Ерөнхий сайд У.Хүрэлсүх бол эрх баригч намын дарга бөгөөд Ерөнхий сайд билээ. Товчхондоо гүйцэтгэх засаглалыг ч удирдана, намаа ч удирдана. Тэр хүн Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 31-ний хуралдаанаар “21:100” нэртэй хөтөлбөр баталсныг санаж байгаа гэж найдъя. Уг нь Засгийнх нь ч, намынх нь ч оршин тогтнох амин сүнс нь тэрхүү батлаад хаячихсан цаасан дээр л “зурагдсан” билээ. Гэтэл энэ бол Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөр юм. 

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 3.7 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, улсын болон орон нутгийн төсвийн дэмжлэг, гадаадын зээл, тусламж, концессын гэрээ зэрэг эх үүсвэрээс санхүүжүүлэхээр тусгасан байдаг. 

Үр дүн нь харин ийм хэмжээний зардалтай дүйцүүлэхээргүй чухал, том зураглалтай хийгдсэн юм билээ. Тухайлбал импортыг орлох, экспортын чиг хандлагатай 100 үйлдвэр байгуулна гэж байгаа. Гэхдээ эдгээр үйлдвэрийгтухайн орон нутгийн онцлог, давуу тал, байгалиас болон газар зүйн байршлаас өгөгдсөн нөөцөд суурилан байгуулж орон нутгийн иргэдийг нутагтаа орлоготой амьдрах ажлын байртай, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай, эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвартай, мэргэжилтэй ажилтнууд болгон бэлтгэх, үр дүнд нь ажлын байр, гадаад, дотоод худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой билээ. 

Үүнд бүр тодорхойгоор “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, энэ хүрээнд үйлдвэрийг түүхий эдээр хангахад чиглэгдсэн “Жимс, жимсгэнэ”, “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөр, Газар тариалангийн бүсэд сүүний үхрийн эрчимжсэн аж ахуй байгуулах төсөл, Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төв байгуулах төсөл, Өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулах төсөл, Махны үйлдвэрт суурилсан жишиг кластерийн төсөл, Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк төсөл, Малчдын орон сууц үйлдвэрлэлийн төсөл зэрэг тэргүүн ээлжинд хэрэгжих хөтөлбөр, төслүүдийг дэмжиж, уялдааг хангаж ажиллана” гэж заасан байдаг. Гэтэл энэ талаар тодорхой ахьсан түвшний, далайцтай үйл ажиллагаа харагдахгүй байна.

Бүхэл бүтэн 100 үйлдвэр байгуулах зорилт тавьчихаад, түүнийхээ үр дүн арга замыг огт ярихгүй, эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр, ач холбогдлыг нь “талын нэг тарааж” байгаа нь хожим хариуцлага тооцох аргагүй болжээ. Угтаа Засгийн газраас баталсан тогтоолынх нь хувьд Засгийн газрын үйл ажиллагааны болон намын мөрийн хөтөлбөртэйгээ уяж авч явах ёстой. Ингэж зангидахгүй бол Засгийн газраас батлагдсан Үндэсний хөтөлбөр биш,хэсэг гишүүний санаачилга мэт харагдаад байна. 

Энэ хөтөлбөр хэтэрхий чухал, маш оновчтой бөгөөд зөв зорилго тавьсан учраас орон нутагт хүлээлт болоод байна. Тиймээс иргэд, сонгогчид, ялангуяа 21 аймгийн иргэд “21:100” хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг шаардаж эхлээд байна. Учир нь эхний шат буюу 2019 он хүртэл уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэрлэлээс бусад салбарыг хамарна гэсэн байдаг. Гэтэл хөтөлбөрийг хаана, хаанаа “таг мартсан”-аас болоод хэрэгжүүлэх ёстой хоёр дахь шатандаа “хөөгдөөд” бухимдаад байгаа хэрэг. Тэд дээрх хөтөлбөрөөс орон нутагт нь ямар ажил хийх, хэр ач холбогдолтойг ухаарсан учраас Улаанбаатар дахь хэрүүлээс шийдвэр гаргачдын цаг нарыг хүртэл харамлаад ашигтай зүйл шийдээд өгөөч гээд байгаа юм. 

Энэ хөтөлбөрөөс хамгийн хүртээмжтэй нь буюу “Хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаархи төрийн бодлогын хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар” УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр анх Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, салбарын сайд Б.Батзориг нар танилцуулж байсан. Мөн Монгол Улсын Засгийн газраас хөнгөн, жижиг дунд үйлдвэр, хоршооны салбарт урт хугацаат хөрөнгө оруулалтын болон санхүү, зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлэх зорилтыг тэндээс сонссон билээ. Ялангуяа эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төслүүдийг санхүүжилтээр хангах Хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийг байгуулсанаар хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн аж үйлдвэрлэлд суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болгох, ажлын байр болон экпортыг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талыг эндээс олж харснаар хүлээлт үссч эдүгээ хэрэгжилт шаардсан бухимдал үүсээд байна.

21:100 хөтөлбөр юугаараа онцлог чухал, бөгөөд татах увидастай байна вэ гэдгийн гол нь “юуны өмнө уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэрлэлээс бусад аж үйлдвэрийн салбарыг хамаарч байгаа” юм. Өнөөх л айлгаад байдаг “Голланд өвчин”-ий эсрэг вакцин гэсэн үг. Мөн түүхий эд бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгож, нөөцийн ашиглалтыг зөв менежментээр удирдах, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, орон нутагт үйлдвэрүүд байгуулах, жижиг, дунд үйлдвэрийг кластераар хөгжүүлэх замаар нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, иргэдийг тогтвор суурьшилтай ажлын байраар хангах, мэргэшүүлэх, чадавжуулах, зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний тээвэр-ложистикийг боловсронгуй болгож, маркетингийн үйл ажиллагааг хөгжүүлэн дотоод, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх гэсэн ойрын болон холын зорилтыг хамтатган тусгасан хөтөлбөр юм. Хамгийн гол нь энэ бол Монгол Улсын бусад хууль тогтоомжийн адил зайлшгүй хийж гүйцэтгэх, хариуцлага тооцох эрх зүйн баримт бичиг учраас “мартаж”, “орхигдуулж”, улс орны хөгжилд “нэн чухал бус” үйл явдал, асуудлуудаас хойш тавьж эрэмблэх эрхгүй баримт бичиг болсон. Иймд Засгийн газрыг “мартаагүй бол” 21:100 хөтөлбөрт анхаарлаа хандуулж өгөөч гэж шаардахаас аргагүйд хүрлээ.