У.Хүрэлсүх “Тавантолгой Майнинг” ХХК-ийг сонгуулийн санхүүжилтээр солих уу
-Тавантолгой ордын нүүрсийг үнэгүйдүүлэх оппераци үүгээр дууссангүй...-
У.Хүрэлсүх IPO-г зогсоож “Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгаж УИХ-ын сонгуулийн санхүүжилтээ ЭТТ ХК-ийн “нүүрсний квот зарах бизнес”-ээс бүрдүүлэхээр шийдсэн бололтой.
2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16.02 цагт СШ дугаар 2020-CO-05 дугаартай Коксжих нүүрсийг худалдан борлуулах урилгыг ett.mn сайт дээрээ байршуулжээ. Энэхүү дуудлага худалдаа нь одоо мөрдөж байгаа коксжих нүүрсний үнийг долоон шатлалтай буулгаж гэрээлэх санал тавьсан байна. Нүүрсний үнийг ингэтлээ буулгахын цаана Төрийн компанийн нүүрсний үнийг унагаж зөрүү мөнгийг сонгуулийн санхүүжилтдээ хийх гэсэн санаа биш байгаа?
Монголын Тавантолгой ордын нүүрсийг үнэгүйдүүлэх оппераци үүгээр дууссангүй. Үүнээс яг долоо хоногийн дараа буюу 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 16.07 цагт СШ дугаар 2020-CO-06 дугаартай Коксжих нүүрсийг худалдан борлуулах урилгыг ett.mn сайт дээрээ байршуулсан байгаа юм.
Энэ удаагийн сонгон шалгаруулалт дээр нүүрсний үнийг гурван үе шаттайгаар 63.40 ам.доллараас 59.00 ам.доллар хүртэл буулгаж гэрээлэх санал тавьжээ. Нэг тонн тутамдаа 4.40 ам.долларын зөрүү гарч байна. Энэ мөнгө хаашаа орох вэ?
Урилгад дурдсанаар доод тал нь 500 мянган тонноор гэрээлнэ гэжээ. Үүнд хэдэн ч компани оролцож болно. Нэг тонн нь 4.4 ам.долларын зөрүү гарч байгаагаар нэг гэрээний үнийн зөрүү 6 тэрбум төгрөг хол давж байна. Ганцхан гэрээний үнийн зөрүү 6 тэрбум гээд бодохоор хэдэн гэрээ, түүний хэдий хэрийн үнийн зөрүү МАН-ын сонгуулийн санхүүжилт рүү урсан орохыг бодож үзэцгээнэ биз ээ?
“Тавантолгой майнинг” компанийг татан буулгаж IPO-г зогсооно гэдэг ерөөсөө л дээрх мэтийн бизнесийг үргэлжлүүлэн хөгжүүлэх гэсэн зорилготой ижил юм. Олон улсын стандарт, компанийн засаглалын зөв хэлбэр гэх мэт Д.Сумъяабазар сайдынн яриад байсан гоё сайхан зүйлс бүгд үлгэр боллоо. МАН-аас сонгогдсон сайдын хувьд тэрбээр намынхаа шийдвэрийг эсэргүүцэж зорилгодоо үнэнч зогсч чадах уу? Эсвэл бусдын л адил монголчуудын төлөө гэж популист амлалтаар гарч ирснээ самбар дээр зурсан зураг, хоосон цэцэрхсэн романтизмаар өндөрлөх үү?
У.Хүрэлсүх Ж.Мөнхбатыг “нүүрсний хулгайч” гэсэн, тэр хулгайны “түүхэн” гэрээг саяхан нийтэд дэлгэлээ. Өөр хоорондоо барьцаалагдсан квотын бизнесийн олон гэрээ улс төрийн хөзөр боллоо. Энэ бүхэнд цэг тавих хүсэл байна уу, Ерөнхий сайд аа! Хайртай дүү Ж.Мөнхбатынхаа араас “нүүрсний хулгайч” болох гэж байна уу? Эсвэл аль хэдийнэ болчихсон уу? Өөрөө л чуулганы танхимд тэгж хэлсэн шүү, Та! Танай намын сонгуулийн амлалт, “Таны” Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон боловсруулах үйлдвэр, хүнд үйлдвэрүүдийн парк, лужир том хөтөлбөр энэ бүхэн “энтертайнмент” болоод өнгөрөх үү?