Төрийн захиргаа: Төрийн захиргаа соёл иргэншлийг хадгалж, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж, хөгжүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Ингэхдээ олон нийтийн аюулгүй байдлаас авхуулаад нийгмийн халамж, тээвэр, боловсрол гээд олон салбарыг хамран бидний өдөр тутмын амьдралтай салшгүй холбогддог. Төрийн захиргаа: Тун товчхон танилцуулга ном нь даяаршлын эринд төрийн захиргаанд тулгамдаж буй том сорилтуудын талаарх практик үзэл хандлагуудыг танилцуулах ба төрийн үйлчилгээний хувьчлал, тагнуул, тандалт зэрэг маргаантай халуун асуудлуудыг ч хөндөнө. Мөн төрийн захиргаа ингэхэд ер нь яаж үүссэн, түүхийн явцад яаж хөгжсөн, цаашид хэрхэн хувьсан хөгжиж буйг танилцуулна.

Өнөөгийн даяаршсан ертөнцөд мундаг төрийн албан хаагч байна гэж юу гэсэн үг вэ? Энэ бэсрэг номоор дамжуулан бид хоёр чамд төрийн захиргаа, төрийн албаны талаар салхи мэт хурдан танилцуулъя. Ингэхэд чи энэ салбар балар эртнээс өнөөг хүртэл хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг харна. Төрийн захиргааны сайн ажилтан байна гэж юу гэсэн үг вэ, удирдлага менежментийн ямар зарчмууд үүнд шаардлагатай вэ гэдгийг ч мэдэж авна.
Төрийн захиргаа гэж юу вэ? Яагаад чухал вэ? Нийгмийнхээ захиалсан зорилгуудад хүрэхийн тулд төрийн удирдагчид захиргааны аппаратаа зохион байгуулж, удирддаг. Төрийн захиргаа гэдэг бол нийгэм оршин тогтноход шаардлагатай нийтэд тустай үйлчилгээг үзүүлэх менежмент, удирдлагын “урлаг” юм. Төр бидний өдөр тутмын амьдралд салшгүй холбоотой аюулгүй байдал, халамжаас авхуулаад тээвэр, боловсрол зэрэг үйлчилгээг хүргэж байдаг. Хэрэв төрийн үйлчилгээ байхгүй болж, зам талбай засагдахаа байж, эмнэлгүүд ажиллахаа больж, интернэт байхгүй, ус, цахилгаан тасарвал юу болох вэ гэж чи төсөөлж үзсэн үү? Ихэнх хүмүүс эдгээр зүйлс угаасаа байж л байдаг юм шиг санаж, огтхон ч хайхардаггүй. Эдгээрийн цаана, эдгээрийг хангаж нийлүүлэхийн тулд ямар ээдрээтэй процесс явагдаж байдгийг бараг анзаардаггүй. Ийнхүү үл хайхардаг хэрнээ нийгэмд ямар нэг асуудал учирмагц л тэр бүх асуудлаа “данхар төр”, “залхуу хойрго төрийн албан хаагчдаас боллоо” хэмээн зүхэхийг нь яана.
Энэ хандлагыг сүүлийн үед баруун үзэлтнүүд улам дэвэргэж байна. Үнэндээ гэвэл зүүн, баруун үзэлтнүүдийн аль аль нь эдгээр амин чухал нийгмийн үйлчилгээг чөмгийг нь дундартал хасаж тана гэж шаарддаг болжээ. Хэмнэлттэй байх шаардлагатай тулгарсан өнөөгийн төр засгууд “улам багаар улам ихийг” хийхээс аргагүй байдалд орж байна. Энэ хандлага ойрын ирээдүйд лав үргэлжлэх янзтай агаад дэлхий даяарх төрийн захиргаануудын “шинэ хэм хэмжээ” болох төлөвтэй. Төр “шийдэл биш харин өөрөө проблем” хэмээн муу хэлүүлдэг болсон энэ бэрх цагт төрийн захиргааныхан хэрхэн засаглаж, удирдахаа шинээр эргэцүүлэх ёстой болоод байна.
Дэлхийн II дайны дараах их төрөлтийнхөн тэтгэвэртээ бөөнөөрөө гарч эхэлсэн нь мэдлэг боловсрол, ур чадвартай хүмүүст төрийн өндөр тушаалд томилогдох боломж өмнө байгаагүй ихээр олгожээ. Тийм хүмүүс төр ямар хэрэгтэйг болон даяаршсан эринд хэрхэн шинэ мөн чанартай болж буйг ойлгох ёстой. Сүүлийн үед төрийн захиргааны чиглэлээр сурч буй оюутнуудын тоо дэлхий даяар эрс нэмэгдсэн нь энэ хандлагыг нотолно.
Энэ салбарын тухай өргөн цараатай өгүүлсэн сурах бичиг, бүтээлүүд өч төчнөөнөөрөө бий авч сонирхолтой уншууртай, хурц тод өгүүлсэн нь тийм ч олон биш. Энэ товхимлоороо бид уншигч авхайг төрийн захиргаа өөр өөр улс оронд хэрхэн үүсэж хөгжиж, цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдсөнийг харуулах аялалд урьж байна. Тэгэхдээ зүгээр нэг тойм маягаар харуулахгүй ба бид өнөөгийн хамгийн маргаант сэдвүүдтэй ч тааралдана: Төрийг бизнес шиг удирдаж болох уу? Чанартай үйлчилгээ үзүүлж, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэхийн тулд төрийг хувьчлах нь зөв арга мөн үү; Терроризмоос сэргийлэхийн тулд төр иргэдээ тагнаж, чагнаж байх нь зөв үү, аль эсвэл энэ нь хувь хүний нууц, хувийн орон зай руу халдсан явдал уу гэх мэтчилэн.
Өөрсдийн хувийн туршлага, мэргэшсэн байдалтайгаа уялдуулан бичсэн энэ бүтээлд маань хөндөгдөх сэдвүүд ялангуяа Америк, Канад, Их Британи, Европ, Австралийн уншигчдад маань илүү дотно санагдах байх. Харин ашигласан тохиолууд Ази, Латин Америк уншигчдад илүү нийцсэн байх болно. Төрийн албаны менежерүүдийг угтаж буй түүхэн өөрчлөлтүүдэд бэлтгэх зорилгоор хүүрнэл маань төрийн захиргааны түүхэн сурвалж, суурь мэдлэгийг ч бас агуулна. Энэ товхимол маань тэдэнд хэцүү сонголт тулгарах үед ухаалаг асуулт тавьдаг болоход туслах нь гарцаагүй.
Тун товчхон танилцуулга цувралын ойлгоход амархан өнгө аястай нийцүүлэх үүднээс товхимлоо бид хэт ерөнхий болголгүй, оруулах сэдэв, асуудлуудыг нь няхуур сонгон шүүсэн юм. Зүгээр л сониучирхсан ердийн уншигчдынхаа түвшинд тохируулсан хэдий ч агуулсан сэдэв нь баялаг бөгөөд цараатай. Энэ номыг уншин суурь мэдлэгүүдийг амжилттай эзэмшсэн уншигчид маань дараа нь илүү гүнзгий, өндөр түвшинд бичигдсэн ном зохиолуудыг хялбархан ойлгож чадна. Тийнхүү цааш сонирхон судлах уншигчиддаа бид номын төгсгөл хэсэгт хавсаргасан ном зүйг үзээрэй гэж зөвлөе.
Эцэст нь энэ номыг бүтээхэд гүн тус үзүүлсэн Калифорни мужийн Нортрижийн их сургууль, Өмнөд Ютагийн их сургууль, Клэрмонт Градюэт их сургууль, Санта Барбарагийн Калифорнийн их сургуулийн мэргэжил нэгт найз нөхөддөө талархлаа илэрхийлье. Оксфордын Их сургуулийн хэвлэлийн газрын Андреа Кийганд онцгойлон талархаж байна. Гэр бүлийнхэндээ ч бас талархах нь зүйтэй. Жан, Николэ, Янна, Марти, Алэкс – та нартаа хайртай шүү. Энэ номыг бүтээхэд тусалсан бусад олон хүнд бас талархаж байгаагаа илэрхийлье.

