Ч.Лодойсамбуу: Сүнээтэй хийсэн ярилцлага ярилцлага биш, үзүүлбэр болсон
"Улаан бал” нэвтрүүлгийн сүүлийн хоёр дугаар үзэгчид төдийгүй хэвлэл мэдээллийн салбарынхны дунд хамгийн их шуугиан тарьсан нэвтрүүлэг болов. Түүний ярицлагууд болон сэтгүүлчийн мэргэжлийн тухай бидний яриа...
Шинэ үеийн сэтгүүлчдийн тод оддын нэг, Монголын хамгийн их үзэлттэй “Улаан бал" нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуутай ярилцлаа. "Улаан бал” нэвтрүүлгийн сүүлийн хоёр дугаар үзэгчид төдийгүй хэвлэл мэдээллийн салбарынхны дунд хамгийн их шуугиан тарьсан нэвтрүүлэг болов. Түүний ярилцлагууд болон сэтгүүлчийн мэргэжлийн тухай бидний яриа...
-Ингэхэд “Улаан бал” нэвтрүүлэг таны өмч үү, эсвэл NTV телевизийн бүтээл үү?
-NTV телевизтэй 50:50 хувиар эзэмшдэг. Нэвтрүүлгээ оюуны өмчид бүртгүүлээд, 50 хувиа NTV-д зарж ийшээ орж ирсэн.
-Хэр өндөр үнээр зарсан бэ?
-Чамгүй өндөр үнээр зарсан гэж болно.
-Нэвтрүүлэгт ажиллаж байгаа уран бүтээлчид, техник хэрэгслийн зардлыг хэн нь гаргадаг вэ?
-50 хувийг эзэмшиж байгаагийн хувьд NTV бүх зардлыг гаргадаг. Би хөдөлмөрөө нийлүүлээд ашгийнхаа 50 хувийг авдаг гэсэн үг.
-Өнгөрсөн сонгуулиар хэр орлоготой байв?
-Орлоготой байсан. Ганц “Улаан бал” ч биш. Би өөрөө хувиараа пиарын зөвлөгөө өгөх, бичиг баримт боловсруулах гэх мэт ажлаас чамгүй орлого олсон.
-Нэвтрүүлгийн ханш бол нэлээд өссөн биз?
-Үнээ өсгөөд, нэвтрүүлгийн дугаараа нэмэх саналууд бол их ирсэн. Ярилцлагын бүх нэвтрүүлгүүд тэгсэн шүү дээ. Манайх тэгээгүй. Сурталчилгааны хугацаанд дөрөвхөн дугаар явсан, хуваарийн дагуу долоо хоногт нэг удаа.
-"Улаан бал"-д оролцоход хэр их мөнгө төлдөг вэ?
-Анхнаасаа нэвтрүүлэгтээ ханш тогтоогоогүй. Би өөрөө 50 хувиа зараад ашгаа олчихсон учраас мөнгө олох гэж улайраагүй. Мөнгийг нь төлөөд нэвтрүүлэгт оролцьё гэсэн нэр дэвшигчид олон байсан ч бид тэгээгүй. Зочноо өөрсдөө сонгоод, нэвтрүүлгийн хуваариа бариад л явсан.
-Тэгвэл орлогоо хаанаас олох вэ?
-Нэвтрүүлгийн дундуур явдаг реклам сурталчилгаа үндсэн орлого нь. Сурталчилгааны орлого бол бараг хоёр дахин нэмэгдсэн байх шүү.
-“Улаан бал” гэдэг нэрийг хэн өгсөн юм? Яагаад?
-Би өөрөө өгсөн. Алдааг засах, зөвийг тодотгох гэсэн утгатай. Эхэндээ сэтгүүл зүйн салбар луугаа чиглэсэн агуулгатай байсан юм. 2017 онд ийм нэртэй пэйж нээгээд, сэтгүүлчдээ уриалаад, “Ядаж гарчгаа зөв өгчихдөг байя. Ямар зорилготой юу бичиж байгаагаа ойлгодог болмоор байна” гээд өдөр тутмын сонин, сайтуудынхаа мэдээллийн алдааг засдаг, тэрийгээ пэйждээ оруулдаг байсан юм. Яваандаа энэ алдаа ганц сэтгүүл зүйн салбарт биш, бүх салбарт байдаг юм байна гэдэг утгаар нь ярилцагын нэвтрүүлэг болгоод аваад явсан. Одоо хоёр жил болж байна.
-Уг нь бол нийгмийн алдааг засах зорилготой эхэлсэн юм байна. Сүүл рүүгээ жаахан интертайнмэнт хэлбэртэй болоод явчихсан уу, үгүй юу? Ток шоуны маягтай...
-Тийм байна уу? Янз янз л байх.
-Нэвтрүүлгийн оролцогч юу дуртайгаа ярьдаг, худлаа ч ярьж болдог. Юу ярихаас илүү үзэлт нь гол зорилго болоод явчихсан юм биш үү?
-Хөтлөгчийн зүгээс бол худлаа ярихыг нь зөвшөөрөхгүй байгаа. Худлаа, үнэн ярьсныг дүгнэдэг хүмүүс нь үзэгчид. Заримд нь худлаа санагдаж болно. Зарим хүн үнэн гэж итгэж болно. Сэтгүүлч асуултаа тавьсан. Хариултаа авсан байж болно, аваагүй ч байж болно. Дүгнэлт нь үзэгчид үлддэг учраас янз янзаар харагддаг байх. Зарчмын хувьд асуудлыг тойруулахгүй, бултуулж булзааруулахгүй байх, асуулт тавьсан бол заавал хариултаа авахыг зорилгоо болгодог. Тэр нь зүгээр нэг загатнаа гаргаад өнгөрөх биш, өмнө сонсоогүй, яриагүй гарц, гаргалгаа ярьчих юмсан, хэлүүлчих юмсан гэдэг нэвтрүүлгийн зорилго бол хэвээрээ.
-Зочин улаан цайм худлаа яриад эхлэхээр тэрийг нь сонсоод, дамжуулаад суух биш, “Үгүй тийм биш ээ” гэж хэлэх эрх нь бол байгаа юм байна. Тийм үү?
-Ер нь л тэгдэг шүү дээ. Яг үнэнийг нь мэдэж байгаа тохиолдолд “та болиоч ээ, тэр чинь тийм шүү дээ” гээд шууд хэлдэг. Тэрийг нь бас үзэгчид янз бүрээр хүлээж авдаг байх.
-Тэгвэл судалгаа маш сайн байх хэрэгтэй юм байна?
-Судалгаа хэрэгтэй. Дээр 13 жил сэтгүүлчээр ажилласан туршлага ч бас давуу тал болдог байх. Би сонины сэтгүүлчээс ажлаа эхэлсэн. “Зууны мэдээ” сонинд зургаа аваад, мэдээгээ давхар бичээд явдаг байсан. Тэр үеэс хойшхи мэдээллүүд, тархиндаа хадгалсан архив бас байна. Хэн нь хэн байсан бэ гэдэг гадарлана л даа.
-Манай телевизүүдэд ярилцлагын нэвтрүүлгүүд маш олон болсон. Өрсөлдөөн хэр байна, рейтингийн судалгаа хийсэн үү?
-Өрсөлдөөн байгаа байгаа. Өнгөрсөн жилийн хамгийн олон үзэлттэй ярилцлагын нэвтрүүлэг “Улаан бал” болсон. “Аlexa”, “Маxiма”, дээр нь МҮОНТВ-ээс явуулсан судалгаагаар Монголын хамгийн олон үзэлттэй нэвтрүүлэг “Улаан бал” байна гээд алтан цом хүртэл өгсөн.
-TV Awards-аас уу?
-Тийм ээ.
-Баяр хүргэе!
-Баярлалаа.
