Тоолол

2023 оны тавдугаар сарын 10-нд болох Их хааны өндгөн сүргийн тайлгад амжиж очих гэж ихэд довтолгосон бөлгөө. Бидний зорилго болбоос Их хааны өндгөн сүргийн их тайлгыг үзэх, хар сүлдийг хэрхэн тайдаг талаар сураж, их тахилч Сүмбэр (Эрдэнэсүмбэр) гуайтай уулзах байлаа. Бид гэдэг нь манай эхнэр Уянга, “Хүннү фэйшн” компанийн менежер Аззаяа эгч бид гурав. Аззаяа эгч биднийг Сүмбэр тахилчтай танилцуулна гэж ятгаж авч явсан юм. 

Их хааны өндгөн сүргийн тайлга бол “Анхны гүүний сүүгээ 99 тэнгэрт” өргөх хаад, язгууртны тахилга юм. Үүний дараа улирлын хоёр дахь тахилга буюу “гүү барьж айраг бэлтгэсний баяр” буюу нуур далай мэт айргаар бялхахын бэлгэдэл нуурын тайлга хийнэ. Үүнийг манай Монголд адуутай айл бүхэн хийдэг бөгөөд “Гүүний үрс гаргах” найр гэж нэрлэдэг. Шөргийн тайлга нь манай ард түмний дунд өдгөө хүртэл уламжилсан “Тамганы найр” билээ. Гүүгээ бар өдөр барьж, нохой өдөр тавьдаг, ер нь хатуу өдөр сонгодог нь төрийн үйл уламжилсных мэт. Адуутай айл бүр эртний их өв соёлоо хадгалж явдаг ажээ, үүнийгээ улам сайхнаар хадгалж явууштай... 

Энэ хоёр найр ба Ордос дахь тайлгын өдөр зөрж болно, энэ нь цаг улирлын шинж чанараас ихээхэн хамааралтай билээ. Монголын ард түмэн нийтээрээ хааны их тахилгын хоёрыг нутаг нутагтаа хийдэг аж. Улирлын дөрвөн их тайлгын сүүлч тасмын тайлгыг өвлийн тэргүүн сарын шинийн 3 буюу их хааны хүй цөглөсөн өдөр хийдэг. Энэ мөн л язгууртан дээдсийн тахилга. 

Энэ жилийн тавдугаар сарын 10 болбоос хуучин монгол тооллын 6 дугаар сарын 21 юм. Шинийн нэгнээс хойш 81 дэхь хоногт Их хааны өндгөн сүргийн тайлга хийдэг байна. Энэ хуучин Монгол тоолол бол бидний одоо мөрддөг билгийн улирлын буюу дээд Монголын сүмбэ хамба Ишбалжирын монголчилсон Түвд тоолол биш ээ. 

5 дугаар сарын 10-наас урагш 81 хоногийг тоолбол шар зурхайн шинийн 1-тэй таарч байна. Жинхэнэ Монгол тооллоор бол Чингис хааны төрсөн өдрөөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-нээр он эхэлсэн гэж үздэг байна. Та 5 сарын 10-наас 6 сарын 21-ныг хасаад үзвэл Чингис хааны төрсөн өдөр тодорно. Тэр өдөр Монгол Улсад “Их эзэн хааны мэндэлсэн өдөр-Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлсэн бий... Төдийгээс 3 хоногийн дараа Ордост их хааны хүй цөглөсөн тасмын тайлга хийжээ. 

Энэ тоолол их учиртай, Чингис хаан Алтан улсад элч довтолгож “Таван сард би морилно, цэргээ гарга, байлдая!” гэж явуулжээ. Алтан улс болоогүй хэмээн найрлаж ахуйд Монгол цэрэг довтлон орохуйд хаан нь: “Хаан хүн атал хэлсэндээ үл хүрэв” гэж заалдсанд Чингис хаан: “Би танай тооллыг дагах ёстой юу? Манай таван сар болсон” гэжээ.

Үүнээс 700 жилийн дараа Ардын хувьсгалын эхэн үед ч Монголчууд энэ тооллыг хэрэглэж байсныг “МонТА” одоогийн “Монцамэ” агентлагийг байгуулсан Засгийн газрын тогтоолоос харж болно. Уг тогтоол “Олноо өргөгдсөний арван нэгдүгээр он зургадугаар (Европын долдугаар) сарын арван таван (есөн)-ы өдөр” гэж давхардуулж бичсэн хоёр огноотой байдаг. 6 дугаар сарын 15-ны өдөр гэхээр Ардын засаг тогтохоос өмнө болчихож байгаа биз? Харин энэ өдөр Европын 7 дугаар сарын 19 байжээ гэсэн үг. Хэрэв тусгаар тогтнолоо зарласан өвлийн дунд сарын шинийн 9 буюу 12 дугаар сарын 29-ний өдрийг 1 сарын 1 гэж тооцсон бол европ тооллоос ингэж хол зөрөхгүй, гурав хоног л зөрөх байх. Төрийн албан бичигт Чингис хааны мэндэлсэн өдрөөр тооцдог хуучин монгол тооллыг уламжлуулан хэрэглэж байсны нэг нотолгоо энэ юм. Тэгэхээр өвлийн эхэн сарын шинийн 1-нээр тооцвол тэр жил Европ тооллоос 1 сар 4 өдөр түрүүлж байж. Тооллыг зөвхөн Ар монголд төдийгүй хожуу болтол Өвөр монголд хэрэглэж байсан бөгөөд өдгөө Ордос дахь Их хааны дархадууд мөрдөн тайлга, тахилгын цаг хугацаагаа тогтоож байна.Монгол тоолол 24 улирал, 12 сартай, сард 30 хоногтой 5 хоногийн зөрүүг “Улирлынтахилгын үйлэнд оруулж тооцох өөрийн аргатай тоолол байсныг энэ хүртэл өгүүлээд судлаачдад орхин цааш...

Ордос ба дархад

Манж Чин гүрэн унаж, Богд Хаант Монгол Улс байгуулагдаж, зарлан тунхаглахад явдалд талархан баясаж, дагахаа илэрхийлсэн Өвөр Монголын зургаан чуулганы 35 хошууны 7 нь “Их зуу” чуулганд харяалагддаг байсан юм. 1914 оны үест Нийслэл хүрээнээс цэрэг илгээхийг хүссэн өөр нэгэн учир буй. 

Их зуугийн чуулган нь 7 хошуутай, “Их зуу” гэдэг газар чуулган чуулдаг байсан тул ийнхүү нэрлэжээ. Батмөнх Даян хааны гуравдугаар хөвгүүн Барсболдын ахмад хөвгүүн Мэргэн хар жонон эцгийн хэргэмийг залгамжилж Ордост суусан байна.

Чингис хаан Тангудад морилж, 1227 онд улсыг нь мөхөөгөөд 8 дугаар сард нь тэнгэр болжээ. Чингис хааны алтан чандрыг хамгаалан монголын уламжлалт ёсны дагуу эх нутагт нь хүргэхээр явах зам зуур Ордосын “Монын хөөвөр” гэдэг газар чандар ачсан тэрэг саатсанд эзэн Чингис хааны өмссөн цамц, өргөө гэр, өрөөсөн оймс зэргийг тэнд онголж, Чингис хааны шүтээн тахилгын найман цагаан орд анх үүсэн байгуулж “шүтээн” болгожээ гэсэн домог бий. 

