Монгол түүхийн судалгаа идэвхжиж байна. Манай сэхээтэн нар, эрдэмтэд, үүний дотор түүхийн, археологийн эрдэмтэд Монгол түүхээ идэвхитэй судалж байгаа нь хүний нийгмийн хөгжилд өвөг дээдсийнхээ байгуулсан гавьяаг тодотгож зохих ёсоор үнэлэх, түүгээр бахархах төдийгүй хөгжил дэвшилдээ хэрэг болох сургамжийг олж авах ач холбогдолтой юм.

Монгол түүхийг шударга дүгнэдэг, Чингис хааныг мянганы хүнээр тодруулж, хүн нийгмийн түүхэн хөгжилд Чингисийн монголчуудын байгуулсан гавьяаг зөв үнэлдэг болж байна. Манай залуучуудын хэлний мэдлэг сайжирч, Ази Европ Америк тивийн улс орнуудад олон янзын хэл дээр хэвлэгдсэн монгол түүхтэй холбоотой зүйл бичигдсэн ном судар олж судлах, монгол хэлэнд хөрвүүлэх ажил өрнөж байна. Ийм ажил улам өргөжсөнөөр Монгол түүх улам тодорхой болж, түүнд хийх дүгнэлтэд хоёр нүүр гаргадаг, Монголчуудыг дорд үздэг явдал эцэс болно.

ОХУ-ын эрдэмтэн Лев Николаевич Гумилёвын хэвлүүлж амжсан арав гаруй номонд түүний эрдэм шинжилгээний бүтээлүүд нийтлэгдсэн бөгөөд бараг бүгдэд нь Монгол түүх бичигдсэн байна. Харамсалтай нь орос хэл мэддэг хүн цөөрсөн, одоогоор Монгол хэлэнд орчуулагдсан ном тааралдахгүй байна. Энэ эрхэм хүн, түүний бүтээлүүдийн тухай хоёр бэсрэг нийтлэл бичлээ. Түүнд пассионари хэмээх Гумилёвын онол, симбиоз хэмээх зохицон орших онол, Чингисийн монголчуудын тухай бичигдсэн гол үзэл бодлыг нь өөрийн ойлгосон хэмжээнд товч дурьдсан.

Франц улсын эрдэмтэн ПЕТИ ДЕ КРУА гэдэг хүн 1695 оны үед эцгийнхээ бичсэн “АУГАА ИХ ЧИНГИС ХААНЫ ТҮҮХ“ гэдэг номыг өвлөн авч хэвлэх ажлыг санаачилжээ.Тэр хүний эцэг болон өөрөө Араб, Перс, Турк хэл мэддэг байсан бөгөөд, олон зууны ном судар, гар бичмэлийг судалж байж бичсэн энэ ном 1710 онд Франц хэл дээр анх хэвлэгдсэн, Англи хэлэнд 1722 онд орчуулагдан хэвлэгдсэн юм байна.Чингис хаан түүний үеийн монголчуудын тухай дорнын, өрнийн зуу гаруй ном судар, нийтлэлийг арав гаруй жил судалж байж бичсэн ном гэдэг бөгөөд Дундад ази, Ойрхи дорнод, Европын чиглэлд хийсэн байлдан дагуулалын талаар бичигдсэн түүх нь манай “НУУЦ ТОВЧОО” номонд бичигдсэнээс зарим талаар дэлгэрэнгүй, олон чухал шинэ мэдээ, шинэ үнэлгээтэй ажээ.

Гурван зуун жилийн өмнө бичигдсэн энэ сонирхолтой ховор номыг Хэл шинжлэлийн ухааны доктор Мягмарын Саруул-Эрдэнэ анх удаа монгол хэлнээ орчуулж хэсэг нөхдийнхөө хамт 2015 онд хэвлүүлжээ.Саруул-Эрдэнэ нь АНУ-ын Төрийн департаментийн гадаад хэлний сургуульд багшаар ажиллахын зэрэгцээ тус улсын Конгрессийн номын санд орчуулагч, ном зүйч, судлаачаар ажиллаж байгаа гэсэн.Олон зуун жилийн өмнө англи хэл дээр бичигдсэн дээрх номыг манай залуу эрдэмтэн маань өндөр боловсрол чадвартай, эрч хүчтэй учраас л орчуулж чаджээ.Саруул-Эрдэнэ одоо Чингис хаан болон монголын түүхийн тухай Европод 17 дугаар зуунд хэвлэгдсэн өөр нэгэн ховор номыг орчуулан хэвлүүлэхээр зорьж байгаа гэсэн.Зорьсон бүхэн нь амжилттай хэрэгжиж байгаасай.

