Телевизийн мэдээний товч түүх
Зурагт радио гээчийг аавыгаа даган айлд очихдоо бүтээлэгтэй байхад нь анх харж билээ.
Би 1967 оны 9-р сарын 1-нд нэгдүгээр ангид элсэж орсон бол Монгол телевиз надаас хорь гаруй хоног хоцорч 9-р сарын 27-нд албан ёсоор нэвтрүүлгээ эхэлсэн байдаг.
Зурагт радио гээчийг аавыгаа даган айлд очихдоо бүтээлэгтэй байхад нь анх харж билээ. Эхний хэдэн жил манайх, бас хөршүүд маань зурагтгүй байсан тул хааяа айлд үздэгсэн. Гэхдээ зөвхөн киног. Нэгэн орой хэдэн хашааны цаадах айлд очиж өөр шигээ баахан жаалуудын хамт гэрийнх нь гаднаас чагнаж байгаад мэдээ дуусмагц гэрт нь пирхийн орцгоосноос болж хөөгдөх шахсанаа өрөвдүүлж, хэний хүүхдэв, дуу гарч болохгүй, нусаа чанга татахгүй шүү мэтийн болзолтойгоор үүдэнд нь цаг гучин минут яг зогсож киногоо үзээд дуу шуутай харьцгааж билээ. Өнөөдрийнхөөр бол Корпорэйт-ийн VIP тоглолтын дараа юм уу даа. Дүү нар сайндаа л радиогоор үлгэр сонсоод унтсан байж таарна.
Даанч айлууд өдөр болгон оруулахгүй, тэгээд ч манайхан явуулахгүй тул хэдийд үзээд алдахаа сонгох хэрэгтэй. Ингээд би ээжийнхээ захиалсан нам, засгийн төв хэвлэл - "Үнэн" сониныг уншдаг болов. Гэхдээ зөвхөн Мягмар гаригийн дугаарыг. Бас зөвхөн арын нүүрний доод хэсгийг. Тэнд зурагтын долоо хоногийн мэдээ гардаг учраас. (Даваа гаригт Монгол телевиз ба "Үнэн" хоёулаа амардаг байсан санагдана). Харамсалтай нь киноны тайлбар байхгүй тул нэрэнд нь хайр майр орсон байвал (гэнэт үнсэлцээд эхэлбэл хүүхдүүд байтугай томчууд улалзана) тэрүүхэндээ хаширлаж алгасна. Хэрвээ залуу, хөрш, уул, зам, дуудлага гэсэн нэр харагдвал юун тухайг тааж ядна, "Хоёр байлдагч", "Тусгай даалгавар" юмуу "Тагнуулчийн дууль" байвал ... зурагттай айлын хүүхэдтэй тоглохдоо худлаа хожигдох, бөглөөгөөр хахуульдах мэтийн аргууд байдагсан.
Харин 1970-1971 оны үед манайх "Темп" нэртэй зурагтыг УИД-ээс 1900 төгрөгөөр авч, би сониноос "Телевизорын дэлгэцнээ" гарчигтай мэдээг хайчилж дээр нь хүндэтгэлтэйгээр залдаг болов. Хаалга онгойход сэвүүлж хийсгэхгүйн тулд гэрийнхээ үнэт эдлэл – гуулин (байх аа) бурхнаар даруулаад л. Бурхнаар шүү. Ингээд хичээлийн хуваарийг эс тооцвол тусдаа долоо хоногийн төлөвлөгөөтэй болж байгаа юм. Хагас сайнд байлдаантай кино үзнэ гээд л. Улс орныг намын программ залж байх тэр үед над шиг нөхдийг телевизийн программ!
1990 онд хүртэл Монголд зурагтын мэдээтэй сонин гэвэл "Үнэн"-ээс гадна "Хөдөлмөр", "Залуучуудын үнэн" байжээ. Харин дараа нь "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" нийтэлдэг болов. Хувийн, "чөлөөт" хэвлэлүүд олноор гарч эхэлсний дунд том хавтгай цаасан дээр палийтал хэвлэсэн телевизийн мэдээнүүд ч үзэгдлээ. Хичнээн өнгө зүсгүй ч маш сайн борлогдож буйг мэдсэн монгол телевизийнхэн "Цэнхэр дэлгэц", дараа "Долгион" нэртэй өөрийн сониныг эрхлэв. Өрсөлдөгчдөөсөө мэдээгээ харамлана, мөнгө нэхнэ. Нөгөөдүүл нь ардчилсан нийгэмд телевизүүд нь мэдээгээ том сонинууддаа үнэгүй өгдөгийг нотолж ичээхийг оролдоно.
