Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн гавж Д.Чойжамцтай ярилцлаа.



Хүн бүр өөрийгөө хамгаалж чадсан нөхцөлд энэ аюулт өвчнөөс ангижирна


-Та сайхан өвөлжиж байна уу?

-Сайхаан. 

-Эхлээд цаг үетэйгээ холбоотой асуулт асууя. Хаа сайгүй хорио цээрийн дэглэм сахиж байна. Гандантэгчинлэн хийд ч нам гүмхэн л байх шиг?

-Ковид-19 цар тахал өвчнийг Монгол Улс дотроо алдаж хөл хорио тогтоосон тэр өдрөөс эхлэн Засгийн газар, УОК, НОК-оос явуулж байгаа үйл ажиллагаа, өвчний тархалтыг тогтоох, зогсоох арга хэмжээг дэмжин ажиллаж байна. Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн хүрэн хэрэмний дотор давхар хөл хорио тогтоож, тогтмол суудаг лам нарыг хөл хорионы чангатгасан нөхцөлд байлгаж, гаднаас орж гарах хөдөлгөөн бүгдийг хаасан. Хэрэм дотор байгаа лам нартаа долоо хоногийн турш тандалт хийж, Ковид-19 шинж тэмдэг байна уу, үгүй юу гэдэг дээр ажиглалт хийсэн. Энд ямар нэгэн илрэл гарсангүй. Гадна байгаа лам нар ч нийтийн адил хөл хорионд байгаа. Харин гадна, дотногүй хөл хорионд байгаа лам нар тус тусдаа Дарь-эх бурхны уншлага, Лонма жонма буюу монголчууд Навчин дээлт Дарь-эх гэдэг тэр бурхны уншлага тарнийг тоолж байна. Навчин дээлт Дарь-эх бурхан нь халдварт тахал, хижиг өвчнийг амирлуулах эрдэм үйлстэй юм. Мөн Лхам бурхныг тахих, Манал бурхны уншлага, тарни унших тэргүүтнийг Гандантэгчинлэн хийдийн харьяа дацангуудын хурал уншлаганд нэмэн оруулж, лам нар гэр, гэртээ хурж байна. Олон нийтийн сүлжээгээр аль байгаа газартаа хурал номоо хурж, олон амьтны тухайд залбирал даатгал үйлдэж байна. Хүн гэдэг сэтгэлийн амьтан тул энэ цаг үед сүсэг, сэтгэлээ хичээж эх болсон амьтан бүхний тухай залбирал даатгалаа үйлдэж суух нь чухал юм уу даа.

-Дэлхий нийтийг хамраад буй энэ айхтар өвчин томуугийн үед монголчууддаа хандан хэлэх үгийг тань сонсъё гэсэн юмаа...

-Энэ цар тахал гарснаас хойш жил шахуу хугацаанд дэлхийн олон оронд тархаж хүмүүст зовлон зүдгүүр, үхэл хагацал авч ирж. Мөн хүн бүрийн түгээмэл хэрэгцээ эд таваар, идэж уух юмаар гачигдах тэргүүтэй эдийн засгийн их хямрал ч нүүрлэж байна. Харин Монгол Улсын хувьд өнөөг хүртэл цар тахлыг нутаг орондоо алдалгүйгээр барьж сэтгэлийн амгалантай байлаа. Гэвч зарим нэгэн хүний тэсвэр алдагдаж, хорионы үед өрөө хэсэх, дэглэм журмыг баримтлахгүй байх, хөл хорио тавигдангуут нөхөж буй мэт уулгалан энд тэндгүй явж бусдадаа халдаасан бололтой юм. Нүдэндүзэгдэхгүй ч хавьтсан хүн болгонд халдаж байгаа асар аюултай өвчнөөс монголчууд бид сэрэмжтэй, тэвчээртэй байж түргэн зуурт гэтлэн давах хэрэгтэй юм. Манай орны хувьд урт удаан хугацаагаар үргэлжилвэл улсын эдийн засаг доройтох, ард түмний амьдрал сүйрэх том аюул нүүрлэж байгаа учир бүгдээрээ хичээх цаг иржээ. Ер нь бурхан багшийн айлдварт та өөрөө өөрийнхөө аврал шүү гэж байдаг. Хүн болгон хичээж хөл хорио болоод дэглэмээ барьж чадвал аюулт өвчнөөс аврагдана гэсэн үг. Мөн нөгөөтэйгүүр атгаг сэтгэл буюу хоосон хардах сэтгэл нь маш их сэтгэлийн дарамт үүсгэдэг бөгөөд бүх зүйлсийг сэжиглэн харж өөг нь хэлэлцэж, алдаа хайх нь бусдынхааажилд тотгор саад болдог. Орчин цагийн шинжлэх ухааны ойлголтоор дархлаа сулруулдаг. Энэ нь нийтийн эв зохицолд саад болж, бужигнаан үүсгэдэг муу талтай учир хүн бүр өөрийгөө хамгаалж чадсан нөхцөлд энэ аюулт өвчнөөс ангижирна.

-Сударт коронавирусийг 700 жилийн өмнө зөгнөсөн байдаг тухай та нэгэнтээ хэлсэн байдаг. Энэ үнэн үү?