-“Улаан бал”-аас өмнө ямар нэвтрүүлэг хөтөлж байсан бэ?
-“Шууд” телевизэд “Гамбир” ток шоуг хөтөлж байсан.
-“Улаан бал” бусад ярилцлагын нэвтрүүлгээс юугаараа өөр вэ? Нэрэндээ байна уу, эсвэл хөтлөгчдөө юу? Агуулгын хувьд бол нэг их ялгарахгүй байх, формат нь ч гэсэн цоо шинэ биш гэж бодож байна?
-Агуулгын хувьд ялгаатай гэж баталгаатай хэлж чадна. “Гамбир” ток шоуг хөтөлдөг байхад нэвтрүүлгийн зорилго нь ирсэн хүнээ л шахах байсан. Одоо бол илүү агуулгатай байхыг хичээдэг. Үйл явдлыг тойроод гүйгээд байх биш, учир шалтгааныг нь яриад, яаж засч залруулах вэ, ямар шийдэл байж болох вэ? гэх мэтчилэн. Зочноо ганцааранг нь яриулаад байх биш, тэр хүнийг нээгээд орхих биш, харилцан ярилцах, харилцаа үүсгэхийг гол зорилго болгодог.
Манайхан ихэвчлэн асуулт асуугаад, хариулт авахыг л сэтгүүлчийн ажил гэж үздэг, тэрийгээ ярилцлагын школ гээд бодчихсон болохоос биш яг ч ярилцлагын школ биш л дээ. Үзэгчдэд мэдээлэл өгөхөөс гадна харилцаа үүсгэх ёстой.
-“Улаан бал”-д хүмүүс оролцох, үзэх дуртай байдаг нь тэр амьд харилцаанд байдаг гэсэн үг үү?
-Тийм байх. Маш олон зочин надад хэлж байсан. Чиний ярилцлагад оролцох кайфтай байлаа гэж. Ерөнхий сайд байсан хүмүүс, улс төр, бизнесийн хүмүүс ч хэлж байсан. “Сэтгүүлчидтэй ярилцах хэцүү байдаг. Ярьж байгаа асуудлаа ойлгоогүй байдаг. Хэдэн асуулт бичээд ирчихсэн, тэрийгээ асуугаад дуусчихдаг. Агуулгаа бүрэн гаргаж, амьд харилцаа үүсгэж чаддаггүй” гэж хэлдэг л дээ.
-Сүүлийн хоёр дугаар чинь үзэхэд их сонирхолтой байсан. Сүнээ, бас Ц.Элбэгдоржтой дугаар. Сүнээгийн ярилцлага бол жинхэнэ шоу талдаа болчихсон байх аа. Үзүүлэх нь гол нь байснаас хариулт авах, мэдээлэл өгөх нь зорилго биш байх. Тийм үү?
-Яг үнэн. Угаасаа зорилго нь тийм. Зүгээр л хүмүүст харуулахыг хүссэн. Манай нийгмийн байж байгаа царай тэр, манай төрийн байж байгаа царай тэр, дарга нарын маань царай тэр, хүмүүс хэнийг үздэг, юуг сонирхдог вэ гэдгийг ч бас бодитоор нь харуулах байсан. Толь тавьчихсан л гэсэн үг.
Сүнээгийн ярилцлага бол ток шоу биш, үзүүлбэр болсон байхгүй юу. Энэ ярилцлагаас хүмүүс юу ч ойлгоогүй. Ойлгох ч шаардлага байхгүй. Хүмүүсийн нэхэж байсан ганц зүйл нь “Сүнээ хэнтэй унтсан юм бэ” л гэдэг байсан шүү дээ. Тэр асуултынхаа хариултыг ч олж чадаагүй. Тэрэндээ шаналаад л байж байг. Болж гэж бодож байгаа /инээв/.
-Ярилцлага цацагдсаны дараа нь “Эрүүл бус хүмүүсийг зурагтаар гаргаад, тэрийгээ тойрч шуугиад” гэдэг шүүмжлэл бас гарсан л даа?
-Надад бол тэр эмэгтэй өвчтэй санагдаагүй. “Айхтар” гэж нэг монгол үг байдаг даа. “Айхавтар” гэж ярьдаг. Тийм л санагдсан...
-Яаж ч мэдэхээр гэсэн үг үү?
-Тийм. Түүнээс биш сэтгэцийн өвчтэй энэ тэр бол биш байх. Тэр хүн дээр ирж байсан янз бүрийн дарамт, заналхийлэл үнэн байсныг цагдаа нотолсон. Сэтгэцийн өвчтэй хүн дарамтлаад байна гэсэн нь үнэн байсан. Байнга нэг хүн утсаар яриад, ажил дээр нь очоод, зодож нүдээд, дарамтлаад байхад ямар ч хүн эрүүл сэтгэлзүйгээр хандана гэдэг хэцүү.
-Гэхдээ та өөрөө яагаад тэр эмэгтэй үнэхээр тэнд ажиллаж байсан эсэхийг шалгаж тодруулаагүй юм бэ?
-Тэр эмэгтэй өөрөө "би ажиллаж байсан" гэж хэлсэн. Тэрнээс илүү ямар баримт надад хэрэгтэй юм бэ. Албан ёсоор тушаал гаргаад ажиллуулсан эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ л холбоотой байсан. Төрийн ордонд байнга байдаг, сэтгүүлчдийн нүдэнд харагдаад явж байдаг. Тэрийг нь парламентын бүх сэтгүүлчид мэддэг. Үүн дээр Хэвлэлийн албаны залуучууд жонгинох ямар ч шаардлага байхгүй.
-Энэ эмэгтэйг ашиглах нь ашиглачихсан л юм байна л гэдэг дүгнэлтэд хүрсэн л дээ...
-Ямар нэг харилцаа байсан. Ямар нэг үүрэг даалгавар өгсөн л байна шүү дээ. Тэр үүргийнхээ дагуу ажилласан байна. Тэр хооронд нь ямар харилцаа үүссэнийг би мэдэхгүй, тэр нь бол надад сонин биш. Гол нь манайхан, манай төрийнхөн ямар хүнийг ажилд аваад, юу болоод, дараа нь яадаг ийдэг гэдгийг л тэр хүн хэллээ. Хүн дарамтлаад байсан нь үнэн л байна шүү дээ, өнгөрсөн 6-7 сар шийдэхгүй яваад байсан нь үнэн байна. Тэгээд сая цагдаа нь сандраад, хэрэгтнийг барьж хорьж байна шүү дээ. Ийм зүйл Монголд хаа сайгүй байгаа.
Гэхдээ хүлээн зөвшөөрч болохгүй ганц зүйл байна. Тэр эмэгтэй тэнэг байж болно, муу байж болно. Тэрийг хуулийн аргаар шийддэг болохоос сэтгэцийн өвчтэй нэг нөхөр очоод дарамтлаад байж болохгүй. Өнөөдөр бид үүнийг “хох нь, өөрөөсөө боллоо” гэж хэлэх л юм бол хэзээ нэгэн цагт бидэн дээр сэтгэцийн өвчтэй новшнууд хутга бариад ирнэ. Тэгэхээр энэ бол бусдын асуудал биш. Угаасаа нийгэмд “бусдын асуудал” гэж байдаггүй.
-Ярилцлагаа яагаад гэнэтхэн дуусгачихсан юм бэ?
-Өөрийг нь бодсон. Батлагдаагүй, нотлогдоогүй мэдээллийг олон нийтэд цацаж болдоггүй. Юм ярих гэж байгаа бол тэр нь баталгаатай нотолгоотой байх ёстой. Тийм учраас буруу зөрүү ярьчих вий, өөрийнх нь аюулгүй байдлыг бодоод ярилцлагаа цааш нь үргэлжлүүлээгүй.
