2021.02.15.

Нэг. Эхлэл

1990 он гарахад ганц нам, ганц намаа дагасан үйлдвэрчин, залуучууд, эмэгтэйчүүд, оюутан, пионер, найрамдал, улаан загалмай, батлан хамгаалахад туслах, зохиолч, сэтгүүлч, урчууд, урлагийн ажилтнууд, мөн спортын төрлүүдийн холбоо, нийгэмлэг, эвлэл гээд нийт гуч дөчөөс илүүгүй олон нийтийн байгууллагын тогтолцоо зад тавьж нэрээ солих, удирдлагаа огцруулах, задарч хуваагдахтай зэрэгцэн шинээр үүсгэн байгуулах үйл явц өрнөсөн билээ. Тэнд шинэлэг, ардчилсан чөлөөт гэдгээ зарлахад энд хуучин, хуучинсаг, бүр коммунистаар цоллуулан тунаж байлаа. Монголын зохиолчдын эвлэл ба Монголын чөлөөт зохиолчдын Холбоо, Монголын сэтгүүлчдийн холбоо ба Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн эвлэл гэх мэт. Том байгууллагууд нь бараг бүгд хувьчлагдав. 300 гаруй мянган гишүүнтэй МХЗЭ-ийг С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын залуу түшмэд Монголын залуучуудын холбоо нэртэй болгож эзэмшсэний хариуд дахин МХЗЭ (тэргүүн С.Батсайхан) байгуулагдав. Монголын Энх тайван найрамдлын нийгэмлэг задарч Пакистан, Филиппин, Индонез, Македон гээд хаа хамаагүй улс оронтой найрамдах холбоод болж саллаа. Монгол-Татарстаны найрамдлын нийгэмлэг (Тэргүүн Ч.Очирбат). Монгол Туркийн болон Дундад Ази-Арабын орнуудын харилцааг дэмжих Монголын нийгэмлэг (Ерөнхийлөгч Ч.Улаан) хүртэл байсан. Монгол-Японы гэж эхэлсэн нэртэй холбоод хэдэн арав тоологдсон. Бас Японы аль нэг мужтай, тэр ч байтугай Увс-Японы хамтын ажиллагааны нийгэмлэгийн гэсэн хаяг Шинжлэх ухаан, мэдээллийн төвд харагддагсан.

Олон нийтийн гэх нэршлийг эхлээд ашгийн бус, дараа нь төрийн бус хэмээн нэрийдэв. 1996 он гэхэд Хууль зүйн яаманд 584 бүртгүүлсэн байв. 1997 онд хуультай болов. 1998 онд ТББ-ын тоо анх удаа мянгыг давлаа. Ерээд оны эхээр хэн ямар ТББ-тай байсан нь сонирхолтой. Намбарын Энхбаяр улс төрийн карьерийнхаа эхэнд Монголын музейн үндэсний хорооны захирал, бас тэр үеийн монголын томхон компанийн захирлуудыг хураадаг байсан Монголын соёлыг дэмжих клубын тэргүүн байв. Энэхүү клубын "нарийн бичиг" Ц.Анандбазар цаанаа НИК компанийн ажиллагчдын эрх ашгийг хамгаалах "Эл Би Эл" холбооны захирал байсныг бодоход тэнд ажиллаж байжээ. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн албан тушаалаа өгмөгцөө Дэлхийн монголчуудын холбооны ерөнхийлөгч болсон. 

Тэр болгоныг нуршихгүйгээр хэд гурвыг дурдваас, Ажилгүйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөн (Ерөнхий зохицуулагч Н.Энхээ), Архангай аймгийн Цэцэрлэг сумын уугуул иргэдийн төлөөлөгчдийн байнгын газар (Дарга М.Ганзориг, сансрын нисэгч), Банкны зээлийн өрийг барагдуулахад туслах холбоо (Тэргүүн Ж.Батбаяр), Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах монголын нийгэмлэг (Тэргүүн З.Дорж), Монгол ёог, гойд чадвартны нийгэмлэг (Тэргүүн Б.Болдсайхан), Монгол-Японы түүх судлал, сонирхогчдын "Он цаг" нийгэмлэг (Ерөнхийлөгч Д.Өлзийбаатар), Монголын автомашин хэрэглэгчдийн холбоо (Тэргүүн Г.Нэргүй), Монголын ганзагын наймаачдын хөдөлгөөн (Зохицуулагч Т.Мөнхбаяр), Монголын далай сонирхогчдын нийгэмлэг (Ерөнхийлөгч П.Болд), Тэтгэвэр авагчдын эрх ашгийг хамгаалах хөдөлгөөны төв (Тэргүүн Д.Цэен), Ядууралтай тэмцэх монголын нийгэмлэг (Ерөнхийлөгч О.Өлзийсайхан) гэх мэт. Ихэнхдээ Монголын гэсэн тодотголтой буюу амбиц сайтай байсан.