-Ер нь муу зүйлийг сайнаар эргүүлэх, урвуулах гэдэг логик бурхны шашинд байдаг. Өнөөгийн нийгэмд гэр бүлүүд завгүй их ажилладгаас ойр дотно байх хандлага хумигдсан. Тиймээс энэ хөл хорионы нөхцөлд бие биеэ хайрлах, хүндэтгэх, энэрэх, үр хүүхдийнхээ сургалт хүмүүжлийн тухай ярилцах, хүүхдээ ямар хүн болж байгааг ажиглан шинжлэх, гэр бүлийнхээ өнгөрсөн, одоо, ирээдүйг тодорхой харж, гэр бүлдээ анхаарлаа сайтар тавих нь сэтгэлийн дарамтнаас гарах маш том ололт болох юм уу даа гэж бодогдлоо. Зарим тохиолдолд хэрэгтэй, хэрэггүй зүйлд алтан цагаа дэмий үрэх болжээ. Тиймээс өөрсдийгөө ойлгож мэдрэх чухал. Бидний нийтээрээ шүтэн биширдэг бурхны шашин хүнийг хөгжүүлэх, төгөлдөржүүлэх цогц сургалт, арга ухаан юм шүү дээ. 

Эртний мэргэд вирус буюу нян нь бидэнтэй хамт оршин байдаг гэж үзсэн байдаг. Эртнээсээмэргэдүүд энэ талаар ярилцаж, бичиж анхааруулж байсан байна. Үүний үндсэн дээр энэ вирусыг эмчлэх янз бүрийн эмчилгээний аргууд гаргасан гэсэн үг. Одоо ч гэсэн уламжлалт эмнэлгээ алдаагүй түвдүүд хуучин аргыг хэрэглэж амжилт олж байгаа нь харагдаж байна. Бидэнд ч эдгээр зүйлүүд бий.

-Бурхны шашин нь жаргалтай сайхан амьдралын эх үүсвэрийг дотоод сэтгэлд оршино гэж үздэг учраас бие биеэ хайрладаг, энэрдэг, нигүүлсдэг, харьцаа сайхан байхаас эхлэлтэй гэж үздэг. Буддын шашин өнөөдөр дэлхийн нийтэд философи гэдэг талаасаа итгэл бишрэл, үнэлэмжийг дагуулдаг боллоо. Та буддын шашны хөгжлийн өнөөдрийн хандлага чиг баримжааны тухай ярихгүй юу?

-Тийм ээ. Бурхны шашин ганцхан өөрийн жаргалыг биш, бусдын сайн сайхныг эрхэмлэн энэрэл, нигүүлсэл,тусыг эрхэмлэх ухаан нь гол зонхилдог. Хүн ардаа энэрэл нигүүлсэлтэй, дотоод сэтгэлийг нь боловсруулах гэж нэлээн оролдсон улсын нэг нь Монгол Улс. Энэ нь бурхны шашинтай маш их холбоотой. Монгол оронд шашин гурван удаа дэлгэрсэн гэж үздэг. Сүүлийн дэлгэрэлт буюу 400-гаад жил хүн ардынхаа ёс суртахууныг хөгжүүлэх тал дээр их нөлөөлсөн юм байна гэж хувь хүний үүднээс үздэг. Яагаад гэвэл эрдэмтэй мэдлэгтэй болсон хүмүүс ард түмний дунд явж ёс суртахууныг түгээдэг байж. Тийм ч учраас монголчууд ёс суртахууныг эрхэмлэдэг, өндөр ёс суртахуунтай ард түмэн болсон түүхтэй юм. Ёс суртахууныг цөөхөн үгээр хэрэгжүүлж байсан. Нүгэл гэдэг үгээр маш олон зүйлийг хааж, бие, хэл, сэтгэл гурваар хийдэг бусармаг бүгдийг хасаж халж оронд нь ёс суртахууныг суулгасан гайхамшигтай ололт олсон байдаг. “”Хулгай хийвэл нүгэл болно гэдэг ганц үгээр хулгай тэргүүтэй гэмт хэргийг холдуулж байжээ. Тэгэхээр хулгай, худал, хүн амины хэрэг тэргүүтэн хүнд гэмт хэрэг гарах нь цөөхөн байж. Хэрэв хүн амины хэрэг гарсан бол тэр нутаг хошуугаар явдаггүй, тэр айлд ордоггүй, хэрэв хүний амь хөнөөсөн хүн орж ирвэл сан солха тавиулж, тэр айл ихэд цээрлэдэг байсан гэдэг. Иймэрхүү хэвмаяг аж амьдралд нь хэвшил болоод тогтсон. Бурхны шашнаас тогтсон хүн ардын дотоод үзэл санаа, зан үйлийн хамгийн сайн тал нь байсан даа.

Бурхны шашны хэлмэгдэл ганцхан бурхан шүтээнийг устгаж,
лам хуврагийг хөнөөснөөр тогтохгүй юм

-Буддын шашны хэлмэгдэл гэж түүхчид яриад байх юм. Тэр нь яг юуг хэлээд байгаа юм?