-Гэхдээ яагаад Сүнээтэй ярилцлага хийсэн юм бэ? Өөрөө хүсэлт тавьсан юм уу?
-Би өөрөө нэлээн дээрээс урьсан юм. Өнгөрсөн зун хүнд хутгалуулчихлаа гээд бөөн шуугиан болсон. Тэр үеэс нь би холбогдоод “Хоёлаа нэг уулзана шүү” гэсэн. “Би ярихаасаа айгаад байна аа” гэж явсаар байгаад, би гуйсаар байгаад оруулсан. Энэ ярилцлагаас нэг л үр дүн гарсан. Одоо Сүнээ “намайг дарамталлаа” гэхэд бүгд анхаарлаа хандуулж байна шүү дээ. Энэ л үр дүн. Түүнээс биш хэнтэй унтсан, яасан ийсэн хамаагүй. Хүний нийгэм юм болохоор хэн нь хэнтэйгээ яасан ийсэн, хэрхэн өөрчлөгдөж байгаад хүмүүс угаасаа л анхаарал хандуулдаг. Ямар ч мундаг оюун санааны хөгжилд очсон тэрийг анхаардаг. Анхаарлаа хандуулахдаа бие биедээ халдахгүй, доромжлохгүй байхыг л ухамсар гээд байгаа юм л даа. Бид ч гэсэн тийм болох шаардлагатай. Энэ л ярилцлагын зорилго байсан.
-Сүнээгийн ярилцлагыг хэдэн хүн үзсэн бэ?
-Шууд ярилцлагыг нь 27 мянган хүн фэйсбүүк лайваар үзсэн.
-Ц.Элбэгдоржийг?
-20 мянга. Дуучин Дэлгэрмөрөнг 24 мянган хүн үзсэн. Элбэгдорж гуай бол яах вэ, хэзээний л Элбэгдорж шүү дээ. Сүнээгийн хувьд хүн болгоны сонирхдог биологийн асуудалтай нь холбоотой учраас сонирхож үзэж байхгүй юу. Хүн угаасаа тийм л амьтан, тэр нь ч буруу биш. Сонирхохдоо харин тэр хүнийг хохироож болохгүй, дуугүй сонирх оо л гэсэн үг.
-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хувьд та ярилцлагын зорилгодоо хүрсэн үү? Хангалттай хариулт авч чадсан уу?
-Зарим тал дээр авсан, зарим тал дээр үгүй. Та өөрөө олон жил хүнтэй ярилцаж байгаа хүн мэднэ. Зарим ярилцагч нар заавал малтуулж, ухуулж, барьц авахуулж байж ярьдаг. Зарим нь барьц өгөхгүй өөрөө дайрч гүйгээд бүдрээд уначих ч тохиолдол байдаг. Хамаа замбараагүй тойрч гүйж байгаад өөрөө хариултаа өгчихдөг ч хүн бий. Сая Элбэгээ Ерөнхийлөгчийн ярилцлаганд тийм алдаанууд маш их гарсан. Хүмүүс ч харсан л байна лээ. Тэр болгонд нь очиж наалдаад, үгэн зодоон хийгээд байх шаардлагагүй. Хүмүүс угаасаа тусгаад авчихаж байгаа юм чинь.
-Сүнээгийн хувьд ойлгож байна л даа. Эмэгтэй хүн, залуу хүн, дээр нь ярьж байгаа сэдэв жаахан эмзэг ч гэх үү. Тийм учраас аяыг нь дагуулаад байсан байх. Ц.Элбэгдорж дээр харин жаахан зөөлдчихсөн харагдсан. Уг хүнийг нь хүндэлдэг учраас уу? Эсвэл улсын Ерөнхийлөгч байсан хүнээс жийрхэх тал байна уу?
-Хүндлэхийн хувьд хүндэлнэ, угаасаа. Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдчихсон, улс төрийн хүнд хэцүү цагуудад ажилласан лидер гэдэг утгаар нь. Дээр нь өөрөө сэтгүүлч мэргэжилтэй. Муу Ерөнхийлөгч бол байгаагүй шүү дээ. Үүнийг манайхан ичиж зовохгүй хэлэх хэрэгтэй. Ц.Элбэгдоржийг "мундаг" гэдэг байсан хүмүүс одоо бүгд хэлэхээсээ айдаг, ичдэг болчихож. Хүмүүс дургүй болоод ирэхээр. Үүнийг үзэл санаа гэдэггүй юм л даа.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед Монгол Улсын гадаад харилцаа, хууль, шүүх, иргэний нийгмийн асуудлууд жигд урагшлаад явж байсан. Нөгөө талаар дутагдалтай, үл хүндэлмээр чанарууд ч бас бий. Шударга бусын хонгил гэж нэрлээд байгаа зүйлд энэ хүний оролцоо байгаа гэж харддаг, он цаг, нотолгоо баримттай юмнууд нь байдаг. Тэрийгээ бол асуусан.
-Нөгөө хүн бол үгүйсгэсээр байгаад гараад явчихсан?
-Үгүйсгэх явцдаа хариултаа өгчихсөн. Тэрийг нь үзэгчдийн анхааралд оруулж чадаагүй миний буруу байх л даа. “Одоо байгаа хуулин дээрээ л амьдрана шүү дээ” гээд хэлчихсэн. Тэр чинь бүх хариулт байхгүй юу. Тийм хууль нь байна, хуулийн боломж нь байна гэсэн үг. Хэтэрхий их ярьсан учраас үзэгчид дундаас нь залхаад заримдаа хариултыг нь олж хараагүй байх. Тэрийг нь би өөрөө поинтолж, хүмүүст зааж өгөөгүй дээрээ алдсан байж магадгүй. Түүнээс биш хариултаа өгөөд яваад байсан. Олон үгэнд нь хүмүүс төөрчихсөн. Төөрүүлэхдээ ч их сайн л юм байна лээ.
-Нэг тийм тоомжиргүй, халгиж цалгисан яриатай орж ирсэн. Урьдчилаад бэлтчихсэн юм шиг огт бодохгүй ярьж байна лээ?
-Анх студид орж ирэхдээ л тийм байсан. Рингэнд гарч байгаа тамирчин нэг агсалзаад орж ирдэг дээ. “Анхнаас нь...” гэсэн нэг тийм хандлага. Нэвтрүүлэг эхлэхээс аваад тийм байсан. “За алив, хурдал” энэ тэр гээд. Тэр нь өөрийнх нь арга барил байх л даа. Би бол өөрийнхөө арга барилаар л явсан.
-Ярилцагчаа хэр удаан хүлээсэн бэ?
-Жил зургаан сар хүлээсэн. Сүүлдээ Амараагийн шоунд орох гэж байгаа гэдгийг “тагнуулын” мэдээгээр дуулаад /инээгээд/ явж очоод амыг нь авсан даа.
-Ярилцлагын шинэ нэвтрүүлэг гарч ирээд 1-2 жил эрчтэй яваад цаашаа хүмүүс уйдах тийшээ болчихдог. “Цензургүй яриа” харин нэлээд олон жил явсан. Гэвч “Улаан бал”-аас хойш бас чимээгүй болчихлоо. Тэгэхээр манайд ярилцлагын нэг л “од” хангалттай юм аа даа?
-Мөнхбаясгалан сэтгүүлчийг би үнэлдэг. Ярилцлагын нэвтрүүлэгт тэгж шууд асуудаг, баримт гаргаад үнэлээд, тулгаад явдаг жанрууд удаан амьдрахад хэцүү. Эрх баригчид дургүй байдаг. Энэ хүнд ажлыг 10 жил аваад явна гэдэг бол Мөнхбаясгалан сэтгүүлчийн чадвар, өөрийнх нь нэр нөлөө. Би түүнийг нь үнэлдэг.
