Энэ 7 хоногт
Ухаалаг төр тархи ангуучилдаг
Төрийн бюрократ тогтолцооны хөгжлийн түүх Монголчуудаас улбаатай хэмээн америкийн зарим сурах бичгүүдэд дурьдсан байдаг юм билээ.
Төрийн албаны тухай хуулийн эргэн тойронд...
Төрийн бюрократ тогтолцооны хөгжлийн түүх Монголчуудаас улбаатай хэмээн америкийн зарим сурах бичгүүдэд дурьдсан байдаг юм билээ. Морин дэлнээсээ тушаал, заавар өгдөг байсан монгол жанжны арга барилаас төрийн захиран тушаах босоо тогтолцоо үүссэн хэмээн үздэг. Харин хаант төрийг мэргэшсэн албаттай болгоход хувь нэмрээ оруулсан улс бол Хятад хэмээн түүхэнд тэмдэглэжээ. МЭӨ 196 ондХан улсын үед мэдлэг чадвартай хүмүүсийг эзэн хааны албанд татах хааны зарлиг анх гарч байсан байна. Сүн гүрний үед шалгалтын тогтолцоо боловсронгуй болж хууран мэхлэхээс сэргийлэн шалгуулагч нарынхаа нэрсийг нууцалж өнөөгийн бидний нэрлэдгээр кодолж байсан байх юм. 1002 онд 14500 гаруй залуучууд 24-72 цаг үргэлжлэх эзэнт гүрний шалгалтад орж байсан гэхлээр их ч өрсөлдөөнтэй болдог байж. Улмаар Mонголчуудын эрхшээсэн Юань гүрний Аюурбарбад Буянт хааны үед нийгмийн анги давхаргаас төлөөлөн хааны албанд ажиллах эрхийн хувь хэмжээ буюу квот тогтоон улам боловсронгуй болгосон гэдэг.
Хятад Улсын сонгон шалгаруулалтын загварыг хөрш орнууд болох Солонгос, Япон, Сингапур төдийгүй барууны орнуудаас Англи, Герман улмаар Америк улс хуулбарлан нутагшуулжээ. Ингэснээр эдгээр улсын төрийн алба төгөлдөржин улс орны хөгжин дэвжихийн үндэс суурь болсон гэлтэй. Үнэхээр сонгон шалгаруулалтын арга нь санаанд оромгүй үр дүнг нийгэм, улс төр, оюун санааны хүрээнд авчирчээ. Зөвхөн язгууртны хүүхдүүд түшмэд болдог уламжлал ул болж, мэдлэг чадвартай бол ардын хүүхэд ч төрд зүтгэх болсон нь олон мянган залуучуудын ирээдүйдээ итгэх итгэлийг нэмэгдүүлж, оюуныг шүтэн тэмүүлэх сэхээтний давхаргыг бүрдүүлжээ. Харин өргөн хүрээнд нь шинжих аваас нийгэмд тогтсон анги давхаргын ялгаа, гадуурхалтыг бууруулж, эв нэгдлийг хөхиүлэн, шударга ёсыг тогтооход үлэмж хувь нэмэр оруулсан гэлтэй.
Түүх сөхөн энэ бүхнийг нуршин өгүүлэхийн учир нь өнөө үед манайд даргын цүнх зөөж, сонгуулийн хар бор ажлыг нь амжуулж, сурлага тааруугаас сургуулиа арай чүү дүүргэсэн нөхдүүд төрийн албанд ажиллаж харин гадаад, дотоодын нэртэй сургуулиудыг төрийн сангийн болон хувийн зардал мөнгөөрөө амжилттай төгссөн залуучууд ажилгүй үлдэх болов. Танил тал, ах дүү, улс төрийн нөлөөгөөр ажил албан тушаалтай болдог, болгодог гаж тогтолцоотой шинэ үеийнхэн эвлэрч чадахгүй байгаа учраас олноороо гадагш алдуурч эхэллээ. Цөөн хүн амтай Монгол Улс ийнхүү тархиа гадагшаа алдаж байгаа нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд ч сөрөг нөлөөтэй. Бүр сүүлдээ төрийн албыг арилжин, албан тушаалуудыг мөнгөөр үнэлэн улс төрийн намдаа хөрөнгө босгох хэрэгсэл болгож байгаа нь олны дургүйцлийг дэврээж байна. Ухаалаг төр тархи ангуучилдаг бол манай төр мөнгө ангуучилдаг болжээ.