-Хэлмэгдэл гэдэг бол Монголын ард түмний нийтийг хамарсан, ихээхэн уршигтай зүйл болсон юм. Гол хэлмэгдэгсэд нь лам хуврагууд, ноёд, баячууд байсан хэдий боловч үүнтэй давхардсан давхар хэлмэгдэлт явж Монголын айл өрх болгон аав ээж, ахан дүү, хань нөхдөө алдсан том гунигт явдалд унагасан байдаг. Хамгийн том хэлмэгдэл бурхны шашинд тохиолдсон юм. Эрдэм мэдлэгтэй лам хувраг, хувилгаад хутагт дээдсээ алдаж, шашны хувьд хүний нөөц буюу боловсон хүчин байхгүй болсон. Энэтхэг, Түвд, Монголын эрдэмтдийн бүтээл болсон ном судраа устгуулж, сүм дуганд залаатай байсан бурхан шүтээн болон эд өлгийн зүйлээ хураалгаж, хэмхчүүлж сүйтгүүлсэн. Монголын уран барилгын хосгүй нандин өв болох сүм дуганаа нураалгаж асар их гарз хохиролтой тулсан юм. Эд бүгд нь Монголын ард түмэн, Монгол Улсаас гарсан хохирол байсан юм. Эд байсан бол өнөөдөр асар их баялгийн хуримтлалтай байх байж дээ гэж харамсдаг. Бурхны шашны хэлмэгдэл ганцхан бурхан шүтээнийг устгаж, лам хуврагийг хөнөөснөөр тогтохгүй юм. Монголын ард түмэн уламжлалт зан заншил, соёл, эртнээс өвлөгдөж ирсэн сургаал ном бүгдийг үгүй хийсэн. Үүний улмаас ахас дээдсээ хүндлэх, бие биенээ хүндлэх нь алдагдсанаас гадна уламжлалт соёл заншил, жишээлбэл уул овоо тахих, цагаан сар, наадмаа хийхдээ мухар сүсгийн маягтай болж эхэлсэн явдал нь хэлмэгдэлтийн хорт үр нөлөө юм. Очоод зөвлөгөө авдаг эрдэмтэй хувраг, багш нарыг нь хөнөөсөн болохоор сүсэгтэй хүмүүс уул хаданд юмуу мод чулуунд хэлж, шинэ зан үйл гаргах шалтгаан болсон. Ер нь сүсэгтэн хүний эрхийг хаачихаар яах ч аргагүй байдалд орсон учраас дотоод талаасаа тэсэрч, дэлбэрч байгаа хэрэг л дээ. Хамгийн тод жишээ бол бид бурхан гэдэг үгийг хэлж ч чадахгүй болсон байна. Чөлөөт цаг ирж бурхан ном хуврагаа шүтээд, хурал номоо айлтгаад явж болдог цагт бурхны шашинд итгэл бишрэлтэй хүн ч гэсэн олны өмнө гараад ярихдаа тэнгэр ч гэдэг юмуу өөрухагдахуун, үг хэлээр орлуулж яриад байгаа юм. Энэ нь хэлмэгдлийн үр дагаваргэж хэлэхээс өөр аргагүй. Тэр үгийг хэлж чадахгүй болтол сэтгэлд нь суулгаж өгсөн юм билээ.

Хэлмэгдүүлэлт гэдэг ганц үгнээс л гарцтайкино, зохиол тухайн үеийн нийгмийн үзэл сурталжсан, ангич, намч, чанарын бодлогод автаж зориуд зохион байгуулалттайгаар мушгин гуйвуулж хийгдсэн урлаг, уран сайхан, зохиол бүтээл нь 1921 оноос өмнө юу ч байгаагүй мэт, Монголын ард түмэн соёл, зан заншил, урлаг уран сайхан, уламжлал, эрдэм мэдлэг бүгд байхгүй байсан мэтээр орчин үеийн залуучуудадойлголт өгөх болсон. Шинэ зуун гарч архивын баримт материал, гадаад, дотоодын эрдэмтдийн олон янз судалгааны бүтээлд Эзэн богд Чингис хаанаас авахуулаад XX зууныг хүртэл баримтаар нотлогдож гарч ирж байгаа нь бидний уншиж мэдэх шаардлагатай зүйл болоод байна. Үүнийгээ уншиж үзэхгүй үзэл сурталжсан хандлагаар яваад байгаа нь залуучуудыг хоосон хийрхэх, хөнгөн нимгэн бодох, зүгээр нэг хэдэн ламыг хөнөөгөөд өнгөрсөн явдал мэт ойлгоод яваагийн шалтгаан нь байгаа юм.

-Тухайн үеийн сүм хийдийн бүтэц, одоогийн аймаг, сумын засаг захиргааны бүтэцтэй их адилхан байсан юм билээ. Энэ их сонирхолтой санагдсан. Төвлөрсөн том сүм хийд нь дэргэдээ сургууль, эмнэлэг, театраас эхлээд бүгд цогцолсон байсан юм билээ...