Орос улсын иргэн, дорно дахин судлалын эрдэмтэн Никита Яковлевич Бичүрин гэдэг эрдэмтэн хүний бичиж 1828 онд Санкт-Петербург хотод хэвлүүлсэн “МОНГОЛЫН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ“ гэдэг ном байдаг ажээ.Хоёр зуу шахам жилийн өмнө гарсан боловч бид мэддэггүй байсан уг номыг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, философийн ухааны доктор, профессор Б. Даш-Ёндон олж орчуулаад 2019 онд хэвлүүлжээ.

Н. Я. Бичүриний “Монголын тухай тэмдэглэл“ номын онцлог нь “Монгол түмний түүхийн товч тойм“ гэсэн тусгай хэсэгтэй, түүнд нь “Монгол түмний эх удам нь балар эрт цагаас буюу манай эринээс өмнө хорин таван зууны тэртээгээс \4500 жилийн өмнөөс\ Хятадын хойт хязгаараар залгасан цөл нутагт малаа маллан амьдарч ирсэн гээд, монгол түмний Дөрвөн мянга гаруй жилийн түүхийг дараах арван үе болгож бичсэн байна:

1 дүгээр үе: Балар эрт цагаас Христ мэндлэхийн өмнөх 214 он хүртэлх үе,\2000 орчим жил\

2 дугаар үе: Хүнчүүдийн гүрэн. Христ мэндлэхээс өмнөх 214 оноос Христийн 93 он= 306 жил.

3 дугаар үе: Хятад дахь Өмнөд Гунначуудын улс. 93-352 он= 259 жил.

4 дүгээр үе: Мужунь гүрэн 352-410=58 жил.

5 дугаар үе:Тоба гүрэн. 386-557= 171 жил.

6 дугаар үе: Тулга улс . 552-745=193 жил.

7 дугаар үе: Хойхор улс.745-916= 371 жил.

8 дугаар үе: Хятан гүрэн. 916- 1201=285 жил.

9 дүгээр үе: Монгол улс 1206-1368= 162 жил.

10 дугаар үе: Хятадад эзлэгдэхээс өмнөх Монгол улс. 1368-1638=270 жил.”

Дээрх түүхэн үе болгонд оршиж байсан улс үндэстэн, эзэн хаад, тэдний сэргэн мандал болон сүйрэл, дайны тухай тодорхой бичжээ. Жишээлбэл: 

- Хүннү гүрний оршин тогтоносон 306 жилд 24 хаан ээлжлэн төрийн эрх барьсаныг нэр, он жилээр нь дурьдсан,

- Чингис хаанаас Хувилай хүртэлх 54 жилд Монгол төрийг Тэмүжин, Өгэдэй, Гүюг, Мөнх хаан толгойлж байсаныг бичсэн,

- Юанийн эзэнт гүрэн хэмээгдсэн Монгол улс 1260-1368 онд 108 жил оршин тогтноход 12 хаан, үүний дотор Хувилай хаан 31 жил төр барьсан тухай бичсэн байна.

Н. Я. Бичүрин \1777-1853\ Чуваш угсаатан, 1807 оноос Бээжин хотод шашны байгууллагын шугамаар 14 жил ажиллаж амьдрахдаа Хятад хэлийг төгс сурсан, 8 жилд нь Ази тивийн монгол түрэг хэлт түмний түүх, угсаатны зүй, мөн Хятадын түүх, соёл, философийг судалсан байна.Тийм учраас Монгол түүхийн тоймыг Хятад хэл дээр бичигдсэн эх үүсвэрийг судалсны ачаар тодорхой бичжээ.Энэ тухай Н. Бичүрин: “Монголчууд тусгай тодорхой ард түмний хувьд, тэр тусмаа малчин амьдралаа сольдоггүй тул, хэрэв Хятадтай хил нийлж байгаагүйсэн бол аль эртнээс авхуулаад эдүгээгийн биднийг хүртэл үл мэдэгдэн өнгөрөх байсан билээ.Хятад улс өөртөө тохиолдсон зарим үйл явдалтай холбогдуулж л монголчуудын аль нэг хэрэг явдлыг түүхэндээ товч тэмдэглэн үлдээжээ.Ийм ч учир Монголчуудын түүхийн тоймын тухай миний хэлэх гэж буй зүйл Хятадын судар бичигт үндэслэсэн болно.” гэж бичжээ. 

Дээрхээс үзхэд бид нар Монгол түүхээ улам гүнзгий судлахын тулд гадаад улс орнууд, ялангуяа БНХАУ-ын түүхийн ач холбогдолтой ном судруудыг уншиж судалдаг түүхч эрдэмтэдтэй болох бодлого хэрэгжүүлэх, ийм эрдэмтэдийг хятад болон бусад хэлийг төгс мэддэг болгох, тодорхой тооны эрдэмтэдийг Хятад, Тайванийн төв номын сан, эрдэм шинжилгээний байгууллагад урт хугацаагаар томилон ажиллуулах ажил зохиомоор байна.

Думаагийн Содном

2021 – 06 – 16