Турк тэмдэглэл: Ижил ба ондоо

Босфор, Босфор, Босфор...Истанбул, БНТУ. 2019.

Оршил.

Эхлээд нэр, усаа тохирч авна аа. Турк гэвэл Ази, Европыг дамнан оршдог улсын нэр бөгөөд Түрэг гэвэл хээр талд хөшөө дурсгалаа үлдээгээд одсон нүүдэлчний нэр. Турк гэж бичээд “Түүрэк” гэж дууддаг, яг л Пушкин гэж бичээд “Пүүшкэн” гэж хэлдэг шиг. Харин Анкара нь Турк улсын нийслэл, харин “Анкара дөнэр” гэвэл Улаанбаатарт байдаг Турк хоолны газрын нэр болох жишээний. 

    Түрэг хэл судалдаг эрдэмтэн, Турк хэлний орчуулагч хоёр жаахан тусдаа гэсэн үг. Ухаандаа, өнгөрсөн жил Туркийн Шинжлэх ухааны Академийн шагналыг хүртсэн, Орхон бичиг судлаач академич Л.Болд гуай Ерөнхийлөгч Эрдогантай шавайгаа ханатал хуучилсан нь юу л бол. 

   Монгол түрэг хэл нь Алтай хэлний язгуурт багтах бөгөөд үгсийн сангийн 10 гаруй хувь нь тохирдог гэж эрдэмтэд хэлдэг. Ер нь бол хэн хүний мэдэх 2000 орчим дундын үг турк ба монгол хэлэнд байдаг гэх. Уг нь тухайн хэлнээс энэ хэмжээний үг мэдэж байгаа тохиолдолд давгүй яриа өрнүүлээд байж болно л доо. 

   Жишээлэхэд, манай нийслэлийг ундаалдаг Туул голын нэр нь “туулаад гарах” гэсэн утгагүй, харин “Дүүрэн” гэсэн түрэг-монгол үг гэж судлаачид хэлдэг.Саваа дүүрэн мэлтэлзсэн, туулах байтугаа сэлээд гарахад амаргүй мөрөн гэсэн үг. 

   Анкара хотын төв дунд, багахан уулын оройд орших эртний нэгэн цайз буй. Цайзтай уулын нэр нь Алтан таг юм билээ. Алт мөнгөнд дуртай ямар ч хүний эхний үгийн утгыг мэднэ, харин хоёр дахь нь “ Байтаг богд”, “Уулын тагт ургасан цэцэг юутай анхилуун бэ” гэхчлэнгийн хэллэгт орох тул ямар ч монгол хүн “Аа, мөн мөн. Алтан уулын цайзын тухай ярьж байна” хэмээн түвэггүй ойлгож болно. 

      Даанч бидний дундын үгс маань их төлөв оноосон нэр, хуучирсан үгс байгаа болохоор шууд хэрэглээд ярьчихад түвэгтэй. Үйл үг огоот хэрэглэхгүй тувт нэр үгээр ярьдаг билигтэн байлаа ч амаргүй. Жишээ нь, Увс, Хөвсгөл, Алтай, Идэр, Байгал гэдэг үгсийг оролцуулан тэмдэг нэр, үйл үггүйгээр өгүүлбэр зохиох бэрх буйзаа.

     Харин манай казакуудын үгсийн сангийн 15-20 орчим хувь нь өнөөгийн Турк хэлний үгийн сантай таардаг гэж сонслоо. Энэ нь монгол хэлнийхтэй харьцуулахад их боловч мөн л гудманд тааралдсан турк, казак хоёр дуржигнатал яриад ижий ахай болчихно гэсэн үг биш юм. Хэдийгээр Алтай язгуурын хэлэнд багтдаг, өгүүлбэр бүтээх арга ойр ч гэсэн, хамгийн анхдагч үгс болох нэгээс арав хүртэлх тооноос эхлээд зөрөх тул эртний түрэг ба монголчууд нэг хэлээр ярьж байсан гэхэд ч түвэгтэй, ярьдаггүй байсан гэхэд ч ярвигтай болохыг эрдэмтэд сануулдаг. 