-Бурхны шашин нь эртний Энэтхэгийн цогт Наланда хийдийн уламжлал байгаа юм. Наланда хийдийн уламжлал нь 10 ухааны орон гэдэг асар их том ойлголт байдаг. Үүнийг сургадаг байсан нь монголчуудын дунд дэлгэрч мэдлэг болсон юм. Энэ бүгд бараг үгүй болсон доо. Одоо бид сэргээж ядаж явна. Жишээлбэл: “Дуун ухаан” буюу хэлний зүйн ухаан бол эрт үеэсээ санскрит, түвд, монгол хэлийг судлах арга зүй. Тэр устаж тасарсан. “Учир шалтгааны ухаан” гэж аливаа зүйлийн учир шалтгаан, логикийг нь олох, шинжлэн судалдаг ухаан. Тэручир шалтгааны ухаан гэдэг үгүй болж. “Урлахуйн ухаан” буюу бие, хэл, сэтгэл гурвын хөгжлийн урлаг гэж ярьдаг. Бурхан шүтээн болоод ахуйн хэрэглээний янз бүрийн зүйлсийг туурвин бүтээдэг ухаан. Монголд маш их хурдацтай хөгжиж байсан. Өндөр гэгээний хийц, Дарьгангын хийц ч гэдэг юмуу тэндхийн, эндхийн хийц гэх мэтчилэнгээр урлахуйн ухаан машид дэлгэрч, хөгжил дэвшлийг олж, гайхамшигийг бүтээж байлаа.Эдгээр зүйлүүд хомсдож, ховордож ирсэн. Мөн хэлний урлаг гэж яруу найраг, уран зохиол тэргүүтнийг нэгэн үе зөвхөн үзэл сурталд тохируулан хэрэглэлээ шүү дээ.Чөлөөт сэтгэлгээ болоод, бурхны шашин, энэрэл нигүүлсэл, эвлэрэл нэгдлийн тухай ярих, бичих нь маш их хомсдлоо. Сэтгэлийн урлаг алга болсон. Бясалгал хийх, сэтгэлээ гэгээрүүлэх, сэтгэл судлал, өөрийн сэтгэлийг дотогшоо харах, бие, сэтгэлээ эрүүлжүүлэх ийм зүйлүүд ард түмний дунд маш ховордож үгүй болсон байдаг. “Тэжээхүйн ухаан” буюу анагаах ухаан гайхамшиг байсан даа. Энэ нь хувьсгалын үед бүр алга болсон. Ардын уламжлалт эмчилгээг бүрэн зогсоогоод, Европ эмнэлэг хүчээр оруулж, ардын эмнэлгийн эмч, эм зүйч нарыг алж хөнөөгөөд, сүүлд үлдсэн цөөн маарамба нарыг байнгын хяналтад байлгаж эмийг нь хурааж авах, хүн үзүүлэхгүй байх хавчлага явуулж ардын эмнэлэг тасрахын даваанд хүрч үлдсэн байдаг. “Дотоод ухаан” нь бурхны шашны гүн сургаал юм. Энэ талаар хүнд ярьж болохгүй хэмжээнд хүрч, зөвхөн хэдхэн цөөхөн лам өвгөчүүд үзэж харж болох ийм хэмжээнд хүргэсэн байсан. Түүнээс гадна яруу найраг байна. “Яруу найраг” нь онолтой, Азийн олон орны яруу найргийг уншиж судалдаг байж. Үгээр шүлгийг яаж сайхан яруу хэлэх, үгийн чимэглэл, утгаар утгын нь чимэглэж хийх онол тэргүүтэн нь ихэд доройтсон. Эвсэн найруулах буюу эгшиг гийгүүлэгч, авиа зүйд маш сайн мэргэшсэнээрээ хүний яриа болоод, уран зохиол, яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолыг яруу тунгалаг болгодог эдгээр зүйлүүд үгүй болсон. “Зурхай” нь орчлон ертөнцийн орчил, одон гаригийн судлал, ертөнц хоорондын хамаарал, бодьгал болоод хүмүүн төрөлхтөнтэй яаж холбогдож, шүтэн барилдаж байгаа энэ талаар голчлон судалдаг байсан. Тэр үгүй болж. Ийм олон зүйлүүдийг гээж хаяхад хүргэсэн хэлмэгдүүлэлт гэдэг асар их гарзтай зүйл болсон доо. 

Энэ бүгдийг таны асуугаад байгаа хүрээ хийдэд суралцаж байж. Хүрээ хийд гэдэг ганцхан хурал ном уншиж, гүрэм дором хийдэг газар байгаагүй л дээ. Дацан нь сургууль байсан шүү дээ. Цанид дацан гэж байж, энд гүн ухаан буюу дотоод ухааны номд голчлон суралцана. Зурхайн дацанд тооны ухаан буюу орчин цагийн математикт суурилан тооцоолол, гариг эрхэс, хоорондын нөлөөллийг судална. Манба дацанд эмч бэлтгэх, анагаах ухаанд голчлон суралцана. Дацангууд үүсэж үүнд шүтэж сургалт явж байсан. Урьдын түүхээс харахад сүм хийдэд боловсрол олгодог тогтолцоо байж, сүм хийддээ суралцаж гарсан хүмүүс ард түмнийхээ дунд явж энгийн иргэдэд гэрийн шавь сургалтын аргаар зааж сургаж явжээ. Энэ байдлаар монголчууд 10 ухааны номд суралцаж, ном хүртэж байжээ. 

-Залруулахын тулд бид юу хийх ёстой юм бол?

-Угтаа сүм хийдийн нэртэй боловч энэ нь Монгол Улсын хөрөнгө юм даа. Сүм хийдэд хадгалагдаж байсан зүйлээс нэг сүмээс хураасан хөрөнгийг тооцоход 500 сая ам.доллар болох байж гэж тооцсон байдаг. Жишээлбэл: Егүзэр хутагтын хийд шүү дээ. 1000 гаруй томоохон сүм хийд Монгол нутагт байсан гэдэг байх. Энд асар их зүйлс хадгалагдаж, өвлөгдөж үлдсэн байсан. Хэрэв эдгээр зүйл одоо хүртэл байсан бол Монгол Улсын хөгжил дэвшил, соёл урлаг, аялал жуулчлал, эдийн засагт хэрэг болох байжээ гэдгийг бид чухалчилж ойлгох ёстой юм. 

Монгол Улсад сүм хийдийн үйл ажиллагааг жигд явуулж, хөл дээр нь босгох ажил барагтай явагдсан. Амь насыг нь хөнөөсөн, хэлмэгдүүлэн хорьсны төлөө хувь хүмүүст нөхөн олговор олгосноос сүм хийдэд нөхөн олговор ч юм уу ядаж нийгэмд үйлчлэх нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгөөгүй л байгаа. 1990 онд шашин сэргэсэн цагаас сүм хийдэд хэлмэгдлийн нөхөн олговор гэдэг юм уу тохинуулах ажил явагдаагүй. Энэ нь сүм хийдийн үйл ажиллагаа тогтвортой явагдах боломж бүрдэхгүй байгаад байна гэсэн үг. 

Хэлмэгдлийг засаг төрөөс харж үзээд ямар нэгэн хэмжээнд сүм хийдүүдийг ажиллах боломжийг нь гаргаж өгвөл нийгэмдээ хэрэгтэй. Хэт үл хэрэгсээд явчихвал нийгэмдээ дарамттай ч болж мэдэх юм гэдгийг бид сүүлийн 30-аад жил харж байна.

Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад лам нар оролцож байсан

-Улаанбаатар хотыг барьж босгоход лам нар гол оролцоотой байсан юм билээ. Их сонирхолтой түүх санагдсан...

-1911 оны тусгаар тогтнолыг Богд хаан тэргүүтэй оройлон, манлайлан удирдаж, Манжаас салгаж тусгаар тогтнолоо зарласан явдал бол 300-400-гаад жилийн бурхны шашны хөгжил дэвшлийн оргил үе нь гэж үздэг. Эрдэм номын талаар ч гэсэн эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж өгөхийн тулд лам хуврагууд ард иргэд, ноёд баядтайгаа хамт оролцож Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг зарлаж байсныг энэ явдал харуулдаг. 

Тэрнээс хойш 1921 оны хувьсгалд ч гэлээ лам хуврагууд, буддын шашинтай улсууд оролцсон нь ямар ч эргэлзээ байхгүй. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан тэргүүтэй удирдагч нар лам байсан, бурхны шашны шүтлэг бишрэлтэй хүмүүс байсан. Түүний баталгаа нь “Шашин, төрөө аваръя” гэсэн уриатай байжээ. 1921 он хүртэл явсан ноёд, баяд, лам, харгүй бүгдээрээ Монгол Улсын төлөө зүтгэснийг энэ байдал илэрхийлдэг юм. 

1924 оны Үндсэн хуулиас хойш нэлээн хавчигдал, давчигдалтай болж эхлээд 1937 оны их хэлмэгдэлт явагдаж эдгээр хүмүүсийг дайсан мэт үзэж, амь биеийг нь егүүтгэж, хөрөнгө хогшлыг нь хурааж, эрх чөлөөгүй болгож, асар өндөр хэмжээний албан татвар татаж, үгээгүй ядуу болгох олон янзын ажил явагдсаны дараа үлдсэн лам нар хар болохоос аргагүйд хүрсэн. Хар ба энгийн иргэн бол гэж шаардаж, шахдаг байсан юм билээ. 

Монгол Улсын иргэн, хүн юм хойно социализм, коммунизмын бүтээн байгуулалтанд тэдгээр улсууд дээд зэргээр оролцсон. Яагаад гэвэл сүм хийдэд боловсрол олсон, бичиг үсэгтэй, нэлээн овсгоотой нь лам нар байсан учраас улсынхаа бүтээн байгуултад тэд тэргүүлэх хэмжээнд оролцсон байдаг. Энэ хожим үлдсэн бидэнд мэдэгдэж байна. Үүнийг судалж үзвэл их сонирхолтой судалгаа гарна гэж боддог. Үүнийг бидний үеийнхэн өвгөчүүдээс заримыг нь дуулж байсан. Лам нар их ажил хийсэн юм даа. Лам нарын артель гэж хамгийн түрүүнд байгуулж улсынхаа бүтээн байгуулалтад оролцсон юм. 1937 онд баригдсан лам нар, япон цэргүүдтэй хамтУлаанбаатар хотын анхны байшингуудыг барьсан гэж өвгөн лам нар ярьдаг байсан. Цаашлаад урлаг соёлын байгууллагуудад лам байсан хүмүүс оролцсон байдгийг олон хүмүүс ярьдаг. Түүний нэгэн жишээ улсын циркийн хамгийн алдартай жүжигчин Данзан, Содном гуай, Улаан малгайт Лувсанжамц гуай тэргүүтэн олон хүмүүс урлагт зүтгэсэн.

10 ухааны оронд суралцсан, урлаг соёлын талд мэдлэгтэй хүмүүс нь тэд л байсан болохоор шинэ цагийн урлагийг судлах арай дөхөм байж. Сүхбаатарын хөшөөнөөс авахуулаад соёлын дурсгалд дан лам нар л оролцсон. Уран Данзан гуай, уран Жамбаа гуай гээд олон хүмүүс оролцсон юм билээ. Ядамсүрэн гуай тэргүүтэй төрийн шагналт зураачид мөн л лам байсан хүмүүс байдаг. 

-Бурхны сургаалыг түгээн дэлгэрүүлэх нь шашны өөрийнх нь үүрэг үү, эсвэл төрийн үүрэг үү?

-1990 онд ингэж сайхан ярих боломжгүй, хэцүү хэвээр байсан. Ихэнх боловсролтой мэдлэгтэй улсуудыг нь егүүтгэсэн. Нийтийн дунд ярьж хэлэхийг сүүлийн 60-70 жилд хорьсон байсан. Ийм нөхцөл байдалд үнэхээрийн шашин ярьж, иргэд сүсэгтэнд ном айлдах боломжтой эрдэмтэй хүн ховор болсон байсан даа. Явцын дунд буддын шашныг судалсан, сургууль соёлыг нь төгсөөд ирж байгаа эхний аграмба, лхаарамба хоёр ч лам болсон, ингээд гавж, гэвш нар 20-30-аад хүн болсон байна. Монголд байгаа лам нар нь ч Шашны дээд сургууль, МУИС тэргүүтэй Европ, Америкт олон сургуульд магистр, доктор болж нэлээн боловсролтой болцгоосон. Одоо бол лам нар ард түмэндээ бурхны шашнаа таниулах ажилд идэвхтэй оролцож байгаа гэж үзэж байгаа.