Судалгаагаар бол Өгэдэй хааны үед Хархорумд Чингис хааны тахилгын ордон байгуулж тахиж байсан бөгөөд Хубилай хааны үед Шанд (Xanadu) хотын ойр Бумбатын хөндий гэдэг газар тахилга үйлдэж байжээ. Дараа нь Дайдуд(нийслэл хот) Есүхэй баатар тэргүүтэй дээдсийн тахилын 8 сүм, шүтлэгийн ордон байгуулж “Найман цагаан ордон” гэж нэрлэх болжээ. Энэ үеэр Хубилай хаан зарлиг буулгаж өдгөө нийтээр зөвшөөрдөг Чингис хааны хөргийг тахилгын зориулалтаар бүтээлгэсэн байдаг. Ийн цээж хөрөг бүтээх уламжлал нь бүр Уйгурын үеэс Монголд уламжлагдсан байдаг.

Юань төр хөөгдөж, Монголчууд Бээжингээс ухран уугуул нутагтаа буцсанаас хойш “Найман цагаан орд”-ыг Чингис хааны хатдын дөрвөн их ордонтой нийлүүлж тахин шүтсээр иржээ. Монголчууд ухран гараад улсаа Умард Юань гэж нэрлэсээр байсан бөгөөд Батмөнх хааны цол “Даян” нь “Да Юань” буюу их Юань улсын хаан гэсэн үг гэж Японы эрдэмтэд тайлжээ.

Даян хааны үеэс Ордос түмэн Чингис хааны хар, цагаан туг зэрэг сүлд шүтээнийг хадгалан тахиж байжээ. Цахар Дарайсун Хүдэн хааны үеэс эхлэн “Эзний найман цагаан гэр”-ийг Ордосын“Их Зууд” үе дамжин тахих болжээ. Манжид орсны дараа 1809 онд ар, авөр Монголын олон аймаг, чуулганаас Манжийн хаанд өргөдөл барьж зөвшөөрүүлснээс уг ордыг “Чингис хааны онгон” гэж нэрлэдэг болжээ. 

Зарлигаар тогтоосон гадаад Монголын төрийг засах яамны хууль зүйлийн бичигт: "Их Зуугийн хязгаарт Чингис xааны онгон байх тул Ордос долоон хошуунаас 500 өрх томилж, онгоныг хамгаалах ба тахилгын ажлыг эрхлүүлтүгэй. Бас жил бүр 500 лан мөнгө гаргаж сэлбэлт ба тахилгад хэрэглэтүгэй!” гэжээ. Жил бүрийн билгийн улирлын 3-р сарын 21-ийг их тахилгын өдрөөр тогтож, энэ 500 өрхийг дархад гэж нэрлэх бөгөөд дархадууд ямар ч татвар төлөхгүй, үеийн үеэрээ "Чингисийн Онгон"-ыг сахих үүрэгтэй болжээ. Ингэхдээ түмэн ордосоос 500 зууг сонгосон гэдэг. Тахилгыг эрхлэх албан тушаалыг шинээр нэрлэсэн авч Монгол ноёд дахин хүссэний дагуу тахилчдын эртний цол нэрийг хэвээр үлдээсэн байна. Тэр ч байтугай Манжийн хаад нөгчихөд улс даяар бэлбэсрэл зарлахад гагцхүү дархадууд түүнийг дагахгүй байх эрхтэй бөгөөд учир нь тэд үүрд Их Чингис хааны бэлбэсрэлийг үйлдэж буй тул давхар үйлдэхгүй онцгой эрхтэй байжээ. 

Гайхалтай нь домогт өгүүлснээр Чингис хааны шарилыг Тангудаас нутаг руу нь авч явах үест Их хааны сүнс хоргодож, энэ орчим тээж явсан тэрэг нь элсэнд суугаад хөдөлсөнгүйд Сөнидийн Гөлгүдэй баатар өчил өчиж хөдөлгөсөн гэдэг домогт дурдсанаар тэнд дахин очсон мэт. Ордос хот хааны ивээлээр цэцэглэн буй мэт. Аман ярианд “Чингисийн онгон” гэх авч бодитоор Чингис хааны тахилын өргөө билээ...

Авчрахуй...

Их хааны тахилын өргөөг Хархоринд эсбөгөөс төрсөн нутагт нь авчрах цаг ирсэн мэт эсбөгөөс Монгол Улсад сэргээх боломжтой мэт санагдсанаас тийш явснаа нуух юун...

Урд өмнө Их хааны тахилын өргөөг нүүлгэх, тэр тусмаа Монгол Улсад авчрах оролдлого ч хийж байсан түүхтэй юм. Ийм санаархал нэгэн зуун жилд гурвантаа гарсан мэт. Эхнийхийг эрдэмтэн Жамсраны Цэвээн, удаад нь Б.Ринчин гуай очиж үзэж тандсан мэт байдаг. Тиймээс энэ тэмдэглэлдээ энэ хоёр их эрдэмтний тэмдэглэлийг гурамслуулан бичих нь зөв байх. Учир нь Б.Ринчин абугай тэмдэглэлдээ Ж.Цэвээний тэмдэглэлээс олонтаа эшлэсэн байдаг. Судалгаа, шинжилгээний олон арван өгүүлэл буй нь гарцаагүй авч миний бичих нь тэмдэглэлээс үл хэтрэх тул сонирхолтой болгох үүднээс ингэж шийдлээ.

Эрдэмтэн Жамсраны Цэвээн 1909-1910 онд буюу Монголд ирэхийн өмнөх жилээ Зүүн монгол, өмнөд монголын Ордос нутагт хийсэн аяллын тэмдэглэлдээ 1910 онд Их зуугийн Чингис хааны тахилгад оролцсон тухайгаа тодорхой бичсэн байдаг. Ордост хижиг өвчин тусаад эмчлүүлж нэг жил амьдарсан тул нарийн тэмдэглэл үлдээжээ. Түүгээр үл барам тэрээр эргэж ирээд Чин ван Ханддоржид Ордост байгаа хааны тахилгын газар ба хар сүлдний талаар тодорхой ярьсанд, “Бид Таны зөвлөснөөр тэр сүлд тахилгыг Монголыг нэгтгэхэд ашиглаж болох юм” гэж хэлсэн гэх яриа бий. Үүнийг батлах мэт нэгэн явдал буй нь:

Богдын Засгийн газраас Өвөр Монголыг чөлөөлөх таван замын байлдаан хийж байсан 1913 онынамар болжээ. Ордосын засаг, жүн ван Чагдарсүрэнгийн асарсан хөвгүүн Төгсжаргалан нутгаасаа зугтан, Хүрээнд ирээд Дотоод яаманд бичиг өргөжээ. Уг бичигт:

Мэдүүлэх учир: Энэ жил цагаан сард Дотоод их яамнаас манай хошуу ба өмнө захын сэргийлэх түшмэл цэргийн хүчийг ангилан гаргаж, хамгаалсугай хэмээн мөнхүү цэргийг захирах сайдад тушаагаад, мэдэгдэн тушаасан билээ. 

