ҮАБЗ-ийн гишүүн У.Хүрэлсүхийн урвагч Х.Жекейтэй уулзсан шалтгааныг ҮАБЗ-өөс нэхье!
Хувь хүн биш Төр төлөөлж буй учраас зангиагүй уулзалт ч Протколын албанд бүртгэгдэхгүйгээр хийгдэх боломжгүй
Ням гаригийн орой. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийж буй айлчлалын мэдээг чагнаархан түүнээс ч илүүтэй шахмал түлшнээс ч юм уу, түүнээс ялгарах үл үзэгдэх угаарт хордож буй эмгэнэлт мэдээнүүдийг харж байтал гэнэтхэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Амарсайхан, урвагч Х.Жекей нарын зураг сошиалаар давалгаалж эхлэв. Эхэндээ “Худлаа байлгүй дээ, өчигдөрхөн албан ёсны уулзалт хийсэн зурагтай нь харьцуул” гэхчлэн баахан хий өмөөрөв. Айлчлалын багийн зарим нэгийг “татаж чангааж” үзэв. Гэтэл манай Ерөнхий сайд Х.Жекейтэй Риксос Президент Астана буудалд уулзсан нь үнэн болж таарлаа. Харин яах гэж? Засгийн газарт захирагдахгүйгээр Ёслолын алба, Протоколын алба юу хийж байв. Ярьсан яриа тэмдэглэгдэж, шууд архив руу орох, ҮАБЗ-өөр хянагдах ёстой. Хөтөлбөрөөс гадуур ямар уулзалт байж болох вэ гэдгийг Төрийн Ёслолын алба, Протоколын албанд мэдэгдээгүй уулзалт хийсэн бол хувийн шугамаар хийсэн уулзалт болно. Хувь хүн биш Төр төлөөлж буй гэдэг үүднээсээ хувийн буюу зангиагүй уулзалт ч Протколын албанд бүртгэгдэхгүйгээр хийгдэх боломжгүй. Үүнийгээ "вакумжуулах" гэж нэрлэдэг тэр орчинд ажиллах ёстой.
Х.Жекейг Казахстаны хилийн тагнуулын албанд ажилладаг, Казахстаны Хил хамгаалах газрын зөвлөх гэхчлэн ярьдаг ч “Би тагнуулч” гэдэг тэнэг тагнуулч хаана байхав. Тиймдээ ч 2018 оны тавдугаар сарын сүүлчээр Монголын ард түмэнд илгээсэн захидалдаа http://dardas.mn/news/view/500 үгүйсгэсэн байдаг.
Тэрбээр “Миний бие 2013 оны эхэнд цэргийн тэтгэвэр тогтоолсон билээ. 39 жил улсын хил хамгаалалсаж, бүх амьдралаа түүнд үнэнчээр зориулсан минь үнэн. Одоохондоо Казахстан улсад амьдарч байна. Энэ нь миний өөрийн хувийн сонголт” гэжээ. Тэгсэн мөртлөө “Та бүгдийг хүндэтгэн ёсолсон: Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, цэргийн ухааны доктор, профессор Халидолдагийн Жекей” гэжээ. Харин одоо бол тэр Монгол Улсын иргэн биш. Ерөнхийлөгч Х.Баттулгын 2018 оны гуравдугаар сарын 28-нд гаргасан 33 дугаар зарлигт дурдсанчлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны гуравдугаар сарын 27-нд гаргасан Монгол Улсын харьяатаас гаргах тухай 32 дугаар зарлигаар тэр манай улсын иргэн байхаа больсон. Тэгэхээр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга гэдэг нь бүр ч байх боломжгүй юм.
Ингэхэд Х.Жекей гэж хэн бэ. Түүнийг багад нь Жетбисбай буюу Далантай гэдэг байсан тухай ярьж байв. Жантекей бол түүний овог. Монголын хасгуудын 60 хувийг нэгтгэсэн хамгийн нэр хүндтэй, нөлөөтэй овог юм гэдэг. Наяад онд цэргийн эрүү хуга цохиж хэрэгт орох гэж байхад нь хурандаа З.Хийс гуай хамгаалж үлдээсэн юм гэдэг. Улстөрчийн хувьд барагтайд дуугардаггүй ч тодорхой эрх ашгийн төлөө бүлэглэлд нэгдэх, “нэгдүүлэхдээ” овтой нэгэн байв. Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайдаар томилоход “Аавын хаялга хүүд бий” хэмээн өмөөрч байсан тэрбээр хилийн зурвасаас хэрхэн хожил гаргадгийг мэддэгийн хувьд тэгсэн нь хожим тодорч билээ.
Х.Жекей бол УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдохдоо Хууль зүйн байнгын хорооны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус ажиллаж байсан. Хил хамгаалах ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан хуурамч бичиг баримт бүрдүүлж казах иргэдийг хил хамгаалах байгууллагад ажилд оруулах, цол олгох, тэтгэвэр тогтоолгох зэрэгт нөлөөлсөн байж болзошгүй, мөн Баян-Өлгийн отрядын нэгэн хурандаатай хамтарч 130 буу зарсан, улсын нууц болон хилийн цэргийн нууц баримт материалуудтай албаны шугамаар танилцсанаа ашиглан хууль бус үйлдэл хийсэн байж болзошгүй гэсэн хэргүүдээр шалгаж эхэлж байтал 2013 оны зургадугаар сард хилээр гараад буцаж ирээгүй нь улам ч хардахад хүргэсэн.