      Гэвч монгол орны газар усны нэрийн дийлэнхи нь түрэг нэртэй үлдсэн нь бас сонин. Үүнийг хоёр янзаар төсөөлж болно. Юуны өмнө, монголчууд нэг гэгээн сайхан өглөө, “Нууц товчоо”-нд гардагчлан “Тэнгис далайг гатлан ирээд” Түргүүдийн хөөн явуулахдаа хэдэн газар зүйчийг үлдээж. Тэднээс уул усны нэрийг асуун “Тэр уулын юу гэнэ ээ, аан Хэнтий юм биз дээ? Харин энэ том нуурыг Хөвсгөл гэв үү” гэхчлэнгээр цээжлэн үлдсэн байж болох ч үнэний магадлал багатай.

    Харин монгол ба түргүүд чамгүй олон жил холилдон амьдарч, газар усныхаас эхлээд олон арван нэр томъёог тэднээс тогтоон үлдсэн байж болно. Ингээд нэгэн цаг үед Түргүүд нүүн одож, монголчууд уул нутагтаа үлдэхдээ газар усны нэрийг тогтоон үлдсэн байж болно. 

     Нэг. Байлдан дагуулах зөн.

Монгол, Турк хоёрыг ижилсүүлж байдаг хамгийн том хүчин зүйл нь бичиг, үсгийн дурсгал гэхээсээ илүү үндэстний зан чанарын ижил төстэй талууд байдаг. Энэ талуудыг харьцуулан харахад, тал нутагт төрж бойжоод, эр цээнд хүрч, аялан дайтан одсон Түргүүдийн үр сад ба дэлхийн хэмжээний Их гүрэн байгуулж орхиод тал нутагтаа буцан ирж малаа адгуулан үлдсэн монголчууд хоёрын нийтлэг чанарууд аандаа тодорч ирдэг.

      Ар талаараа Сибирийн их ой хөвч, урдуураа их Говиор хүрээлүүлэн орших хээр тал нь тодорхой утгаараа эх газрын гүн дэх арал юм. Цаг уурын онцлогоосоо болоод газар тариалан хөгжүүлэх боломжгүй  өрнө, дорныг холбосон их замын огтлолцол зангилаанаас алсуур учраас хот балгад байгуулах аргагүй нутаг. Учир нь хот балгад бол их замаар тэжээгдэн, худалдаа наймааны эргэлтээр амьсгалан амьдардаг бөлгөө. Ийм учраас, тал нутагт нүүдлийн мал аж ахуй, ан агнуур эрхлэн амьдрахаас өөр сонголтгүй нүүдэлчид төрөлхийн хатуужилтай, байлдан булаах зөнтэй хүмүүс болон өсч бойжиж байж. Дөрвөн цагийн эргэлтэд аялан байлдах чадвартай, улмаар үйлдвэрлэгч биш учраас бусдын юмыг булаан авч дутуугаа нөхөхөөс өөр сонголтгүй болсон тэдний дундаас дэлхийд нэрээ дуургасан байлдан дагуулагчид төрөн гарсан юм.

   2000 гаруй жилийн өмнөөс тал нутагт алдраа цуурайтуулсан Хүннү нар хятадын Цинь улсыг байнга уулгалан хэрэм цайз барихад хүргэж байснаа умардад нүүдэллэн одсон байдаг. Тэд Дунай мөрний хөндийд түр буудаллан хүчээ аваад Европыг донсолгож, Визант, Ромоос алба татварлаж байсан гэдэг. Хүннүгийн удирдагч, авъяаслаг жанжин Атилла хааныг өрнөдийнхэн “тэнгэрийн ташуур” хэмээн айдас хүйдэстэйгээр тэмдэглэн үлдээжээ. Гэвч нүүдэлчид улс байгуулах авъяастай боловч улсаа авч явах чадвар барагтайхан явж ирсний үлгэрийг ч Атилла хааны Хүн нар давтжээ. 

   Харин тэртээ XIII зуунд Монголчууд өөрийн эзэнт гүрнээ байгуулан хээр талаасаа өндийн боссон юм. Чингис хааны байгуулсан их гүрэн өрнө дорныг холбон тогтнохдоо, урьд хожид ямар ч нүүдэлчдийн нэгэн зэрэг эзэгнэж бараагүй уудам нутгийг хянан захирч чаджээ. Гэвч Чингис хаан бээр их аян дайн бүрийнхээ дараа төрөлх нутагтаа эргэн ирж байв. Тэр хэрээр нь эзлэгдсэн нутаг нь төв захиргаанаасаа алслан холдох болсон байдаг. Эзэмшил нутгуудаа итгэмжлэн үлдээсэн үр хойчис нь нүүдэлчин хүний зангаар аль болох толгой даахыг хичээн “барын сүүл явснаас батганын толгой байх”-ыг илүүд үзэх болсон нь их гүрний задралын эх болов. Чингис хааны үр хөвүүд зарим нь эзлэсэн нутгаасаа хөөгдөн гарч, үлдсэн нь тухайн үндэстний шашин сурталд уусан арилсан юм.