Гэтэл Хөх хотын зүг чанадын цэрэг олон. Маш түгшүүртэй түргэн түүхий цаг бөгөөд мөнхүү хамгаалах цэрэг гаргаж, хүрч завдаагүй байтал харъяат хошууны лам Өлзийжаргал, Сандаг, гавж Линз, бичээч Мөнх-Өлзий, хуяг Өлзий нар монгол язгуур угсаа журмыг гээгдүүлэн буруу муу санаа үүсгэж, мунхаг дүрсгүй ардыг нэмэн авч, олноор бүлэглэн, энэ зуны тэргүүн сарын 22-ны өдөр гэнэт цэргийн байдал гадаа ирж, вангийн яам ба санг эвдэж, данс бичиг зүйлийг нэгжин үзэж, сүйтгэн, дарлаж зовоосонд Чин ван гэрийн хүмүүсийн хамт зугтан гараад мөн Ордосын Хужирт сүмийн газраа ирж хоргодон суусны дараа бас тэдгээр бүлэглэсэн ардууд зэвсэгтэй ирж, манай эцгийг ална гэж буудсан. 

Суманд эцэг маань оногдсон боловч арай бие эрсдэж алагдсангүй. Нэгэн удаа амьд мэнд гарч суун бүхийд эцэг хөвгүүн бид нар Чингисийн бие сүлд тугийг амар тавиун газар залаад, нийслэл хүрээнээ хүрч ирж Богд хаан таны бат соёлд хандсан, чин үнэнхүү сүсгээр мөргөхийг цөм хүссэн авч угаас манай хошуу нутгийн зах тойрон иргэн улсын хот шиндэй нэн олон болохын дээр гамин цэрэг сууж, хоорондоо ямагт сэлгүүцэн явж, тэмцэлдэхүйд нэгэнт санаа урвасан муу ардууд даруй цаашид нийлэлцэх зэргээр бидний хорхой мэт амьсийг нэгэн цагт сүйтгэхээс өөргүйд лавтайяа хүрнэ хэмээн айцгааж, зайсан хөвгүүн Төгсжаргалангийн бие төдий сэмхэн гарч, өмнө зүгийг сэргийлэн сахих цэргийн сайд, ялгуусан баатар, гүн ламтнаа эл учраа мэдүүлээд нийслэл хүрээнээ хүрч ирэв. 

Одоо нэгэн үзүүрт сэтгэлийгзүтгэн барьсан эцэг ван эсэргүүцлийн этгээдээс амь мэнд ангижиран гарахад чингэж маш бэрхтэй болсон туйлын үзэн зүдгүүртэй учраа гаргаж, Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаа өргөн мэдүүлээд, олдвол толилон, нигүүлсэн өршөөж, тэнгэрийн сүлдэт баатар цэргийг ангилан гаргаж, тэдгээр санаа нийцэхгүй урван тэрсэлсэн муу ардад амь эрсдэх шахамдан буй эцэг вангийн бие ба гэрийн хүмүүсийг Чингисийн бие, сүлд, тугийн хамт уул нутгаас хамгаалуулан авч, Богд гэгээн хаантны бат соёл, авралд багтаан амьдруулж, тохинуулахыг мөргөн гуйхаас гадна анхнаас өчүүхэн хүн нийслэл хүрээний газраас нутаг буцаж очвол муу ардын гарт бусних нь магадтай тул нийслэл хүрээнээ түр сууж, эцэг вангийн биеийг ирэхийг хүлээхээр мөн эцэг лүгээ хэлэлцэж ирсэн учрыг хамтаар гаргаж мэдүүлсүгэй. Үүний тулд өргөв гэжээ.

Энэ өргөдөл бичгийг хүлээн авсан Дотоод яам Цэргийн ба Сангийн яамтай яаравчлан зөвлөөд намрын сүүл сарын 23-нд Богдод айлгасан байна. Учир нь Цэргийн яамнаас төсөв гаргуулахыг хүссэн бололтой, учир нь бичигт дурдсан түшээт ван цолтой сайд нь Сангийн яамны сайд Чагдаржав болж таарч байна.

Уг бичигт “Чингис хааны бие, сүлд тугийг нийслэл хүрээнээ залж хэрэглэвэл болох үл болох явдлыг хичээнгүйлэн нугалбар бичиж, Богд гэгээнээр толилон сургахыг гуйж бөлгөө.

Өргөсөн тухайд манай Дотоод яамнаас харъяат вангийн биеийг хамгаалуулан, гэрийн хүмүүсийн хамт ирүүлэхэд үл болох газаргүй боловч гагцхүү Чингис хааны бие, сүлд, тугийг чингэж шилжүүлэн залж ирүүлж болох эсэхийг Бүгд Ерөнхийлөн захирах хоёр яамнаа зөвлөсөнд Цэргийн яамнаас ван Чагдарсүрэнгхамгаалан ирүүлэх ба Чингис хааны бие туг сүлдийг шилжүүлэн залж ирүүлэх зэргийг төсөвлөн мэдэх ойр бөгөөд эрхэм шийтгэгч сайд, Түшээт ванд явуулж, гүйцэтгэн шийтгүүлбэл ямар гэлээ. 

Бүгд Ерөнхий яамнаас ван Чагдарсүрэнг хамгаалж ирүүлэхэд эрхлэн шийтгэх бөгөөд ойр байдлыг төсөөлөх сайд, түшээт ванд явуулж, гүйцэтгэн шийтгүүлэх нь зүйтэй. Гагцхүү Чингис хааны бие, сүлд, туг бол Ордосын нутагт тахиулж он удсан. Богд хувилгаан суурин болох тул шууд шилжүүлэн хөдөлгөж болох, эсэх зарлигийг гуйн айлтгаж, тогтоолговол зохино гэж зөвлөн ирсэн. 

Үүнд шавь боолчууд хянан байцаавал энэхүү ван Чагдарсүрэнгийн биеийг гэрийн хүн нарын хамт түшээт ванд явуулж, гүйцэтгэн шийдүүлбэл болох боловч гагцхүү Чингис богд хааны бие, сүлд туг бол манай Монгол Улсын эрхэм шүтээн болох бөгөөд чингэж он удсан суурин газраас залж ирүүлбэл болох ба үл болохыг зүй нь зарлиг гуйн айлтгаж, дагаж явуулбал зохих тул хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад, Богд гэгээнээ толилж, заан сургах ажааму. Үүний тулд хичээнгүйлэн айлтгав. Зарлиг гуйму! гэсэн байна.

Богд хаан уг нугалбарт “Чагдарсүрэнг гуйсан ёсоор болгогтун. Чингис хааны бие, сүлд тугийг аль л сайнаар залж ирүүлэхийг Чагдаржав нарт тушаагтун! гэж улаан бийрээр цохож зарлиг болгоод мөнхүү сарын 24-нд буцаан хүргүүлжээ. Улаан бийрээр цохсон нь чухалчлан үзсэн хэрэг бололтой байна.

