Таныг гүжирдсэндээ сайртай өвдгөө сөхөрч, сахалтай хошуугаа дэвсэн уучлал гуйя

Х.Баттулга Таныг би төмөр зам гацаасан гэж бишгүй бичсэн. Тэгтэл төмөр замыг 10 гаруй жил гацаасан этгээдүүд нь Та биш Ц.Элбэгдорж, Ж.Оджаргал нар байсныг авьяаслаг сэтгүүлч эмэгтэйн цуврал орвонгоор нь дэлгэв. Би нүгэл үйлджээ. Насны эцэст хүний нүүр харалтгүй боллоо. Би зохиолчийн ёс зүйгээр хэвлэлээр Х.Баттулгыг УИХ-ын гишүүнээр сонгосон Хөвсгөл, Булган, Эрдэнэтчүүдээс уучлал гуйж буй болохоос төмөр зам гацаасан гэж Х.Баттулгыг ор үндэсгүй гүжирдсэн гүтгэлэгтээ өршөөл гуйгаагүй шүү. Гүжирдсэнийг минь нотлоод зохих ялыг надад үүрүүлсүгэй. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “нарийн төмөр зам тавих буруу байсан” гэж мэдэгдсэнд цочирдов. Мэдээж түүний зөв байж таарна-хуулийн сайд юм чинь. Түүнийг Таны ачаар гишүүн-сайд болсон агаад Таныг ял зэмээс хамгаалах өртэй гэх цуу чих цохисныг хэлье. Нарийн цариг ашигтай гэж солиорсон минь зөнөглөл байж. Ж.Оджаргалыг нарийн царигтай зам тавих гэж оролдоод 60 сая доллароо шатаасан гэж хэвлэлээс уншсан билээ. Гэтэл Ж.Оджаргал төмөр зам гацаагч болж шувтарлаа. Коксжих нүүрс, хүрэн нүүрс гэх өнгөц ойлголттой би Мөнхбаясгалан гишүүний мэдэгдлээс хаягдал нүүрс гэх аюултай хор байдгийг мэдэв. Шахмал түлшинд хордож олноор үхэгсдийг Оджаргал хаягдал нүүрсээрээ алаад байгаа юм байж. Ц.Элбэгдоржийг үзэн ядах багадаад байтал тэр бас төмөр зам гацаагч гэнэ. С.Зоригийг хөнөөх захиалга түүнийх байсныг ерөнхий сайд нотолно гэж амласан. Үзэж байж үхнэ шүү. Монгол оросын эрлийз онцгой хүүг маань бүрэлгэсэн алуурчныг олох хүсэл ганц минийх биш байх.

Гашуун сухайт-Ганц мод боомтыг холбох 1435 мм-ийн төмөр зам барихаар 2013-2014 онуудад тохирсон санамж бичгээ 12 жил хайгаад олоогүйгээс нарийн төмөр замаар нүүрсээ саадгүй хил давуулж, төдийгөөс өдий хүртэл чадсангүй гээд бодчих. Санамж бичгийг Хөхөөгийн Ганболд гэгч Ц.Элбэгдоржийн бууны нохой төмөр зам тавих ажлыг зогсоохоор нуучхаж. Нэг муу гөлөг хоншоороороо булсан бичгийг Монголын төр засаг олоогүйгээс төмөр замын тээврээс олох 80 их наядын ашгаа алдчихаж. Хятадын ерөнхий сайдаас Монголын ерөнхий сайдад хүргүүлсэн баримт бужигнуулав. “Гацаагч” гэх хоч олон жил тээсэн Х.Баттулгын нэр ариусаж, өвгөн миний гүтгэлгийг баримтаар нотлох л үлдлээ. Төмөр зам гацаагч нь Х.Баттулга биш Ц.Элбэгдорж, Ж.Оджаргал нар байж гэх пропаганда цаагуур чинь хүчээ хуримтлуулаад давших нь дээ сэтгүүлч минь.

