Ц.Мөнх-Оргил: Цэц иргэний үндсэн эрхийг хамгаалах баталгаа болно
"Вант улс" шиг хамгаалалт үүсгэхгүй бол утсан хүүхэлдэй болох аюултай. "Энэ хууль Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэр гарга”. “Ерөнхий сайд хууль зөрчсөн гэж шийдвэрлэ" гэж шахалт ирэхэд түүнээс зөрвөл “чамайг эгүүлэн татна” гэж айлгаж сүрдүүлэхийг үгүйсгэхгүй.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой ярилцлаа.
-ЦЭЦ ЗАВГҮЙ БОЛНО-
-Ардчилсан Үндсэн хуультай адилхан цаг хугацаанд баталсан Цэцийн тухай хуульд 32 жилийн дараа гар хүрэх гэж байна. Суурь үзэл баримтлал, агуулгын хувьд бүхэлд нь шинэчилсэн найруулга хэлбэрээр өөрчлөх нь. 2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Цэцийн асуудлыг хөндөх шаардлага, боломж байгаагүй юу? Уг нь 1992 оноос хойших хугацаанд 23 зүйлтэй хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Цэцийн тухай хуулиас 13 нь огт хөдөлгөөнгүй хэвээрээ явсан юм билээ. Парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох хугацаатай зэрэгцүүлж оруулж ирсэн нь ч зарим талаараа хардлага дагуулах шалтгаан. Хаврын чуулганы хугацаанд багтааж баталж амжих уу гэсэн эргэлзээ ч байна?
-Сүүлийн асуултаас эхэлье. Хаврын чуулганаар багтаж батална гэж би итгэж байна. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаагүй. Яагаад гэвэл Үндсэн хуулийн энэ заалтууд нь ойлгомжтой бөгөөд хангалттай байгаа юм. Гагцхүү Үндсэн хуулийн энэ заалтуудыг амилуулах, задлах, дэлгэрүүлэх ёстой. Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиуд нь зарим асуудлыг орхигдуулсан, тодорхойгүй тусгасан тул эдгээрийг шинэчлэх найруулах шаардлага үүссэн.
Ажлын хэсгийг 2021 оны есдүгээр сард байгуулсан. Хоёр жил хагасын хугацаанд ажиллалаа. Яагаад ингэж удсан юм гэхээр тал талдаа ойлголцох, мэдээлэл солилцох, туршлага судлах, өнгөрсөн 30 жилээ дүгнэх зэргээр ажил их байсан.
Та зөв ажигласан байна. Институтын, гүйцэтгэдэг үүргийнх нь хувьд Цэцэд томоохон өөрчлөлт оруулж байгаа нь үндсэн эрхийн маргаан хэлэлцэхээр болж байгаатай холбоотой. 1992 онд хуулийг баталснаас хойш иргэн өөртэй нь холбоотой үндсэн эрхийн маргааныг шүүхийн шийдвэртэй, шийдвэргүйгээс үл хамаарч Цэцэд өргөдөл гаргаж болох уу, үгүй юу гэдэг асуудал маргаан дагуулж ирсэн.
Болно, болохгүй, үгчилж ойлгоно, агуулгаар нь ойлгоно гэж маргалдаж явсаар 32 жилийн дараа Үндсэн хуулийн Цэц иргэний үндсэн эрхийн маргааныг хэлэлцэхээр хуульчилж төсөл боловсрууллаа. Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь Цэцийн үндсэн үүрэг болно.
-Тогтолцоонд гажуудал байж болох ч хууль санаачлагчийн сонирхолд нийцүүлж төсөл боловсруулж, батлуулах нь өрөөсгөл. Тантай санал нийлэхгүй, төсөлд шигтгэсэн агуулгад шүүмжлэлтэй хандах хэсэг ч байгаа шүү дээ?
-Хуулийг батлах эсэх нь УИХ-ын бүрэх эрхийн асуудал. Би бол хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлж байгаа юм. Гэхдээ энэ төслүүдийг боловсруулах ажилд манай урдаа барьдаг эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд оролцсон. Холбогдох бүх байгууллагаас санал авсан, хэд хэдэн хэлэлцүүлэг хийсэн. Мэдээж хэрэг хувь хүн, эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн зүгээс санал нийлэхгүй, тэр байтугай эсэргүүцэх зүйл, заалт хуулийн төсөлд байгаа. Гол нь Дээд шүүхийн шийдвэр гарчихаад байхад түүнийг нь Цэц хэлэлцэх юм уу, энэ нь зөв үү гэдэг асуудал л байгаа юм. Төслийг өргөн мэдүүлэх хугацаа алдсан, хойшилсон шалтгаан энэ нь.
-Практик дээр ийм зөрчил, маргаан явж ирсэн юм байна?
-Тийм. Хийсэн судалгаа нь ч байна. 32 жилийн хугацаанд хүний үндсэн эрхэд хамаарах Дээд шүүхийн болон түүний Ерөнхий шүүгчийн шийдвэрүүдэд олон тооны гомдол Цэцэд гаргасан байдаг.
-Тэр болгонд Цэцээс ямар хариу өгсөн байдаг юм?
-Уучлаарай, Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан байна, Цэц хэлэлцэх боломжгүй гэж хариу өгч ирсэн. Нэг ёсондоо “бандан тас” гэсэн хариу өгсөн гэсэн үг. Энд тайлбар хийе. Нэгдүгээрт, Дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага. Шийдвэр нь эцсийнх. Үүнтэй хэн ч маргахгүй. Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасан. Гэхдээ дараагийн өгүүлбэрт нь тэрхүү “...шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан л бол бандан тас биш шүү. Дээд шүүх өөрийнхөө хуульд харшилсан шийдвэрээ эргэж харах ёстой гэдгийг Үндсэн хуульд зааж өгсөн. Түүнээс гадна шүүхийн эцсийн шийдвэр гэдэгт зөвхөн Дээд шүүхийн шийдвэрүүд орохгүй. Хяналтын шатны шүүх буюу Улсын дээд шүүхээр хянуулах хүсэлт гаргаагүй, гаргасан ч дээд шүүх хянахаас татгалзсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд мөн Үндсэн хуулийн Цэц дээр үндсэн эрхийн зөрчилтөй эсэх талаас нь хянагдана гэсэн үг.