Дотоод яамнаас даруй таван яаманд дараахь бичгийг илгээжээ. Уг бичигт “Хааны зарлигийг хичээнгүйлэн дагаж сайд түшээт ванд явуулаад, уг айлтгасан хэрэг, буулгасан зарлигийг хичээнгүйлэн дагаж, харъяат сайд ван биеэр буюу эсвэл сайн чадамгай сайд түшмэдийг сонгон гаргаж, Чингис хааны бие, сүлд тугийг даруйхнаа шилжүүлэн, ван Чагдарсүрэнд залуулж авахуулан, түшмэл цэргүүдээр хамгаалуулан, хүргэж ирүүлэхийн гадна хэзээ аль өдөр шилжүүлэн залсан ба бас ван Чагдарсүрэнг гэрийн хүмүүсийн хамт хэрхэн хамгаалуулан мордуулсан зэргийг манай яамнаа мэдүүлэн ирүүлээд, тухайд түшмэл цэргүүдийг гаргаж хамгаалуулан тосч авахуулахад бэлтгүүлье! 

Үүнийг басхүү Их зуугийн чуулганы ван Чагдарсүрэнд тушаагаад, Чингис хааны бие, сүлд тугийг яахин хурдан түргэнээр залж, нийслэл хүрээнээ ирүүлбээс зохих зэргийг лавлах зүйл буй аваас түүгээр сайд түшээт вангийн газар лавлан мэдүүлж, гүйцэтгүүлсүгэй хэмээх явдлыг хамтаар тушаасугай!

Ийнхүү явуулан тушаасан үүнийг Бүгд Ерөнхийлөн захирах таван яамнаа тус бүр явуулаад, байцаан үзүүлье! Үүний тулд тушаан өргөн илгээв. Олноо өргөгдсөний 3 дугаар он. 9 сарын 25. 

Жич: Чингис хааны нандин, жиндэн зүйл, басхүү тахилгын ном, судар, элдэв эрдэнийн сав хэрэглэл ба жагсаалын зэрэг чухал хэрэглэгдэх юмнуудыг авч, бүрнээ тодорхойлон гаргаж, битүүмжлэн, хүргэж ирвэл зохихын гадна үлдсэн зүйлийг нягт тодорхой данс үйлдэж, эрхлэх газрын итгэж болох түшмэд, мөн битүүмжлэн тушаан хадгалуулж хойшид будлиан шамшигдуулахгүй болговол зохино” гэсэн байна. 

Гэвч энэ хэргийг гүйцэлдүүлж чадсан эсэх нь тодорхойгүй бөгөөд Чингис хааны бие, сүлд тугийг Хүрээнд авчирсан тухай ямар нэг мэдээ занги өнөө болтол олдоогүй байна. 

Хожим 1957 оны зун их эрдэмтэн Бямбын Ринчин мөн Ордост очиж, тахилгад оролцож, эртний тахилгын өчил, дууны үгийг тэмдэглэн авсан байдаг. Б.Ринчин гуай энэ тухай тэмдэглэлдээ: 

... Эдгээрээс гадна, Чингис хааны хар сүлд хэмээх чухал сүлд буй. Тэрхүү сүлдийн хамт мөн цэргийн хэнгэрэг нь хадгалагдаж байдаг байна. Хар сүлд нь аугаа их заслал, ялалт, байлдан дагууллын сүр хүчийг бэлгэдсэн байдаг. Хар сүлд нь Эзэн хорооноос зүүн урагш 50 бээрийн газарт байдаг. Жамсраногийн бичсэнээр Эзэн хороо нь түрүү зууны далаад оны сүүлчээр талагдаж дээрэмдэгдсэн байжээ. Тэгэхэд авдрын дотор хадгалагдаж байсан мөнгөний зүйлс, мөн гурван хэлтэй мөнгөн тулга гэх мэт их хэмжээний зүйлс хулгайлагдсан байв. Дээрэмчид тэднээс их хэмжээний зүйлсийг авсан боловч зарим зүйлсийг шүтээнийг хамгаалж буй дархдуудад буцааж өгсөн байна. Хамгийн харамсалтай нь гэвэл дээрэмчид авдарт байсан их хэмжээний гар бичмэл судар номыг шатаасан байв. Үүнд өртөгдөөгүй үлдсэн гар бичмэлүүдийн утга нь тодорхойгүй бөгөөд түүнийг гаргаж уншихаас ч айх болжээ. (Жамсраногийн зохиолоос ... Б.Р) 

Аюур өвгөний ярьснаар бол Чингис хааны шүтээний урд дахь тэрхүү гар бичмэл байгаа авдрыг хэн ч онгойлгож болохгүй, хэрвээ онгойлгоход хүрвэл тэр хүний нүд нь сохрох учиртай. Тэр хэлсэн нь: "Лигдэн хаан нэг удаа авдрыг онгойлгохыг завдан тагийг нь хагас сөхтөл түүний нүд нь ухархайнаасаа гарчихсан гэнэ. Тэгээд эргэж хаагаад, тахил өргөж, хурал ном уншуулсны дараа сая нэг хараа орсонгэнэ.

Чингис хааны шүтээнийг хожим нь гоминданы бүлгийнхэн авч яваад байсныг нэлээд хэдэн жилийн дараа эргэж Ордост буцаан авчирчээ. 

... Хэдэн жилийн өмнө өвөрлөгчидтэй ярилцаж суухад: “Улаанхүү уг онгонд хадгалагдаж байгаа зүйлийг үзэхийг хүссэн тухай аман яриа байдаг. Дархадууд “Тахиж буй зүйлсийг хаан хүн л үзэх ёстой, Таныг хаан мөн гэж үзүүлье!” гэжээ. Улаанхүү гэрт орж онгоныг үзээд юу ч хэлэлгүй хурднаар явж одсон гэдэг. Гэвч онгонд юу байгаа нь одоо ч нууцлаг хэвээр гэж ярьж байсан.

Япончууд Хятадыг түрэмгийлж, Манж-Го улсыг байгуулсныхаа дараа өвөр Монголчуудад нөлөөлөхийн тулд Чингис хааны онгоныг ихэд сонирхох болсон байна. Тиймээс 1939 онд Чингис хааны онгон шүтээнийг саатуулан тахисан Эзэн Хороонд байгаа "онгон"-ыг дайны хөлөөс зайлуулахын тулд түр шилжүүлэх хүсэлтийг Их Зуугийн чуулганы дарга Чагдаржав нар мөн л Гоминданы Засгийн газарт тавьжээ. Уг хүсэлтийг хүлээн авч, Хятадын Ганьсу мужийн Шин луншан гэгч газар нүүлгэсэн байдаг. Гэвч зарим хүмүүс үүнийг гоминданы Засгийн газар япончуудын гарт онгоныг өгөхгүйн тулд хийсэн ажил болохоос, Монголчууд тийм хүсэлт тавиагүй гэж хэлдэг юм билээ.

Тэндээс 1946 онд Хөхнуурын Гүмбүм хийдэд шилжүүлжээ. БНХАУ байгуулагдсаны дараа 1954 онд Ордосын монголчуудын хүсэлт, шаардлaгаар онгоныг Өвөр Монголын Ордост буцааж авчирч, Эзэн хороонд дахин залсан байна. 1955 онд онгоныг агуулсан ордон барилга бүтээсний хамт, жил бүрийн их тахилгын өдрийг нь билгийн улирлын 3-р сарын 21 байснаас 5-р сарын 15 болгон өөрчилжээ. Харин одоо хааны онгонд очвол Хятадын коммунист Засгийн газар онгоныг бусдын гарт өгөхгүйн тулд нүүлгэн авч яваад буцаан авчирсан түүхийг дэлгэрэнгүй өгүүлсэн музейг үзэж болно. Энэ 15-ны тухайд энэ жил нэг л өөр байсан, тэр талаар дараа өгүүлье!

