Үерийн буруутан (2009-2018)
Ер нь ажил албанаасаа ашиг унагах боломжгүй болчихвол, төр засагт ажиллах хүн олдохгүй болж магадгүй.
Одоогоос яг есөн жилийн өмнө, бараг энэ өдөр бичсэн дараах нийтлэлийг ямар ч өөрчлөлтгүйгээр уншигчиддаа толилуулж байна. Монголын төр засгийн чадвар улам муудсан болохыг өнгөрсөн долоо хоногийн үер, жорлондоо дахиад л живчихээд байгаа нийслэл хот тод харуулж байна. Төрийн эрхийг барьсан хүмүүс нь ч бас л хэвээрээ… Дахиад арваад жил бид ялгадсаар амьсгалаад л байх уу???
Дэлхийд алдартай “Эдийн засагч” (The Economist) сэтгүүлийн бүх дугаар “Дэгжин хөгжихөд түлхэц болдог оюун ухаан (intelligence), дэвшилд саад бологч харанхуй бүдүүлгийн (ignorance) хоорондох эвлэршгүй тэмцэлд оролцохын тулд 1843 оны есдүгээр сараас эхлэж гаргалаа” гэж эхэлдэг. Англид 166 жилийн өмнө эхлүүлж байсан энэ тэмцэл эдүгээ монголын нийгэмд ид өрнөж байна. Харамсалтай нь энэхүү хүч тэнцвэргүй тэмцэлд оюун ухааны тал нь илт ялагдаж явна.
Санаа зовсон дүр эсгэгч, харанхуй бүдүүлгийг удаахан байлгах сонирхолтой цөөхөн тооны бүлэг хүмүүс улс төрийн эрх мэдлийг ээлжлэн барьж, хамтран жүжиглэж, ямар ч хариуцлага хүлээхгүйгээр нийтийн болон хувийн хөрөнгийг олон жил завшин, улмаар хүмүүсийн аюулгүй байдал, эрх чөлөөнд ноцтой хохирол учруулж байна.
Үүнийг маш яруу тод илэрхийлсэн, бүр том аюул ирж байгааг сануулсан үйл явдал бол сүүлийн хэд хоногийн бороо, усны үер.
Хэдхэн минут орсон устай бороо үер болон хувирч, Улаанбаатар хотыг тав, зургаан удаа усанд живүүлэн гацааж, олон хүний амь, эд хөрөнгийг сүйтгэв. Хотыг тойрсон уул, амнаас олон гэрийг урсгаж, хонхорт суурьшсан хотын төвийг жорлонтой хольж байна. Үүнээс үүдсэн өвөрмөц хамрын тамхи нар гармагц агаарт дэгдэн хүн бүрийн уушигт хүрч, “нүдний ханиад” эрс өслөө. Гэр хороолол, шинээр баригдсан орон сууцныхан ялгаагүй, цоорхой дээврээс урссан усны дор хоолны саваа тосож, хагарсан хана, холилдсон бохироо хараад айж, цөхрөн яахаа мэдэхээ больжээ.
Үерт хэлмэгдсэн хүмүүстээ туслах, эвдэрсэн гүүр замаа засах ажил чухал нь маргаангүй ч, яагаад нэг цагийн бороо ийм гамшигт хүргэв, яавал ахиад өртөхгүй байх вэ гэдэг бол хотын иргэдийн өмнө тулгараад байгаа хамгийн гол сорилт.
Дарга нарын үгийг сонсоод байхад бурууг байгаль руу түлхээд, орон нутаг нь төвөөсөө баахан хөрөнгө шаардаж, дээд дарга нар нь буруутай этгээдийг олж тогтоох, хариуцлага хүлээлгэх даалгаврыг доодуулдаа өгсөн болж, ээлжит жүжиг тавьсан төдийгөөр өнгөрөөх бололтой.
Асуудлын суурь шалтгааныг арилгахгүй бол хойтон жил, магадгүй энэ намар бүх зүйл ахиад л давтагдана. Энэхүү гол шалтгаан нь монголын нийгэмд гүн гүнзгий шургалж, амь бөхтэй оршиж байгаа засаглалын хямрал билээ. Үүнийг бий болгосон гол буруутнууд учирсан үерийн гамшиг болон гарах магадлал улам их болж байгаа байшин нурах зэрэг бусад ослуудыг ч бас хариуцах ёстой.