-Л.Мөнхбаясгалан бол баримт гаргаж ирээд хариулт нэхдэг. Чи болохоор баримтыг өөрөөрөө дамжуулаад ярьчихдаг. Тэр нь зарим хүн таалах, таалахгүй, үнэмших, үнэмшихгүйн ялгаа байдаг байх л даа?
-Мөнхбаясгалан сэтгүүлч бол үйл явдлаа хөөдөг, фактын араас явдаг. Би бол үйл явдал хөөх дургүй. Баримт бол болоод өнгөрчихсөн зүйл. Дараа нь тийм зүйл болохгүй байхын тулд яах вэ, шалтгаан нь юунд байсан бэ? гэдгийг л би эрэлхийлдэг. Нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүс тэрийг нь олж хараад, анхаарлаа хандуулдаг, шаарддаг болж байж бидний хийгээд байгаа сэтгүүлзүй үр дүнд хүрнэ. Гарсан батга болгоныг шахаад байвал цус цэвэршихгүй шүү дээ. Хатги бол хатги, батга бол батга. Шалтгаан нь цусанд байна. Тиймээс цусыг сольдог, эмчилдэг. Учир шалтгаан, уг үндэс рүү нь явья гэдэг нь “Улаан бал”-ын онцлог.
Зөвхөн үр дүнг л яриад байвал чи ч гэсэн чадна. Хуулийн байгууллага дээр байгаа мэдээллүүд, шилэн данс, ХОМ, шүүхийн шийдвэрүүд гээд нээлттэй байгаа бүх мэдээллийг он цаг, дарааллаар нь гаргаж ирээд задлаад “Чи тэгж байсан, ингэж байсан” гээд яривал бараг одоо хийж байгаагаасаа илүү амар. Гэвч тэрийг мэдлээ гээд бид яах юм, жигшээд л өнгөрнө. Нөхцөл нь хэвээрээ л үлдэнэ. Тиймээс сэтгүүлч нь өөрөө судалдаг байя, ядаж улс төрийнхөө системийг, эдийн засгийнхаа нөхцөл байдлыг 100 хувь мэддэггүй юмаа гэхэд үндсэн агуулгатай, зах зухтай байя. Гаргалгаа ярьдаг байя л гэж байгаа юм.
-Ц.Элбэгдоржийн ярилцлагаас ямар гаргалгаа олсон бэ?
-Хуулийнхаа шинэчлэлийг хийе гэж байна. ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нөхдүүдийг сольдог барьдгаа больчих гэж байна. Өргөсүүдийг нь бол хэлээд л байна лээ. Нэг зүйл дээр гаргалгаа хэлэх гээд хэлж чадаагүй. Шүүгчийг хэн томилох ёстой юм бэ? гэдэг дээр жишээ нь гаргалгаа гаргаж чадаагүй. Насаар нь томилж болдог гэх мэт арга, хэлбэрүүд бол ярьсан л даа.
-Надад бол тэр хүнээс ямар нэг шийдэл, гаргалгаа харагдаагүй. Асуудлыг өөрөөсөө холдуулаад байгаа нь л илүү тод харагдсан?
-Өөрөөсөө холдуулаад байсан. Тэр нь ч гэсэн хүмүүст өгч байгаа мэдээлэл. Зугтаад байна даа гэдгийг нь та харчихсан л байна шүү дээ.
-Тийм тохиолдолд буцаагаад эхний цэг дээрээ авчирах хэцүү биз?
-Хэцүү. Бүр мартуулаад байгаа юм чинь. Асуулт асуухаар “за байж бай, би нэг юм ярьчихья” гээд өөр юм яриад эхэлдэг. Гурав, дөрвөн удаа буцааж татаж оруулж ирсэн. Гэхдээ тойруулж байх явцдаа бас үг алдаад л байгаа юм л даа.
-Улс төр хийж яваа хүний хувьд улс төрийн алдаатай шийдвэрүүдээ хүлээн зөвшөөрөх хүнд байж магадгүй. Гэхдээ өмч хөрөнгийнхөө асуудал дээр хариулт хэлж чадахгүй уначихаар л би гайхсан. Энэ хүн ямар зорилготой “Улаан бал”-д орж ирсэн юм бэ? гэж...
-Хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй гараад явчихсан гэдэг чинь өөрөө мэдээлэл. Би асуултаа тавьсан, зорилгодоо хүрчихсэн л гэсэн үг.
-Өөр хүнийг бол ингээд өнгөрөөх байсан болов уу? Арай л зөөлдчихсөн үү?
-Хүмүүс бас тэгж шүүмжлээд байна лээ. Миний зөөлөн, хатууд биш. Хүн энэ ярилцлагаас юу авч байгаа вэ гэдгийг би бол төсөөлөөд л сууж байгаа шүү дээ. Тэр хүн өөрийгөө “аргалаад гараад явчихлаа” гэж бодож байж магадгүй. Гэтэл үзэж байгаа хүмүүс дүгнэлтээ хийчихэж байна. Намайг аргалах яах вэ, хүмүүст яаж харагдаж байгаа гэдгээ тооцдоггүй. Хүмүүс юу харж байгаа вэ гэдгийг би бол төсөөлөөд л сууж байгаа шүү дээ.
-Инээд нь хүрээд л сууж байсан уу?
-Ер нь тийм шүү дээ. Би жишээ нь заримдаа ярилцлагын дундуур уурласан дүр үзүүлдэг. Баярмагнай генерал, Молор-Эрдэнэ доктор, “Буян” Жагаа эд нар дээр тэгсэн. Нөгөө хүмүүсийн хариу үйлдэл, хувирал яах нь гэдгийг л үзэгчдийн өмнө аваачиж өгч байгаа юм л даа. Ярилцлагын зорилго нь угаасаа ярилцаж байгаа хүнээ нээх. Дуу, дүрсний давуу тал нь тэр. Тэрийг хүмүүс авчихвал болчихож байгаа юм. "Энэ нөхөр ингээд худлаа ярьчихлаа шүү", "Энэ нь зөв юм байна шүү" ч гэдэг юм уу. Тэрийгээ л авч байвал миний ажлын үр дүн. Түүнээс биш “ёстой сайхан хэрэлдэж байна даа”, “ямар гоё бултдаг юм бэ” гэх төдий түр зуурын сэтгэл хөдлөл бол миний зорилго биш. Интертайнмэнт үзүүлэх гээгүй л байхгүй юу.
-Шийдэл хайх, гаргалгаа олох гэдэг ч бас хэцүү ажил юм даа. Ярилцлагынхаа зочноос их юм шалтгаалдаг байх даа?
-Бардам хэлэх нэг юм бий. Сүнээгээс бусад бүх ярилцлагууд дээр шийдэл яригдаж байсан. Одоо цаашдаа яах вэ? гэдэг зүйл.
-Гэхдээ таны зочид маргаашийн тухай гэхээсээ илүү өнгөрсөнтэй хүмүүс орж ирээд, өнгөрснөө илүү ярих гээд байдаг. Ялангуяа улстөрчдийн тухайд...
-Маргаашийн тухай үгийг нь сонсох шаардлагатай хүмүүс бас байна. Улсыг толгойлж, удирдаж байсан хүмүүс, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар, УИХ-ын гишүүд. Муу ч, сайн ч төрийн толгойд байсан учраас асуудлаа хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Хэлж болохгүй л байгаа болохоос биш. Маргааш бид хаачих гэж байна вэ? гэдгийг тэд бас харж байгаа. Өшиглөнө, цаазлана гэхийн өмнө “одоо яах вэ” гэдгийг нь асуудаг, хэлүүлж чаддаг байх хэрэгтэй.