Ер нь хөгжиж буй улс орнууд ч гэсэн бас яг ийм зовлонг туулж байгаа бөгөөд иймэрхүү гаж тогтолцоогоо засамжилж чадсан улс урагш хөгжиж байна. Үүний нэг жишээ бол Бразилд дипломат ажилтнуудаа бэлтгэдэг гадаад харилцааны Рио Бранко хэмээх алдартай сургууль юм. Олон жилийн өмнө зөвхөн баячуудын хүүхдүүд гадаад харилцаанд ажилладаг байсан бол харин эдүгээ шилдэг нь шигшигдэн шалгардаг тогтолцоо төлөвшжээ. Тус сургуулийн элсэлтийн шалгалтын агуулгыг Бразилийн Их сургуулийн дэргэдэх “CESPE” хэмээх хараат бус сорилын төвөөс боловсруулдаг ба маш өндөр нууцлалтай. Нууцлалыг хадгалах хариуцлагатай үүргээ ч тэд нэр төртэй биелүүлдэг. Сонгон шалгаруулалт шударга явагддагт итгэдэг учраас оноо дутсан хэн ч өөрийгөө бэлдсээр удаа дараалан шалгалт өгч байж тэнцэх нь олонтаа. Өөрөөр хэлбэл зөвхөн “өөртөө найдах” зарчим үйлчилнэ. Хэн нэгэн эрх мэдэлтэнд дулдуйдан албан тушаалд очих замыг сонгох биш, өөрөө өөрийгөө дайчлан мэдлэг чадвараараа өрсөлдөх энэхүү тогтолцооны түлхүүр бол өнөө л хараат бус сонгон шалгаруулалт юм.
Орчин үед хөгжилтэй улс орнуудад “head hunting”буюу “Тархины ангуучлал” хийдэг компаниуд олширчээ. Тэд нийгмийнхээ сор болсон мэдлэг чадвартай, авьяаслаг залуучуудыг хайн олж хүний нөөцийн сан бүрдүүлдэг байна. Тэдний зорилго нь нийгмийн шавхагдашгүй баялаг болсон оюуны нөөцийн эрэл хайгуул хийхэд оршино. Яг л үнэт эрдэнэс олборлож байгаатай адил мэдлэг чадварын төвшинг тогтоон ангилж, тохирох ажлын байранд нь нийцүүлэн зах зээлийн нийлүүлэлт хийнэ. Нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээгээ дагаад тархи ангуучлагч нартай хараат бус сорилын байгууллагууд хоршин ажиллах боллоо. Тэд тухайн албан тушаалд шаардагдах мэдлэг чадварын сорилыг боловсруулан шалгалт авдаг, бас шалгалтад бэлтгэх үйлчилгээ ч үзүүлдэг. Сургамж авууштай нь төрийн байгууллагууд эдгээр хүний нөөцийн компаниудад захиалгаа өгдөг, тэд ч захиалгын дагуу сонгон шалгаруулалтыг хараат бусаар зохион байгуулдаг болжээ. Үүний нэг жишээ нь Чили улс болж байна. Тэдний Төрийн албаны комисс нь манайх шиг өөрсдөө сонгон шалгаруулаад суудаггүй харин мэргэшсэн байгууллагуудаар гэрээлэн гүйцэтгүүлдэг юм билээ.