УЛС ТӨР,  ТӨРИЙН ЗАХИРГАА,   ЛОГИК,   БУДДА,  БИБЛИ   Тун товчхон танилцуулга цуврал

Оксфордын их сургуулиас эрхлэн гаргадаг Тун товч танилцуулга цуврал бол Шашин, Социологи, Улс төр, Уран зохиолын онол, Түүх зэрэг олон сэдвийг хамарсан товч бөгөөд ончтой танилцуулга номууд юм. Эдгээр нь бөөн тодорхойлолтоор дүүрэн, байдаг л нэг сурах бичиг бус сонирхол татам, хурц боловч зохисыг барьж тал талаас нь сайтар нягтлан боловсруулсан хэлэлцүүлэг билээ. Чингэхдээ зохиогчид янз бүрийн баримт, дүгнэлт, шинэлэг санаагаар баяжуулж нэлээд нарийн мэргэжлийн сэдвүүдийг ч хэн бүхэнд ойлгомжтой, уншууртайгаар тайлбарлажээ. Та энэ цувралын алийг ч авч уншсан тухайн сэдвийн талаар товч атлаа гүнзгий ойлголт, мэдлэгтэй болж, танин мэдэхүйн их ертөнцийн хаалгыг нээх болно. Мөн хаана ч авч явахад авсаархан, та дуртай үедээ халааснаасаа юм уу, цүнхнээсээ гарган унших боломжтойгоороо онцлог билээ. Нэпко хэвлэлийн газраас тус алдарт цувралын Засаглал, Их өгөгдөл, Будда, Библи, Логик, Төрийн захиргаа, Улс төр номуудыг монгол уншигчдынхаа хүртээл болгоод байгаа бөгөөд цаашид бусад номуудыг нь орчуулан гаргахаар төлөвлөж байна.

НЭПКО хэвлэлийн газар