-Шинээр илэрсэн нөхцөл байдал гэдгийг хэлээд байна уу?
-Шинээр илэрсэн нөхцөл байдалтай адилтгаж Дээд шүүх Цэцийн дүгнэлтийг авч хэлэлцэнэ. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр бол “Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй нийцүүлж шийд” гээд тухайн шүүх рүү шилжүүлнэ, өөрийнх нь шийдвэр бол Дээд шүүх энэ шийдвэрээ Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй нийцүүлж шийднэ гэсэн үг
Энд бид Монгол Улсын Үндсэн хуульд байдаг ч өнөөдрийг хүртэл огт хэрэглээгүй, амилаагүй нэг чухал заалтыг амилуулах, хэрэглэх боломжийг бий болгож байгаа юм.
-Тэр нь юу билээ?
-Үндсэн хуулийн 50 дугаар зүйл, бүр тодруулбал түүний 3 дугаар заалт. Энэ зүйлд Улсын дээд шүүхийн бүрэн эрхийг зааж өгсөн. Монгол Улсын Дээд шүүх нь шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд гуравт нь “...хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх” гэсэн заалт огт хэрэгжээгүй өдий хүрсэн. Яагаад гэвэл энэ заалтыг Цэцийн хуулиар дэлгэрүүлж өгөөгүй, процессжуулаагүй явж ирсэн учраас. Гэхдээ Үндсэн хуулийн цэц маргаан, асуудал болгоноор дээд шүүхэд хандахгүй, гагцхүү хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах асуудлаар л Дээд шүүхэд асуудал тавина.
-Маргаан гаргасан асуудал болгоныг авч хэлэлцэхгүй юм байна?
-Тийм. Зөвхөн тухайн хүнд Үндсэн хууль, бусад хуулиар олгогдож, хамгаалагдсан үндсэн эрхийг зөрчсөн эсэх асуудлыг л хэлэлцэнэ. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах асуудлаар Цэц Улсын дээд шүүх рүү хандах бололцоог 1992 оны хууль тогтоогчид уг нь энэ заалтаар нээсэн байгаа юм. Манай Үндсэн хууль агуулгын хувьд ийм баян. Зүйл, заалтууд нь хоорондоо уялдаатай баримт бичиг. Бид өөрсдөө түүнийгээ гүйцэд ашиглаж чадахгүй явж ирсэний нэг жишээ.
-“Эцэг хууль”-даа ийм тодорхой агуулгаар шигтгэсэн мөртлөө огт хэрэгжүүлээгүй зүгээр л хоёр байгууллагын маргаантай асуудал хэлбэрээр толхилцсоор 32 жил болсон нь өөрөө эргэлзээтэй л юм?
-Энэ нь Цэцийн ажлын ачаалал хэт ихэснэ, шүүхийн шийдвэр олон давхар хянагдана, шийдвэр хэрэгжихгүй цаг алдана гэсэн болгоомжлол дээр л гацаад байсан юм. Мэдээж эхний үед шүүх, Цэцийн үйл ажиллагаанд хүндрэл учрана, ачаалал ихэснэ. Ийм асуудлыг Үндсэн хуулийн шүүх хэлэлцдэг болсноор ачааллаа дийлэхгүй, өргөдөлд дарагдаж таван жил болсноо Туркийн Үндсэн хуулийн шүүхийнхэн ярьж байсан. Гэхдээ хэдэн жилийн дараа практик тогтоод, жигдрээд ирэхээр иргэдэд их тустай, чухал зохицуулалт гэдэг нь амьдрал дээр батлагдсан гэж тэд ярьж байсан. Хуулийг баталсны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой нарийвчилсан зохицуулалтыг хуулиудад бас тусгана.
-Шууд биш ч гэсэн Та өөрөө ч гэсэн Үндсэн хуулийнхаа агуулгыг гүйцэд ашиглахыг хүсээгүй төлөөллийн нэг юм биш үү?
-Шүүхийн шийдвэр хаа нэг газар эцэслэгдэж байх ёстой, эцэс төгсгөлгүй маргаан болоод байж болохгүй, гарсныхаа дараа хэрэгжих ёстой. Дээд шүүх, Цэцийн хөгжлийг харахаар одоохондоо хараахан болоогүй юм шиг байна гэж бодоод л би хувьдаа одоо болтол эргэлзэж явсан.
Харин сүүлийн 10 жилийн хугацаанд энэ хоёр байгууллагаас гаргаж байгаа шийдвэр, хөгжлийн ерөнхий зургийг харахаар Цэцийн шийдвэрүүд улс төр улам бүр зонхилох шинжтэй болж байна. Тэгсэн мөртлөө хувь хүний эрхийг хамгаалах асуудлаар ерөөсөө дуугарахгүй, бараг хамаагүй болсон юм шиг дүр зураг ажиглагдаж байна. Одоогийн тогтолцоогоор тухайн хувь хүний эрх хөндөгдсөн асуудлыг хэлэлцдэггүй, нийтэд хамаатай асуудлаар маргаан үүсгэж хэлэлцэж байна. Энийг Үндсэн хуулийн хийсвэр хяналт буюу abstract review гэдэг. Үндсэн хуулийн шүүхийн хөгжлийн жам ёсоороо улс орнууд ийм хийсвэр хяналтаас татгалзаж, тухайн хүнд өөрт нь хамааралтай, үндсэн эрхийг нь зөрчсөн асуудлаар маргаан үүсгэж, хяналт тогтоох замыг түлхүү сонгож байна. Бид ч гэсэн Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, иргэдийн эрхийг хамгаалах тал дээр анхаарлаа хандуулах боломжийг нээмээр байна.
-Улстөрчид, УИХ нь ил гараад хийж чадахгүй болохоороо Цэц рүү асуудлаа түлхдэг, түүнийг нь Цэц шийддэг газар болсныг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож болох уу?