Лу.Алтан товчид “Их эзний өрөөсөн оймс, цамц, гэр”-ийг онголсон гэдэг бол зарим сурвалжид Чингис хааныг шархадахад цусыг тогтоосон цагаан тэмээний ноос, нум сум бий ч гэх нь бий. Б.Ринчин гуайн тэмдэглэлд “...Жамсраногийн бичсэнээр Чингис эзний их гэрийн хойморт том мөнгөн авдар байх бөгөөд түүний зүүн талд мөнгөн нум сум буй. Мөнгөн авдрын өмнөх жижигхэн ширээн дээр олон зул ба хэд хэдэн жижиг аяга байна. Шүтээний өмнөх зайд Чингис хааны гал голомт болох мөнгөн тулга байна” гэжээ.

Мөн Ганьсу муж руу шилжүүлэхэд цагаан сүлдийг мориор авч явж болохгүйн учирт явгаар авч явсан, гэвч халуун газарт цагаан сүлд тэсэхгүй тул Цахарууд хуурай худагт нуун авч үлдээд хожим гаргаж тахисан гэлцдэг. Харин хуурамч цагаан сүлдний цагаан хөхөл үс халуун газар тэсэлгүй зөвхөн төмөр хүрээ буцаж ирсэн, харин Ордосчууд жинхэнэ цагаан сүлдийг буцаан сэргээж залсан ч гэлцэх нь бий. Энэ аман яриа бол Цахарууд төрийн их цагаан сүлдийг Манж нарт өгөхгүйн тулд хуурай худагт нууж байгаад Ордосчуудад өгсөн гэдэг домогтой адил мэт... Энэ домог орчин үежиж мөнөөхөн Ринчин гуай Еншөөбүү овгийн хүн тул цагаан сүлдийг өмхөрсөн модны дотор нуун авчирсан гэлцдэг. Эд бүгд домог бөгөөд өдгөө Ордост тахиж буй нандин зүйлс цөм уг байдлаараа гэж дархадууд итгэлтэй хэлдэг.

Даян хааны гуравдугаар хөвгүүн Барсболд (Б.Ринчин гуай хүүдээ энэ нэрийг өгсөн байдаг) жонон Ордос, Түмэд, Еншөөбүүг захирч байсан юм. Б.Ринчин гуай энэ талаараа: ...Хөгшин дархад өвгөн Аюуртай ярилцах хооронд өөрийгөө хойт монголын эртний овог аймгийн нэгэн Еншөөбүүгээс гаралтайгаа мэдэж авлаа. Энэхүү хойт монголын Еншөөбүү хэмээх аймгийн айраг аягалах үед уншдаг магтаал нь Чингис хааны онгоны магтаалд байдаг ба эдүгээ Өвөр Монголчууд энэ магтаалыг уншдаг тухай сэтгэл хөдлөн ярьж байв. Түүнчлэн тэд миний эх боржигин овгийн хүн болох тухай болон намайг Чингис хааны онгон шүтээнийг шинжлэх ухааны үүднээс судлах зорилготой явааг минь мэдэж их л сайшааж байлаа. Ингээд тэд надад урьд Жамсраногийн дурсан ярьж байсан нэг боодол эртний гар бичмэлийг өгөв. Тэдгээр гар бичмэлийн хоёр нь их айраг үнэртсэн, усанд норсон болов уу гэмээр гэм толбо үүссэн судар байлаа. Түүнд "Монголын нууц товчоон"-д гардаг Хэрлэн голын нэрийг Хэлүрэн гэж бичсэн байлаа... гэжээ. 

Археологич, Шинжлэх ухааны гавъяат ажилтан Хатгин Д.Эрдэнэбаатар “Би Ленинградад хадгалагдаж буй Ж.Цэвээн гуайн архивыг танилаараа дамжуулж үзсэн. Их цөөн өв байдаг болов уу гэтэл асар их баримтыг гурван шкафанд нямбай хадгалсан байв. Бүр Марксын “Капитал”-ын орчуулга монгол бичгээр байсан. Би Ж.Цэвээн гуайн Ордост хийсэн тэмдэглэлийн эхийг үзэхийг чухалчилсан юм. Өвөр Монголын кино найруулагч Чагдарсүрэнтэй хамт тайлгын тухай кино хийхээр явсан учраас тэр. Би архивт орохдоо Чагдарсүрэнд “Чи илүү хөдөлгөөн хийж, юм ярьж болохгүй шүү!” гэж анхааруулсаар байтал тэмдэглэлийг үзэж байхад “Хүүе энд Ордосын тухай% тахилгын талаар яг бичиж гээд чангаар уншиж эхэлсэн. Гэтэл музейн ажилтан бичгийг хурааж аваад гарахыг хүссэн...” гэлээ. 

Хааны онгонд анх мөргөсөн минь

Тахилгын урд өдөр Ордосын вангийн дэмчийн угсаа, Отог хошууны Гарди хэмээх залуу тэнгэрээс илгээсэн мэт бидний буусан буудалд ирж, онгонд хөтлөн явлаа. Дэмч гэдэг ар монголд хийдийн албан тушаал болсон бол Ордост дархадуудын дунд бол 40 гэрийн ахлагчийн үүрэгтэй хошуу засгийн шадар алба болж хадгалагджээ. 

Онгоны үүдээр ороход гадаадын иргэн 90 юань төлдөг журамтай болжээ. Уг нь Монгол хүн төлбөргүй орох ёстой гэж байсан нь 2006 он. Харин Гарди үүдний зохицуулагчидтай яриад биднийг шууд оруулав. Бид уг нь паспортаа бэлдээд “Монгол хүн” гэдгээ нотлох санаатай байсан юм, гэтэл паспорт үзвэл гадаад хүн хүн гээд мөнгө төлөх болно шүү гэж учирлав. Тэгээд би Гарьдид дараахь түүхийг ярьж өглөө. 

... Тэртээ 2006 оны эцсээр би АН-ын нарийн бичгийн дарга байхдаа энд нэг удаа ирсэн юм. Намын дарга Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүдээс Ламбаа, Батбаатар тэргүүтэй 15 хүн Хятадын Ардын Улстөрөөр зөвлөлдөх зөвлөлийн дарга У Бан Гуогийн урилгаар БНХАУ-д айлчилсан юм. АН сөрөг хүчин байсан үе ээ...

Биднийг Б.Ринчин гуайн тэмдэглэлдээ дурдсан Их зуу аймгийн төв Дуншинд буулгаж, орой нь өргөн дайллага зохион байгуулж, Ордос бүсгүйчүүд “Алтан хундага”-аа дуулж, алд цагаан хадган дээр аягатай сархад барихад бид ч хамаатан садныдаан байгаа мэт эрээлхэж нэрэлхэлгүй тогтоож, мах огтолж шөнө дүл болтол ярилцаж сууцгаав.

