Ц.Нямдорж, Д.Баясгалан хоёртой хариуцлага тооцоогүй цагт “Саарал жагсаалт”-аас гарахгүй
ФАТФ Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг ажлаас нь халж өгөөч гэж хүсээгүй. Бүү доромжил, УИХ!!!
Саарал жагсаалтын талаар улстөрчид өөр өөрийн үзэмжээр тайлбарлав. Хэлцэл хийж байна гэсээр удсан ч одоо харж байхад саарал жагсаалтад орохгүй байх тухай биш, саарал жагсаалтад орох нь ойлгомжтой, харин шалтгаан нөхцөл, манайд тавих шаардлагын сэдвээр тохиролцсон бололтой юм. Тиймээс ам бардам зэвсэг, бүр үй олноор хөнөөх зэвсэг яриад сууж байгаа нь энэ.
Өнөөдөр Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх Үндэсний зөвлөл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоор ахлуулсан байтал Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг огцруулах санал гаргаж, саарал жагсаалтыг саарал цаасан дээрх бичиг мэтээр тайлбарлаж суугаа УИХ-ын дарга, түүгээр удирдуулсан УИХ чадамжтай юу?
Сөрөг хүчин АН-ын даргын хэлснээр “ОУВС-ийн тавьсан шаардлагын дагуу арилжааны банкууд 700 тэрбум төгрөгөөр активаа нэмэгдүүлсэн бөгөөд эх үүсвэрээ нотлох ёстой байсан. Гэвч 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нотлоод 500 тэрбум дээр нь чадаагүй. Гэтэл үүн дээр Монголбанкны ерөнхийлөгч гарын үсэг зурсан нь ФАТФ-ыг эмзэглүүлсэн” гэнэ. Харамсалтай нь бусад эх сурвалжийн мэдээлэл ямар ч баримтгүй, баримжаагүй, тоо хэлэхээс айсан, саарал жагсаалт аюулгүй, харин ч бараг ашигтай мэтээр олон нийтийг доромжлох мэт хариу хэлж сууна.
Харин бодит байдал дээр өнгөрсөн жилээс эхлээд л нэр бүхий таван банкны асуудал хүнд сэдэв байсаар ирсэн. Хамгийн хүндрэлтэй нь Худалдаа хөгжлийн банк, Голомт банк байсан ч эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй цор ганцаар нь Голомт банк торойж үлдсэн. Гэвч тэднийд бурууг хүлээлгэх эрхгүй болтлоо угжуулсан улстөрчид энэ тухай ярих ч эрхгүй болжээ.
“Голомт” банк гадны банкуудын Монголын банкуудад итгэх итгэлийг бууруулахад томоохон хувь нэмэр оруулсан. Тухайлбал БНСУ-ын “LG”, “Samsung” корпорацид холбогдох удаан хугацааны, их хэмжээний үнийн дүнтэй төлөгдөөгүй аккредитив, БНАСАУ дахь харилцагчтайгаа найдваргүй гүйлгээ хийсэн, ингэхдээ АНУ, НҮБ-ын зүгээс тавьсан хоригийг зөрчсөн байж болзошгүй. Терроризм ба мөнгө угаахын эсрэг хууль тогтоомжид заасан “Харилцагчаа таньж харьцах” дүрмийг зөрчин хуучин Тусгаар улсын хамтын нөхөрлөлийн орнуудаас гаралтай үл бүтэх этгээдүүдтэй хамтарч ажилласан зэрэг үйлдэл нь арав гаруй жил баримтаа чирэн хууль хяналтын байгууллагад монгол, гадаад хаягтайгаар очсон ч шат шатанд хана хэрмээ босгосон Д.Баясгалангийн хамгаалалтыг нэвтэрч байсангүй.
Тухайлбал 2013 оны гуравдугаар сарын 18-ны өдөр “Эрнст энд Янг Монголиа Аудит”-аас гаргасан дүгнэлт үе үеийн Монголбанк, УИХ, хууль хяналтын байгууллагад баримт болон очсоор байсан ч шийдвэрлэгдэж байгаагүй. Түүний үйлдсэн гэмт хэрэг зөвхөн гадаад талдаа гэхэд Голомт банкны Зээлийн хороог удирдаж байхдаа “Иточуд нийт 5.23 тэрбум иен буюу тухайн үеийн ханшаар 65.4 сая ам.доллартай тэнцэх 76 тэрбум төгрөгийн 23 ширхэг үл сэргээгдэх аккредитив нээж олгуулснаас эхлэлтэй. Энэ үеэр дээрх аккредитивийн нийт дүн Голомт банкны үндсэн хөрөнгөөс 1.7 дахин их, хуульд заасан тус банкны зээл олгох хязгаарыг найм дахин давсан байхад банкныхаа холбогдох эрх бүхий хүмүүст мэдэгдэхгүйгээр энэ хэргийг үйлдсэн байдаг. Хэдийгээр Монголын хууль түүнд үйлчлээгүй, мэдээллийн сангаас устган байж хяналт шалгалтыг мэхэлсэн ч тэр үеэс “Иточу” Голомт банктай харилцах аюултайг бусад харилцагчдадаа ил тод мэдэгдсээр ирсэн. Энэ бол зохиол биш. Наанадаж 2012 оны долдугаар сарын 7-нд Иточу компаниас Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тухайгаа мэдэгдэж байсныг олон нийт мартаагүй. Энэ талаар тодруулбал Иточу нь Голомт банкаас урт хугацаанд төлөгдөөгүй аккредитивийн төлбөрт 3.4 тэрбум иен /43 сая ам.доллартай тэнцэх/ гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Мөн 2012 оны арваннэгдүгээр сард Иточугаас Голомт банкны эсрэг зарга мэдүүлсэн мэдэгдэл ирж байсныг тухайн өдөр ТУЗ-ийн хуралд оролцогчид гэрчилнэ. Мөн 2013 оны нэгдүгээр сард “Монголиан Эйрлайнс”-т онгоц түрээслэх банкинд тэмдэглэгдээгүй баталгаа гаргасан хэрэг, МҮОХ-ны ерөнхийлөгч асан Д.Загдсүрэн тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал бичихдээ “Голомт”-ын Д.Баясгалангийн үйлдсэн авлигын гурван хэргийн тухай захиа энэ бүхэн Монголд хэн ч “тоогоогүй” ч Кредит Свисс болон Абу Дабигийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан ноцтой асуудал болж оруулсан бүх хөрөнгөө эргүүлэн татах бэлтгэлээ хангахад хүргэж байв. Улмаар 2013 оны долдугаар сард Свисс-МО-ийн Бодь интернэйшнлд хамаарах зээлийн өр нь Свисс-МО-г Бодь Холдингийн 3.8 сая хувьцааг эзэмших бололцоог бүрдүүлж Свисс-МО 24 хувь, Бодь 68 хувийг эзэмших болтлоо буурсан юм.