-Тийм аюул байна. Зөвхөн хийсвэр хяналт тавьж байгаа болохоор өнөөдөр Цэц завтай байна. Улс орнуудын туршлагыг харахад Үндсэн хуулийн шүүх нь зөвхөн хийсвэр хяналт хэрэгжүүлээд байвал хүссэн хүсээгүй энэ шүүх нь улс төрийн маргааныг зохицуулагч, улс төрийн захиалга биелүүлэгч болж хувирах гээд байдаг байна. Тийм ч учраас улс орнууд “хийсвэр хяналтаас” татгалзаж, үндсэн эрхийн маргаан хянуулах хандлагыг баримталж байна. Энэ бол Үндсэн хуульт ёс, эрх зүйт төрийг бэхжүүлэх чухал зэвсэг болж байна.
Үндсэн хууль хоёр гол асуудлыг шийдвэрлэдэг. Нэг нь хүний эрх, эрх чөлөөг тунхаглаж, хамгаалах асуудал-иргэний эрх, эрх чөлөөг төр хамгаалах, баталгаажуулах асуудал. Нөгөөх нь төрийн тогтолцоо. Үндсэн хуульт ёс хөгжсөн, эрх зүйт ёс төлөвшсөн улс орнуудад Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагааны дийлэнх нь иргэдийн үндсэн эрхийн маргааныг зохицуулахад чиглэгддэг. Гэхдээ тухайн хүнд өөрт нь шууд холбоотой, үндсэн эрх нь зөрчигдсөн гэх асуудлыг л хэлэлцэнэ. Бид энэ зохицуулалтыг хэрэгжүүлэх хугацааг нь 2025 оны нэгдүгээр сараас гэж тооцсон.
-Бэлтгэл ажлаа хангах учраас хугацааг нь 2025 он гэж тооцов уу?
-Хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажилд хугацаа хэрэгтэй. Германд гэхэд Үндсэн хуулиа баталж, Үндсэн хуулийн шүүхээ байгуулсны дараа Холбооны Дээд шүүх, Үндсэн хуулийн шүүх хооронд харилцан учраа олох, практик тогтоох гэж 20 гаруй жил болсон байдаг. Бүх юм практикаар явдаг. Амьдрал баян. Хуулийг хэрхэн хэрэглэхээс эхлээд иргэн хүн, түүнийг төлөөлөх хуульч, өмгөөлөгч нь, төр засаг, захиргааны байгууллагын алба тушаалтан нар нэг ойлголттой болсноор сая үр дүн гарна. Манайд ч гэсэн хугацаа их орно. Үүнийг ойлгож байгаа. Гол нь үүнийг одоо хийж эхлэхгүй бол цаг хугацаа алдсаар байна.
-ХҮНИЙ ҮНДСЭН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД АХИЦ ГАРНА-
-Дээд шүүхийн шийдвэр эцсийнх ч Цэцээр хэлэлцүүлдэг болгож хуульчлах нь. Гол нь шүүхийн дээд байгууллагаас төслийн талаар ямар санал ирүүлсэн юм. Зөвшөөрч байгаа юм уу?
-Сайн тал нь Дээд шүүх хуулийн төслийн үзэл санааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ процессын шинжтэй, нарийвчилсан олон зөвлөмжийг өгсөн. Хуулийн төслийг эцэслэн боловсруулахдаа тэр бүгдийг нь тусгасан. Захиргааны, Иргэний, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай гэсэн гурван чухал процессын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, холбогдох хуулийн төслүүдийг хамт өргөн мэдүүлсэн. Эдгээр төслүүдийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, бүхэлд нь дэмжүүлж, өгсөн саналуудыг нь хуулийн төслүүдэд тусгасан.
-Процессын хувьд яаж явах юм?
-Жишээ нь, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эсхүл эвлэлдэн нэгдэх үндсэн хуулиар олгогдсон таны эрхийг зөрчсөн шийдвэрийг төрийн аль нэг албан тушаалтан, аль нэг засаг дарга гаргалаа гэж бодъё. Та Захиргааны хэргийн шүүхэд хандана. Бүх шатны шүүхийн шийдвэр таны эсрэг гарлаа гэж бодъё. Танд Цэцэд хандах эрх нээгдэнэ гэсэн үг. Цэцээс Үндсэн хуулийн маргаан алга, таны үндсэн эрх зөрчигдөөгүй гэвэл тэгээд асуудал тэндээ дуусна.
Зөрчсөн байна гэж Цэц үзвэл асуудлыг Дээд шүүх рүү явуулна. Энэ шийдвэрийг Цэц зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй дунд суудлаараа хэлэлцэж шийдвэрлэнэ. Шүүхийн эцсийн шийдвэр нь давж заалдах шатны шүүхийн шийдвэр байвал Дээд шүүх тухайн асуудлыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж, асуудлыг Цэцийн дүгнэлтийн дагуу үндсэн эрхэд нийцүүлэн шийдвэрлүүлэхээр хяналтын шатны шүүхэд нь шилжүүлнэ. Хэрэв маргаан үүсгэсэн шийдвэр нь Дээд шүүхийн өөрийнх нь шийдвэр байвал Үндсэн хуулийн 50.2-ийн дагуу Дээд шүүх өөр, эсвэл Цэцийн дүгнэлтийн дагуу үндсэн эрхийн зөрчилгүй болгож шийдвэрлэнэ.
-Нийцүүлж шийдвэрлэнэ гэхээр Цэцийн шийдвэр болгоныг хүлээн зөвшөөрч байгаагаас өөрцгүй сонсогдож байна?
-Үндсэн эрхийн маргаантай асуудлаар Цэцийн гаргасан шийдвэрт шүүхийн шийдвэрийг нийцүүлнэ гэдэг нь Үндсэн хуульт ёсны зайлшгүй шаардлага. Цэцийн шийдвэртэй нийцүүлээд, үндсэн эрхийн зөрчилгүй болгосон ч гэсэн, шүүхийн шийдвэр хэвээр үлдэх боломжийг онолын хувьд үгүйсгэж болохгүй.
-Хүний үндсэн эрх гэдгийг яг юугаар тодорхойлох юм. Дан ганц үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр хязгаарлагдаж, ойлгогдохгүй нь мэдээж?
-Хүний үндсэн эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл болон бусад заалтын хүрээнд тунхаглаж, бас хамгаалсан байдаг. Үүнээс улс төрийн, иргэний болон холбогдох үндсэн эрхийг Үндсэн хуулийн цэцийн хамгаалалтад оруулна. Энэ эрхүүдийг хуулийн төсөлд нарийвчлан зааж өгсөн байгаа.