   Харин төрөлхи нутагтаа эргэн ирсэн монголчууд гал голомтоо хадгалж, Бээжин Москва хоёрын аясыг ээлжлэн харсан эх газрын гүн дэх “арал улс” болон үлдсэн бөгөөд 1990 оны социализмын задралын дараагаар хоёрхон улстай хиллэдэг мөртлөө “гуравдагч хөршийн бодлого” бүхий, хэр чинээгээрээ ардчилсан, бас нээлттэй улс болсон нь бид нар бөлгөө. 

   Туркийн тухай өгүүлэх гэхдээ, Хүннү , Чингис рүү яагаад орчихов гэхээр бас ийм учиртай юм. Тал нутгаа орхин гарч, Чингисийн Их Монголын нэгэн адил алдар цуутай байлдан дагуулагч болсон атлаа Түргийн үр сад эх нутаг руугаа буцаагүйгээрээ монголчуудаас ялгарна. Европ-Азийг донсолгосон их гүрнийг Хүннү нарын адил байгуулсан боловч тэдэн шиг тарчихаагүйгээрээ Түргийнхэн бас онцгойрно.

  Тал нутгаас мандан бадарсан Хүн нар хийгээд Монголын эзэнт гүрнийг байгуулагчдаас ялгаатай нь тэд эх нутгаа эрмэлзэн буцахыг эрмэлзэл багатайгаас гадна оршин амьдарч буй газраа бэхжин тогтнох чадвартай үндэстэн байсан болж таарав.

   Эртний Грег, Ромын түүхийг хадгалсан Ази Европыг холбосон стратегийн чухал байрлал дээр төвхнөсөн тэд нар хоёр тив рүү гараа чөлөөтэй сунгах боломжийг олж авчээ.Өөрөөр хэлбэл тэд Азийн төвөөс гарвалтай бусад нүүдэлчин дайчид шигээ улс байгуулах чадамжтайгаас гадна улсаа байлгаж байх арга ухаан сайтай хүмүүс байжээ гэж үзэж болно. Дунд сургуулийн Газар зүйн сурах бичигт Европ ба Ази тивийн заагийг “Улаан тэнгис, Босфорын хоолой, Гантиг тэнгис...” гэхчлэн заадаг нь өнөөгийн Турк улсын газар нутагтай холбогдох тодорхойлолт юм. 

Анкарагийн эртний цайз хэрмийн хананд Грэг, Ромын соёлд хамаарах латин үсэгтэй чулуун бүтээц ашигласан нь  харагдана. Буруу номтны эд учраас үсгийн толгойг зориудаар уруу харуулж өрсөн гэж тайлбарлахыг сонсов.  

        Стратегийн чухал цэг дээр төвлөрөн бэхжих чадамжаараа ялгаран үлдсэн туркүүд, төрөлхийн дайнч араншин, нөлөөгөө тэлэх зөнгөө орхисонгүй. Тэдний түүх бол яг л монголын их гүрнийх шиг  эзэмшин дагуулсан түүхүүд ажгуу.

   Туркууд евроазийн залгаас нутгийн дажинд ч, энхамгаланд ч чухал хувь нэмэр оруулсаар ирчээ. Чухам эдгээр шалтгааны улмаас Европын хүчирхэг гүрнүүд Туркийн талд, эсвэл туркийн эсрэг эвлэлдэн нэгдэж байв.Газар дундын тэнгист нөлөөгөө тогтоох гэсэн Их оросын санаархлыг хааж ирсэн орон бол Турк. Их Оросын үе үеийн удирдагчид Туркийг сулран доройтох бүрийд түүгээр дамжин Газар дундын тэнгист гарцтай болохыг эрмэлзэж ирсэн байна. Туркууд дайтах мэдрэмжтэй, ялалтандаа итгэлтэй нь үнэн боловч “их дайны мэдрэмж” тааруутай нь саяхан оросын сөнөөгч онгоцыг унагасан төдийгээр хязгаарлахгүй. Дэлхийн хоёр дайны ялагдагч талын эвсэлдТуркүүд байж таарсан гэдэг. Эдгээр шалтгааны улмаас өрнөдийн хүчирхэг гүрнүүд заримдаа Туркийг хамгаалан эвсээд Хаант Оростой тулалдаж, заримдаа дайны ялагдагчаар баалан газар нутгийг нь хувааж хүртэл байв.