Маргааш нь биднийг Дуншинаас машинаар Шинэ Ордост хүргэн ирж үзүүлэхэд Засгийн ордны урт саарал байшин ба түүний өмнөх Их хааны түүхийг өгүүлсэн өнөө алдартай нүсэр хөшөөд л байсан билээ. Дуншинаас ирэх засмал замын хоёр хажуугаар тарьсан модод дөнгөж ургаж байсан бөгөөд Ордосын Засгийн ордныхон эндээс Шинжаан хүртэл шинэ засмал зам тавьж, түүнийг хамгаалж мод тарьсан, ойжуулах ажил эхэлж байна гэж тайлбарласан нь өдгөө битүү ой болчихож. Ой болох болохдоо Ордосын цөл хааны онгоныг тойроод хангай газар мэт болжээ.

Элсэн говийн дундах шинэ хот өдгөө өргөжин хөгжөөд жинхэнэ монгол агуулгатай том хот болжээ. Энэ хотод хүн тогтохгүй “чөтгөртэй хот” гэдэг болж гэсэн суртал худлаа болж таарлаа. Өнөө хотын төвөө хайгаад олохуйяа бэрх болсон бөгөөд сая хоёр өдрийн дараа хотоос явахдаа хэрэг болгон очиж зураг авч билээ.

... Тэгэхэд АН-ынхныг Хааны онгонд бараалхуулав. Дархадууд биднийг хөтлөн онгоны үүдээр оруулахдаа “Монгол хүн үнэгүй ордог юм” гэхэд нь “Монгол хүнийг яаж мэдэх вэ?” гэж асуухад Ордосын засгийн ордны ажилтан “Монголоор л ярьж байвал тэр Монгол хүн болно!” гэж билээ. Харин тэр журам өдгөө зөвхөн Хятадын харьяат Монголчуудад л үйлчилдэг болж.

Тэгэхэд дархадууд хааны гол цомцог ордны өмнө биднийг дагуулж очоод шинэ архи хундагалан бариулж хэн, хэн бараалхаж буйг өчиж, их цөгцөнд бидний өргөсөн архийг нийлүүлээд түүнээсээ аягалан хааны хишиг хэмээн барьсанд гурав хүртэж билээ. Урд шөнө найрлаж ахуйд өгсөн цагаан хадгийг бид хүрэмнийхээ дотор халаасанд хийсэн маань зол болж, хадгаа ч өргөв. Эхний ээлжинд Элбэгээ дарга, Ламбаа, Батбаатар гишүүн, бид дөрөв таарсан юм. Ламбаа гуай “Хаанаас хадаг авсан юм, илүү байна уу?” гэж шивнэж билээ. Даан ч байгаагүй, өчигдрийнх гэвэл урамгүйхэн зогссон.

Тэндээс гармагц би Элбэгээ даргын тохойноос татаж “Хааны онгонд юу хадгалдгийг Улаанхүү дарга нэг үзсэн гэдэг юм билээ. Та ч Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн, үзье гэвэл үзүүлж юуны магад” гэлээ. Бид хоёр сүүлдэсгээд үлдмэгц мань хүн шуудхан л дархадуудад хандаж “Бид хоёр үзэж болох уу?” гэж сэм хэллээ. Гэвч “Болохгүй! Цомцог ордны үүдээр харсан тэр мөнгөн хайрцаг л бий” гэлээ. Хайрцгийг нээвэл.. гэсэнд “Тэр бүр эртнээс хориотой юм” гээд үзүүлсэнгүй билээ... Энэ нь Б.Ринчин гуайн хэлсэн хоригтой яг таарч байна. Б.Ринчин гуай ч Өвөр Монголынтэргүүлэгч Улаанхүүгээс асуусан байдаг. Тэрбээр: “Чингисийн шүтээний илрүүлгэд оролцсон ӨМӨЗО-ны тэргүүлэгч Улаанхүү надад ярихдаа "Тэрхүү шүтээний бичиг баримтад Чингис хааны адуу тэмээний үр төл, хойч үе гэгдэх шарга морь, цагаан тэмээний тухай дурдсан байдаг. Мөн айраг хийдэг модон сав суулганууд хадгалагдаж байдаг гэв” хэмээн тэмдэглэн үлдээжээ.

Харин сая хааны онгонд очсонд нэн өргөжүүлж, гайхалтайгаар засан тохижуулжээ. Онгоны үүднэс хоёр тийш тус тус километр шахам газрыг бүрнээ тохижуулж, нүсэр хот мандал байгуулжээ. 

Онгоны гоёмсог асарт өндөр хаалгаар ормогц гайхалтай сүрлэг Их эзний морьтой хөшөө угтав. Манай барималч Болд урласан гэнэ. Эрдэнэсүмбэр гуай тахилгыг хариуцдаг байхдаа онгоныг дэглэхдээ уг хөшөөг бариулсан бололтой. Үүнийхээ төлөө зүгээр ч өнгөрөөгүй л болов уу, яагаад Монгол Улсын барималчийн хөшөө энд барих болов гэдгээс өгсүүлээд... Өмнө нь хааны үүнээс багавтар хөшөө байжээ, түүнийг шинэчилж өөр хөшөөг өндөр суурин дээр барьжээ. 

Хөшөөний ур хийц ярих юмгүй сайхан, ер нь очоод үзвэл сүр дарагдаж, нүд баясна. Хааны хөлөг яг манай жанжны хөшөө мэт хөлөө өргөсөн байдалтай, молцогтой, эртний бэдгэдлийг ёсоор шингээсэн. Загарвадын хааны бэлгэдэл долоон давхар суурин дээр залаагүй нь нэгд буддын бэлгэдлээс хол хийхийг зорьсон мэт, нарийн ажвал өөр ч учиртай мэт. Хааны хөлгийн хөл дорх газар гурван хэсэг цуурсан мэт агаад тэр нь өмнөд ба төв, умард Монголыг бэлгэддэг гэх. Тэр цуурхайгаар явсан хүн дээш харвал их хааны алтан ташуур байгааг харж болно. “...Эвдрэхүй төр дор хураалтай...” гэж гадна талд нь бичжээ. Хөшөөг үзээд доогуур нь гарч найман гэрийг зүглэсэн засмал талбайгаар дээш өгсөв. Зуу орчим метр тэгш талбайгаар алхаад 9 шат өгсөнө. Тэр мэтээр 81 гишгүүр алхаж Их эзний онгоны өлмийд хүрмүй... 

Хааны онгонд бараалхах ёсыг бичихийн урд Ордосын вангийн өргөөнд очсоноо бичилтэй. Учир нь тэмдэглэлийн эхэнд таван замын байлдааны үед Ордост самуун гарч, вангийн яамыг түйвээсэн ба хааны бие, туг, сүлдийг булаахыг оролдсон тухай дэлгэрэнгүй бичсэн билээ. Сэдэв хамааруулж, хоёр хоногийн дараах нэгэн үйл явдлыг энд залган өгүүлсү! 

