны арми; 2) Армийн генерал В.Золотовын командалдаг Росгварди; 3) Хурандаа генерал Р.Кадыровын командалдаг Чеченийн арми; 4) Орос, Донецк, Луганскийн Улсын гурван удаагийн баатар Е.Пригожины командалдаг ЧВК Вагнер гэх хөлсний арми. Дөрвүүлээ Украинд үүрэг гүйцэтгэж байна.
Оросын армийн задралд хамгийн эвгүй үүрэг гүйцэтгэгч нь гарчигт буй нэг субъект мөн. ОростТөрийн мэдлийн зэвсэгт хүчин байхын сацуу “хувийн арми”-йн тухай зарим нэг мэдээ: Д.Медведев “Эх орноо хайрлая” гэх нэртэй хамгаалалтын корпус байгуулахаа зарлав. Оросын оролцоотойгоор “ГардСервис” нэртэй хувийн хамгаалалтын үйлдвэр (ЧОП) 1000 цэрэгтэй байгуулагдан Беларусьт ажиллаж эхэлсэн, түүнийг Лукашенко мэдэлдээ авч КГБ-гээ сөргүүлэн тавих гэж байгаа тухай мэдээ ирлээ. Учир нь Лукашенког зайлуулах нь цаг хугацааны асуудал болсон. “Щит”, “Русич” нэртэй хоёр ч ЧВК Крымд байгуулагджээ. Эрх мэдэл бүхий олигархи, улс төрч болгон Пригожины “Вагнер” маягийн армитай (ЧВК) болохыг хичээнэ. Хувийн цэргийн компаниуд Орост хурын дараахи мөөг шиг олширч байна. Шойгу БХЯ-ыг толгойлно, бас “Патриот” гэх хувийн ЧВК-тай болж байгаа сураг байна. "Патриот"-ын эхний хэсэг Украинд "заградотряд"-ын үүрэгтэй очжээ. Путинд ойрхон олигархи Г.Тимченко өөрийн ЧВК-г “Редут” гэсэн нэрээр байгууллаа, Д.Рогозин бас тийм ЧВК байгуулах санаатай байна. Р.Кадыровын чечень армийг оросын арми гэхийн аргагүй болсон. Оросын элит болгон цаагуураа ямар нэгэн иргэний дайнд бэлтгэж байх шиг. ЧВК, ЧОП-ууд олшрох нь зүй ёсны жирийн үзэгдэл болох нээ. Хэний юуны төлөө гэдэг нь ойлгомжтой. Тийм ЧВК, ЧОП армиуд нь эзнээ болон эзнийхээ өмч хөрөнгийг хамгаалах дайнд бэлтгэнэ.
Энэ утгаар монголчуудад танин мэдэхүйн ойлголт өгье гээд дээрхи гарчгаар “Засгийн газрын мэдээ”, 2019.04.30 № 080(1132) сонин; news.gogo.mn/2019.05.01 сайтад бичиж байснаа эргэж толилуулъя.
Ардын арми, улаан арми. Ахан дүүсээр баатар болсон юм, Ардын хувьсгалын гал дунд төрсөн. Алдарт монголын залуу арми. Анд зөвлөлтийн дайчдын хамт. Ард түмнээ дарлалаас чөлөөлсөн. Ялагдашгүй манай армийн хүч нь. Яруу алдарт намын жолоодлого. Хөрш зөвлөлтийн их тусламж. Хөдөлмөрчдийн гүн дэмжлэг байдагaa хэмээн цэрэгт байхдаа бид мөн ч дуулж жагссан даа. Цэргээр хүмүүжсэн монгол бүх эрс тэр замыг туулсан байх. Яг тэр дууны үгэнд гардаг шиг Зөвлөлтийн арми одоо түүх болсон, кино гэрэл зурагт үлдсэн. Харин одоогийн Оросын армийг монголчууд тэр нүдээрээ харахыг хүсдэг, тийм дайчин нөхөрлөлийг мөрөөддөг.
Тэгэхлээр би гарчгаа санаандгүй аваагүй юм. Тэрхүү дайчин улаан армиас чинь ямар ч ул мөр үлдээгүй шүү гэдгийг нотлохыг зорилоо.
Оросын зурагтын олон сувгуудыг манайхан үздэг, тэгээд орчин цагийн цэрэг-дайны кино сонирхдог бол дан “спецназ”, тусгай хүчний байлдааны ажиллагаа, эрээн хувцастай супер орос цэргүүд л дээрэмчин, террорист, мафитай тулалдаад байх нь тэр.Нөгөө “Чөлөөлөлт” киноны жанжид, орос цэрэг эрс харагддаггүй шүү.
Өнөөгийн ОХУ-д цэрэг-эх оронч хөдөлгөөн хүчтэй ч Ялалтын баярын парадын бэлтгэл, Эх орны дайны үеийн шарил ухаж гаргах, дахин оршуулах ёслолоос цааш хэтэрдэггүй. Цэргийн алба нь ч СССР-ийн үеийнхээс өөр болсон. Цэрэг татаж дайчлаад армиа босгочихдог нь хэлбэрээ өөрчилж, хөлсний цэрэг, гэрээт цэрэг, цэрэг-дайн зориулалттай хувийн компаниуд (ЧВК) ил далд түгээмэлжиж янзтай. Энэ тухай wikipedia, мөн The Bell сайт, Комсомольская правда сонинд бичсэнээс эшлэн өгүүлье.
