Өнгөрөгч долоо хоногийн хамгийн том дуулиан нь УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн даалгавраар Эрүүгийн цагдаагийн ажилтнууд сэтгүүлчдийг тагнаж чагнасан гэх мэдээлэл байлаа. Лхагва гаригт соошл орчинд тархсан энэ мэдээлэл пүрэв гаригийн өглөө сонинд нийтлэгдэж, тэр өдөртөө багтаан Нийслэлийн прокуророос мэдэгдэл хийсэн билээ. Сэтгүүлчдийг тагнаж чагнасан нь үнэн, энэ хэрэгт холбогдсон цагдаагийн албан хаагчид дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллагдагчаар татсан гэв.

Тэгэхээр ямартаа ч хууль бусаар тагнаж чагнасан гэмт хэрэг үйлдэгдсэн үү, үйлдэгдсэн. Харин захиалагч нь хэн бэ? гэдэг асуудал.

Ц.Нямдорж сайд хэлэхдээ “Би ямар ч захиалга өгөөгүй. Сэтгүүлчдээр оролдож байсан удаагүй” гэж хэлсэн. Мөн энэ бол “Эрдэнэт”-ийн 49 хувийнхны явуулга. “Эрдэнэт”-ийн асуудлыг ярьж эхэлснээс хойш намайг элдэв асуудлаар гүтгэх болсон. Г.Алтангийн байранд түрээс төлөхгүй амьдарч байгаа нь миний буруу биш. Хүнийг найз нөхдөөр нь дайрч болохгүй гэсэн билээ.

Харин гүйцэтгэх ажиллагааны шугамаар тагнуулж чагнуулсан гэх есөн сэтгүүлч, тэдний гэр бүлийн 30 гаруй хүний нэрийг хуулийн байгууллагууд одоо хэр нь нууцалж байгаа. Хэвлэлээр гарсан мэдээлэл гэвэл тагнуулж чагнулсан гэх сэтгүүлчид нь Ц.Нямдорж сайдын хөрөнгө, орлого, түүний амьдарч буй байрны талаар эрэн сурвалжлага хийж байсан гэх таамаглал. Харин сэтгүүлчид дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, тагнаж чагнасан асуудал нь Ц.Нямдорж сайдыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсоны дараа эхэлсэн юм байна. Тэгэхээр тагнаж чагнасан асуудлыг тагнуулынхан илрүүлсэн, мөрдөн шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн бололтой. Асуудал хэвлэл мэдээллээр цацагдах үед хэрэгт холбоотой хүмүүсийг прокурор аль хэдийн яллагдагчаар татах зөвшөөрөл өгчихсөн байв.

Энд нэг асуулт бий. Өнгөрсөн өдрүүдэд цацагдсан мэдээллээс харвал (эх сурвалжийг нууцалж байгаа) сэтгүүлчид өөрсдөө уг хэргийн талаар гомдол гаргаагүй. Харин тагнуулын байгууллагын рапортад авагдсан “цагдаагийн ажилтнууд гүйцэтгэх ажил явуулсан” гэдэг мэдээллийн мөрөөр тагнуулын байгууллага өөрсдөө хэргийг шалгаж эхэлсэн байдаг. Тагнуул бол Ерөнхий сайдын шууд удирдлаган дор ажилладаг тусгай агент. Тэгэхээр энэ хэргийг шалгах үүргийг У.Хүрэлсүх Ерөнхий сайд өөрөө өгсөн байж болох уу?

Түүх давтагддаг гэж нэг үг бий. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Шадар сайд У.Хүрэлсүх дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, танхимынхаа сайдыг тагнаж чагнасан хэмээн буруутгаж огцруулах асуудлыг хэлэлцэж байлаа. Тэр нотлогдохгүй болмогц ОУВС-тай гэрээ байгуулж, эдийн засгийн буруу бодлого явуулсан хэмээн огцруулсан. Тагнаж чагнасан гэх хэргийн төлөө тагнуулын дарга нь хариуцлага хүлээгээгүй боловч Ерөнхий сайд нь огцроход хүрсэн анхны тохиолдол байх. Б.Хурцыг тагнуулын даргаас чөлөөлж, Элчин сайдаар томилсон нь үүний дараах явдал.

Харин өнөөдөр цагдаагийн албан хаагчид сэтгүүлчдийг тагнаж чагнасны төлөө сайд нь хариуцлага хүлээх үү, эсвэл гүйцэтгэх ажил явуулсан албан хаагчид дээр арга хэмжээ аваад өнгөрөх үү? гэдэг асуулт олон нийтийн анхаарлыг татаж байна. Ц.Нямдорж сайд “Би үүрэг өгөөгүй” гэсэн төдийгөөр хариуцлагаас мултарч чадах уу? Хэрвээ сайд нь үүрэг өгөөгүй бол тэд хэний тушаалаар гүйцэтгэх ажил явуулсан, энэ хэргийн захиалагч нь хэн байж таарах вэ?