Тодруулбал 2000-2004 оны хооронд УИХ-ын аюулгүй байдал байнгын хорооны гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Төрийн нууцын тухай хуулийн зарим зүйл заалтын дагуу тэрбээр “төрийн нууцыг боловсруулах, хадгалах, хамгаалах, ашиглах обьект, тодорхой үйл ажиллагааг халхлах, төрийн нууцтай танилцах, төрийн нууцыг шилжүүлэх, татан авах, хаалттай хуралдаан хийх журмыг батлахын тулд танилцах боломжтой байсан. Мөн УИХ-ын тухай хуулийн 20.1 дэх хэсэгт зааснаар Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, зэвсэгт хүчин, төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, гадаад бодлого, гадаад улс, олон улсын байгууллагад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эргүүлэн татах, олон улсын гэрээ, олон улсын байгууллагад элсэх тухай асуудал, цөмийн энерги ашиглах, цацарагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах бодлогын асуудлыг хариуцах эрх мэдэл түүнд олгогдсон байсан. Дараа нь Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа МУ-ын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлого, улсын хил хамгаалалтын бодлого, цагаачлал, иргэний харьяалал, иргэн, хуулийн этгээд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл зэрэг 15 асуудлын талаар мэдээлэл авах эрхтэй байв.
Тэр ч байтугай 2007 онд баталсан Хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтыг 2010 оны зургадугаар сард шинэчлэхээр хэлэлцэж байхад тухайн үеийн УИХ-аас томилсон Ажлын хэсгийг ахалж байсан, энэ ч гэсэн гадны талд бол нарийн мэдээлэл.
НҮБ-д илгээж буй цэргүүдийн нөхцөл байдал, яаралтай тохиолдолд Тайландаар Саудын Араб, тэндээсээ Кувейтээр үү,эсвэл сард хоёр удаа Ирак руу явдаг тусгай үүргийн онгоцоор Польшоор дамжуулаад Москвагаар ирүүлэх үү. Терроризмтай тэмцэх чиглэлээр ЗХЖШ, хаана, ямар сургуулилт хийх, ТЕГ, ХХЕГ, ЦЕГ, Иргэний хамгаалалтын газартай хэрхэн уялдаж ажиллах гэхчлэн нарийн мэдээлэлд нэвтэрсэн. Тэр ч байтугай түүний хүчин чармайлтаар 2000 Казахстанд, 2002 онд Болгарын нийслэлд хийсэн хамтарсан сургуулилтын зардлыг АНУ-ын тал даасан гэхчлэн олон факт ЗХЖШ-т бий.
Ийм хүнээ хил давуулж алдчихаад хэрэгтэн мөн ч гэж чадахгүй, биш ч гэж болохгүй байхад Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9.1, Цэргийн албаны тухай хуулийн 28.2 болон өөрийн гаргасан зарлигтаа үндэслэн дээд офицерийн Бригадын генерал цолыг нь хурааж авсан. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2015 онд түүний хүүг Хөгжлийн банкинд ажиллаж байна, уран зургийн дуудлага худалдаанд оролцож татвар төлөгчдийн мөнгөөр зугаацаж байна гэх мэдээллүүд хөвөрсөн. Эдгээр мэдээллийн бодит байдал тодорхой болоогүй ч түүний хүү Жекейн Бакей 2012 онд АНУ-ын Ютагийн их сургуулийг төгсөөд Рио Тинтогийн харьяа Кеннекот уурхайд дадлагажиж байсан нь үнэн юм билээ.
Ийм адармаатай түүхтэй, урвагч хочтой, хураалгасан цолтой хүнтэй манай улстөрчдөөс хамгийн их цэргийн тухай ойлголттой, боловсролтой, цэргээр амьсгалсан, өвчилсөн У.Хүрэлсүх гэдэг улстөрч, Монгол Улсын Ерөнхий сайд маань яах гэж уулзав. Албан протоколд ороогүй болохоор нууцаар гэж хэлж болохоор энэ уулзалтыг зөвхөн “нэг парламентад сууж байсан” гэдгээр тайлбарлахад хангалтгүй. Тэр тусмаа хил дамнасан хууль бус наймааны асуудлын “торгон зам” гэгддэг энэ бүс нутагт, саарал жагсаалтын харанга дэлдсэн цаг үед уулзсан нь бүр ч эргэлзээтэй.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлыг заавал сөхөж хэлэлцэж, тодруулах шаардлагатай. Тэр тусмаа Монгол Улсын таван иргэн учир битүүлэг хорт угаараас болж амиа алдаад төрөөс өгсөн шахмал түлшийг буруу түлснийхээ “хохь” гэж хэлүүлээд эмгэнэн үлдсэн байхад Ерөнхий сайд маань Казахстанд зургаан одтой зочид буудалд урвасан генералтай сэм уулзаж зурагаа татуулж байсныг иргэд нь хэзээ ч мартахгүй. Харин учрыг тодруулж мэдээлэхийг ҮАБЗ-өөс, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас нэхэж байна!