Афганистанд цэрэг оруулдаг шиг хэдэн арван мянгаар нь (олон дивиз бүхий хээрийн арми) маршаар хил давуулчихдаг нь ч байхгүй болсон. Афганистанд интернационалч үүрэг гүйцэтгэж яваад хүсээгүй үхэлтэйгээ 15 мянган жирийн орос хөвгүүд учирсан, тахир дутуу гүн шархтай гэвэл хэдэн арван мянгаараа. Одоо тэгж хүсээгүй суманд өртөж амиа өргөх интернационалч орос хүн байхгүй болсон тул хөлсний цэрэг-улирсан ахлагч, бэлтгэл офицеруудаар ЧВК-г бүрдүүлчих нь тэр. Түүндээ нэр өгчихнө. Орост тийм компани хэд ч байгаа юм бүү мэд. Лав ЧВК Вагнер гэдэг компани 2014 оноос хойш 7000-10000 контрактник гэгчдийг элсүүлж дайнд илгээсэн ба нэг жилд л 2 тэрбум рубль зарцуулсан гэх мэдээ байна.
The Bell гэх оросын бололтой англи сайтаас эшлэе. Анхлан байнгын армийг бус хөлсний ийм нөхдийг дайнд илгээж байх санааг өмнөд африкийн аюулаас хамгаалах хүчний бэлтгэл дэслэгч генерал Эбен Барлоу гэгч оросуудад санал болгоод өөрөө байгуулж өгсөн гэж үздэг. Тэр нөхөр Executive Outcomes гэсэн нэрээр хууль ёсны хувийн арми байгуулж байсан туршлагатай. Төрийн тусгай хамгаалалтаас авахуулаад өөр улс орны дотоод хэрэгт цөмрөн оролцохыг тэр арми дээр туршиж үзээд туршлагаа түгээснийг ОХУ-д шүүрээд авсан бололтой. Эдүгээ энэ нөхрийн зааж зааварласнаас Никарагуад гэмт хэрэг, терроризмтой тэмцэх оросын төв байгуулагдаж цэрэг илгээжээ. Үүнтэй холбогдуулан АНУ-аас генерал Барлоугийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэрээр АНУ-д аж төрдөг, гэхдээ 150 сая ам.долларын мөнгөний угаалга, түшмэдийг авилгадсан, санаатай аллага, зэвсэг хууль бусаар хадгалсан, иммиграцын албыг хуурч мэхэлсэн хэрэгт унажээ. Барлоугийн Орос дахь ажиллагааг америкийн тусгай албад сурвалжлаад юу олж мэдэв гэхлээр ОХУ-ын БХЯ, Жанжин штабт ЧВК буй болгох асуудлаар хаалттай презентац тавьж байсан, огцорсон цэргийнхнийг контрактник болгоод нууц даалгавартай ажиллуулж болдог, ийм бүтцээр дамжуулан зэр зэвсгийг эргэлтэд оруулж болно хэмээн оросуудыг ятгасан гэмтэн болж таарчээ. Ингээд Оростконтрактник элсүүлэх ажлаа 2013 онд эхлүүлсэн, анхны даалгавар нь Крымыг Украинаас салгах тусгай үүрэг, Донбасс дахь зэвсэгт мөргөлдөөнд оролцох, Оросын өмнөд хэсэгт тагнуулын сургалтын бааз байгуулах явдал байжээ. ЧВК дараа нь Сири рүү салбарлаж ажиллажээ. Дейр-эз-Зор дахь нефть-хийн ордыг исламистуудаас эргүүлж авахад оросын контрактникууд оролцож байлджээ.
Орост Барлоугийн түншээр Петербургийн бизнесч Евгений Пригожин гэх нөхөр тодорсон байна. Владимир Путины найз энэ тэр гэж ярьсныг нь Ерөнхийлөгч өөрөө няцаасан, гэхдээ таньдаг гэдгээ нуугаагүй. Өөрийнх нь, эсвэл дотны нөхрийнх нь бүртгэлтэй “Конкорд менежмент консалтинг”, “Эксклюзив Техноложи”, “Коллектив сервис” гэх хэд хэдэн компани, эмийн “Контур” фирм, “Путины гал тогоо” гэх рестораны гол эзэн болох энэ нөхөр хувийн арми байгуулна, тэр нь улсын захиалгаар ажиллана гэсэн хүслээ нуудаггүй. ОХУ-ын БХЯ-ны захиалгаар гадаадын янз бүрийн улс орнуудад оросын хөлсний цэрэг ажиллаж буй тухай хэвлэлийн мэдээ үе үе цухалзана. Венесуэлд Мадурог хамгаалахаар цэрэг очууллаа гэх мэдээ нэгдүгээр сарын 25-нд явж байсан, Bloomberg-ийн мэдээлснээр Африкийн 10 улсад ЧВК ажиллаж байгаа болж таарсан. Оросын ГХЯ ч заримыг нь хүлээн зөвшөөрсөн.
Бичсэн нийтэлсэн: 2019.04.30, 2019.05.01
- Үргэлжлэл бий