   Хэрвээ Оросууд Газар дундын тэнгист боомттой болчихвол Европын зүрх, Африкийн тархи өмнө нээгдэнэ хэмээн стратегчид нь үзсээр иржээ. Оростой хийсэн олон арван дайныхаа бараг 99 хувьд нь ялагдсан гэх боловч Туркийн нутгийг цөмлөн Газар дундын тэнгист гарах санаархлыг нь ямагт хаасан Европын “цагаан хэрэм” байсаар ирсэн гэнэм. Гэвч “олон жил зодолдсоор сүүлдээ бие биедээ дасаад салж хагацашгүй хамаатан болов” гэгчээр Турк, Орос хоёр худалдаа, аялал жуулчлалын бизнесээр маш сүрхий гагнагдан бэхэжсэн түншүүд болсон ажгуу. Дээхнэ Оросын сөнөөгч онгоцыг Туркийн агаараас хамгаалах хүчин буудан унагасны дараа Москвагийн зүгээр туркийн бараа бүтээгдэхүүн, Тийшээ чиглэсэн аялал жуулчлалд хориг хаалт хийж эхэлсэн нь Анкараг сүрхий сандаргасан удаатай. Өдгөө, тэд Москватай маш сайн харилцаж, Туркийн ерөнхийлөгч нь Оросын ерөнхийлөгчтэй байн байн утсаар ярьж, түүнийгээ өргөн мэдээлж байгаа. НАТО-гийн гишүүн мөртлөө Оростэй сүрхий сүжирч эхэлсэн нь Америкийн эгдүүг хөдөлгөсөн учраас Трамп худалдааны татвараар дарамтланхөөрхөн инфляфи хөөрөгдөж орхисон нь мөн л саяхны явдал. 

  Нөгөө талаасаа Турк нь Америкийн томоохон хамсаатан, НАТО-гийн гишүүн, цэргийн хүчирхэг гүрэн юм. Энэ орны бүс нутгийн цэрэг дайны бодлогын голлон тоглогч байх эрмэлзэл нь тал нутгаас төрөн гарсан нүүдэлчин дайчдын төрөлхи зөнгийн илэрхийлэл гэж харсан ч болно. Тал нутгийн нүүдэлчдийн үр хойчис, ямар ч цаг үед цэрэглэсэн байдлаараа манлайлан оршихуй нь яалт ч үгүй төрөлх чанар болтой юм билээ. 

   Манай монголчууд ч гэсэн хэр чинээндээ тааруулан цэргийн амбиц гаргаж, дэлхийн халуун цэгүүдэд энхийн сахиулах үйлст оролцож байгаа нь мөн л дээр санаархлаа хэр хэмжээгээрээ илэрхийлж байгаа явдал болно. Энхийг сахиулах үйлст цэргээ оролцуулах нь Сингапурийн хувьд утгагүй байж болох ч монголчуудын хувьд өөрийнхээ оршихуйг мэдэрсэн чухал үйл явдал болно.

Хоёр. Шинэчлэх мэдрэмж

Туркүүдэд тал нутгийн гаралтай нүүдэлчдийн нэгэн адил төрөлхийн шинэчлэх чадамж, шинэ бүхнийг эрээлэлгүй өөриймшүүлэх сонирхол байдаг. Энэ талаараа монголчуудтай маш төсөөтэй. Дэлхийн нэгдүгээр дайнаар Оттаманы эзэнт улс задарч, ялагдагч Германтай нэг тал болж эз нь татсан Туркүүд түүхийн хүнд сорилтын өмнө ирсэн байна. 

  Тал нутаг дахь хөшөө дурсгалдаа “Дээр хөх тэнгэр, доор бараан дэлхий үүдэн тогтсны завсар, хүмүүний биеийг олж төрөөд..” хэмээн бичиж үлдээсэн Түргүүдаль хэдийнэ Лалын шашинд орж, Исламын соёлд багтах болсон байв. Бусад шашин, итгэл үнэмшилд хатуу хүйтэн ханддаг лалын уламжлалтай Түркүүдийн хувьд эрс шинэтгэл нь боломжгүй мэт санагдаж байсан гэдэг.