Хоёр. Өнөөдөр.

2020 оны 11-р сарын 25-ны байдлаар ТББ-ын тоо 23614 мянга болсон байв. Үүнийг хэвлэл мэдээллээр үй олон юм шиг ярьж бичдэг ч 160 мянган аж ахуйн нэгж буюу компанийн тоотой харьцуулахад, тэр тусмаа элдэв ашиг сонирхлоос эхлээд есөн шидийн санаа, хүсэл мөрөөдөл, бүр хобби, зугаа цэнгэлийн төлөө байгуулагддаг гэхэд тийм ч олон биш. Томчууд нь нам, төрөө удирдаж, чадал чинээ, овсгоотой нь компани байгуулан бизнес хийдэг, харин төрийн бус байгууллага бол тэднээс арай "доогуур", тусдаа юм шиг бидэнд төсөөлөгддөг. Гэтэл үгүй ажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ардчилсан холбоо ТББ-ын үүсгэн байгуулагч. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Азийн хүлэг улс" бодлогын судалгааны хүрээлэн ТББ-тай. Монголын зүүний хүчний холбоо ТББ бол өмнөх ерөнхий сайд У.Хүрэлсүхийнх. УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүлээд эрхэм гишүүд бүгдээрээ ард урдаа ил далд төрийн бус байгууллагатай. Тэд "тойргийн" гэгддэг 2,5 тэрбум төгрөгөө ойр дотнын хүмүүс, зөвлөх, туслахын нэр дээр байдаг тэдгээр байгууллагын дансаар авч зарцуулдаг. (Нэр нөлөөтэй хүмүүс гишүүний суудал, мисс эхнэр, групп компани, хурдан морь гэсэн иж бүрдэлтэй байдгийн дотор нутгийн зөвлөл, уяачдын холбоо гэсэн ТББ-ууд заавал багтана). Төрийн өндөр албан тушаалтнууд ХАСХОМ-доо өөрсдийн хамааралтай төрийн бус байгууллагаа тайлагнадаггүй нь буруу. 

Том бизнес, тэдгээрийн эзэд хажуудаа ТББ-тай. Барилга, автозам, ноос, ноолуур гээд компанийн захирлууд нийлж барилгачдын, автозамчдын гэх мэт нэртэй холбоо, нэгдэл, ассоциаци байгуулж тендерийн үнэлгээний хороонд төрийн бус байгууллага ба мэргэжлийн холбоодын төлөөлөл нэрээр ороод явчихдаг. Монголчууд цөөхөн учраас ганц юмаар дагнаад хүрэлцдэггүй, ингээд нийгмийн идэвхтэй хүмүүс нь олон ажлыг зэрэг эрхэлдгийн нэг нь ТББ болов уу.

Гурав. Бүртгэл

Социализм төдийгүй капитализм гэдэг бол тэр чигээрээ бүртгэл ба хяналт гэдгийг В.И.Ленин, Эрнандо де Сото хоёр хэлж өгсөн. 

Монгол Улсын иргэд төрөөс зөвшөөрөл авахгүйгээр хуулийн этгээд, тэр дундаа төрийн бусыг байгуулах эрхтэй, тэгээд бүртгүүлэх үүрэгтэй. Зөвшөөрөл авах биш, бүртгүүлэх! Тийм учраас улсын бүртгэл гэж байдаг. Гэтэл өнөөдөр илүү дутуу, ойлгомжгүй, заримдаа төрд өөрт нь байгаа бичиг цаасыг дахин бүрдүүлж өгөх зэргээр багагүй хүнд суртлыг давж байж сая нэг бүртгүүлж байгаа нь зөвшөөрөл авч буйгаас өөрцгүй юм. Манай бүртгэлийн тогтолцоо муу байна гэсэн үг.