-Ялгаа нь яг юу байх юм гэдгийг нь тодруулаад байгаа юм?
-Хүний эрхийг хамгаалагдаж байгаа хэмжээ, баталгааных нь түвшингөөр ялгаатай авч үздэг. Иргэний болон улс төрийн эрхийг ямар нэгэн тайлбар, шалтаггүйгээр төр заавал хангаж, хамгаалж байх ёстой. Жишээ нь, онц байдал тогтоосон гээд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хааж болохгүй. Эсхүл эдийн засаг хүнд, төсөв мөнгө муу байна гээд сонгох, сонгогдох эрхийг боомилж болохгүй. Эдгээр эрхээ эдлэх боломжийг хангах үүргийг төр хүлээдэг. НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн пактаар ч гэсэн гишүүн орнууд иргэддээ эдгээр эрхийг эдлэх бүрэн боломжийг бүрдүүлэх ёстой. Энийг “үр дүн гаргах үүрэг” буюу “an obligation of result” гэж тодорхойлдог. Нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн хувьд төр “үр дүн гаргах үүрэг” хүлээхгүй, харин эдийн засаг, санхүү, төсвийн боломжоороо “хүчин чармайлт гаргах үүрэг” (an obligation of effort) хүлээнэ.
Жишээ нь, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1.5-д "Өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхтэй" гэж заасан. Энэ тусламжийг төрөөс хүн бүрт хүссэн хэмжээнд нь өгч чадахгүй нь ойлгомжтой. Эдгээр эрхийг хангах талаар төрөөс бололцооныхоо хирээр хүчин чармайлт гаргах, ялгаварлан гадуурхахгүй байх үүрэг хүлээдэг.
-Үлдсэн эрхүүд нь арай өөр агуулгатай гэсэн үг үү?
-Төрөөс үр дүн гаргах үүрэг хүлээсэн улс төр, иргэний болон холбоотой эрхийг Цэц хамгаална. Бусад эрхийг ялгаварлан гадуурхахгүй эдлүүлэхийг Цэц хянах үүрэгтэй. Базаад хэлэхэд, Цэц үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, хүний эрхийг хамгаалах асуудлыг Дээд шүүхэд хүргүүлнэ, ингэснээр хүний үндсэн эрхийг хамгаалахад ахиц гарна. Хоёрдугаарт, Улсын дээд шүүх өөрийн шийдвэрийг өөрөө эргэж харна, эцсийн шийдвээрээ өөрөө гаргана. Аль аль нь Монгол Улсын Үндсэн хуульд харшлахгүй, тэр шууд зөвшөөрсөн зохицуулалтууд.
-Хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн өдрөөс үндсэн эрхээ зөрчсөн гэсэн гомдолтой иргэдийн цуваа Цэц рүү чиглэж таарах нь ээ?
-Тэгэх байх. Гэхдээ хуулийн энэ заалт хүчин төгөлдөр болохоос өмнөх шийдвэрүүдэд үйлчлэхгүй. Эхний хэдэн жил мэдээж ачаалалтай байна. Практик тогтоод ирвэл байдал жигдрэх байх. Бидний хувьд энэ ачаалалаас айгаад, энэ олон өргөдлийн цаана гарахгүй гэж цааргалаад, эсвэл шүүхийн бүх шийдвэрт гомдол гаргана гэж болгоомжлоод хүний эрхийг хамгаалах зэвсгээ орхигдуулж болохгүй санагдаж байгаа юм. Бид харьцангуй хоцорч энэ зохицуулалтыг нэвтрүүлж байгаа болохоор олон улс орны сайн, муу туршлагыг судалж, хамгаалах механизмыг хийх боломжтой.
-Жишээ нь?
-Үндсэн хуулийн шүүхийн хамгийн сонгодог бөгөөд сайн жишээ нь Германы үндсэн хуулийн шүүх. Тэнд ирсэн өргөдөл, гомдлыг зөвхөн бүрдүүлбэр, хэлбэр талаас нь хянадаг механизмтай. Агуулгын хувьд биш. Жишээ нь, шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байна, Та шүүхийн шийдвэрээ гаргуулаад ир гэж буцаана. Хүндээ л тусалж байгаа хэлбэр. Бүрдүүлбэр гүйцсэн, хуульд тавьсан хэлбэрийн шаардлага хангагдсан тохиолдолд өргөдөл шууд Цэцийн гишүүдийн гар дээр очно. Үүнийг одоогийн өөрчлөлтөд тусгасан. Бүрдүүлбэр дутуу байна гэж үзээд буцаасан тохиолдолд маргаан үүсгэвэл Цэцийн гурван гишүүний бүрэлдхүүнтэй Бага суудлаар эцэслэн шийдвэрлэнэ. Ямар ч тохиолдолд олон удаагийн сургалт, сурталчилгаа явуулж таарна. Өмгөөлөгч, хуульч, иргэд, төрийн албан тушаалтнуудад чиглэсэн мэдээлэлийн компанит ажил хийгдэх ёстой байх.
-Иргэд үндсэн эрхийг нь зөрчсөн гэж үзвэл яг ямар арга замаар Цэцэд хандах вэ?
-Үндсэн хоёр арга зам бий. Нэг нь, миний асуудлыг шийдэх хуулийн заалт нь өөрөө Үндсэн хууль зөрчиж байна гэж үзвэл хэргийг дэнслэх шүүгч юм уу, эсвэл хэргийн оролцогч Цэцэд хандаж болно. Одоо ч гэсэн ийм боломж нээлттэй, гэхдээ их л бага хэрэглэгддэг механизм.
Хоёр дахь нь, УИХ-аас баталсан хууль нь Үндсэн хууль зөрчөөгүй ч гэсэн энэ хуулийг хэрэгжүүлэх явцад тухайн иргэний үндсэн эрхийг зөрчсөн үйлдэл, шийдвэрийг төрийн аль нэгэн албан хаагч, байгууллага гаргалаа гэж иргэн үзвэл шүүхийн шат дамжлагыг дуусгаад, Цэцэд хандах арга зам байгаа юм. Гэхдээ мэдээж хэрэг, үндсэн эрх ямар ч нөхцөлд, абсолют утгаараа заавал биелж байхыг энд ойлгохгүй байгаа. Жишээ нь, таны жагсаал цуглаан хийх эрх бусдын амгалан тайван амьдрах эрхийг үгүйсгэж болохгүй. Энд балансын буюу тэнцвэрийг олох онол үйлчилнэ.