 Гэтэл Туркууд залуухан эрэмгий офицер Кемаль Мустафагийн удирдлагаар, гайхамшигтай шинэчлэл хийж орчин үеийн Бүгд найрамдах Турк улсыг үндэслэсэн байна. Түүнийг өнөөгийн Турк улсыг үндэслэн байгуулагч хэмээн үзэж “Ата Тюрк” буюу “Түргийн эцэг” хэмээн хүндэтгэн нэрлэдэг Кемаль Мустафа нь эх орон тусгаар тогтнолоо хамгаалах тэмцлийг удирдсан баатар төдийгүй энэ үндэстний цаашдын хувь заяаг тодорхойлсон их шинэтгэлийг хэрэгжүүлэгчээрээ алдартай. 

 Ата Турк бээр лалын шашинтай энэ оронд санаанд багтамгүй шинэчлэл хийсэн нь юуны өмнө шашин төр хоёрыг амжилттай тусгаарласан явдал байв. Улмаар бичиг үсгийн шинэчлэл хийж латинчилсан нь энэ үндэстнийг богинохон хугацаанд өрнөджүүлэн хөгжүүлэх боломжийг нээсэн гэдэг. Төрийн ажил албанд өрнөдийн захиргааны жишгийг нэвтрүүлж, засгийн албан газруудад гивлүүр зүүхийг хориглохоос эхлээд огцом шинэчлэл хийж эхэлсэн байна. 

Лалын тугийн дор асар том эзэнт улс байгуулж явсан үндэстнийг ийм маягаар шинэчлэхэд амаргүй. Гагцхүү байнгын шинэчлэлд бэлэн явдаг, тулгамдсан асуудлыг прагматик талаас нь хардаг, хэрэгтэй гэж үзсэн шинэчлэлээс хэзээ ч цэрвэдэггүй тал нутгийн үндэстний шинжийг гээгээгүй явсан учраас л Ататюркийн шинэчлэл амжилтад хүрсэн гэж зарим судлаачид дүгнэдэг нь үнэнд ойр санагдана.

   Хээр талаас нь нүүдэллэн одоод эргэж ирээгүй ч суу алдраа дуургасаар яваа Түргүүдийн сураг чимээг монголчууд үргэлж сонирхон чих тавьж иржээ.1920-иод оноос монгол орныг өрнөдийн жишгээр шинэчлэх ажил эхэлсэн юм. ХХ зууны эхэн үеийн монголын эрх баригчдын дундаас гарсан, монгол орноо шинэчлэн өрнөджүүлэх хоёр гол чиг баримжаа байсан нь Япончуудын хийсэн “Мэйжийн шинэчлэл, Туркүүдийн хэрэгжүүлсэн “Ататюркийн шинэчлэл” хоёр бөлгөө. Ялангуяа 1930-аад бичиг үсгийн шинэчлэл эхэлж, латин үсэг авч байхад дээрх шинэтгэл томоохон үлгэрээр яригдаж байжээ. 

 Гэтэл дэлхийн II дайны босгон дээр Зөвлөлтийн удирдагч Сталинаас холбооны үндэстнүүд болон БНМАУ-ыг латинжуулах бодлогоо гэнэт зогсоожээ. Зөвлөлтөд болон түүний дагуул БНМАУ-д Кирилл Мефодийн цагаан толгой хэрэглэх шийдвэр гарсан нь ч бас л Турктэй холбогддог юм байна. Холбогдох холбогдохдоо, Ататюрк латин үсгийг Турк улсын албан ёсны бичиг үсэг болгосонтой холбогддог ажээ. Азербайжанээс эхлээд Турктэй нэг хэл, нэгэн шүтлэгтэй Зөвлөлтийн бусад үндэстнүүд дундаа нэг бичиг үсэгтэй байх нь аюултай, Пантүрэгийн нөлөөг социалист лагерьт халдварлуулах магадтай гэж хардсан гэдэг. Ийнхүү, ХХ зууны гучаад онд Монголд латин үсэг хэрэглэж эхэлсэн ба больсон түүх ч далд шижмээр Түркт хийсэн Ататюркийн шинэчлэлтэй холбогдож байна. 