Ард түмний хувьд энэ ном чинь дандаа түвдээр байх юм аа монгол хэл дээр болгож болдоггүй юм уу гэж асуудаг байв. Тэр үед хүмүүст аваад өгөх орчуулга ховор байлаа. Одоо бол хэдэн мянган номыг орчуулаад, ойлгоход хялбар болгоод хэвлэсэн байдаг. Сонирхож байгаа хүмүүс нь өөрсдөө ирж үзэж судлаад, уншиж болох боломжтой болсон. Дээрээс нь Гандантэгчинлэн хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба, сүсэгтний холбооноос том сургалтууд явуулдаг болсон. Жэвзүндамба төв, Наро Банчэн төв, Асрал төв, Их хөлгөнийн уламжлалыг хадгалах төв гэх мэтчилэнгээр буддын мэдлэг, оюуны хөгжүүлэх сургалтууд явагддаг болсон. Нэг үеэ бодволөөрөө мэдье гэвэл бүх боломж нь бүрдсэн. Гэхдээгурван сая монголчуудад бүгдэд нь хүрэх арай л болоогүй байгаа. Бид хичээж л байна. Ард иргэд нь ном сургаалыг таньж мэдэхийн төлөө, лам хуврагууд нь сүсэгтэн олонд тайлбарлан таниулахын төлөө явах аваас амархан түгэн дэлгэрэх бололтой юм байна. Монголчуудын зан заншил, ахуй нөхцөлд нь хамгийн ойр байсан шашин нь буддын шашин.

Бурхны шашин бол мэдлэг боловсрол,
ёс суртахуун хоёрыг зэрэгцүүлж явдаг нь гайхамшигтай юм

-Далай лам буддын шашинт оронд ирэхдээ уламжлалт зан заншил, соёлоо авч явах, уламжлалт шашнаа шүтэхийг уриалдаг. Манайд бол уламжлалт шашнаас гадна, олон шашнууд сүүлийн үед орж ирсэн.

-Энд тухайн ард түмний эрх ашиг байдаг юм байна гэж бодогддог. Тухайн орны эрх ашиг байдаг ч нийтийн үйлээр барилдсан гэдэг ойлголт ч байдаг. Яагаад гэвэл цаашилвал 2000 гаруй жил, наашилвал 400 гаруй жилийн түүхтэй бурхны шашин дэлгэрч, мандаж байсан Монгол шиг улсад зан заншил, соёл, уламжлал нь тухайн шашинтай нягт холбоотой болсон, ихэнхүйл явц нь бурхны шашнаас хамаардаг болсон ийм нөхцөл үүсдэг юм байна. Тийм учраас тухайн ард түмэн нь Хятадаас ч өөр, Оросоос ч өөр Монгол гэсэн төрхийг бий болгож өгдөг. Ер нь манай иргэд өөр шашин болоод өөр үзэл сурталд автаад ирэхээрээ монголчуудаасаа хэл яриа, үйл ажил нь шал ондоо болоод явчихдаг. Үндэсний баяр наадам, монгол дээл хувцас гээд бүх зүйлээ ад үзээд эхэлдэг. Гуравхан сая монголчууд өөрийн гэсэн дархлаатай байя гэж бодвол, өөрсдийн шашнаа эрхэмлэхээс өөр аргагүй юм уу даа гэсэн бодол байдаг юм. 

-Улс орныг хөгжүүлэх гол үндэс нь хүн. Хүнийг төлөвшүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Тэрний нэгэнд шашин ч бас багтана. Шашин нийгмийн хөгжилд ямар үүрэгтэй вэ. Зарим шашингүй үзэлтнүүд шашныг нийгмийн хөгжилд чөдөр тушаа болдог ч гэх нь бий...

-Олон улсад том зарчим байна. Жишээ нь Америк, Орос, Англи, Европын хуучин соёлт орнуудад хүнийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх энэ талаа бодоод хэдий бээр шинжлэх ухааныг үнэлж үздэг болсон ч шашнаа хаялгүйгээр хамт аваад яваа харагддаг юм. Яагаад гэвэл хүний сүсэг бишрэл гэдэг аугаа зүйл юм. Түүнийг харгис, хүнд хөнөөлтэй биш л бол бүх нөхцөлд хүлээн зөвшөөрдөг. Монголын Алтан ургийн их хаадууд мөн тийм байсан байгаа юм. Мөнх хаан хэлэхдээ “Олон шашинтныг эзэлнэ гэдэг нэг хэрэг. Олон шашныг авах, үгүй нь өөр хэрэг” гэжээ. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлж буй нийгмийн илрэл юм даа. 

Миний хувьд Европыг хоёр хувааж үздэг. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэмтэй улсууд нь Үндсэн хуулиндаа шашныхаа тухай зааж, сүсэглэж бишрэх эрхийг нь нээж өгөөд хамтран зэрэгцэн оршиж XXI зуунтай золгож байгаа. Нөгөө нэг тал нь шинжлэх ухаантай харшилсан ч гэж үздэг юмуу устгая, байхгүй болгоё гэсэн үзэл бодол байж. Тэр нь яван явсаар өөрөө өөрийгөө ялагдуулаад дуусчээ гэж бодогддог. Энэ талаас аваад үзэхээр шашин гэдэг бол хүнд ёс суртахуун суулгадаг нийтлэг чанар байна. Бурхны шашин бол мэдлэг боловсрол, ёс суртахуун хоёрыг зэрэгцүүлж явдаг нь гайхамшигтай юм. Тэр мэдлэгийн хэмжээнд байгаа зүйл нь орчин үеийн шинжлэх ухаантай харшилдахгүй байгаа нь гайхамшигтай гэдгийг нь баталж байгаа байдал. Цогт Наландагийн уламжлалт бурхны шашин шүтдэг монголчууд бурхны шашныг ойлгож мэдэхэд ямар нэгэн шинжлэх ухаан юмуу аливаа нэгэн ололт амжилттай харшилна гэх айдас төрөхгүй юм билээ. Тийм ч учраас бурхны шашин хэд хичнээн дэлгэрэх тусам нийгмийг улам бүлээрүүлж, эв нэгдэл тогтоох, энх тайвныг авч ирэх юм байна. Нигүүлсэл, хайр, энэрлийн сургаал нь эдгээр бүгдийг хүн төрөлхтөнд өгсөөр ирж. Иймээс бид бурхны шашнаа эрхэмлэж хүүхдүүдийн суурь боловсролын дотор ёс суртахууны сургаал номуудаас оруулах хэрэгтэй. Бурхны шашны ёс суртахууны сургаалд шашин, бурхан, мөргө, итгэ гэсэн ойлголт огтоос байхгүй. Өөрөөр хэлбэл хүнээ хүн болгож авахдаа шашнаа ашигла гэсэн санаа яваад байгаа юм.