Уг нь Ц.Нямдорж сайдад төрийн хүний ёс зүй гэдэг зүйл байдаг бол “Би тагнаагүй, та нар л намайг тагнадаг шүү дээ” гэж сэтгүүлчидтэй хэрэлдэхийн оронд, сайн дураараа өргөдлөө өгөөд огцрох зориг дутдаг байлаа гэхэд ядаж л “Ийм явдал болсонд уучлаарай. Энэ хэргийн ард байгаа захиалагчийг илрүүлж хариуцлага тооцно. Хэн ч байсан сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах ёсгүй” гэж мэдэгдэх ёстой байлаа. Гэтэл мань эр аанай л “Эрдэнэт”-ийн 49 хувиас болоод, С.Зоригийн хэргээс болоод намайг гүтгэж байна... гэж гоншигоносоор. Энэ хүнд өөртэй нь холбоотой асуудал болгоноос зугтаж гардаг нэг л арга, усанд унах бүртээ шүүрдэг дэрс бий. Тэр нь “тэгж, ингэж шударга байсны минь төлөө намайг гүтгэж байна” хэмээн эргэж ноцдог явдал.

Үнэхээр энэ хэргийн ард Ц.Нямдоржийн эсрэг хэн нэгний явуулга, “Эрдэнэт”-ийн 49 хувийнхны оролцоо байгаа гэвэл ядаж л мань хүн өөрөө сөрөг гомдол гаргах ёстой биз дээ. Тэгээд ч сэтгүүлчдийг тагнасан этгээдүүд нь Хууль зүйн сайдын шууд удирдлаганд ажилладаг цагдаагийн мөрдөгчид байхад буруутныг хаанаас хайх ёстой гэж. Хэрвээ цагдаагийн албан хаагчид Хууль зүйн сайдын тушаалгүйгээр хууль зөрчсөн ажиллагаа явуулсан юм бол энэ хэрэг дээр хамгийн түрүүнд анхаарал хандуулах ёстой хүн нь Ц.Нямдорж сайд өөрөө. Хууль зөрчсөн ажиллагааг мэдээгүй өнгөрсөн, дуугүй байсныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой хүн нь бас л Ц.Нямдорж сайд.

Гэтэл мань хүн аанай л сурсан зангаараа, Н.Энхбаярыг баривчлах үед “манайх зурагтгүй болохоор мэдээгүй” гэсэн шигээ “Би захиалга өгөөгүй, мэдээгүй” гэж гүрийсээр. У.Хүрэлсүхэд ийм Хууль зүйн сайд хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу. Тэртэй тэргүй Ц.Нямдорж гэдэг хүн Хууль зүй дотоод хэргийн сайдаар дахин томилогдсоноосоо хойш У.Хүрэлсүхийн Засгийн газрын рейтингээс багагүй хойш чангааж байгаа нь үнэн.

Анх сайд болонгуутаа ШШГ байгууллагын хөрөнгөөр 370 саяын үнэтэй “Lexus570” авч унаад “нохой шуугиулж” явахад нь Ерөнхий сайд нь өөрөө үүрэг өгч байж машиныг нь заруулсан. “Ясаа цайтал төрд зүтгэсэн” гэж ярьдаг энэ хүн нэг л өдөр ингэж элийрнэ чинээ хэн санах билээ. Дараа нь “Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудал. “Эрдэнэт”-ийг барьцаанд тавьсан “Жаст”-ын Ш.Батхүү хөрөнгөө Ц.Нямдоржийн “найз” гээд байгаа Г.Алтанд шилжүүлсэн явдал нь олон нийтийн хардах, дургүйцэх хамгийн том шалтгаан болж байгаа. Гэтэл Хууль зүйн сайд нь нэг амаараа “Ш.Батхүүг шоронд хийгээд хөрөнгийг луйвардсан байна. Шалгах хэрэгтэй” гэж дүрэмдчихээд нөгөө амаараа “Г.Алтан бол миний найз. Хүнийг найз нөхдөөр нь дайрч болохгүй” гэсэн юм яриад улайх ч үгүй байранд нь амьдарч байгааг юу ч гэх вэ. Хүнд чинь бас нэг ичих булчирхай гэж юм байдаг. Гэтэл тийм ч юмгүй болчихсон хүнээс танхимынх нь тэргүүн хүртэл болгоомжлох нь зүйн хэрэг.

Өмнөх УИХ-ын үед Засгийн газрын гишүүдийг нэг нэгээр нь сугалж огцруулдаг, “шүд сугалах” гэж нэрлэдэг байсан хуулийн заалтыг хүчингүй болгосон учраас танхимын тэргүүн нь сайд нартайгаа хариуцлага ярьдаг болсон. Огцруулах ёстой хоёр ч сайдын нэрийг УИХ дахь АН-ын гишүүд өргөн бариад байгаа энэ үед У.Хүрэлсүх сайдын хэрхэн хөдлөхийг харж суух л үлдлээ.

inews.mn