Цахим торгоны зам
ICT Expo 2020 амжилттай болж өнгөрлөө. Цахим шилжилт богино хугацаанд олон салбарт түйвээлт хийгээд эхэлжээ. Засгийн газар ч бас Цахим Үндэстэн болох зорилгоор E-Mongolia апп-ын нээлтээ хийчихлээ. Технологи, санхүүгийн салбарын хүмүүст хэрэгтэй байж магадгүй гэж бодоод хоёр жилийн өмнө UPI-ийн бүсийн хуралд оролцож байсан тэмдэглэлээ энд орууллаа.
Union Pay International Mongolia жил бүр Монголын харилцагч банкуудтайгаа уулзалт зохион байгуулдаг аж. Энэ уулзалтаар хоорондоо дотоодын зах зээл, экосистемээ ярилцахаас гадна дэлхийн тренд, цахим төлбөрийн системийн сорилт ба боломжуудыг талаар чухал мэдээллийг бүс нутаг хариуцсан мэргэжилтнүүдээс авдаг юм байна. Тус уулзалтад уригдан зүүн өмнөд Азийн бүсийн туршлага, мэдээллийг авахын сацуу “Монголын цахим төлбөрийн экосистем” хэлэлцүүлэгт модератор хийх үүрэг хүлээв.
Дээр үед суурин утсаар хоорондоо холбогдож санхүүгийн гүйлгээг баталгаажуулан хийдэг байв. 10 гаруйхан жилийн өмнө ч гэсэн намайг лав банкинд ажилладаг байхад сүлжээгүй газар импринтер ашиглан төлбөрийн картны гүйлгээг Монголд хийдэг байлаа. Одоо хүн бүрийн мэддэг болсон ПОС терминал бидний өдөр тутмын хэрэглээ болтлоо ийм шатуудыг дамжжээ. Дахиад хэдхэн жилийн дараа ПОС гэдэг зүйл байхгүй болох нь. Учир нь QR код дээр суурилсан төлбөр тооцооны шинэ боломж дэлхийд гараад иржээ. Саяхан л хоёр хэмжээст бар кодтой танилцаж байсан бид дорхноо гурван хэмжээст QR кодыг өөрийн болгочихно. Дахиад удахгүй дөрвөн хэмжээст дараагийн код нь гарч ирэх буй заа.
Цахим төлбөр тооцоо та бидэнд бүгдэд нь шууд хамаатай учир дараах мэдээллийг хуваалцмаар санагдав.
- 2017 оны Nilson-н судалгаагаар UnionPay карт дэлхийн дебит, кредит картын зах зээлийн 54.9%-г атгасан байна. Араас нь VISA карт зах зээлийн 27.7%-тай, Master карт 15%-тай удаалж байна. Энэ гурван брэнд нийт зах зээлийн 97.6%-ийг базаж байна.
- Дэлхий даяар төлбөр тооцооны систем улам бүр цахим болж байна. Үүнээс “зугтах”, тойрох ямар ч аргагүй. Харин энэ том давалгаан хэрхэн зөв ашиглаж Монгол улс өөртөө давуу талыг бий болгох уу гэдгийг бодох биш шийдэх цаг нь болжээ. Монголын банкны гаргасан төлбөрийн карт дэлхийн аль ч улсын ямар ч төлбөр тооцооны системд ажилладаг болохоос гадна дэлхийн ямар ч хэлбэрийн төлбөрийн системээр дамжин хийгдэх гүйлгээг Монголдоо хийдэг болох ёстой.
- Цахимаар төлбөр тооцоог хүлээн авдаг үйлчилгээний байгууллага, мерчант, хувь хүмүүсийн тоо эрчтэй өсч байна. Энэтхэгийн гуйлгачид хүртэл хувийн ПОС-той болоод жуулчдын картыг нь уншуулаад явж байна цаана чинь. Энэ бүхэн харцаас авахуулаад хааны амьдралын хэв маягийг хүртэл өөрчилж байна.
- Зарим төхөөрөмжүүд, тэр дундаа гар утаснаас эхлээд өөр дээрээ төлбөр тооцооны тусгай функцтай үйлдвэрлэгдээд эхэллээ. Цахим мерчантууд хүртэл токенуудыг аль хэдийнэ өөр дээрээ холбоод эхэлчихжээ.
- Төлбөр тооцоо зөвхөн банкуудын бизнес биш болж байна. Үүрэн операторууд, томоохон үйлчилгээний байгууллагууд, сошиал медиагийн дэд бүтцүүд, финтек компаниуд тоглогчид болж орж ирж байна. Candy, GG, Redpoint, майлэж оноонууд Монголд албан бус төлбөр тооцооны систем хэдийнэ болчихсон. Нэмээд ЭгэрэгЭ хэмээх нэртэй Монголын анхны криптовалют гарахаар дуншиж байна.