  Улмаар, 1990 оны ардчилсан хувьсгалын дараагаар ч энэ асуудал сөхөгдөж, Туркийг богинохон хугацаанд амжилттай шинэчлэн хөгжүүлэх эх ундрага нь латинчлал байсан учраас Кирилл үсгийг түүгээр солих санаачилга, давалгаа нэг хэсэг өрнөж байсныг манайхан санаж байгаа. 

 Өнөөгийн Туркийн ислам шашин нь улс төр, нийгмийн амьдралын хандлага гэхээсээ илүү өв уламжлал, үндэсний соёлын илэрхийлэл байдлаар онцгойрох шиг санагдсан. Бидний хэдэн сэтгүүлчид Турк оронд аялах цаг нь Рамадан хэмээх мацаг сартай давхцаж таарсан юм. Түркүүд энэхүү мацаг барих зан үйлээ шашны хатуу дэг журам мөрдөгч мөргөлчний жаяг гэхээсээ илүү уламжлалт зан үйлээ бахархан, дагагч үндэстний хувьд тэмдэглэж байх шиг санагдснаа нуух юун.

 Амьдралын хатуу тулгалт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, шашин шүтлэг, уламжлалын боломжтой уулзвар хамгийн сайн олж хардаг нь тал нутгаас гарвалтай нүүдэлчдийн нийтлэг шинж байдаг.

Гурав. Ижилсэл.

Монгол нутаг дахь Хөх түргүүдийн дурсгалаас эхлээд,дайнч Селжүкийн шастир, Оттаманы эзэнт улс, өнөөгийн Турк улс болон хөгжсөн тэдний намтрын монголчуудтай ижилсэх болоод ялгарах талууд ийм байна.

   Монгол-Турк хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Түүчлэн Монголчуудыг Социализмын замнал, улмаар тусгаар тогтнолд хөтөлсөн Ардын хувьсгал, Түркийг орчин үеийн хүчирхэг улс болгох эхлэлийг тавьсан Ататюркийн хувьсгалын 100 жилийн ойнууд 2021, 2022 онуудад дараалан тохиох юм.

  Монголчуудын эзэгнэн үлдсэн хээр талаас лавтайяа гурван том эзэнт гүрэн оргилон мандсан юм. Хамгийн эхэнд улсаа байгуулан алдраа дуурсгагчид нь Хүннү, дараахь нь Түргүүд. Гурав дахь том бадрал нь Чингис хааны байгуулсан их гүрэн бөгөөд үр хөвүүд нь төрөлхи голомтоо сахин үлдсэн нь бид нар бөлгөө.

 Хүннү нар бөхөн алга болсон, Түргүүд эргэж ирээгүй ч Османы эзэнт гүрэн цогцлоож бараг хагас мянганы туршид оршин тогтнож, ХХ зууны эхээр бутраад, орон суурин дээр нь өнөөгийн хүчирхэг Турк улс сэргэн босчээ.

 Дээрхи гурван хүчирхэг үндэстнийг Хүннүгээс салбарласан нэг үндэстэн ч гэдэг, үгүй ч гэдэг. Ямар ч байсан энэ гурав тал нутгийн тэнгэр дор цэцэглэн босоод нэгэн тэнгэр дор эрч хүчээ авсан нь үнэн юм.

 Улмаар, өөрийн эрч хүчийг юуны түрүүн цэрэг дайны чадавхиар илэрхийлэх амбиц, хэр хэмжээнээсээ үл хамааран бүс нутгийн асуудалд оролцох санаархал, ямар ч шинэчлэлийг уламжлалаа үл хайхран хүлээн авах чадвар зэрэг нүүдэлчний сэтгэлгээний онцлог эдгээр үндэстнүүдэд хэвээрээ байгаа юм.

 Туркүүдийн хувьд Монголчууд бол Хүннү Сүннүгийн үеэс улбаатай баатарлаг өвөг дээдсүүдийнхээ нутгийг сахин үлдсэн хүмүүс юм. Монголчуудыг хувьд Туркүүд бол тал нутгаасаа халин гараад одоо болтол алдар суугаа хадгалан, хаа холын оронд нутагшин суусан хамаатнууд нь болно. Хэдийгээр нэг нь Буддын, нөгөөдүүл нь Исламын шашинтай боловч бодит байдлын эрх ашгийг нэгдүгээрт тавьж чаддаг нүүдэлчний нийтлэгээрээ ижилсдэг үндэстнүүд бөлгөө.