Вангийн яамнаа цайлав

Биднийг хөтлөн яваа Гардийн өвөг эцэг Ордосын вангийн дэмч байсныг өгүүлсэн билээ. Ордос бол Өвөр Монголын өөртөө засах орны нэгэн аймаг бөлгөө. Өдгөө аймгийн энтэй хот гэнэ. Засаг захиргааны шинэчлэлтээр аймгуудыг хот болгон өөрчилсөн тул бид засаг захиргааны өөрчлөлтөд нь будлих магадтай юм билээ. Аймгийн энтэй хот гэгдэх болсон Ордос нь 2001 оноос өмнө хуучнаараа Их зуу аймаг гэгдэж байсан. Төв нь Дуншэн хот. Өдгөө Дуншэн хотыг дүүрэг гэдэг болжээ. 

Хааны онгон байгаа газар бол Ордосын Эзэн хороо хошуу. Төв нь Алтанширээ. Аман ярианд хэлэгддэг Шинэ Ордос хот дотроо хоёр дүүрэгтэй нэг нь Хиа багш дүүрэг, нөгөө нь Эзэн хороо хошууны төв Алтанширээ. Алтанширээ, Хиа багш хоёрыг хаагуур заагладгийг ойлгохгүй тул нутгийн залуу Гардиас асуухад "Хөөргөөр баримжаална. Улаан гол дээрх таван хөөргийн цаадахь нь Хиа багш шүү!" гэв. Бид Эзэн хороо талдаа явж байсан хэрэг.

Хөөргө гэдэг нь гүүрийг хэлж байгаа юм. Хуучин бичгээр "Хөгүргэ" гэж бичдэг. Бид халх аман аялгадаа тааруулж "Гүгүргэ" гэж уншаад байдаг! Үгийн язгуур утга нь "хөөрөх" юм. Гол дээгүүр хөөргөөд цаана нь буулгана гэсэн үг! Орчин цагийн монгол хэлнээ кириллээр адил бичдэг гурван "хөөрөг" бий, хэл шинжлэлд омоним гэдэг. Дарханы хөөрөг, шахуургын хөөрөг. Хуучин монгол бичигт "Хөгэргэ" гэж бичнэ. Гүүрийг "хөгүргэ" гэж бичнэ. Тамхины хөөргийг "хөхүүр" гэж бичнэ. Хөхүүртэй ижил хэлбэртэй болохоор л ингэж нэрлэсэн бололтой юм. Бас “хүүрэг” гэж бий. Нэг дэх утга нь халх аялгад “хэврэг” болсон, “хэүрэг” гэж бичнэ, голдуу будаа тарианы эвдэрсэнд хэрэглэж байж. Нөгөө нь цан хүүргийг “Хүүргэ” гэж тэмдэглэдэг. Ер нь монгол аймгуудаар аялж явах зуур манайд хуучирсан, мартагдсан үг их таардаг нь тэнд хуучраагүй гэсэн үг л дээ. Тэр бүрийг ялгахад “Монгол бичиг” л тусалдаг юм. Тийм л сайхан бичиг. 

Эрдэмтэн Ж.Цэвээн Ордос бичсэн тэмдэглэлдээ: “Ордос нь долоон хошуунаас бүрддэг. Даруй Далад, Зүүн гар, Хангин, Ван, Засаг, Үүшин, Нутаг зэрэг долоон хошуунаас бүрдэх бөгөөд энэнь Их зуугийн чуулганыг үүсгэнэ. Ордост Чингис хааны шүтээнийг харж, хадгалж байхаар томилсон дархад нэрт 1000 өрх айл байсны 500 өрх нь нэлээд дээгүүр зэрэг дэвтэй, жонон гаралтай улсууд байв. Энд Үүшин, Далад, Хангин, Хэрэйд,Цахар, Тангуд, Уйгуржин хэмээх үндэстэн байдаг” гэжээ. 

Одоо бол Далад, Зүүнгар, Отог, Отгийн өмнөд хошуу, Хангин хошуу, Үүшин хошуу, Эзэн хороо гэсэн долоон хошуу байна. 

Ж.Цэвээн абугай цааш нь: Ордост Чингис хаан түүний дөрвөн хатан Бөрт, Хулан, Есүй, Есүгэн нарын дүр бүхий шүтээн байдаг. Үүнд Чингис хаан их хатантайгаа хамт дүрслэгдэж байгаа бөгөөд тэднийг их эзэн хэмээнэ. Хулан хатныг бага эзэн гэж, их эзнээс нэг их холгүй газар тахина. Харин Есүй, Есүгэн хоёр зүүн гар эзэн хэмээгдэж "Зүүн гар" хошуунд тахигдаж байна. ...Тулуйн (болон түүний эш хатны) шүтээнийг хамгаалагчид Хангин хошуунаас ирлээ, тэд их тайлгад гол үүрэг гүйцэтгэдэг юм байна. Дараа нь Отог хошуунаас 'Алтан гадас" мөн Чингисийн “Хар сүлд”, “Байлдааны бүрээг” сахин хамгаалагчид ирлээ. 20-ноос 21-нд шилжих шөнө болдог “гарилын” гэдэг онцгой тайлга, даллагад хэрэглэх тусгай бэлтгэсэн модыг Зүүн гар хошуунаас авчирлаа... гэхчлэн бичсэнийг үзвэл нэгэн зууны өмнө Ордосчууд Чингис хааны найман цагаан гэрийг хошуу бүрт тусгайлан тахиж, арчилж байжээ.

Ордосын вангийн өргөө түүнээс бас төдий холгүй Алтанширээгийн төвд байдаг юм. Алтанширээ бол Ордосын тахилгатай уулын нэр бөгөөд уулын ар дор вангийн өргөө буюу Вангийн яамыг барьжээ. Чуулган захирагч ван “Их эзэн”-ий шүтээнийг тахидаг байгаад 1870-аад оны Манжийн баруун этгээдэд боссон босогчдын дайралтад “Их эзний” орд өргөөд өртсөн бололтой байна. Харин 1913 онд боссон ардын дайралтад энэ яам, ордон өртжээ.

Вангийн яам, сангийн хэрэм нь 4 метр гаруй өндөр хөх тоосгоор барьжээ. Хэрмээр хүрээлсэн хааш хаашаа 100 орчим метр хоёр хашаа бүхий багавтар бэхлэлтийн байдалтай юм. Уг нь гурван хэсэг байсны нэг нь эвдэрч сүйджээ. Элсэрхэг цагаан талд барьсан байсан уг яам өдгөө хотын өндөр байшингуудын дунд оржээ. 

Ордосын өнөөгийн засаг захиргаа вангийн ордныг үр хүүхдүүдээс нь худалдан аваад аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгохоор засаж додомдож байна. Урдаа ямпай хаалгатай, хэрэмний баруун талд морины уяа, морь өвслөж, услах ховоотой талбай байх нь одоогоор бол машины зогсоол гэсэн үг. Хаалгыг нь зузаан модоор хийж, төмөр бүрээсээр бэхэлж, хадаасаар баталжээ.