- Хэрэглэгчдийн цахим төлбөр тооцооны хэрэглээ, гүйлгээний тоо болон үнийн дүн асар хурдтай өссөөр байна. Хэдий тийм боловч UPI-ийн Монголд гаргасан картуудын нийт гүйлгээний дүнгийн бараг 70% нь АТМ дээр хийгдэж байна. Гол шалтгаан нь бэлэн бус гүйлгээ хэрэглэгчид хийж заншсан ч гэсэн зарим үйлчилгээний байгууллага, дийлэнх төрийн байгууллагууд нөгөө л нэг банкны тамгатай цаасан баримт шаарддаг хүй нэгдлийн үеэрээ хэвээр байх шиг.
Дээрх нөхцөл байдлуудын улмаас:
- Дэлхий даяар бэлэн мөнгөний хэрэглээ тасралтгүй багасч байна. Бэлэн мөнгө ашиглах нь өөрөө төлбөр тооцооны хамгийн үнэтэй сонголт болж байна.
- E-Commerce-оос M-Commerce рүү хүчтэй шилжилт явагдаж байна. Гар утас хэдийнэ цахим хэтэвч болчихжээ. Үүнийг дагаад contactless төлбөрийн хэлбэрүүд эрчээ авч байна.
- Улс доторх болон улс хоорондын, бүс дундын төлбөр тоооцооны Switch төвүүд байгуулагдаад эхэлжээ.
- Их өгөгдөл буюу Big data дээр суурилсан бизнес төлөвлөгөө ба уг төлөвлөгөөний гүйцэтгэлийг компаниуд ашиглаж заншиж байна. Өөрөөр хэлбэл цахим хэрэглээг ашиглан бизнесийг маш бодитой таамагладаг болжээ.
- Технологийн хурдацтай хөгжил уламжлалт бизнесийн загварыг эвдээд эхэлжээ. Төлбөрийн карт гэхээр саяхныг хүртэл бид ПОС, АТМ л гэж ойлгодог байсан бол одоо интернэт, гар утсаарх худалдаанаас гадна үй түмэн аппликэйшнүүд гарч иржээ.
- Банкуудын хувьд гүйлгээ дээр суурилсан орлогын загвар хүнд сорилттой тулжээ. Жишвэл үүрэн операторууд дуудлагаас биш датагаас орлого олдогтой адил юм уу даа.
- Төлбөр тооцооны нэгдсэн төв, цогц систем хамгийн том тренд болжээ. Болохоос ч өөр аргагүй аж. Учир нь дотооддоо манай банкууд нэгдэж чаддаггүй шиг дэлхийн олон төлбөрийн системүүд утгаа алдаж эхэлжээ. Ялгаатай болон тус тусдаа төлбөр тооцооны дэд бүтцийн улмаас хэрэглэгч ба үйлчилгээний байгууллагуудад төлбөр тооцооны төвөгтэй байдал хэдийнэ үүсчээ.
- Нэг хуванцар төлбөрийн карт дээрээ төлбөр тооцооны бүх нэгжийг (Numerical token гэдэгт Apple pay, Samsung pay, Ali pay, Huawei pay, Mi Pay зэргийг ойлгоно) холбож нэгтгээд эхэлжээ.
Эдгээр нөхцөл байдлыг үнэлээд UPI гурван үе шат бүхий инновацийн шийдлийн замын зургаа зуржээ.
Ирэх хоёр жилийн дотор:
- QR кодыг нийтийн хэрэглээ болгоно.
- Гар утас дээр суурилсан цахим түрийвчийг хөгжүүлнэ.
- Интернэт худалдаагаа өргөтгөнө.
- Гар утсаар хийгддэг санхүүгийн бүх төрлийн гүйлгээг шинэ шатанд гаргана.
Ирэх хоёроос дөрвөн жилдээ багтан:
- Биометрик буюу хүний нүүрийг таниулах замаар санхүүгийн төлбөр тооцоог шуурхай хийдэг болно.
- Хүн өөрийн дуу хоолойгоор төхөөрөмжид даалгавар өгөх замаар санхүүгийн бүх төрлийн гүйлгээг хийдэг болгоно.
- Virtual Reality ашиглан хэрэглэгчид худалдан авалтыг хүссэн газраасаа хүссэн үйлчилгээний газраас авдаг болгоно.