1990-ээд оны дундуур UBS, 25-р суваг, кабелийн телевизүүд гарч ирснээр зурагтын мэдээний алтан үе эхлэв. Цагаан шаргүй бүгд нүүр нүүрээр нь нийтэлнэ. Зарын сонинууд нэг хэсэг телевизийн мэдээтэй байлаа. Дараачийн Цэнхэр дэлгэц, Долгион, Дэлгэц, ТВ суваг, Кабель ТВ, Сансар, ТВ зар сурталчилгаа, ТВ долоо хоног, ТВ ертөнц, ТВ суваг, ТВ хөтөч, ТВ ...TV ... гээд цувж өгсөн дөө. "Өнөөдөр” сонин гэхэд телевизийн мэдээний дагуултай байв. Эдгээрээс хамгийн томорсон нь Г.Баярсайханы "Цэнхэр дэлгэц" бөгөөд хувь ширхгээрээ шар сонинуудтай ч өрсөлдөж, хэрвээ би андуураагүй бол зарим дугаар нь 100 мянгыг давсан. Өөдөөс нь Монгол телевиз өөрийн сониныг бүтэлтэй бүтэлгүй гаргаж өрсөлдөхийн зэрэгцээ хөтөлбөрөө нэг зарж, нэг больсоор хоёр зууныг дамнан үзэлцсэн түүхтэй. “Цэнхэр дэлгэц” сонин гэрээний дагуу төлбөрөө олон сарын турш хийгээгүй учраас” гэрээгээ цуцалсан тухай зарлана, эсхүл "МТВ-гийн хөтөлбөрийг зөвхөн манай сонин нийтэлнэ”, “Хэрвээ телевизийн хөтөлбөрийг хууль бусаар нийтэлбэл тухайн дугаарыг орлогын 70 хувьтай тэнцэх төлбөр оногдуулна”, Телевизийн мэдээ бол МРТХЭГ, “Телевизийн мэдээ” сонины өмч мөн". "Хэрэв МТВ-ийн хөтөлбөрүүдийг хуулбарлан авч нийтэлбэл нийт хэвлэгдсэн тоо ширхэгийн хагастай тэнцэх мөнгөн торгууль ноогдуулна” гэх мэтээр анхааруулна.
Шинэ зууны эхээр "Цэнхэр дэлгэц" сонин яагаад ч юм өр зээлэнд орж, эзэн нь сонгуульд нэр дэвшсэний дараа өөрөө хаагдсан бол TV9, TV5, NTV, SBN ар араасаа мэндэлснээр Монгол телевиз монополь биш больж, "TV & R хөтөлбөр" сониноо ч бас зогсоов. Энэ үеэс телевизийн "зуугийн мэдээ" гэсэн бараг брэнд бий болов. Цаасны хэмжээ А3, нүүрний тоо 4, заримдаа нэмэлт хуудас хавчуулна, төдөлгүй бүгд 8 нүүртэй. 100-хан төгрөг учраас хэн ч авч чадна. Жинхэнэ ардын сонинууд. Монголд гарч буй дотоод, гадаад, кабелийн бүх сувгийн долоо хоногийн хөтөлбөрийг нүд эрээлжилтэл жагсааж, завсар зайг нь зар, чимэглэл, онигоо, үгийн сүлжээгээр сайн чигжинэ. Тэр ихийг багтаах гэж үсэг нь жижгэрсээр, томруулдаг шил дагалдуулж зарвал яасан юм гэсэн саналыг дэвшүүлж байлаа, би. Тэдгээр сонинуудын нэг нь 80 мянган хувь хэвлэгдэж байв. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өөрийнхөө сайхан зураг, агуу намтрыг байршуулсан тусгай дугаарыг мөн ч их захиалж хэвлүүлж тараасан. Айлын гэрт бүтэн долоо хоногийн турш нэгэн эрхмийг сурталчлаад хэвтэх хугацаанд өрхийн томчууд ба багачууд өдөртөө нэг биш удаа гартаа авч нэр дэвшигчтэйгээ уулзаж учирна...