Үзэж байгаа бүх хүн “цаазал, дүүжил” биш шүү дээ. 20 мянган хүн үзэж байхад идэвхитэй коммент бичиж байгаа хүн нь мянга хүрэхгүй. Үлдсэн 19 мянга нь дуугүй л үзэж байдаг. Бусниулагчид нь коммент бичээд, хэрүүл хийгээд, бусад нь дуугүй л үзэж суудаг. Тэд жинхэнэ үзэгчид. Тийм учраас бусниулагчдын бичиж байгаа комментод автаад хөөрөөд, эсвэл бухимдаад явчихаж болохгүй. Хэнд зориулж байгаа вэ, хэн үзэж байгаа вэ? гэдгээ аягүй эрүүлээр харах мэдрэмжийг нэвтрүүлгийн хөтлөгч, продюссерээс шаарддаг. Ямар ч байсан орсон зочдоосоо хийсэн ажил, хийж байгаа ажил, хийх ёстой зүйлийг нь асуудаг. Хүнийг илэрхийлдэг гурван л зүйл байдаг. Өнгөрсөн, одоо, ирээдүй.
-Хэний ч танил биш, нийгэмд “од” биш, гэхдээ салбартаа аймаар мундаг хүнийг авчираад "жинхэнэ шийдэл чинь энэ" гээд үзүүлбэл “Улаан балыг” үзэх болов уу?
-Хэдэн хүн үзэх нь хамаагүй, ямар ч байсан үзүүлнэ. 20-30 мянгаараа биш гэхэд 2-3 мянга нь үзнэ. Тэр чинь нэвтрүүлгийн ялгарах ялгаа. Олны танил биш олон хүн манай зочноор орсон. Хөх хотын консул Мөнх-Эрдэнэ гэж нөхөр машины наймаа энэ тэрд холбогдоод соошлаар яваад л байсан. Манай нэвтрүүлэгт орсноос нь хойш бүх хүн л таньдаг болсон шүү дээ.
-Зочноо урихдаа соошл дээр илүү тандалт явуулаад байдаг юм биш үү? Хэн тэнд илүү үзэлттэй байна гэдэг ч юм уу?
-Зочноо урихдаа ганц л зарчмыг тавьдаг. Яг одоо өрнөж байгаа үйл явдлын шалтгаан, өрнөл, тайллыг нийгэмд үзүүлчих боломжтой гэж харсан хүнээ л урьдаг. Зөвхөн үйл явдлын гэрчүүдийг уриад байна уу гэвэл бас үгүй шүү дээ. Зорилгоо л хараад байгаа юм л даа.
УИХ-ын сонгуулиар жишээ нь, нэр дэвшигдийн мөнгийг нь аваад л ярилцаад байвал бас болно. Гэхдээ тэгээгүй. Улс төрийн тодорхой фигурууд байдаг даа. Х.Нямбаатар гишүүн жишээ нь сонгуулийн дараа яах вэ гэдэг нь тодорхой л байсан. Гуйсаар байгаад сонгуулийн өмнө авчираад хуулийн шинэчлэлийн тухай яриулсан. Хуулийн тухай хэр мэдлэгтэй юм, хуулийн хүн мөн юм уу, биш үү гэдгийг нь тандах л зорилго байсан.
-Тэгээд мэдлэгтэй харагдсан уу?
-Мэдлэгтэй, мэдлэггүйг нь үзсэн хүмүүс нь хэлэх байх. Надад бол нэг их таатай санагдаагүй. “Яасан гоё юм бэ” л гэж лав бодогдоогүй. Тэр нь одоо хийж байгаа ажлаараа харагдаж л байна. Хуулийн дагуу нуудаг мэдээллээрээ өөрсдөө хэвлэлийн хурал хийж попроод л. Өөрсдөө хуулиа хүндлэхгүй, хуулийнхаа үзэл санааг мэдэхгүй хүмүүс яаж энэ салбарын толгойд байх юм бэ. Улс төр юм болохоор болдог л юм байна.
-Эсрэгээрээ ярилцахад таатай байсан, эсвэл их сайн болсон ярилцлага, ярилцлагч гэвэл?
-Олон л байгаа. Нэвтрүүлгийнхээ үр өгөөжийг би олон талаас нь авч үздэг. Хүмүүс хууртагдаж байснаа мэдэх, буруу ойлголтоо зөв болгох, эсвэл эргэлзэж байсан зүйлдээ хариулт авах гэх мэтээр үр дүнгийн хувьд олон янз. Огт үр дүнгүй болсон тохиолдол тийм олон биш байх аа.
С.Жавхлан гишүүнийг жишээ нь хууль санаачилтал нь яриуллаа. Дараа нь “хууль санаачиллаа, дэмжээрэй” гээд фэйсбүүктээ постлоод, таагласан байсан. Ярилцлагын дараа тойргийнх нь сонгогчид ч гэсэн дүгнэлт хийсэн байх гэж бодож байна. Молор-Эрдэнэ доктортой хийсэн ярилцлага бас их өгөөжтэй болсон гэж боддог.
-"УИХ-ын гишүүн ийм байдаг юм уу?" гэж ирээд загнасан. Тэгж загнуулсан хүн ярилцлагын дараа ямархуу сэтгэгдэлтэй гардаг бол?
-Нэвтрүүлгийн дараа С.Жавхлан гишүүнтэй бараг хоёр цаг ярьж суусан. Надад “баярлалаа” гэж хэлсэн. “Ийм сэтгүүл зүй, сэтгүүлч байгаад баярлаж байна. Турсгаа хуулуулаад гарлаа шүү, ах нь. Гэхдээ муу санахгүй ээ, нэг ч монтаж хий, хас гэхгүй. Ах, дүү болох шаардлагагүй, гэхдээ чамайг байнга дэмжинэ” гээд явсан. Өөрөө бас их шударга хүн байна лээ л дээ.
-Тэгвэл тэр хамгийн сайн ярилцлага болсон байх. Үнэнээ хүлээн зөвшөөрнө, зөвшөөрүүлнэ гэдэг "Улаан бал"-ын утга учир биз дээ?
-Би бол миний хийсэн ярилцлагаас хүмүүс мэдээлэл авсан байхыг л хүсдэг. “Буян”-гийн Жагаа бас ярилцлагын дараа надтай цаг гаруй ярьсан. Ярилцлагын үеэр хэлж чадахгүй байсан зүйлүүдээ ярилцлагын дараа ярьсан. “Би ингээд хэлчихвэл яаж намайг хүмүүс сонгуульд дэмжих юм бэ" гэдэг. Сайн байна, гоё байлаа. Дараагийн удаа жинхэнэ эдийн засаг, худалдаа наймаагаа ярья гээд явсан. Н.Алтанхуяг сайдтай хийсэн ярилцлага бас сайн болсон гэж би хувьдаа боддог.
-Ярилцлагадаа монтаж хийдэг үү?
-Үгүй. Анхнаасаа зочинтойгоо “Ямар ч монтаж байхгүй шүү” гээд тохирдог.
-Манай зарим сэтгүүлчдийн зүгээс “Улаан бал” бол сэтгүүл зүй биш. Ёс суртахуунгүй, гоо зүйгүй, мэргэжлийн биш гэх мэтээр шүүмжлэх тохиолдол байдаг. Ингэхэд сэтгүүл зүй ямар байх ёстой вэ, таныхаар?
-Маш олон сэтгүүлчид тэгж дүгнэж байна. Олон гэдэг маань хоёроос дээш тоо. Маш олон гэвэл ядаж таваас дээш болох нь, тийм ээ. Судлаачид хэлж байна, манай ахмад үеийнхэн хэлж байна. Сүүлд Пунсаа гэж судлаач “Сэтгүүлч хүн өөрийнхөө “би”-г авч хаях ёстой, ёс зүйгүй байна, шар сэтгүүл зүй үнэртэж байна" гэх мэтээр фэйсбүүкдээ пост бичсэн, зарим нь тэрийг нь хуваалцсан ч байсан.
-Гомдолтой санагдсан уу?