Дөрөв. Асуудал

Мэдээж, улс орон тэр тусмаа нэг харилцагч нь монгол, тэгж ярих юм бол монголын тал нутгаас угшилтай Түркүүд нөгөө талд нь байгаа хойно асуудал бол байна аа. Нэг нь та бидний мартаж амжаагүй байгаа, Турк сургуулийн багшийг хулгайлах оролдлоготой холбоотой дуулиан. Юу болоод өрнөснийг өрнөснийг хүмүүс мартаагүй тул нуршаад яах вэ?

                                              Эртний хэрмийн сүүдэрт. Анкара хот. БНТУ.

   Туркийн засаг төрийг төлөөлдөг улс төрчид, түшмэдийн нэгэн дуугаар, заримдаа нэг ижил өгүүлбэрээр илэрхийлж байгаагаас харвал, Гюлень гэж нэг “ардын түмний дайсан” байгаа ажээ. Тэрээр эхэндээ одоогийн ерөнхийлөгчийн талд ажиллаж байсан боловч яваандаа санаагаа хувиргасан этгээд юм байна. Тэрээр Туркийг төдийгүй, дэлхий дахиныг сүлжсэн сургуулийн систем байгуулаад, ирээдүйд хорт муу ажиллагаандаа хэрэгтэй боловсон хүчнийг сургаж байсан юм байна, Турк нөхдийн яриагаар бол. 

     Тэр системд нь манай улс хүртэл хамрагдаад Улаанбаатарт болон Баян-Өлгийд салбартай Эмпати гэж бидний ярьдаг сургуулиуд байгуулагджээ. Туркийн тал “нүүрээ нуусан дайсан” этгээдээ таньж амжаагүй байсан учраас уг сургуулийг нээлцээд, хоёр талын хамтын ажиллагааны бэлгэдэл хэмээн нэрлээд явсан болж таарч байна. Гэвч Гюльенийг удирдсан хэмээн үзэж буй “Зургааны сарын 15-ны бослого” хэмээн нэрлэдэг 2016 оны үйл явдлын дараагаар Туркуудийн нүд нээгдэн дайсан этгээдийг таньсан боловч монголчууд тэгээгүй юм гэнэм.

     Харин манайдаа үлгэр жишээ сургалттай, боловсролын шинэ стандарт тогтоож байсан уг сургуулийг Туркийн Засгийн газар хэрхэн халуунаар урамшуулан дэмжиж байсныг мэдэх учраас хүндэтгэн үзсээр ирсэн бөгөөд сургуулийн захирлыг хулгайлан авч явах оролдлогыг нийтээрээ эсэргүүцэн, зогсоож байсан юм. Харин орос, казахстан улсууд өөрөөр шийдэж.

    Яриа ба хандлагаас харахад, тусгаар улсын нутаг дэвсгэрээс хүн хулгайлах оролдлого хийгээд амжаагүй талын гэмшил харагдаагүй, харин "зохих түвшин"-д тохиролцсон атлаа амласандаа хүрээгүйд харамссан өнгө цухалзах шиг санагдсан. Зүгээр л санагдсан гэж байна шүү.

 Туркийн тал ч Гюльений байгуулсан сургуулийн төгсөгчдөд ч гэсэн таагүй хандаж, Туркийн их дээд сургуульд элсэхэд нь хүндрэл учруулж эхэлсэн байна.Уг сургуулиар дамжсан бүх хүнийг Гюльений дайсан, терроризмын сүлжээнд элсэгдсэн этгээдэд тооцох эсэхийг сонирхоход “Дотуур байраар хүмүүжээгүй хэсэг нь бас арай ч бүгдээрээ элсэгдээгүй байх магадтай” гэж ойлгогдохоор хариултыг манай сэтгүүлчдэд өгч байв. Хэрэг явдлын нөгөө талыг манайхан сайн мэдэх хойно.

    Харин удаахь асуудал бол манайтай яалт ч үгүй холбоотой. Энэ бол “Туркиш Эйрлайнз”-ын Истанбул-Улаанбаатарын шууд нислэгтэй холбоотой сэдэв. Энэ сэдвийг Турк улсаас Монголд суугаа Элчин сайдаас эхлээд хөндөж байв. Одоо долоо хоногт 500 зорчигч тээх гэрээтэй байгаа учраас жижиг онгоц нисгэж байгаа. Жижиг оврын онгоц нь замдаа бууж, түлшээ авах ёстой. Бүдүүвчлэн хэлбэл, банкаараа (түлшний бак) шууд Улаанбаатар орж чадахгүй гэсэн үг. Ингээд замдаа Бишкект буухаас өөр гарцгүй. 