Явсаар 2010-аад оноос телевизийн мэдээнүүд долоо хоног тутмын сэтгүүл болж хувирав. TV 7 хоног, Инфо ТВ, UBS телевизийн арай далбагар TV Zone, бас сүүлдээ "Соронз"-ын загварт шилжсэн Like гэх мэт. Цаас нь зузаан, шохойтой, өнгө будаг, зураг чимэглэл бол тансаг. Барууны сэтгүүлүүд хажууд нь бүрсгэрдүү харагдана.
Гэтэл ... Саяхан анзаарсан чинь энэ мундаг сэтгүүлүүд байтугай зуугийн мэдээнүүд хаана ч алга. Утсаар захиалж болдог ноён пиццаг дагаж ирдэг Инфо ТВ хүртэл тэр пиццатайгаа хамт сураг тасарчээ. UBS телевизийн "Цай юу, кофе юу?" нэвтрүүлгийн төгсгөлд зочиддоо TV Zone сэтгүүлээ бэлэглэхээ больсон байна. Харамлаагүй, зүгээр л хаагджээ. Одоо зөвхөн сэтгүүлч М.Энхээгийн “TV 7 хоног” хэмээх "зургаан зуугийн мэдээ" (инфляци!) тэсч үлдсэн ба нөгөө алтан үеийнхтэй харьцуулахад хамаагүй цөөн хувиар гарч байна.
Юу болов? Зөвхөн дотоодынх гэхэд тоо нь 50-60 хүрсэн олон суваг байхад зурагтын мэдээ бүр цэцэглэмээр. Юнивижн дээр гэхэд сувгууд хөтөлбөртэйгээ цуг байдаг ч элдэв сонин нэр бүхий үй олон нэвтрүүлэг, киноны агуулгыг ганц өгүүлбэрээр ч болов хэлээд өгвөл яав ч илүүдэхгүй. Одоо гарч байгаа туркийн олон ангит "Хулгайлагдсан хүү", японы "Гэгээн мөрөөдөл", солонгосын хэт олон ангит элдэв "Жумун" дээрөнөө орой хэн хэнтэйгээ юу яахыг хэлж өгөөд хорхойг нь дарчихвал, эмэгтэйчүүд голдуу үзэгчдийн цаг зав түм бумаар хэмнэгдэж улс орны хөгжил хурдсахгүй биз? Нээрээ хэт их мэдээлэл цаасан дээр багтахгүй байж магадгүй. Тэгвэл цахимаар? Zuragt.mn гэсэн сайт байдаг ч тэнд зөвхөн хөтөлбөр харагдлаа.
Өнөөдөр телевиз их өөр болжээ. Үзэгчдийн хувьд сувгууд, IPTV, DDISH, ухраах, видео сан энэ тэр нь Интернэт, фэйсбүүктэй холилдоод эх захгүй орон зай, эцэс төгсгөлгүй урсгал. Их найрагчийнхаар бол, хүн бүр дэлгэц ширтэж, гар утсаа шагайсаар мянга мянган өдөр өчүүхэн ч чөлөө завгүй. Шал дэмий юм байвал товчлуур дараад хаяж орхино, үнэхээр хэрэгтэй гэвэл youtube дээрээс ч юм уу олно. Дараа дараачийн нэвтрүүлэг, кинонууд цунами мэт үргэлжилнэ. Телевиз өөрөө хөтөлбөр, хөтөлбөр өөрөө телевиз болсон байна. Телевизийн цаасан мэдээний үе өнгөрчээ.
Алсыг харья. АНУ-д TV Guide нэртэй телевизийн мэдээний авсаархан сэтгүүл 1970-аад онд хориод сая хувиар хэвлэгдэж Гиннесийн номонд бичигдсэн байдаг. Сая сонирхвол, хаагдаагүй, гэхдээ ердөө 1,8 саяар гардаг аж.
DR. ADITY
DR. ADITY
DR RAJ
Зочин
Би
С.Төмөр
Зочин
Зочин
Зочин
Зочин