-Надад эмгэнэлтэй санагддаг ганц л юм байдаг. Манай үеийнхэн, өдөр тутам, идэвхитэй гүйж байгаа залуу сэтгүүлчид маань танай үеийнхэн буюу бидний дээд үеийнхнийг бодвол уншихаа больсон, бичихээ больсон. Уншдаггүй учраас илэрхийлж чадахаа больсон. Зүйрлэл, доромжлол хоёроо ялгахаа больсон. Илэрхийлж чадахгүй байгаа учраас зүйрлэх гэж байна гээд доромжлоод, гүтгээд байгаа учраас цагдаа, сэргийлэх дээр очоод унадаг. Шүүх, цагдаа нь ялгаагүй, яг бид нарын бичсэнийг уншдаг хүмүүс байгаа учраас юм болгоныг гүтгэлэг, доромжлол гэж хардаг.
Саяхан “Өдрийн сонин”-д хотын дарга асан С.Амарсайханы тухай "Туул голын эрэг дээр овоолсон шороо, босгосон шилээ бүтээн байгуулалт гэх үү?” гэж бичсэн. Уг нь бол адилтгасан байхгүй юу. Гэтэл С.Амарсайханы тал “доромжиллоо” гээд шүүхэд өгсөн. Хэвлэлийн зөвлөл оролцоогүй бол шүүх ч гэсэн “Энэ бол овоолсон чулуу, босгосон шил биш, байшин байна” гэж хэлээд арга хэмжээ авахаар байсан.
Манай дээд үеийнхэн, Д.Болдхуяг эрхлэгч, “Үндэсний шуудан”-гийн Г.Отгонбаяр ах, Л.Мөнхбаясгалан сэтгүүлч, Б.Ганчимэг эгч байна. Бид тэднийг л харж өссөн. Тэд уншдаг, судалдаг, системээ ойлгодог байсан бичсэн нийтлэл болгон нь төрийн шийдвэрт нөлөөлдөг байсан. “Ард түмний мөнгийг хэмнэе” гэж бичээд гаргахад маргааш нь нэг улстөрч өлгөж аваад, ажил болгоод явдаг байсан. “Нийтлэлийн мөрөөр” гэдэг чинь ямар том жинтэй байв. Одоо тийм зүйл байхгүй.
-Одоо гэтэл ямар байна?
-Одоо бидний бичсэнийг улстөрчид нь харах байтугай жигшиж байна шүү дээ. Үзэгчид нь жигшиж байна. Ингэтлээ бид доройтчихсон учраас хар, шараа ч ялгахаа байсан. Зорилгоо харахаа байсан. Зүгээр л өнөө маргаашаа хардаг, түрүүлж мэдээлэх, олон лайктай байхыг л хүсдэг. Хэл гэдэг чинь сэтгэлгээ шүү дээ. Энэ сэтгэлгээг авч явах тал дээрээ бид унаж байна. Манай сэтгүүлчид нийтээрээ уншихаа больсон, бичдэг сэтгүүлч байхгүй болсон. Та нарын үеийнхэн бол өөрсдийн сайт, блог дээрээ л бичиж байна. Тэрийг нь уншдаг хэд нь л уншиж байна. Гэтэл сэтгүүлч биш хүмүүс нэвтрүүлэг бэлтгээд хүмүүст хүргэж чадаж байна. Сэтгүүлч биш хүмүүс бичиж, нийтэлж, хүмүүст мэдлэг, мэдээлэл түгээж байна. Сэтгүүлчид нь харин юу ч хийхгүй байна.
-25-р суваг телевизээр анх “Дуусдаггүй яриа” гарахад л бодож байсан л даа. Улстөрчид өөрсдөө нэвтрүүлгээ хөтөлсөн. Тэгээд улс төрийн ашиг сонирхол нь гүйцэлдээд нэвтрүүлэг зогссон. Хэрвээ сэтгүүлчид өөрсдөө хөтөлсөн бол илүү урт настай, үр дүнтэй байсан байх даа гэж боддог...
-З.Алтай захирлыг би ойлгож байна. Сэтгүүлчээр хөтлүүлье гэхээр хөтөлж чадах хүн байгаагүй л байх. Тэдэнтэй хамт суугаад, зэрэгцээд ярьчих хүн байхгүй л байсан байх. Энэ л миний хамгийн их цухалдаж, бухимдаж явдаг зүйл. Системээ эхлээд ойлго, гаргалгаа хай, тэрийгээ хүмүүст хүргэ, арга хэлбэрээ ол. Тийм л зүйл манай сэтгүүл зүйд хэрэгтэй. Хүн юунд дурлаж, юу сонирхож байна, түүнийг нь үзүүл. Шүд унахаар өөхөнд боогоод нохойд өгдөг биз дээ. Тэрэнтэй л адил. Хүн нэг зүйлд дуртай л байгаа. Өнгө, хэлбэр, дуу, дүрсэнд дуртай бол түүгээр нь дамжуулаад мэдээллийг өгөх ёстой. Өгч байгаа мэдээлэл чинь л чухал болохоос хэлбэр бол түүнийг зөөгч л байхгүй юу. Бүгдэд нь боломж байгаа.
Манайхан “Либерти Амараа” гэж нэрлэдэг “Comedy Lab”-ын Амараа жишээ нь сэтгүүлч биш. Гэхдээ л маш тодорхой мессежийг маш хөнгөн аргаар хүнд өгч чадаж байна. Гэтэл манай сэтгүүлчид “ёс зүй” яриад, хуучны ухуулгын сэтгүүлзүйгээс авч үлдсэн “эвтэйхан байх” гэдэг гэдэг юмаа шүтээд, тэрэндээ тээглэж унаад байна л даа.
-Зөв харагдах гээд үү?
-Хуучин тийм л байсан шүү дээ. Дарга нарт таалагдаж, бүх шалгуурт нь тэнцэж байж сэтгүүлч болдог байсан. Дуу хоолой, өнгө төрх, бүх юм эвтэйхэн л байх ёстой. Гоо зүй талаасаа. Тэгээд дарга нарын “хүргэх ёстой” гэсэн юмыг л гоё хүргэх ёстой. Тэр үеэс авч үлдсэн юмаа туйлын үнэн гэж үзээд, тэрийгээ зарчим болгочихоод, тэрнээс нь өөр харагдсан хүнийг “энэ сэтгүүл зүй бишээ” гэж хэлээд, өөрсдөө түүн дотроо живээд дуусах гэж байна л даа.
Гэтэл манайх шиг 30-хан жилийн түүхтэй, оюуны дархлаа сууж амжаагүй шинэ систем дотор сэтгүүл зүй зүгээр нэг дамжуулагч байж болдоггүй. Америкийн ардчилал гэхэд 300 жилийн настай. Дор хаяж 300 жилийн оюуны дархлаатай болчихсон ард түмэн мэдээллийг өөрсдийнхөө шүүлтүүрээр шүүгээд, тунгаагаад хүлээгээд авчихдаг. Тийм учраас тэдний сэтгүүлзүй зөвхөн дамжуулдаг. Манайд бол сэтгүүл зүй нь чиглүүлэх шаардлагатай. Соён гэгээрүүлэх гээд нэрлэчихсэн. Тэр үүргээ бүрмөсөн хаячихсан. Тийм учраас эхлээд “сэтгүүлзүй, сэтгүүлчид маань жаахан хэрсүү больё оо” гээд байгаа. Сэтгүүлзүй нь хэрсүү байж нийгмээрээ хэрсүү болно.
-Хэрсүү болоход дахиад жаахан хугацаа орох юм шиг байна. Өдөр тутмын сонины том том редакциуд байхгүй болж байна. Мэдээллийн сайтууд нь нийгмийн сүлжээний хурдыг гүйцэхээ больж байна. Хэтэрхий олон, жижиг жижиг үйл ажиллагаа явуулж байгаа хэрсүү байх тал дээр дутагдалтай байдаг байх...