 Манай зорчигчдоос гардаг “Ая тухгүй, суудал шахуу учраас “шпроот” хэмээх лаазалсан загас шиг явдаг”, “хоол нь муу” болон “монголчуудад хүндэтгэлгүй ханддаг”, “Үл хүндэтгэх хандлага нь Истанбул-Улаанбаатарын нислэг атлаа зөвхөн Бишкек-Улаанбаатарын хооронд л монголоор зарлалаа хэлдэг” гэхчлэнгийн гомдлын эхнийх нь үүнтэй холбоотой.Харин сүүлийнх нь яалт ч үгүй тэдний хандлага бололтой юм. Бас “Ай, манай холоон далга ч ёстой цусуутай хүн баа. Дулмаа ч бас дулмаа...” гэлээ гэгчээр манайханд ч их учир бий.

    Туркийн тал, нэгдүгээрт Улаанбаатар-Истанбулын чиглэлд шууд нисч чадах том онгоц явуулах, ингэхийн тулд долоо хоногт 500-аас илүү зорчигч тээх эрх өгөх, улмаар долоо хоногт 5-7 удаа рейс хийх санал гаргаад байгаа юм байна. Европ-Азийн хооронд шууд явах энэ нислэг МИАТ-ын эрх ашгийг хөндөж байгаа бол нислэгийн дугаараа хуваалцах, түүнчлэн Европ руу нисэх зорчигчоо хүртэл хуваалцах санал гаргасан тухай Элчин сайд Ахмет Язал гуай ярьсан билээ. Түүний хэлснээр, чингэвээс тийзний үнэ 30 хувь хүртэл хямдрах, нислэгийн хугацаа гурван цагаар багасах боломжтой юм байна. За, тэгээд ачаа эргэлтийн нэмэгдэх хэмжээ, үйлчилгээнээс олох ашиг орлого олон дахин, зарим нь арав дахин өсөх тооцоог ч тэр ярьж байсан.

    Туркийн тал яалт ч үгүй бодууштай өөр нэг зүйл ярьсан нь: хоёрхон хөрштэй, “гуравдагч хөршийн бодлого”-той (энд БНТУ багтдаг) монгол улс руу онгоцоо шууд нисгэдэг гуравдагч тал уртаашаа хоёрхон байгаа шүү. Энэ “гүүр”-ээ бөх, өргөн, нураашгүй байлгах нь танайд л хэрэгтэй болов уу гэсэн санаа юм.

     Туркуудийн гол зорилго нь нууц биш, өвөг дээдсийнхээ хөшөө дурсгалыг үзээд буцах сонирхолтой олон сая турк хүн байдаг. Тэд Орхоны хөндий, Тоньюкукийн хөшөөг үзэж нэг хоёр өнжөөд буца ххүсэлтэй. Угаасаа жуулчин удаан тогтоох байр сав, үйлчилгээ хаа ч билээ. Удваас, тахал тусаад, тэмчүү авчихна гэсэн шинэ айдас нэмэгдчихлээ. Ийм үед өдөр болгон том онгоц нисвэл хоёр гурав хоногийн жуулчлалаар монгол орныг дарж өгнө гэх юм билээ. 

 Асуудал юунд байна гэхээр, МИАТ-д байгаа гэдэг. Засгийн газрыг МИАТ мэддэг, МИАТ-ыг нам, бүлэглэл мэддэг болсо нцаг. Хойтон сонгууль болно. Зарим нэг романтик иргэд засаг төрийн жолоог атгаж, улсаа хөгжүүлэх зүтгэлтнүүдээ сонгоно хэмээн тэнгэрлэгээр төсөөлж байгаа байх. Үнэн хэрэгтээ, Эрдэнэтийг захиран зарцуулах, МИАТ-ыг эзэмдэх эрхийн төлөө алалдаан л болно доо. За энэ ч яахав. 

  Ийм явдал болоод өнгөрч. Бидний сайн мэдэх “Хүргэн хүү” киноны Жамц баян “Иймэрхүү юманд хотойхоор баян биш ээ, би” гэдэг дээ. Турк монголын ард түмний, өвөг дээдсийн түүхээрээ холбогдсон найрамдал бол “Иймэрхүү юманд хотойхоор найрамдал биш” байх аа.