- Блокчэйн технологийг нэвтрүүлж дуусгана.
- Автомашинуудыг цахим төлбөр тооцооны системтэй холбож эхэлнэ.
Ирэх дөрвөн жилийн дараагаас:
- Төлбөр тооцооны ялгаатай системүүдийн нэгдэл энэ салбарын тоглогчдыг хүссэн, эс хүссэн явагдаж эхэлнэ.
- Хүнээс үл хамааран бидний төхөөрөмжүүд, цахим машинууд, роботууд хооорондоо холбогдож санхүүгийн харилцаанд орно.
Товч дүгнэвэл:
QR код цахим төлбөр тооцооны системийг үндсээр нь эвдэх нь ээ. QR кодын зөвхөн үйлчилгээний байгууллага биш карт эзэмшигч ч үүсгэн төлбөр тооцоонд оролцож болно. Суурин утсаар ярьж зөвшөөрөл авдаг, үйчилгээний байгууллагуудтай заавал шилэн кабелиар холбогдож мерчант бүр зориулсан тусгай терминал үүсгэн цаас хэвлэдэг үе удахгүй алга болно. Терминал дээр биш харин интернэт, токен, гар утасны аппликэйшн дээр суурилж цахим хуулга, санхүүгийн баримтуудаар баталгаажсан, тэр нь оролцогч бүрт хүлээн зөвшөөрөгддөг төлбөр тооцооны шинэ үе рүү бид түрэгдэн орж байна.
Арилжааны банкууд, мерчант буюу үйлчилгээний байгууллагууд, гадны төлбөрийн системүүд, цахим хэтэвчүүдийг хооронд нь холбосон төлбөр тооцооны нэгдсэн төв байгуулж, нэг мерчант дээр нэг ПОС байрлуулах, АТМ-үүдийн байршлыг сөөлжиж байршуулах мэтийн энгийн ажлуудыг манай банкууд хамтраад хийх цаг нь болжээ. Магадгүй төр хүчлэх ёстой юман дээрээ салбарын иймэрхүү асуудлуудыг хэрэглэгчийн эрх ашгийн үүднээс хүчлэх ёстой л байх. Даан ч манай банкууд нэгдэж чаддаггүй гээд банкныхан маань өөрсдөө хэлж байх юм. Гадны жишгээр бол ПОС, АТМ-ийн бизнес хариуцаж бүх банкуудад жигд үйлчилдэг тусдаа компаниуд байдаг юм билээ. Ийм жишигтэй Сингапур улс гэхэд нь 5.6 сая хүн амтай атлаа тус улсын банкуудын гаргасан төлбөрийн картын тоо 49 сая руу дөхөж байна. Нэгдсэн систем бий болгосноор зах зээл улам тэлдэг гэдэг нь энд харагдаж байна.
Манай банкуудыг хоорондоо нэгдэж чадахгүй мунгинаж байх хооронд шинэ гарч ирж байгаа финтекүүд, удахгүй шинээр байгуулагдах гээд дуншиж байгаа огт салбаргүй болон өөрийн салбаргүй банкууд, магадгүй Хятадын WeChat, Солонгосын Kakao банкууд орж ирээд retail банкны салбарт бүтээлч устгал хийвэл гайхахгүй. Хувь хүмүүс ч гэсэн гурав, дөрвөн банкны интернэт банк, банк бүр дээр байх нэгээс хоёр дансаа удирдах гэж тус тусдаа апп, интернэт банкны систем руу орохоос залхаад эхэлсэн. Тэд нэг хэрэглэгчийн нэр, нууц үгээр дамжин ороод нь нэг дэлгэц дээр бүх банкны бүх картаа, бүх дансаа шууд удирдахыг хүсч байна. Өөрөөр хэлбэл нэгдсэн цахим түрийвч гэсэн үг. Энэ нөхцөлд ПОС, АТМ-ийн хэрэглээ байхгүй болно.
Гар утасны дугаараа өмчилж аваад дурын үүрэн оператор сонгодог шиг банкнаас хамаарахгүй данс нээгээд дурын банкаа сонгоод мөнгөө байршуулдаг эрин айсуй. Энэ шилжилтэнд манай банкууд, үйлчилгээний газрууд, төрийн байгууллагууд, хэрэглэгчид та бид бэлэн үү? Хэдэн зууны өмнө алдарт торгоны зам дэлхийн худалдаа, санхүү, төлбөр тооцооны суурь болж байсан бол одоо орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан цахим торгоны замын хэмнэлтэй алхаа нийлүүлэх цаг болжээ.
2018 оны 4 сар, Сингапур улс