-Чиний эрхээр миний эрх хязгаарлагдах нь ардчиллын суурь ойлголт...?
-Тийм. Манай Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэж орсон гэрээ конвенцид ч энэ зарчим тусгагдсан.
-Цэцийг улс төрийн шийдвэрээс аажим, аажмаар ангид байлгасаар иргэн төвтэй болгох нь энэ хуулийн онцлог гэж ойлголоо?
-Тэгж ойлгож болно.
-ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧ ЦЭЦИЙН ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАНА-
-Үйл ажиллагаа нь тийм байж. Гол нь шийдвэр гаргах бүрэлдэхүүнийг нь ямар шалгуураар бүрдүүлэх юм?
-Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгчөөс гурав, УИХ-аас гурав, Дээд шүүхээс гурван хүнийг тус тус санал болгосноор УИХ-аар хэлэлцээд санал хурааж томилдог. Шалгуур нь хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх. Мэргэжил биш, мэргэшил шүү. Насны хязгаар нь 40 нас. Шүүгчийнх бол 35 нас гэхээр харьцангуй өндөр босго. Нэгэнт хүний үндсэн эрхийн маргаан, шүүхийн шийдвэрийг хэлэлцэх учраас Дээд шүүхээс нэр дэвшигч нь Дээд шүүхийн шүүгч байна.
-Одоо байгаа бүрэлдэхүүнээс гурвыг нь Цэц рүү явуулах хэрэг үү?
-Дээд шүүхийн бүрэлдэхүүнд байгаа 24 шүүгчээс гурвыг Цэцийн гишүүнд нэр дэвшүүлнэ гэсэн үг.
-Нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт зарлахгүй гэсэн үг үү?
-Дотроосоо сонгоно. Одоо бол сонгон шалгаруулалтаар гаднаас сонгож санал болгодог. Ер нь сайн хүмүүс гарч ирдэг. Гэхдээ Цэцийг нэгэнт шүүх талаас нь бэхжүүлж байгаа учраас шүүхийн дадлага, туршлагатай хүмүүс хэрэгтэй. Одоо Улсын дээд шүүхээс санал болгож томилогдсон гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсны дараа энэ зохицуулалт үйлчилж эхэлнэ. Дээд шүүхэд байсан, асуудлыг нь мэддэг, туршлагатай хүмүүс Цэцэд очоод шийдвэр гаргахад Цэцийн шийдвэрийн нэр хүндэд ч тустай.
-Итгэл төрүүлэх талаасаа ч өөр байх?
-Дээд шүүхийн шүүгч нар “Та нар яагаад ийм шийдвэр гаргасан юм” гэж асуухгүй байх хэмжээнд Цэций шийдвэр үндэслэлтэй байх ёстой. Цэцийн бүрэлдэхүүнд шүүгчийн ажил хийж үзсэн нэг ч хүн байхгүй бол асуудал үүснэ. Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх тал дээрээ ч дутагдалтай. Дээд шүүхийн шүүгчийн хэмжээнд хүрсэн, туршлагатай гурван шүүгч Цэцэд сууж байна гэдэг нь Цэц жинхэнэ утгаараа шүүхийн байгууллага болж хөгжихөд ч хэрэгтэй болов уу.
-Үндсэн хуулийн 65.5-д “Үндсэн хуулийн цэцийн бүрэлдхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно” гэж заасныг энэ чинь зөрчиж байгаа юм биш үү? Ийм шүүмжлэл бас гарч байна?
-Үндсэн хуулийн энэ заалт бол эдгээр албан тушаалтнууд Цэцийн гишүүний үүргийг давхар хашиж болохгүй гэсэн хориг. Улсын дээд шүүхээс нэр дэвшигчийг Цэцийн гишүүнээр томилох санал хураалт УИХ дээр явагдаж, дэмжигдсэн тохиолдолд энэ тухай УИХ-ын тогтоол батлагдахаас өмнө эдгээр хүмүүс Дээд шүүхийн шүүгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө. Ямар ч тохиолдолд нэг хүн Дээд шүүхийн ч шүүгч, Цэцийн гишүүн ч байх боломж үүсэхгүй.
-Цэцийн гишүүдийн томилогдох хугацааны талаар?
-Үндсэн хуульд цэцийн гишүүнийг зургаан жилээр сонгоно гэсэн заалттай. Нэг л удаа сонгогдох уу, улируулж болох уу, хэдэн удаа улируулж болох уу гэж заагаагүй. Тийм учраас зарим нь зургаан жил болоод явдаг. Зарим нь улирдаг, бас олон удаа улирдаг. Үндсэн хуулийн шүүхийн шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах үүднээс улс орнууд Үндсэн хуулийн шүүгчээ эсхүл насан туршаар нь томилдог (манай шүүгч нартай адил), мөн нэг бүрэн эрхийн хугацаанд л томилдог. Жишээ нь, Европын ихэнх орнуудын Үндсэн хуулийн шүүгч зөвхөн нэг удаа, есөн жилийн хугацаагаар томилогддог. БНСУ-ын Үндсэн хуулийн шүүгч зургаан жилээр томилогдоод, улирах боломжтой ч хараат бус ажилласнаа нотолж, улирах хүсэлт гаргадаггүй, улирдаггүй улс төрийн соёл тогтсон.
Манай Үндсэн хуульд Цэцийн гишүүнийг зургаан жилийн хугацаагаар томилно гэж заасан. Тийм болохоор улируулан ажиллуулах хугацаанд хязгаар тогтоогоод, зөвхөн нэг удаа байх зохицуулалтыг төсөлд тусгасан. Энэ нь бас шүүмжлэл дагуулж байна. Зарим нь улируулж яах юм бэ гэж байхад нөгөө хэсэг нь хэдэн ч удаа улируулж болно гэж үзэж байгаа.
Манай нөхцөлд, хүний нөөцөө харсан ч, хараат бус ажиллах баталгаагаа бодсон ч нэг удаа улируулах нь зохимжтой юм гэж үзсэнээр энэ саналыг оруулсан.