Урьд нь хаалттай байсан бүх хуулийн этгээдийн, түүний дотор ТББ-ын мэдээллийг 2019 оноос burtgel.mn цахим сайтад бага зэрэг нээлттэй болгосон нь цоожтой авдрыг онгойлгох мэт болов. Эндээс байгууллагын албан ёсны нэр, регистрийн дугаар, хаягийн хураангуй, үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх удирдлагын овог, нэрийг мэдэх боломжтой. Гэхдээ энэхүү мэдээллийн санд хэдэн дутуу бий. Юуны өмнө хуулийн этгээдийн жагсаалтыг харуулдаггүй. Мянга мянган нэрсийг эцэс төгсгөлгүй цувуулах нь дэмий байж болох ч үйл ажиллагааны төрөл, ангиллаар гэхчлэн жагсаадаггүй юмаа гэхэд үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагын нэрээр хайж тэдэнд хамаарах хуулийн этгээдийг гаргаж харуулбал үнэхээр хэрэгтэйсэн. Энэ дутагдлыг нөхөж Иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв ТББ-ын тэргүүн Г.Батдорж агсан санаачлан opendatalab.mn хэмээх ер бусын сайт байгуулсан боловч УБЕГ хамтран ажиллаагүй, тэгсэн хэрнээ өөрсдөө хийдэггүй.

Хуулийн этгээдийн мэдээллийн сангийн бас нэг том дутагдал бол зөвхөн хамгийн сүүлчийн өөрчлөлтийг харуулаад өмнөх мэдээллийг алга болгочихдог. Цаанаа архив болж хадгалагддаг байх, гэхдээ нь олон нийтээс нуудаг. Өөрөөр хэлбэл, ул мөр буюу түүхийг үлдээдэггүй.

Дөрөв. "Цахим өрөө"

Төрийн бус байгууллагын татварын тайланг цахимаар авдаг болсон. Татвар бол татвар. Харин үйл ажиллагааны тайланг өдөр тутмын сонинд зарлаж байгаад ширүүн нэхдэг хэрнээ өгөхөд хэн ч уншдаггүй, нягталдаггүй, буруу зөвийг хэлдэггүй, ерөөсөө тайланг хариуцсан хэлтэс алба байхгүй.учраас шууд архивлаад хадгалдаг гэж байна. Яаж тайлагнах заавар, загвар ч гэж байхгүй. Оны өмнөхөн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг тайлагнах кампанит ажил өрнөж даанч цаасаар авсан учраас бөөн оочир, бухимдал. Арайхийж цуглуулсан мянга мянган байгууллагын мэдээллийг нягтлах, компьютерт шивж оруулах, мэдээллийн сан үүсгэх, энэ хооронд гарсан өөрчлөлтийг тусгах гээд ... энэ ажил бүтэхгүй ээ!

Францын ерөнхийлөгч Шарль де Голль "246 төрлийн бяслаг хийдэг улсыг удирдаж болно гэж үү?" хэмээн дуу алдсан гэдэг. Манайх энэ янзаараа бол 23 мянган төрийн бус байгууллагыг бүртгээд, бүртгэлээ хянаад, тайлангаа аваад, хянаад байж чадахгүй.

Арга юу вэ гэвэл нэгэнт цахим Монгол болох юм чинь бүртгэл, ялангуяа тайланг цахимаар болгох хэрэгтэй. Гэхдээ 23 мянган байгууллагын файлыг цуглуулж хадгалаад байвал бас утгагүй. Хамгийн оновчтой арга зам бол улсын бүртгэлийн цахим системд байгууллага тус бүрийг цахим хуудас буюу цахим "албан өрөө"-тэй болгох. Өөрсдөө нууц үгээрээ нэвтэрч бэлэн анкет, хүснэгт, загварын дагуу бүртгүүлж тайлан мэдээллээ оруулаад, өөрчлөлт гарвал өөрсдөө хийгээд яваг. Харин хугацаандаа бүрэн зөв хийж байгаа эсэхийг цаанаас нь Улсын бүртгэлийн байгууллага хянаад явахад хангалттай.