Дараагийн асуудал бол төрийн албаны шалгалтын агуулгыг чанаржуулах явдал болоод байна. Монголын их дээд сургуулийн оюутнуудын 70 гаруй хувь төгсөөд төрийн албанд ажиллах сонирхолтойгоо илэрхийлсэн судалгаа байдаг. Харамсалтай нь дээд боловсролын чанар тааруугаас ажлын байрандаа гологдох тохиолдол олонтаа. Учир нь сургалтын чанарыг зах зээлийн эрэлттэй нийцүүлэх хөшүүрэг манайд үйлчилдэггүй. Олон улс оронд төрийн албаны сонгон шалгаруулалтын агуулга нь тухайн орны хүний нөөцийн хөгжлийн стандартыг шинэчлэн тогтооход чиглэх боллоо. Түүнийг дагаад хүссэн ч, эс хүссэн ч их дээд сургуулийн сургалтын чанар, агуулга шинэчлэгдэхээс өөр аргагүй болж, зах зээлийн шахалтад ордог юм байна.
Ардчилсан нийгмийн хөгжлийг дагаад тухайн орны төрийн албан хаагч нь хуулийг хэрэгжүүлэгч төдий, идэвхгүй субъект биш харин өөрчлөлтийг өдөөгч, ухааныг уралдуулагч, идэвхтэй хүчин болж эхэллээ. Чадварлаг менежер, манлайлагч, шинийг эрэлхийлэгч, бүтээлч сэтгэхүйтэй байх хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж шалгалтын агуулга ч түүнд нийцэн өөрчлөгдөх болов. Хуулийг хоосон цээжлэх биш харин асуудлыг олон хувилбараар шийдвэрлэх чадвар, бүтээлч сэтгэхүй, эрсдэлийг даван туулах, удирдан зохион байгуулах чадварыг тогтооход шалгалт чиглэх болжээ. Тухайлбал: Рио Бранко сургуульд жил бүр 3000-5000 хүртэл залуучууд шалгалт өгдөг бөгөөд хамгийн шилдэг 20 гаруй нь элсэн ордог. Элссэн хүн бүр ажлын байраар хангагдана. Элсэлтийн шалгалтаар хэн олон тооны онол ашиглан олон хувилбар дэвшүүлж, давуу болон сул талыг тодорхойлж чадсан нь илүү оноо авна. Өөрөөр хэлбэл онолыг амьдралд хэрэгжүүлэх, баталгаа нотолгоонд тулгуурлан шийдвэр гаргах чадварыг чухалчилдаг.
Энэ мэт төрийн албаны шалгалт иргэдийнх нь мэдлэгийн “дээд” хэмжүүр, тухайн улсын хүний нөөцийн хөгжлийн стандарт болж байж л тухайн улс орон мэдлэгт суурилсан хөгжлийнхөө зам уруу эрчимтэй ордгийг олон улсын жишээн дээр харж болно. Ялангуяа байгалийн баялаг хомс Сингапур, Солонгос, Япон зэрэг улс хүний нөөцийн хөгжилд ихээхэн анхаарч хэзээ ч шавхагдашгүй, хязгааргүй мэдлэгийн орон зайгаар дэлхийд тэргүүлж явна.