-Дээд шүүхийн шүүгчийг Цэцийн гишүүнээр томилох заалт бодитоор хэрэгжиж эхэлсний дараагаас тэнд “Шүүгчдийн фракц” гэсэн ойлголт бас хандлага үүсэхгүй юу?
-Фракцлагдана гэвэл одоо ч гэсэн хэнээс нэр дэвшсэн, улс төрийн үзэл бодол, нутаг нуга гээд фракцлагдах аюул байгаа. Гэхдээ энэ бол Цэцийн гишүүдийн дунд бага ажиглагддаг үзэгдэл.
-Гол нь ялгаа нь хуульч биш Дээд шүүхийн шүүгчид очих болохоор ингэж асуусан юм?
-Тийм юм гарахыг үгүйсгэхгүй ээ. Гэхдээ сайн, мууг дэснлээд үзэхээр сайн тал нь хамаагүй их юм аа.
-Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацааг хуулиар хэрхэн хязгаарлаж, зааглах юм. Бүрэн эрх нь дуусгавар болсон ч жил тойрох энгийн үзэгдэл болсон...?
-Хоёр жил хагас ч явсан тохиолдол бий. Яадаг гэхээр дараагийн хүнийг томилж байж ажлаа өгдөг. Тэр нь ч зөв. Тэгэхгүй бол Цэц бүрэлдэхүүнгүй болно. Гол нь дараагийн хүнийг томилохгүй байна гэдэг нь Цэцийн гишүүнийг хараат болгох, дуулгавартай даалгавар биелүүлэгч болгох аюул үүсгэж байгаа юм. Тиймээс хуулийн төсөлд тодорхой зааж өгсөн. Томилогдсон хугацаа дуусгавар болохоос 45 хоногийн өмнө дараагийн хүнийг нэр дэвшүүлж, УИХ-аар оруулж томилно. Бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө хугацаа нь дуусах тохиолдол ч гарна.
-Тодорхой үндэслэлүүдтэй...
-Тодорхой үндэслэлээр ажлаа өгвөл 45 хоногийн дотор шийднэ.
-ОДООГИЙН ХУУЛИАР ЦЭЦИЙН ГИШҮҮНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ АСУУДАЛ ПРОЦЕССЖУУЛАГДААГҮЙ-
-"Дараагийн хүнийг битгий томилоорой" гэдэг яриаг бүрмөсөн халах нь ээ?
-Сунжирч, сунжруулдаг асуудал байхгүй болно. Хугацаа хэтэрвэл нэр дэвшүүлэх ёстой албан тушаалтан, байгууллага хууль зөрчинө. Нэр дэвшүүлчихээд байхад нь шийдвэр гаргаагүй бол УИХ өөрөө хууль зөрчинө.
-УИХ дээр гацаж, гацаахыг үгүйсгэхгүй?
-Дэмжих үү, үгүй юу гэдгийг л шийднэ. Дэмжвэл тэр хүн Цэцийн гишүүнээр ажиллана, дэмжихгүй бол нэр дэвшүүлэх институт дараагийн хүнээ л оруулж ирнэ. Одоо болохоор хугацааг нь нарийвчилж заагаагүй учраас хариуцлага тооцож болдоггүй. УИХ, Ерөнхийлөгч, Дээд шүүхээс нэр дэвшиж томилогдсон хүний хугацаа дуусгавар болсон тохиолдолд орных нь хүнийг төдөн хоногийн дотор оруулж ир гэж хуульд заагаагүй учраас хоёр жил болсон ч хариуцлага тооцож болдоггүй.
-Хугацаа тодорхойгүй явж ирсэн нь санамсаргүй алдаа юм уу, санаатай үйлдэл үү?
-Санамсаргүй л алдаа. Өмнө нь бол тэр дор нь хүнээ оруулж ирээд байдаг байсан. Аяндаа заавал цагтаа оруулах шаардлагагүй юм байна гэсэн муу зуршил тогтож байгаа юм.
-Тэгвэл муу зуршил тогтооход Та ч бас гар бие оролцоод л ирж?
-Нэг муу зуршил суугаад тэр нь даамжраад явчихсан. Хууль тогтоох үйл ажиллагаа сайн, муу туршлагад үндэслэдэг. Ялангуяа муу туршлагад. Сайн туршлага гэхээр нэг их анзаарагдахгүй, тэгэсхийгээд л өнгөрдөг. Болно гэж бодоод хаядаг. Харин муу юм нь нүдэнд торж явсаар, аргагүй байдал руу оруулдаг. Тийм учраас Монгол Улсад хамгийн боловсронгуй болсон хуулиудын нэг бол бүх шатны Сонгуулийн хуулиуд. Их судлагдаж, хэрэглэгдэж, маргаан үүсдэг. Болох, болохгүй заалтууд нь амьдрал дээр харагдаад, анхаарлын төвд ордог. Тэр болгонд засагдаж, сайжирч, алдаа дутагдал нь багасаж, хийгүй болдог.
-Таны өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд сөрөг хүчний зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа?
-Төслийг боловсруулах бараг гурван жилийн хугацаанд маш олон удаагийн хувилбарыг боловсруулж, тарааж, санал авч ирсэн. Эцсийн байдлаар нэгтгэж, нягталсны эцэст өргөн мэдүүлсэн. АН-ын бүлэг энэ төслүүдийн талаар зарим судлаачдын саналыг авсан юм шиг байна лээ. Тэр судлаачид нь харин өргөн баригдахаас өмнө хэлэлцэгдэж байсан төсөлд саналаа өгсөн юм уу гэж ойлгосон. Уг нь АН-ын бүлгээс Н.Алтанхуяг, Ж.Батсуурь, МАН-ын бүлгээс С.Бямбацогт, Т.Энхтүвшин гишүүд бид ажлын хэсэгт орж ажилласан.
Цэцийн гишүүн хэзээ ч хариуцлага хүлээхгүй болж байна гэсэн болгоомжлол АН-ын гишүүдийн зүгээс гарсан байсан. Тийм биш. Харин "Цэцийн гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд илэрхийлсэн санал, гаргасан шийдвэрийнхээ төлөө Цэцийн гишүүн болон Цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүнийг аливаа хариуцлагад татахыг хориглоно" гэж заасан. Үүнийг ерөөсөө юу ч хийсэн хариуцлагад татахгүй юм байна гэж ойлгож болохгүй.