Улаанбаатар хотын удирдлагууд хотыг ухаалаг төлөвлөн, дэд бүтцийг зөв хөгжүүлэхийн оронд, байгаа дэд бүтэцдээ холбож болох хотын төвийн бүх газрыг дамлан худалдаж, хуйвалдан баяжиж ирснийг хотын иргэд бид харж байгаа. Хотын захын дүүрэг, хороодын дарга нар өөр өөрийн түвшинд эрхээ эдлэж, их бага хахууль авч, ил далд зөвшөөрөл өгч хашаа байшин бариулсны үр дагаврыг бид амсаж байна. Эрт дээр цагт барьсан үерийн усны хамгаалалтын далангууд хогонд дарагдаж, эсвэл дээр нь барилга барьсан учир бараг л багавтар устай бороо орох бүрт хот живдэг боллоо. Ихэнх гудамжийг таглан хашаа барьсан учир галын машин хүрч чадахгүй, багахан гал түймэр гэр хорооллыг гудамжаар нь шатаах шахдаг болов.
Улс төрийн томилгоогоор хот сууринг удирдаж байгаа цөөхөн хүмүүс хариуцан байгаа нийтийн хөрөнгийг хамгаалан арвижуулахынхаа оронд он удаан жилээр, ээлж дараалан луйвардан зувчуулж, завшиж байгаагийн үр дагавар гарч байна. Юу тарьсан, түүнийгээ л хураадгийн үлгэр жишээ энэ.
Удирдлагуудад хотын дэд бүтцийг хөгжүүлэхгүй байх нь илүү ашигтай. Хотын захаар сайхан зам, цэвэр бохир усны дэд бүтэц байгуулчихвал хотын төвийн газар үнэгүйдэж, албан тушаал нь ашиггүй болно. Ер нь ажил албанаасаа ашиг унагах боломжгүй болчихвол, төр засагт ажиллах хүн олдохгүй болж магадгүй.
Засаглалын гүн хямралаас гарах гол аргыг бид бүгдээрээ маш сайн мэдэж байгаа. Энэ бол нийтийн хөрөнгийг завшиж ирсэн тодорхой хүмүүстэйгээ эрх баригчид өөрсдөө санаачлан хариуцлага тооцох. Үүнийг дарга нар бүр сайн ойлгож байгаа ч өөрсдөө бас адилхан, ил далд холбоотой учраас хийж чадахгүй байгаад л хамаг учир байгаа юм.
Улс төрийн намуудын дотор эрүүл саруул, цэвэрхэн хүмүүс цөөн боловч үлдсэн бол албан тушаалаа ашиглаж нийтийн хөрөнгийг завшиж байгаа гишүүдтэйгээ хариуцлага зоригтой тооцож, бохирдсон нэрээ цэвэрлэх хэрэгтэй. Ингэж чадвал нийгмийг цааш нь авч явна, эсвэл эрүүл бус улс төрийн намтай нь түүх өөрөө хариуцлага тооцож, тэднийг хөгжлийн замаас намтай нь хамт алга болгоно. Өвчнийг нэг бол эмчилж эдгээдэг, эсвэл хүн нь өөрөө үхэж үгүй болдог билээ.
Оюун ухаан, харанхуй бүдүүлгийн тэмцэлд эрүүл саруул тал нь эцсийн эцэст ялж төгсдөг нь хууль. Энэ бол цаг хугацааны л хэрэг. Хэзээ нэгэн цагт Улаанбаатар ганц ч гэргүй хот болно. Хээл хахуулийн үүр цэвэрлэгдэж, хотын айл бүр дотроо жорлон, устай байшинд амьдрах болно.
Тэр цагт гэрээ нүүлгэж авчраад хаана ч хамаагүй барьчихвал хотын иргэн болчихдог зам хаагдана. Ганц хоёр цагийн бороо ийм гамшиг дагуулахгүй болно. Аюулгүйн баталгаатай байшин худалдаж аваад санаа амар амьдарна.
Тэр цаг харин аль хэр хурдан ирдэг бол?
"Өнөөдөр сонин" 2009.07.28
зочин
Амгаа
Зочин
Зочин
Иргэн
sy Batbold
омоко
УИХ тар!!!
Шүүмжлээд байгаа нөхдөд хэлэхэд
Батаа ахиад
Зочин
доржоо
Батаа
Сайхнаа
kkk
zochin