-Тэгвэл ёс зүйтэй, жаргалтай нийгмийг яаж бүтээх вэ?

-Шашин нь дээд зэргийн ёс суртахуун, энэрэл, нигүүлсэл, эх орноо хайрлах хайр, өөр бусдыг хайрлах хайр, ёс зүй гэх мэтчилэнг тогтоож өгдөг үүн дээр суурилсан шинжлэх ухаан байх аваас энэ шинжлэх ухаан жинхэнэ хүн төрөлхтний төлөө болж ирэх юм. Тиймээс шашин нь шинжлэх ухаантай хамт байж дутууг нь нөхөх хэрэгтэй юм уу гэж боддог юм. Бурхны шашныг хөгжүүлэх гэдэг ойлголт байхгүй юм, үнэхээрийн төгөлдөр сургаал гэдэг нь цаг хугацаа өнгөрөх, хүний оюун санаа хөгжих тусам батлагдаж байх шиг ажиглагддаг. Харин уг гүн ухаан, шинжлэх ухаан, сургаал номлолоор нь бид хүнээ хөгжүүлж авах боломжтой. Бурхны ном хүнийг хөгжүүлэх цогц ойлголт юм байна.

Барууны эрдэмтэд бясалгалыг маш нарийн судалсны үндсэн дээр
хэдэн арван саяараа бясалгал хийдэг боллоо

-Хөгжсөн орны иргэд, алдартнууд буддын шашныг ихэд сонирхож, шүтэх нь ихэсч. Мөн бясалгалаар их хичээллэх болж. Ямар учраас өөр шашинтай, өөр соёлтой хүмүүийг бурхны шашин, бясалгал татаад байх болов?

-Буддын шашин 2500 жилийн түүхтэй, өнөөгийн шашнуудын хамгийн ахмад шашин хэдий ч шинжлэх ухаантай үзэл онол дүйцэж байгаа нь биднийг гайхшруулж, итгэл үнэмшлийг улам сэргээдэг. Бурхан багшийн айлдсан шүтэн барилдлагын онол, хоосон чанарын ухаан, энэрэл, нигүүлсэл, хүн өөрийн дотоод сэтгэлийг судалж, өөрийгөө боловсруулах арга зам нь үнэхээрийн гайхамшигтай.

Өнөө цагийн эрдэмтэд бурхны сургаалиас сэдэв авч судалгаа, шинжилгээ хийж байгаа олон зүйлүүд байна. Нэн ялангуяа бясалгал байгаа юм. Барууны эрдэмтэд бясалгалыг маш нарийн судалсны үндсэн дээр хэдэн арван саяараа бясалгалгадагболлоо. Бурхны шашнаар суурь хийж, орчин үеийн шинжлэх ухаанаар баяжуулж бясалгал хийдэг ч болж. Далай багш айлдахдаа хүнийг боловсруулж, дотоод сэтгэлийг өөрчилж, жаргалтай сайхан амьдралд хөтөлж чадаж байвал тэр заавал бурхны шашнынх гэж бид өмчлөхгүй гэж айлдсан. Буддын шашин Европ дахинд маш их сонирхолтой байна. 

Сүүлийн үед ажиглахад Далай багш Англи, Украйн тэргүүтэй маш олон орны иргэдийн хүсэлтээр интернэтээр айлдвар айлдаж, тэдгээр хүмүүс сонсож, ярилцаж байна. Хүний төлөвшил, ёс зүй, ёс суртахуун хөгжүүлэх тухай хэлэлцүүлэг хийж, үүний үндсэн дээр курс дугуйлан байгуулагдаж, хүүхдүүдийн боловсролд ч нэвтрүүлж, олон зүйлийн ажил Европ тэргүүтэй улс орнуудад өрнөж байна. 

Мөн Далай багштай хамтарч ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн ёс зүйн сурах бичиг, сургалтын хөтөлбөр хийсэн. Энэтхэгийн сургуулиуд эдгээрийг ашиглаж байгаа, Америк ба Европын бусад улсуудад сургалтын хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх үзэл бодлууд явж байна. Бурхны шашны ёс зүйн ба хүнийг төлөвшүүлэх арга дээр дэлхий нийт анхаарч амьдралдаа хэрэглэж эхэллээ. Бид буддын шашны уламжлалтай ард түмэн учир эдгээрийг харж үзүүштэй юм. Үүнийг манай улсад хэрэгжүүлэхэд маш хялбар. Эрдэм мэдлэгтэй гавж, гэвш, лхаарамба, аграмба нар нь байна. Хамтарч суугаад богино хугацаанд үр дүнг нь үзэж болмоор нөхцөл бидэнд байгаа. Үүнийг анхааран үзэж аваасай гэдгийг Боловсролын яам болоод бусад холбогдох хүмүүсд хүсэлтээ тавих байна.