Хэрэм урд ийм байсан уу, эсвэл засаад ийм болсон уу бурхдын дүр ба луу, үлгэрийн амьтдыг дүрсэлсэн гоёмсог хээ угалзаар чимсэн байдалтай ба анхнаасаа хятадуудаар бариулсан нь илт. Гол дааман хаалгаар ормогц баруун этгээдэд сургууль, бичээс нарын өрөө, багшийн өрөө, зүүн этгээдэд гал тогоо, угаалгын, үйлчлэгчдийн өрөө байна. Түүгээр дамжин дараагийн хаалгаар орвол зочны өрөө, зочин хүлээн авах өргөө, агь ноёны өргөө, хатны өргөө, вангийн ажлын өрөө буюу номын өргөө, тус тусын унтлагын өрөөд байх агаад хуучны чамин хийцтэй хулсан тавилгуудыг өржээ. Унтлагын өрөөнүүд бүгд халуун ханзтай, дээр нь хивс дэлгэн тавьж, басхүү намхан мэлхий хөлт ширээ ном, бийр янтайг тавьсан нь нойрсохын өмнө бичгийн ажил хийдэг боловсролтой хүмүүс байсныг илтгэнэ. Зочны өрөөнд ширээн дээр дугуй ааруулаар зассан идээ, хорхой ааруул, боорцог, арвайн гурил тэргүүтнийг яг монгол ахуйгаар урлаж тавьжээ. Харин сальфетка тавьдаг л илүүдэж...

Ид засвартай байх тул өрөө бүрийг орж үзэж чадсангүй, гагцхүү цонхоор харвал доторх нь харагдах тул лааны тосон баримлуудыг хуучин цагт ямар байсан тэр байдлаар урлаж, хувцаслаж тавьсныг үзвэл үнэхээр бодитой. Өрөөдийн хаалга бүрийн хажууд хэн сууж байсан, ямар зориулалттай болохыг нэгбүрчлэн монгол бичгээр болон ханзаар, бас англиар бичсэн пайз хаджээ. Хамгийн сүүлийн ван Эрдэнэболд гэж хүн байсан ба түүний хөвгүүнийг Батзаяа гэдэг байсныг энэ хаягнуудыг уншаад мэдчихэж болно. Эрдэнэболд ванг хятадаар “Чи Зонг И” гэж бичсэнг бодвол мөнөөхөн Ордосын засаг Чагдарсүрэн вангийн хөвгүүн мэт... Ордосын ноёдын намтрыг мэдэхгүй, басхүү нуршихгүйн тулд тул лавлаж үзсэнгүй. 

Гол хаалга, вааран дээвэр чимэг сэлт, гол өргөөний байдал гоёмсог сүрлэг, үлгэрлэвээс сүм, хийдийн барилга мэт. Чулуун суурьтай модон баганас, хаалганы хавтас сэлтийг хурц өнгийн хээ хуараар урнаар хээлэн зурсан нь бас нүнжигтэй. Хэрмийн дотор битүү чулуун шалтай ба ус зайлуулах суваг, тахилын ширээ, барсын дүрст хөшөө зэргийг үзвэл аргагүй л язгууртны өргөө, басхүү хошууны засаг захиргааг илтэд мэдрүүлнэ. 

1913 онд Ван ноён чухам энд байхдаа босогчдын дайралтанд өртөж зугтаад шархадсан байж болох талтай тул хэрэг болгож, сонирхон үзсэн билээ. Хэрэм хэдий бэхэлсэн ч олон цэргийн дайралтанд удаан тэсэхээргүй юм билээ. Хүнс, сум хэрэгслийн нөөц багадах, эсвэл модон хийц галд автах аюултайн дээр дотроо олон цэрэг агуулж багтаахгүй шинжтэй. Сонжин асуух хүсэл байвч албан ёсны тайлбарлагч байхгүй, эрхбиш дэмчийн удмын хүн тул Гарьдаас асуувч нарийн тодорхой зүйл мэдэхгүй залуу хүн тул барьцтай зүйл ярьсангүй. Гарьд өөрийн найз Ордосын засаг захиргааны соёлын асуудал хариуцсан ажилтныг утсаар ярьж урьсан авч “Эмнэлэгт дусал тариа хийлгэж байна” гэсэн хариу сонсов. Дэмч хүн ван ноёнтой шадар, эрхбиш энэ ордны нарийн ширийнийг мэдэх учиртай тул лавласны эцэст ордноос аргагүйдсэн үед гарах хонгил байдаг тухай, хонгил нь хоёр километр орчим урт, нэгэнтээ ордон дээрэмд автаж байсан, тэгэхэд бичиг дансаа шатаагаад зугтаж гарсан түүх сонссоноо Гарьд хэллээ. 

Хэрмийн гадна бөөрөн байдаг хоёр байшинг засаж додомдоод “Вангийн цай” хэмээх нэртэй цайны газар нээжээ. Гарьд “Цай уугаад яв!” гэсэн тулд “Монгол хүн байна, аяганы амсар зуугаад мордъё” гээд очлоо. 

Монгол залуус ажиллуулдаг аж. Кофе, цай, тэр дотроо ам будаатай сүүтэй цай байна. Монгол цай захих зуур бидний аялгаас Монголоос явааг мэдээд тал өгч “Өрөөнд орж цайлаач...” гэж хүндэтгэв. Цайны газар хоёр өрөө байшингийн хэр урт, дундуур нь өрөө тусгаарлажээ. Нэг талд нь цайгаа бэлтгэнэ. Нөгөө талд зочдыг оруулна. Дотогш оролгүй байшингийн довжоон дээр суугаад цайлж болохоор жижиг ширээ, олбог тавьжээ. Зочны өрөөний дөрөвний нэгийг ханз эзэлнэ. Ордны доторх өрөөтэй адил засаж, ханзан дээр хивс дэвсээд ваартай цэцэг, мөлхөө ширээ тавьжээ. Биднийг ханзан дээр тухлахыг урив. 

Цай хүлээнгээ өрөөнд тавьсан номын тавиурыг үзвэл Монгол бичгээр хэвлэсэн номуудыг тавьжээ. Хүүхдийн, уран зохиолын, түүхийн номууд байна. “Монголын түүх” хэмээсэн зузаан шар номыг авч “Монголчуудын гарал, үүсэл” бүлгийг уншиж үзвэл нэг л танил санагдаад, зохиогчийг нь үзвэл манай алдарт эрдэмтэн Ч.Далай гуайн ном байв.

Ордост шар будааг “ам будаа” гэнэ. Харин өвөрмонголын зүүн тийш аму гэх аж. Бид шар будаа гэж Түвдээр нэрлэдэг. Манай Ордосын ам будаа онцгой сайхан амттай гэж магтана. Будаагаа тусад нь шар тосонд хуурч бэлтгээд цайндаа хийж уудаг. Хивсэн дээр тухлаж, сайхан цайлаад талархлаа илэрхийлж, мөнгө төлөх гэтэл авсангүй. Та нар ноёны цайгаар дайлуулъя гэсэн биш үү, бид дайлж байна гээд халгаасангүй... Ер нь манай өвөрлөгчид уулзвал л будаа ид, цай уу гээд шахах заншилтай тул удаан маргасангүй машин руугаа зөвлөв. Ер нь Өвөр Монгол явбал хүний гар дээр тавих үндэсний бэлэг шүлэг олноор авч явах хэрэгтэй юм билээ. Ядаж л цайлуулж дайлуулаад хариуд нь нэг ч болтугай бэлэг өгч хүний алга дээш харуулж явалтай. Нэг архи задлаад... за үүнийг дараа бичье дээ! 


Үргэлжлэл бий...