УИХ-ын гишүүн хууль тогтоогчоос өөр хэн ч биш байх ёстой
УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлнэ гэхээр УИХ-ын гишүүд нь өөрсдөө “Би хэн ч биш болох гээд байна” гээд эсэргүүцэж байна. Бүр нэг хэн ч биш болгож баймаар нөхөд энэ парламент дотор хэтэрхий олон байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг Барилга, хот байгуулалтын сайдаар томилох чимээ чих дэлсэв. Нийгмийн сүлжээгээр нэг бухимдал. 10 хувийн авилгачин, төсвийн дээрэмчин юу вэ л гэлцэж байна. Гэхдээ сайн тал бас байна гэнэ ээ. Сайдын суудлаар амыг нь хааж байгаад улс төрийн нам, Үндсэн хууль, сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх юм гэнэ. Ер нь бол “Монгол хүний зарчмын нэг саналын ард заавал хувийнх нь муу эрх ашиг явдаг” гэсэн хятад хэлц үгийн бодит биелэл нь Ц.Даваасүрэн л дээ. Ямар сайндаа “10 хувийн Даваасүрэн” гэдэг нэр авч байх вэ.
Саяхны жишээ. “Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй хувьцаат компани болгож, олон нийтийн хяналтанд оруулья гэдэг Засгийн газрын шийдвэр гарсан чинь “1072 хувьцааг бирж дээр гаргачихвал ядуу монголчууд бүгдээрээ нэг баян нөхөрт хувьцаагаа зараад алга болно” гэж доромжилсон. Хэрвээ 1072 хувьцаа чөлөөлөгдөөд бирж дээр гүйгээд эхэлбэл хамгийн түрүүнд худалдаж авах хүн нь Ц.Даваасүрэн өөрөө л дөө. Тэгж байж хувьцааны үнэ ханш тогтдог, үүний дараа ноогдол ашиг энэ тэр ярихтайгаа болдог.
Гэтэл манай төр иргэддээ олгосон гэх 1072 хувьцаагаа 10 жил хөдөлгөлгүй хав дарлаа. Худалдах, шилжүүлэх, тэр байтугай өвлүүлэх эрхгүй. Гэтэл энэ 10 жилд хэдэн хувьцаа эзэмшигч нөгөө ертөнцөд очиж, хэдэн ширхэг хувьцаа эзэнгүй үлдсэн бол?! Хувьцаагаа зарах, шилжүүлэх, үр хүүхэддээ өвлүүлэх эрхгүй, ноогдол ашиг ч өгдөггүй бол энэ жинхэнэ өмч, хөрөнгө мөн үү?
Арван жил өнгөрөхөд ганцхан удаа ноогдол ашиг өгсөн, ковидын хоёр жилд "төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулна" гээд төр нь өөрөө дээрэмдээд явчихсан. Төмөр замын бүтээн байгуулалт дууссан ч хувьцааны ноогдол ашгийн оронд “нүүрсний хулгай” гэдэг юмаар бэлэг барив.
Атал нүүрсний хулгайн хэрэгт “гүтгэгдсэн” зарим нөхөд /гишүүн Ц.Анандбазар/ “Иргэн бүрт хоёр сая төгрөгийн ноогдол ашиг олгох” хуулийн төсөл санаачилж Засгийн газартаа хариу “бэлэг” барив. Ноогдол ашиг гэдэг зүйл компанийн ашиг орлогоос шалтгаалж хэлбэлздэг болохоос биш УИХ-ын нэг гишүүн уур нь хүрэхээрээ тараагаад цацчихдаг эд биш. Ийм даварсан популистууд улс орны эдийн засаг, төсвийн бодлогыг дампууруулдаг.