Могой гурав хуваагдавч гүрвэлийн дайтай

Зөвлөлт холбоот улсаар толгойлуулсан соц. лагерь задарч Оросын дарамтаас зовхи нь өөдөө хэд бие дааж хөгжихөөр зугтав. Орос өөрийн муугаас дампуурснаа зөвшөөрсөнгүй, “могойг гурав хуваавч гүрвэлийн чинээ үлдэнэ” гэж яс заагаад Казакстан, дундад азийн буурай Станууд болон Монголыг базаж, өдсөн дайныхаа шархыг тэнцвэргүй худалдаагаар нөхөх Евроазийн холбоо гэхчийг байгуулаад үзэж тарав. Үхсэн буурны толгойноос амьд ат айдаг гэх үг орой руу орлоо ч тэсээрэй гишүүдээ. Та нарыг юуны төлөө 126 болголоо.

126 түшээ ба хамтрагч засгийн өнгөнд-салхи хаашаа эргэх нь вэ? Гурил үйлдвэрлэгч хэдийгээ шулагч монополистууд гээд үнэ бууруулахаар хатуу хоригт туйлдсан ОХУ-аас гаалийн татваргүй гурил, үр тариа, тэжээл импортолсон. Өгөөж гарсан эсэх-бүрхэг. Одоо евроазийн холбоонд элсэхээ ёсчилж, тэдний экспортлох бүх бүтэгдэхүүнийг татваргүй эх орондоо оруулах нь-бөөн олз гэж пости коммунист төр засаг хөөрөөд жигтэйхэн. Баялаг бүтээх санаа өвөрлөдөг үндэснийхээ хэдийн бизнесийг дампууруулах юм биш үү гэвэл, тэдний экспортлох 350 орчим бараа бүтэгдэхүүний тоогоор манайх 350 орчим бараа, түүхий эдээ гаалийн татваргүй экспортлоод олз хахтал уутлахыг “үзүүлээд өгнө” гэж шадар сайд С.Амарсайхан ихэмсгээрчухал царайв.

Манайд 350 нэр төрлийн багтахгүй хахалдаад буй “юу” байдаг билээ? Хэрэв мал маань эрүүл аваас жаахан махыг маань мангас шиг ходоодтой Хятад гялс савхдаад, цаана нь байна уу гэнэ. Орос манай махыг Хятадаас илүү үнээр хэзээ ч авахгүй. Тэд мөнгөө дайнд үрчхээд иргэд нь худалдан авах бэлгүй ядуурсан. Иран, булангийн баячуудад манай хонины мах хүртэхгүй юм чинь юугаа илүүчлэх гэж евроазийн холбоо гэж сааглав. Ардчилал зах зээлд хөл тавьсан анхны жилүүдэд барууныхан хөөрхийлөлтэй доромжлогдсон Монголыг дэмжихээр оёмол бараагаа татваргүй экспортолж, бэлжих боломж олгосон ч бид унхиагүйдээ тэр завшааныг унтраасан. Ноолуур бол зах зээл хайлтгүй борлоно. Гэрийн эсгий дулаан улавчаас өөр 350 хүртэл тоолох бараа бидэнд бий юү? 

Орос болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Станууд цөм мануус шиг малтмалаа ахиу зарах “өвчтэй”. Тэгэхээс ч яах вэ. Монгол Киргиз Тажик мэт орнууд брэндээр цойлтлоо юуны өмнө технологи үсрэнгүй хөгжсөн гүрнүүд рүү хандвал түргэн сэхнэ. Казах, Киргиз ах дүүтэйгээ худалдаа хийхэд заавал Москвагаас зөвшөөрөл авах хэрэг юу билээ. Шадар сайдын чухал царайтай царайгүй бүтэх энгийн-наад захын бизнес. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “хүнсний хувьсгал” зарлаад гол нэрийн 19 бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өгөөжөө өгөөд эхлүүт тэр 19-тэй ижил бараа татваргүй цутгах хорлонтой гэрээ ёсчлох гэж яардгийн учир юу вэ. Өндгөө эрхбиш залгуулаад, иргэдээ ажлаар хангаж яваа “түмэн шувуут” ХК лав үүдээ барина. Гурилын үйлдвэрүүд, тариачид гээд баялаг бүтээх гэж мунгинаж яваа хэдэд маань 126 гишүүд, хамтарсан засаг ямар ирээдүй бэлэглэх гээд байна.

2024-12-10