Д.Баясгалан нь 2011 оны зургадугаар сард Вашингтонд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гарын үсэг зурсан Boeing 767-300 онгоцыг худалдан авах гэрээтэй холбогдуулан богино хугацааны санхүүгийн хяналт хийх Зээлийн хорооны шийдвэрийг биелүүлэхэд саад хийж байсан нь зээлийн гэрээнд тусгайлан хийсэн нууц нөхцлүүд байх боломжтой тул санаа зовинож буйгаа ТУЗ-ийн зүгээс илэрхийлсэн байдаг.
Энэ удаагийн саарал жагсаалтад орох хэлэлцээ удаан хугацаанд үргэлжилж өнгөрсөн хугацаанд Монголбанкны Ерөнхийлөгчтэй удаа дараа уулзаж шалгалтын дүнг зарлах хугацааг хойш татсаар байсан. Мөн тэр хугацаанд АНУ дахь ЭСЯ-нд хүртэл Монголын Голомт тэргүүтэй нэр бүхий банкуудын талаарх ноцтой асуудал яригдсаар байсан ч яг саарал жагсаалтад орсоны дараа уг жагсаалтад орсон шалтгаан, жагсаалтаас гарахын тулд тавигдах шаардлага тэс өөрөөр “бичигдэж” гарсан нь л өнгөрсөн хугацаанд хийгээд байсан хэлэлцээ, тохиролцооны үр дүн бололтой.
Угтаа ФАТФ өнөөдөр юу хүсээд байна вэ гэвэл олон жилийн турш авлигын асуудалд холбогдож, эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй нөөцийн учрыг олж хуулийн хариуцлага хүлээлгэхийг анхааруулсан уу гэхээс биш Монгол Улс Төв банкны ерөнхийлөгчөө, Санхүүгийн зохицуулах хорооны даргаа хоёр сайдын өмнөөс халаад өгөөч гэж огт хүсээгүй. Тэдэнд энэ асуудал огт падгүй. УИХ нь Эдийн засгийн Ил тод байдлын тухай хууль батална уу, яана вэ бүр ч хамаагүй. Эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөөр нөөц бүрдүүлсэн үү үгүй юу. Энэ талаарх сэжиг бүхий этгээддээ Монголын Төр хариуцлага хүлээлгэж чаддаг уу гэдэг л илүүтэй анхаарлыг нь татах байх.
Гэтэл Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх Үндэсний зөвлөлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ахалж буйг мэдсээр байж огт гэм зэмгүй үлдээж буй нь УИХ Засгийн газартай хариуцлага тооцох чадамжгүй болсон тул өөрийн харьяаны байгууллагын удирдлагуудыг “гуйх нь холгүй” өргөдөл өгүүлэх өрөвдмөөр дүр зургийг харууллаа. Энэ зөвлөлийг толгойлдгийн хувьд Ц.Нямдорж сайд Голомт банктай холбоотой эдгээр баримт материалыг огт сонсоогүй өдий хүрсэн гэвэл эндүүрэл. Харин ч эрх барьж буй МАН-ын, улс төрийн нэг бус том бүлэглэлийн ашиг сонирхлыг хангасаар ирснийх нь хувьд нүдээ анин өнгөрүүлж Тагнуулын ерөнхий газар, Монголбанк руу түлхэж орхилоо. Шударга бусын наад захын жишээ нь энэ. Хэрэв Сайд Ц.Нямдорж, Голомт банк хоёрт л хариуцлага хүлээлгэж эс чадвал “саарал жагсаалт”-аас гарахын тухай санах ч хэрэггүй. Үүнд зэвсэг, үй олноор хөнөөх зэвсэг зэрэг огт хамаагүй. Олон улсын хэдэн банктай харилцаа нь хаалттай болж, банкуудад хийсэн хэдэн удаагийн шалгалтыг залилангийн аргаар мэхэлж аргалсан, ямар замаар хөрөнгийн эх үүсвэрээ бүрдүүлчихээд тайлбарлаж чадахгүй байгааг Голомт банкнаас илрүүлж хариуцлага тооцоогүй цагт Монголын эдийн засаг, санхүүгийн салбар Голомт банкинд ялагдсаар байх учиртай юм. Одоо Монгол Төрийн эр зориг энэ сорилттой учирч байна. Давах эсэхийг харцгаая!