Тиймээс популистуудаас ангижрахын тулд сонгуулийн тогтолцоогоо сайжруулах, үүний тулд Үндсэн хуулиа өөрчлөх ёстой болж байна. Парламент дотор нэг хүний саналын жинг багасгаж, гишүүдийн тоог нэмэгдүүлэх ёстой. Намын жагсаалтаар нэр дэвшдэг гишүүдийн тоог нэмэгдүүлж, тойргоос нэр дэвшигчдийн тоог тодорхой хязгаарт барих ёстой болж байна.
Өнөөдөр УИХ дээр Зөвлөлдөх санал асуулгыг зохин байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн 11 гишүүнийг нэр дэвшүүлээд явж байна. Олны танилаас хуульч О.Мөнхсайхан, МҮХАТ-ын дарга О.Амарбаясгалан, академич Г.Чулуунбаатар нарын нэр явж байна. Энэ бол санал асуулгыг зохион байгуулах үүрэг бүхий хараат бус Зөвлөл. Төрийн, намын аппарат хөндлөнгөөс нөлөөлөхгүй, зөвхөн олон нийтийн оролцоо, иргэний төлөөлөл дээр тулгуурлаж шийдвэрүүд гарна гэсэн үг. Гол нь санал асуулгад оролцлохоор санамсаргүй түүврээр сонгогдсон иргэдийг үнэн бодитой, зөв мэдээллээр хангах явдал. Үүн дээр улс төрийн, нийгмийн шинжлэх ухааны багш нар, судлаачид, эдийн засагчид, инженерүүд, бизнес эрхлэгчид, улс төрийн намууд, иргэний нийгмийнхэн чөлөөтэй оролцож, өргөн хүрээнд мэтгэлцэх ёстой. Тэгж байж санал асуулгын үр дүн үнэн зөв бөгөөд үр дүнтэй болно.
Тэгэхгүй бол одоо байгаа УИХ, эрх барьж байгаа намд дангаар нь энэ өөрчлөлтийг даатгаад орхих боломж алга. Хамгийн наад зах нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлнэ гэхээр УИХ-ын гишүүд нь өөрсдөө “Би хэн ч биш болох гээд байна” гээд эсэргүүцэж байна шүү дээ. Бүр нэг хэн ч биш болгож баймаар нөхөд энэ парламент дотор хэтэрхий олон байна гэсэн үг. Ер нь тэгээд УИХ-ын гишүүн хүн ард түмэн, сонгогчдын төлөөлөл, хууль тогтоогч байхаас өөр хэн байх ёстой вэ?
Тэгж яривал Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б.Чимэд агсан 1992 оны шинэ Үндсэн хуулийг бичихдээ анх УИХ-ын гишүүний тоог 142 байхаар оруулж ирсэн юм байна. Гэтэл тэр үед бүрэн эрх нь дуусч байсан АИХ-ын депутатууд “УБХ-ын гишүүдийн тооноос /50 гишүүн/ илүү байх ёсгүй” гэж зүтгээд Ерөнхийлөгчийн бүрэн эрхээр /бүх ард түмнээс сонгогдох/ наймаалцаж байж 76 болгосон байдаг. Одоо энэ тоог дор хаяж хоёр дахин нэмэгдүүлэх, үүний тулд сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх нь нийгмийн захиалга болчихоод байна. Тэгж байж парламентад нийгмийн бүх бүлгүүд, салбарын төлөөллүүд, инженерүүд, эдийн засагчид, багш, эмч нар, үйлдвэрчний эвлэлүүд, иргэний нийгмийнхэн орж ирнэ.
Тэгж байж парламент жинхэнээсээ "Бага ард түмэн" болох юм байна. Тэгэхгүйгээр, тойрог худалдаж авсан хэдэн бизнесмэн, төрөөс төрсөн тэрбумтнууд ард түмний нэрийн өмнөөс хууль тогтоогоод эхлэхээр иргэд эрх мэдэлгүй, парламент хяналтгүй болж байна.
inews.mn
Гайхаад л
Оноч
Чойжамц
Чойном
Чойном
Хэнч биш