Энэ бол гагцхүү Цэцийн гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд буюу ажлаа хийх үедээ хэлсэн үг, гаргасан шийдвэрийнхээ төлөө хэзээ нэгэн цагт хариуцлага хүлээхгүй гэсэн санаа. Түүнээс биш машин барьж яваад осол аваар гаргах, бусдын биед халдах, авлига авах гэх мэт хууль зөрчвөл бусдын адил хариуцлага хүлээнэ. Ажлаа хийж байхдаа хэлсэн санал, гаргасан шийдвэрийнхээ төлөө 10 жилийн дараа ч хариуцлага хүлээлгэнэ гэвэл Цэцийн гишүүний шийдвэр гаргах эрхэд нөлөөлнө. Итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргах боломжгүй болно гэсэн үг.
-Ажлаа хийснийх нь төлөө шүүхгүй ээ л гэж байгаа юм байна?
-Ажлаа хийх явцад бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө хариуцлага тооцохгүй. УИХ-ын гишүүн ч адилхан. Байнгын хороо, чуулганы индрээс үг хэлснийхээ төлөө олон жилийн дараа “буруу ярьсан байна”, эсхүл “буруу санал өгсөн байна”, “буруу хууль баталсан байна” гээд хариуцлагад татаж болохгүй. Итгэл үнэмшлээрээ ажлаа хийх үндсэн баталгаа нь энэ. Хоёрдугаарт, Цэцийн гишүүнийг хараат бус байлгах нь чухал. Ямар ч тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эгүүлэн татах нь одоо болтол тодорхойгүй явсан. Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах асуудал нарийн процессжуулагдаагүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал бол ойлгомжтой. Улсын ерөнхий прокурор санал оруулна. Ямар хэрэгт сэжиглэж байгааг танилцуулна. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах үндэслэлээ тайлбарлана, УИХ нууц санал хураалтаар шийднэ.
Цэцийн гишүүдэд тийм нарийн зохицуулалт хуульд байхгүй. Хуулийн төслөөр Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Ерөнхий прокурор Цэцэд гаргана. Нийт гишүүдийн зөвлөгөөнөөр асуудлыг хэлэлцэнэ. Гуравны хоёр нь прокурорын саналыг хүлээж авбал бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ. Гуравны хоёр гэдэг нь өндөр босго. Гүйцэтгэх засаглал, шүүх, цагдаа, прокуророос дуртай цагтаа Цэц, түүний гишүүдийг дарамталж, айлгаад байхгүй нөхцөлийг ингэж бүрдүүлнэ. Нэг ёсны баталгаа. Нөгөө талаас үнэхээр хэрэг хийсэн бол тэр хүнийг хамгаалах бололцоогүй болгож байгаа юм.
Эгүүлэн татах асуудлыг Үндсэн хуульд заасан ч процесс нь бас л тодорхой биш. Өөрөөр хэлбэл, "Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно" гэдэг. Үүнийг задалж, дэлгэрэнгүй зохицуулалтыг төсөлд тусгасан. Хэн нь эхэлж асуудал тавих юм, хэндээ тавих юм, хэдэн хоногт багтааж шийдвэрлэх юм гэх мэт.
-"ВАНТ УЛС" ШИГ ХАМГААЛАЛТ ҮҮСГЭХГҮЙ БОЛ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛОХ АЮУЛТАЙ-
-Цэцийг хараат бусаар ажиллуулах, гишүүдийг нь өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй болгох зүйн хэрэг. Гэхдээ Цэц гэдэг байгууллага нь хэнд ч захирагдахгүй тусдаа "Вант улс" болох юм биш үү. Нэг гишүүн нь асуудалд холбогдлоо гэхэд гуравны хоёроороо аваад үлдэж болно шүү дээ?
-Зөвхөн түдгэлзүүлэх, эгүүлэн татах асуудал яригдана. Хэн нэгэн гишүүнийх нь холбогдсон эрүүгийн хэрэг байдгаараа л байна. Тэр хүний бүрэн эрхийн хугацаа дууслаа, хэрэг сэргээд, асуудал шийдэгдээд явна.
-Бараг УИХ-ын гишүүнтэй дүйх хэмжээний бүрэн эрхийг эдлэх юм байна?
-Тийм ээ. Бүр илүү хамгаалалттай байх ёстой гэж үздэг хүмүүс ч байна. Цөөхүүлээ учраас. УИХ-тай харьцуулахад цөөхөн гишүүнтэй, улс төрийн эмзэг асуудал шийддэг, дарамт ирдэг болохоор хамгаалж өгөх хэрэгтэй. Чиний хэлснээр "Вант улс" шиг хамгаалалт үүсгэхгүй бол утсан хүүхэлдэй болох аюултай. "Энэ хууль Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэр гарга”. “Ерөнхий сайд хууль зөрчсөн гэж шийдвэрлэ" гэж шахалт ирэхэд түүнээс зөрвөл “чамайг эгүүлэн татна” гэж айлгаж сүрдүүлэхийг үгүйсгэхгүй. Гуравны хоёрыг өндөр босго байна гэж ярьж байна лээ. Ердийн олонхиор байж болно. Гэхдээ ихэнх улс орны жишиг гуравны хоёр байна. Энэ бас нэг юм хэлээд байгаа юм.
-Дээд шүүхээс нэр дэвшүүлэх процесс ойлгомжтой гэдгийг түрүүн дурдсан. Үлдсэн зургаан хүн буюу Ерөнхийлөгч, УИХ-аас томилох асуудлыг хэрхэх вэ. Ямар нэгэн өөрчлөлт тусгасан уу?
-Одоо хуульд заасан шалгуураас гадна хууль зүйн дээд боловсролтой байх шаардлагыг хуулийн төсөлд тусгасан.
-Манайд эсрэгээрээ улс төрөөр мэргэшсэн хүнийг Цэц рүү явуулах сонирхолтой байдаг?
-Хууль зүйн дээд боловсролтой гэдэг нь заавал өмгөөлөгч, прокурор байхын нэр биш. Хууль зүйн боловсролтой ч өөр ажил хийгээд явж байж болно. Жишээ нь, УИХ-ын зарим гишүүд хууль зүйн боловсролтой ч гэсэн энэ чиглэлээрээ ажиллаж байгаагүй, бизнес, эсхүл улс төрд ажилласан байдаг.