-Буддын шашныг түгээн дэлгэрүүлэх арга барилыг өнөө цагийн нөхцөлд тааруулан шинэчлэн өөрчлөх боломж бий юу. Буддизмыг шүүмжлэхээрээ зарим зан үйлийг жишээ татдаг шүү дээ. Үүн дээр Та ямар бодолтой байдаг вэ?

-Зүй зохисгүй зүйлүүдийг өөрчлөхөөс өөр арга байхгүй дээ. Буддын шашин олон зууны турш дэлгэрч ирсэн, янз бүрийн нийгмийн үед оршсон, тухайн нийгэмд зохицолтой, одооны нийгэмд таарахгүй зан үйл ч байж болох талтай. Бид хуучин социалист нийгмийн үзэл суртлаар явалгүй шинэ нийгэмдээ тохируулахаас аргагүй юм. Бурхны шашны номлолд яв цав таарч байгаа шинэчлэлийг хийхээс өөр талгүй. Жишээ нь хуучин цагт хирээ угааж болохгүй гэж ярьдаг байсан. Гэтэлбурхны шашны винайн ёсонд усанд орохоор барахгүй, орчин үеийн угаалгын өрөө мэт бүгдийг нь номд нарийн заагаад өгсөн байх юм. Түүнийг хуучин нийгэм шиг дагаж байх хэрэггүй, бурхны номоо дагаад, шинэ цагийн нийтийн байдалтай нийцүүлэн явж болохоор байна. 

Эрт цагт ингэж ярих нь төвөгтэй ч байсан байж магадгүй. Халуун ус гэж байхгүй, цөмөөрөө нүүдэлчин, цөм таранги, хөдөө гадаа амьдардаг, мал сүргээ хариулаад явдаг, эрүүл байгалд, экологийн хүнс хэрэглэдэг ийм нөхцөлд нэлээн тэсвэртэй ч байсан байх. Орчин үеийн нөхцөл нь шал ондоо болсон газар дэлхий их бузартаж, экологи их сүйрч, бидний идэж ууж байгаа зүйлд хор хөнөөлтэй зүйл ихээхэн орж ирсэн. Энэ байдлаас болоод винайн ёсоо баримтлаад идэж уух, хоол хош, хувцас тэргүүтэндээ өөрчлөлт хийхээс аргагүй зүйл бий.

-Коронавирус гарсантай холбоотойгоор дэлхийн олон орны удирдагч нар гар барьж мэндчилэхгүйгээр янз янзын аргаар мэндчилдэг болсон байна лээ. Монгол Улсын Ерөнхийлөгч ч гэсэн гадны хүмүүстэй уулзахдаа алга хавсран залбирах маягтай мэндчилж харагдсан. Үүнийг зарим хүмүүс шүүмжилж байгаа нь ч харагдсан...

-Их хэлмэгдэлтийн үеэс хэлбэр дүрсээ хүртэл өөрчилсөн олон юм байна. Монголчууд эртнээсээ гар барьж мэндчилдэггүй байсан. Тэр нь одоо ч үргэлжилж, гүнзгий сурталд автсан. Бид чинь гараа хамтатгаж юмуу, хоёр гарын алгыг дээш хандуулж амар мэнд, амгаланг айлтгая гэдэг байлаа. Энэ мэндчилгээ хэдийгээр хуучны юм шиг санагдаж болох авч, хөгжилт хүн төрөлхтөн хамгийн сайхан мэндчилгээ байна гэж хүлээж авч байгаа харагдаж байна. Английн ханхүү цар тахал гарсны хойно нэг арга хэмжээн дээр эхлээд болгоомжгүй гараа барих гэж явуулснаа гэнэтхэн цочиж гараа хамтатгаж залбирч мэндчилэхэд бусад хүмүүс нь дуурайж байгаа дүр зурагхарагдана лээ. Дэлхий нийт шуугилаа. Дэлхийг удирдаж байгаа том гүрнүүдийн удирдлагууд уулзахдаа цөмөөрөө гараа хамтатгаж залбирч мэндэлж байгаа нь бидний уламжлалт мэндчилгээ хамгийн зөв мэндчилгээ болж, хамгийн орчин үеийн, хэнд ч хөнөөлгүй, сайхан мэндчилгээ болох нь батлагдаж байна. Гэтэл бид гараа барихаас гадна, тэврэлддэг, үнсэлддэгийг нь аваад бүр коронавирус тэргүүтэй асар халдвартай өвчин дэгдэж байгаа үед ийм мэт байвал өөрт болоод бусдад машид хортой болох нь байна.Сүүлийн үед залуучууд гараа зангидаж байгаад зодолдох нь уу гэлтэй мэндчилж байгаа нь их л эвгүй харагдах юм. Тэрний оронд гараа хамтатгаад мэхийхэд цаад хүндээ асар хүндэтгэлтэй хандаж байгаа мэдрэмж өгдөг. Эдгээр уламжлалаараа мэндлэхэд яагаад болохгүй байхав дээ. Энэтхэг, Тайланд гээд Азийн олон оронд энэ мэндчилгээ гайхамшигтай дэлгэрсэн байдаг юм билээ. Тэр олон хүнтэй газар халдварт өвчин тарахгүй байхад нь сайнаар нөлөөлж байж ч болох юм. Энэ мэт өөрсдийн уламжлалт юмнаас зугтаахгүй оновчтой зүйлсийг нь авч явах, өвлүүлэх их чухал юм даа гэж залуучууддаа дахин дахин айлтгая. Аюулт цар тахал, коронавирусын үед уламжлалт сайхан мэндчилгээгээ дадуулж, аливаа сайхан соёл уламжлалаа өвлүүлэхийг сүсэгтэн олон, залуучууддаа уриалж байна.