-Түрүүлж мэдээлэх нь чухал болчихсон учраас цаанаа очоод урлаад, суугаад бичихэд цаг хугацааны хувьд давчуу болчихсон, тэр нь бас нөлөөлж байгаа байх л даа. Гэхдээ мэдээллийн технологи бидэнд маш их боломжийг өгч байна. Соошл нээтворк байхаас өмнө бид яадаг байсан бэ? Өдөрт ажил дээрээ тааралддаг хэдэн хүн, хариад орцондоо таарсан хэдэн хүнээ л танидаг байлаа. Одоо бол өглөө боссон цагаасаа орой унтатлаа хэдэн зуун хүнтэй харьцаж байна. Энэ чинь биднийг хэрсүү болоход төдий чинээ нөлөөлж байна. Жишээ нь, DMNN гэдэг пэйжийг гүтгэлгийн пэйж гэдгийг мэддэг асар олон хүн байна лээ шүү дээ. Дуугүй л байдаг болохоос.
-Жилийн өмнө цагдаагийн байгууллага хуурамч фэйс аккаунтуудыг илрүүлэхэд DMNN-тэй хамтарч ажиллана гэж зарласан. Гэтэл сая хуурамч мэдээлэлтэй тэмцэх бие даасан нэгж байгуулсан тухайгаа мэдээллээ. Энэ жишээ нь байж болох зүйл гэж та бодож байна уу?
-Байж боломгүй юм байна лээ шүү дээ. Жишээ нь, би таныг гүтгэлээ гэхэд та намайг цагдаад өгнө, тэр нь шүүхээр дамжаад шийдэгддэг биз дээ. Гэтэл одоо ямар ч тийм ажиллагаа явахгүйгээр цагдаа тусдаа нэгж байгуулаад “Энэ нөхөр худлаа залчихлаа шүү” гээд хариуцлага тооцох гэж байна л даа. Энэ чинь Үндсэн хуулиа, одоо байгаа системээ тэр чигт нь нулимж байгаа хэрэг.
-Цагдааг буруутгах нь хаашаа. Их л дээрээс чиглэл авч, хийж байгаа ажил байх л даа?
-Энэ асуудал дээр цагдаа, олон нийт хоёр муудалцаад байх шаардлага байхгүй. Цагдаа тушаалаар ажилладаг, тушаалыг нь улстөрчид өгдөг, улстөрчид гэдэг нь ялсан нам шүү дээ.
-Олон нийтийн сүлжээнд бол маш том дуулиан болсон. Харамсалтай манай сэтгүүлчид үүн дээр нэг их төвлөрөхгүй, ач холбогдол өгөхгүй байна уу гэж харагдсан. Нөхцөл байдлаа мэдрэхгүй л байна аа даа?
-Ойлгохгүй байна шүү дээ. Сая жишээ нь улсын Ерөнхий сайд нь “Чөлөөт зах зээл гэж байхгүй шүү” гэж бүхэл бүтэн төрийн яамныхаа индэр дээрээс хэлж байхад тэрийг нь мэдээлдэг сонин алга. Задлаад бичдэг сэтгүүлч алга. Би маргааш нь өдөр тутмын бүх сониныг авчираад харсан, нөгөөдөр нь харсан. Нэг ч сонин бичээгүй. “Ерөнхий сайд Гадаад харилцааны яаманд ажиллалаа” гэдэг л мэдээ явж байна. Системээ ойлгохгүй байна уу, ойлгосон ч түүнийгээ илэрхийлэх зориг зүрх нь хүрэхгүй байна уу.
-Эсвэл өрсөлдөөн байхгүй байна уу?
-Манай сэтгүүл зүйд ямар ч өрсөлдөөн байхгүй. Байсан бол аль хэдийн мэдээлчихсэн байгаа. Заавал өрсөлдөх нь ч бас шаардлага биш. Мэргэжилдээ, өөрөө өөртөө эзэн болмоор байна шүү дээ. Улс эх орны төлөө гэж ярихаа больё. Урдах ажлаа чанартай хийгээд, маргааш миний хүүхэд үсээ шараар будуулсныхаа төлөө гудамжинд чулуу шидүүлэхгүй нийгмийн төлөө дуугармаар л байна шүү дээ.
-Хэвлэл мэдээлэл хүчтэй байхын тулд боловсон хүчний нөөц хэрэгтэй байх. Хөрөнгө санхүү, менежмэнт хэрэгтэй байх. Хамгийн гол нь уншигч хэрэгтэй байх...
-Тэрийг бий болгохын тулд хүн мэргэжилдээ л дуртай байх хэрэгтэй. Мэргэжилдээ дуртай хүн ажлаа сайн хийдэг. Ажлаа сайн хийж байгаа хүнд хүн хөрөнгө оруулдаг. Хүн өөрөө хөдөлбөл амьд үлдэнэ. Зугтаж чадвал баранд бариулахгүй. Амьтнаа алаад, арьсыг нь нөмөрчихвөл хөлдөж үхэхгүй. Үнэхээр л хэвлэл мэдээллийн зах зээл дээр оршин тогтноё гэж байгаа бол сайн ажиллах хэрэгтэй. Сайн ажиллахын тулд хүсэх л хэрэгтэй. Сайн хийсэн нь илүү мөнгө олоод, илүү сайн менежерүүд дуудаад аваад явдаг л биз дээ. Хамгийн эхний суурь бол өөрийнх нь хүсэл, зорилго.
Стив Жобс гэдэг хүн бидэнд ухаалаг гар утас өгсөн. Сургуулиасаа гараад гараажид ажиллаж байхдаа тэр хүн дэлгэцэн дээр нь дараад удирддаг утастай болохыг л хүссэн. Тэр нь одоо дэлхийн эдийн засаг болчихлоо. Тийм учраас хүн өөрөө л хүсэх хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн салбар өнөөдөр хов хоосон зах зээл, хов хоосон тайз байна.
-Сайн сэтгүүлчид байна л даа. Даанч ард нь эзэн нь гээд заавал нэг улстөрч, эсвэл намчин баагий сууж байдаг. Эзнийхээ захиалсан хөгжмийг л тоглох болдог?
-Өөртөө үнэнч хүн бол барагтай худалдагддаггүй. Зарж болдоггүй юм хүнд ганцхан байдаг. Тэр бол итгэл үнэмшил. Таалагдахгүй бол гараад явах сонголт нь байгаа шүү дээ. Өөрт нь таалагдахгүй юмыг хийх ямар шаардлага байна. Ажилдаа дуртай хүн заавал амжилтанд хүрдэг. Ажилдаа дуртай хүн манай салбарт алга. Ард түмний төлөө ядарсан, залхсан л хүмүүс байна. Өөрийнхөө юу хүсч байгааг мэдэхгүй, төөрчихсөн хүмүүсээр манай салбар дүүрчихсэн байна.
-Гэхдээ гоё залуучууд ч гэсэн гарч ирж байгаа...
-Жинхэнэ сэтгүүлчид андашгүй байдаг. “Зариг” Өнөрөөг хар л даа. Өнөрөөгийн судалгаанд зарцуулдаг цагийг нь ярихаа больё. Зүгээр тэр дайчин чанарыг нь л хар. Хүн өөрөө хүсвэл чаддаг гэдгийг харуулж байна шүү дээ. "Зариг" сайт сая хоёр салчихлаа. Өнөрөөтэй хамт ажиллаж байсан сэтгүүлч эмэгтэй “Цахиур” гэж сайт нээгээд тусдаа гаргаад явлаа. “Би чадна” гэж харсан байхгүй юу, тэр хүн. Ийм хүмүүс сэтгүүлч хийдэг. Ийм хүмүүсийг угаасаа мөнгө нь дагаад явж байдаг. Би Өнөрөөгөөс нэг л зүйл хүсдэг. Одоо байгаа систем, үйл явдлынхаа шалтгаан нөхцөл рүү илүү анхаардаг болчихоосой л гэж хүсдэг. Нэхдэг ажлыг бол Өнөрөөгөөс илүү сайн хийж байгаа хүн алга. Эрэн сурвалжлах, баримт факт дээр “Цензургүй сурвалжлага” шиг төвлөрөөд, шийдвэрт нөлөөлтөл явж байгаа сурвалжлага алга байна. Тийм учраас манай сэтгүүл зүй өнөөдөр хов хоосон тайз.