Улсын бүртгэлийн мэдээлэл нээлттэй байх ёстой. Хуулийн этгээдийн хэзээ хаана, ямар зорилготой, юу хийдэг, хэн нь хэн болох тухайг бүгд үздэг байвал нийгэм даяараа ил тод байдал, үнэн зөв ойлголт, итгэл, хамтын ажиллагаа, бас харилцан хяналт бий болно. Харин байгууллагын дотоод мэдээллийг нууцлахад ямар ч асуудал үүсэхгүй.

Тав. Өршөөх буюу цэгцлэх

Өнөөдөр хоёрдугаар сарын 15. Байгууллага, иргэд өнгөрсөн жилийн татварын ба бусад тайлангаа төрдөө тушаасан байх ёстой өдөр. Төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд ХАСХОМ-оо бүрэн тайлагнах эцсийн өдөр. Төрийн бус байгууллагуудын тухайд бол үйл ажиллагааны тайлангаа өгсөн байх учиртай. Гэвч энэ жил хэрэгжилт дахиад туйлын хангалтгүй, урьд жилүүдийнх шиг 400-500-гаас хэтрэхгүй байх магадлал нэн өндөр. Короновирус гэж хар садаа, үүнээс болж хөл хорио, гэтэл цахимаар тайлан авдаггүй учраас тэр.

Зөрчлийн тухай хуулинд "11.7 дугаар зүйл.Төрийн бус байгууллагын тухай хууль зөрчих" гэж хэвээрээ буй. Ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлбөрийг төлөх, хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн, эсхүл аж ахуйн үйл ажиллагаа явуулсныг шийтгэхээс гадна "Хуульд заасан хугацаанд үйл ажиллагааныхаа тайланг холбогдох эрх бүхий байгууллагад гаргаж өгөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэжээ. Энэ бол 200 мянган төгрөг. Өнгөрсөн жилүүдэд тайлангаа өгөөгүй гээд шийтгэж барьсан тохиолдол дуулдаагүй. Гэхдээ ямар нэгэн бичиг тодорхойлолт авахаар очиход, эсвэл хэрүүл зарга, шүүх цагдаагийн асуудал үүсвэл торгоход хэзээд бэлхэн. Хэрвээ тэд хүсвэл зөвхөн заасан хугацааг хэтрүүлсэн шалтгаанаар 23.000 төрийн бус байгууллага х 200.000 төгрөг = 4.600.000.000 буюу 4,6 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж мэдэхээр байна.

Өөх ч биш, булчирхай ч биш энэ байдлыг дуусгах цаг болсон. 2015 онд УИХ-аас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталж хувь хүн, хуулийн этгээдийн нуун дарагдуулсан, бусдын нэр дээр бүртгүүлсэн өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, үйлчилгээний орлого, санхүү, татварын болон нийгмийн даатгалын өр төлбөрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас чөлөөлсний цаана нийт 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангийг төлүүлэхгүй өршөөсөн дүн гарчээ. Үүний ачаар бизнесийн салбарын шинэ, "цэвэр" амьдрал эхэлсэн гэдэг. Түүнтэй нэгэн адил бусад төрийн бус байгууллагуудын учир нь олдохоо больсон бүртгэл, тайлангийн элдэв асуудлыг яагаад цэгцлэх хэрэгтэй. Энэ бол янз бүрийн сан, хэвлэл мэдээлэл зэрэг иргэний нийгмийн бусад байгууллагууд ч хамаатай асуудал.

2017 оноос ХЗДХЯ-наас Төрийн бус байгууллагын хуулийн төслийг шинэчлэхээр ажиллажээ. Нэрийг нь Ашгийн төлөө бус гэж өөрчлөхөөс эхлээд төрийн бус байгууллагуудыг хянаж зохицуулах үүрэгтэй Иргэний нийгмийн зөвлөл, түүнийг Ерөнхий сайдаар батламжлах болон санхүүгийн эх үүсвэрийг хязгаарласан олон зохицуулалт шүүмжлэл хүлээж байгаа. Гэхдээ хууль журам ямар байхаас үл хамааран, түүнийг хүлээхгүйгээр бүртгэл, тайланг хялбар бөгөөд бүрэн нээлттэй болговол хуулинд элдэв хачин заалтуудыг оруулах шаардлагагүй болно.