Яагаад хөгжиж буй улс оронд төрийн шинэчлэл амжилтад хүрдэггүй вэ гэсэн асуултад төрийн алба нь хэтэрхий нүсэр, шат дамжлага ихтэй, бүтээмж муутай, улс төрийн нөлөө хэтийдсэн, авилгад автсан байдаг гэсэн дүгнэлтийг Дэлхийн банкны судлаачид гаргасан байна. Хөгжихийн тулд төрийн албаа мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус болгох хэрэгцээ шаардлага эдгээр орны өмнө тулгардаг. Харин энэхүү шинэчлэлийг хэрхэн хэрэгжүүлэх нь “шүдний өвчин” болдог бөгөөд асуудлын мөн чанартай нь биш харин үр дагавартай нь зууралдан хяналтын байгууллага нэмж байгуулан, хуулиа чангалсаар суудаг аж. Монголд хичнээн хуулиа чангалсан ч Засгийн эрхийг барьж буй улс төрийн нам төрийн албан хаагчдыг яасхийгээд л шалтаг олон ажлаас нь халчихдаг. Оронд нь өөрийн намынхаа гишүүд, ах дүү, тойрон хүрээлэгчидээ албан тушаалд томилдог бичигдээгүй хуультай. Томилгоо хийхийн тулд тухайлсан хүнд зориулсан гэлтэй ажлын байрны шаардлага, шалгуурыг тогтооно. Ингэснээр хүүхдийн байгууллагын дарга түүхийн багш, халамжийн төвийн дарга инженер мэргэжилтэй байвал нэн тэргүүнд тохирно гэсэн утга бүхий ажлын байрны зар гардаг болжээ.Өөрсдийнхөө хүрээллээр төрийн албыг дүүргэсний дараа төрийн алба тогтвортой байх ёстойг тунхаглана. Үүнийгээ баталгаажуулах арга зам нь Төрийн албаны тухай хуулийн шинэчлэл болдог. Дараагийн сонгуулиар өөр нам Засгийн эрхийг авах аваас өмнөх намынхаа адил халаа сэлгээг мөн л давтдаг. Ийнхүү Төрийн алба нь улс төрийн нам, бүлэглэлийн эрх ашгийг гүйцэлдүүлэгч хэрэгсэл болсноор “бюрократ синдром” улам ужигран чөтгөрийн эргүүлэгт ордог. Чөтгөрийн эргүүлгийн давтамж манайд 4 жил тутам байдаг.
Чухам энэхүү эргүүлгээс гарах гогцоо нь хараат бус сонгон шалгаруулалт юм. Яг л орооцолдсон утасны үзүүрийг олоод татчихвал өөрөө аяндаа хөвөрдөг шиг. Шалгалтын үр дүнг компьютерээр ил тод шүүгээд бүх хүний нүдэн дээр гаргаад байж яагаад болохгүй гэж? Ингэсэн цагт “Уучлаарай, одоо компьютер шалгаруулдаг болсон тул хүний хүчин зүйлс нөлөөлөхгүй” гээд улс төрчдийн өөдөөс зоригтой хэлдэг болно биз ээ. Хүний хүчин зүйлсээс хамаарсан сонгон шалгаруулалтаас техникийн ололт амжилтад тулгуурласан энэхүү өөрчлөлт бидний сэтгэхүйг хурдан хугацаанд өөрчлөн эерэг үр дүнг авчрах нь гарцаагүй. Юуны өмнө олон нийтийн шүүмжлээд байгаа улс төрийн намаар дамжин бялуу хуваах буюу албан тушаал, эрх мэдэлд очих цуваа хаагдана. Улс төрийн нам хүссэн ч, эс хүссэн ч “ажил олгогч” үүргээсээ хөндийрч, үзэл баримтлал, үнэт зүйлдээ анхаарлаа хандуулж таарна. Шударга өрсөлдөөн залуучуудыг улам хурцалж, зөвхөн өөртөө найдаж, өөрийгөө хөгжүүлэхийн төлөө, мэдлэг чадварын төлөө өрсөлдөх болно. Шинэ үе нам дагаж биш ном дагаж хөгжинө.
Хараат бус сонгон шалгаруулалтын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг үнэлж баршгүй юм. Хааны албыг мэргэшсэн төрийн алба болгосон шигээ төрийн албыг улс төрийн нөлөөллөөс ангижруулах шинэчлэлийн эргүүлэг болж чадах нь гарцаагүй. Монголчууд эрдэм номтой хүнийг эрхэмлэн дээдэлдэг төрт ёсны олон зуун жилийн уламжлалтай ард түмэн билээ. Монгол Улс оюуны нөөцийн олборлолтоо төрийн албанаасаа эхлэх цаг болжээ хэмээн бодогдном.
Ч.Сосормаа
Зочин