Хамгийн гол нь, Цэцийн гишүүнээр ажиллахад хүний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэнэ, шүүхийн шийдвэрийг дэнслэнэ. Наад зах нь хууль зүйн боловсролтой байх хэрэгтэй биз дээ? Заавал хуульчийг оруулах гэж байна гэсэн шүүмжлэл байгаа. Философийн, сэтгүүлзүйн, сэтгэлзүйн, эдийн засгийн өндөр боловсролтой хүн Цэцийн гишүүн байж болно. Гэхдээ л хууль зүйн боловсролгүйгээр үндсэн хуулийн маргаан тасална гэдэг байж боломгүй санагдаад байгаа юм.
УИХ-ын гишүүдийн зүгээс Үндсэн хуульд тусгаагүй байхад түүнээс дээгүүр болзол тавьж байна гэсэн шүүмжлэл гарсан. Хэлэлцүүлгийн явцад засч янзлаад сайжруулаад явах байх.
-Улс төрийн удирдах албан тушаалд дөрвөн жилийн хугацаанд ажиллаагүй гэсэн заалт харагдсан?
-Сүүлийн дөрвөн жил улс төрийн болон улс төрийн удирдах албан тушаал эрхлээгүй гэж заагласан. Аминдаа улс төрөөс бага зэрэг холдсон байж байгаад Цэц рүү оруулах гэсэн санаа. Бас л Үндсэн хуульд тавьсан шаардлагаас хэтрүүлсэн босго тогтоолоо гэж шүүмжлэл дагуулсан нэг заалт нь энэ. Үндсэн хуулиар тавьсан шалгуурыг доош нь татаж босго тогтоож болохгүй. Гэхдээ шалгуурыг тодорхой болгож байна гэж үзсэн хэрэг л дээ.
Цэцэд улс төрийн өндөр мэргэшилтэй хүн байх ёстой юу гэвэл ёстой. Нэг талаараа улс төрийн байгууллага. Шүүхийн мөртлөө улс төрийн асуудал шийддэг гэдгийг дэлхий даяараа хүлээн зөвшөөрдөг. Ердийн шүүх бол улс төрөөс ямар ч хамааралгүй. Харин Цэцийн үйл ажиллагаа хосолж явдаг. Хэдийгээр шүүхийн байгууллага ч гэсэн статус нь өөр. Тэгэхээр улстөрчийн өндөр мэргэшилтэй гэдэг нь намын даалгавар биелүүлдэг биш, бүхэлдээ улс төрийн зургийг хардаг, төрийн тогтолцоог хэрхэн зөв авч явахын урьдал болгодог нэгэн байх ёстой гэж бодож байгаа.
-ЦЭЦ ҮНДСЭН ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХ ЧУХАЛ ЗЭВСЭГ БОЛЖ ХӨГЖИНӨ-
-Шинэчилсэн найруулгатай хамт Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль яваа байх аа?
-Анх баталснаасаа хойш дорвитой өөрчлөгдөөгүй хуулийн нэг. Тэр хооронд Иргэний, Эрүүгийн, Захиргааны процесс нь хөгжөөд явчихсан. Шударга ёс тогтооход хоёр нөхцөл бүрдэх ёстой. Нэг нь агуулгын шударга ёс. Нөгөөх нь хэлбэрийн буюу процессын шударга ёс. Хоёулаа нийлж байж шударга ёс тогтоно. Тэгэхээр процесс маш чухал.
-Еэвэнгийн хоёр тал гэдэг шиг л юм?
-Аль, аль нь байхгүй бол мэдээж шударга ёс байхгүй. Өөрөөр хэлбэл, процессын шударга ёс нь маш өндөр ач холбогдолтой. Энүүгээр тухайн улс оронд хүний эрх, ардчилал, Үндсэн хуульт ёсны хөгжлийг хэмждэг. Бидний алдаа нь үүнийг орхигдуулж ирсэн.
Харин 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш үүнд аажмаар суралцаж байна. Энэ хугацаанд Эрүүгийн, Иргэн, захиргааны процесс их нарийссан.
Цэцийн процесс тэгж хөгжиж чадаагүй. Тиймээс эдгээр гурван хуулиас харж байгаад алдаа, оноог нь дэнслээд хуулийг шинэчлэн найруулсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий үзэл санааг суурь болгосон.
-Хуулийн үйлчлэлийг гардаж хэрэгжүүлэх Цэц нь өөрөө ямар байр суурьтай байгаа вэ? Ярилцлагын эхэнд “Цэц завтай байна” гэдгийг Та онцолсон. Харин хуулийн шинэчлэлээр тэдний хувьд бараг толгой өндийх ч завгүй болох нь?
-Тасралтгүй ажиллана, завгүй болно. Би өмнө нь Туркийн жишээг дурьдсан, таван жилийн хугацаанд олон мянган өргөдөл, гомдолд дарагдсан. Нэг нэгээр нь хэлэлцэж дуусгах гэж их хугацаа зарцуулсан, мэдээж дуусгасан. Нэг цаана нь гараад, амьсгаа аваад үйл ажиллагаа жигдэрсэн гэж ярьж байсан. Манайх ч бас тийм юм болно. Тэрэнд нь бэлдэж, бэхжүүлнэ. Цэцийн гишүүн болгон нэг судлаач, туслахтай болно. Тусдаа судалгааны хүрээлэнтэй, номын сантай байна. Хэрэг шийдвэрлэх хугацааг нь урт болно.
Гол нь Үндсэн хуулийн Цэц иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах чухал зэвсэг болж хөгжинө. Тэр нь чухал.
-Эцэст нь асуухад эдгээр төслийг дараагийн парламентад үлдээх үнэхээр боломжгүй байсан юм уу? Яаран батлах гэж байгаагийн ард асар том ашиг сонирхол яваа гэсэн хардлага дагуулаад байгаа шүү дээ?
-Дараагийн парламентад үлдээж болно. Гэхдээ дахиад 2-3 жил алдана.
-Ярилцсан Танд баярлалаа.
UZEG.INFO
Зочин
Зочин
Зочин