Сонгуулиар улстөрчид “гайгүй нэвтрүүлэг байна уу” гээд ирж байна. “Танайхаар орох гэхээр цаггүй юм байна. Өөр гайгүй нэвтрүүлэг юу байна?” гэдэг. Олдохгүй байна. Хар мянган телевиз, сонин, сайт, соошл сувгуудаас чинь хүн мөнгөө төлөөд орчих нэвтрүүлэг олдохгүй байна гэхээр бид юу ч хийхгүй байна. Ямар ч өрсөлдөөн байхгүй, хов хоосон тайз л байна. Өөрсдөө сэтгэж чадвал торойгоод гараад ирэх өчнөөн боломж байна. Үнэхээр сэтгүүлчээр ажиллах хүсэлтэй хүмүүст бол мөнгө нь ч байна, боломж нь ч байна, бүх юм нь байна. Өөрсдөө л хүсэхгүй байна, хэтэрхий жижигхэн байна. Ахиад олон хүн гараад ирвэл би ч гэсэн мөнгөтэй болно шүү дээ.
-Сэтгүүлчийн хөдөлмөр нэг тусдаа, тэрийг арилждаг хүмүүс бас тусдаа гэж ойлгодог шүү дээ. Чинийхийг жишээ нь, NTV арилжчихаж байна?
-Арилждаг баг, ажилд хамтардаг, маркетинг хөгжүүлэлт хийдэг хүмүүс нэг л зүйлийг хардаг. Хүн юу сонирхдог вэ? гэдгийг хардаг. Хүн юуг сонирхдог вэ, юуг сонирхохоороо хөгждөг вэ? Юуг сонирхохоороо, эсвэл сонирхохоо болиод ирэхээрээ урууддаг вэ? Ер нь дэлхий, нийгэм яагаад унадаг, босдог вэ гэдгийг манай сэтгүүлчид ойлгодог, сонирхдог болчихвол хийх ажил аймаар тодорхой болчихно. Бүгд хийж чадна. Зүгээр ойлгохгүй байна, ойлгохыг хүсэхгүй байна. Хүсэхгүй байгаа шалтгаан нь мэргэжилдээ дургүй байна.
-Телевизүүдийн мэдээллийн контент ч бас бие биенээсээ ялгарахаа больсон. Ганц нэг интертайнмэнт нэвтрүүлэг, үзүүлж байгаа киноноос өөр ялгаатай юм байхгүй шүү дээ?
-Үзэгчид мэдээ үзэхгүй байна. Үзэгчиддээ чирэгдчихсэн шүү дээ, манай сэтгүүлзүй. Үзэгчид нь биднийг нүүрээр нь газар чирээд явж байна. Үзэгчдийнхээ аль хэдийн ойлгоод мэдчихсэн зүйлийг орой нь бла бла гэж байна. Дандаа үзэгчдийнхээ ард явж байгаа. Дагуулж яваа нэг ч юм байхгүй. Ахмадууд бол 25-р суваг, ТV5-ыг үзээд сурчихсан, тэрийгээ л үзэж байгаа. Угаасаа өөр формат хүлээж авахаа больчихсон. Гэтэл маргаашийн нийгэм хүн амын чинь бараг 60-70 хувь болчихоод байна. Тэд манай сэтгүүл зүйг тоохгүй байна. Үнэхээр үзэгчиддээ чирэгдчихсэн байгаагаа бид ямар ч амбицгүйгээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
-Тэгсэн мөртлөө нэг л их эрх чөлөө нэхсэн үү?
-Тийм. Тэр эрх чөлөөгөө хаана яаж ашиглах гээд байгаа юм. Гүтгэлгийн тухай их ярьдаг. Хүн гүтгэж болохгүй шүү дээ. Хүний хамгийн үнэ цэнэтэй зүйл бол нэр төр. Бусдыг нь эргүүлээд олж болдог ч нэр төрөө алдсан хүн бол дуусдаг байхгүй юу. Алдаж болохгүй нэр төрд нь халдсан хүнийг хатуу шийтгэх ёстой. Зөв. Гол нь хэн шийдэх вэ, юуг гүтгэлэг гэх вэ гэдэг нь асуудал. Хэл, сэтгэлгээний асуудал. Түүнийг авч явдаг дархлаа, вакцин нь сэтгүүл зүй өөрөө. Гэтэл вакциныхаа байж байгаа царайг хар.
Тийм болохоор сэтгүүлч бид өөрсдөө системээ ойлгомоор байна. Ардчилал гэж юу юм, эрх чөлөө гэж юу юм, нөгөө талд нь юу байгаа юм, хаанаас яаж үүссэн юм гэдгийг л судалчихья. Тэгээд л болоо. Түүн дотор чинь улс төр нь ч, эдийн засаг нь ч, хүний эрх, хууль шүүх нь ч явж байгаа. Тэрийгээ л ойлгочихвол бид аягүй гоё, аз жаргалтай ажиллана. Юу ч ойлгохгүй байгаа учраас хий дэмий цухалдаад, хийж байгаа ажилдаа ядраад байна.
-Сэтгүүл зүй гэлтгүй, ер нь нийгмээрээ, нийтээрээ ухраад байгаа юм биш үү? Ерөнхий сайд нь “Төр бүхнийг шийднэ, төр өмчөө мэднэ” гээд ярихад алга ташдаг хүн олон болчихсон юм биш үү? Юун зах зээл, чөлөөт нийгэм. Буцаад социализм руугаа ухарлаа шт...
-Хуучин нийгэмдээ дасчихсан, дарга хамаатантай, амьдрал нь 30 жилийн турш сүйрчихсэн хүмүүсийн үр удам олон байна шүү дээ. Төрөөс хамааралтай амьдралтай хүмүүс Монголд хэтэрхий олон байна. Тэд нар нь боож үхэх гээд байна. Яг мөрөөрөө зах зээлийг туулаад, ажилгүй болоод наймаа хийгээд, өөрөө өөрийгөө аваад явчихсан хүмүүс нь бол "энэ л биш" гэдгийг ойлгож байгаа. Тэдний гэрт жинхэнэ гоё хүүхдүүд өсч байна. Тэд зүгээр л дуугүй байгаа болохоос яг дуугарвал ална шүү дээ. Тийм хүмүүс дийлэнх хувь нь байгаа. Манайхны яриад байдаг “хар масс” бол цөөнх шүү дээ. Яах аргагүй дарамт нь мэдрэгдээд байгаа учраас тэд олонхи юм шиг харагдаад байна. Нөгөө хэсэг нь болохоор мэдэгддэггүй байхгүй юу. Мэдэгдэхгүй байгаа хэсэг нь аймаар олуулаа. Манай дарга нар андуураад байна. Хар массаа дагаад хөөрөөд байна. Яах вэ, андуураад явж л байг. Хурдан унаад хурдан босъё л доо, тийм ээ.
-Сайхан төгсгөл хийлээ. Ярилцсанд баярлалаа.
Оюунбат
Зочин
Зочин
БИ
Зочин
кама
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
emma
Зочин
Зочин
Зураач Лондон
Зураач Лондон
Зочин
Зочин
Шодой
Зочин
Зочин
Төмөр