Таныг бол тэнгэр татаад авчихна, бид хоёрыг бол загас хөөп!
Зэрэг нэмэхийн өмнөхөн дээр “Таныг бол тэнгэр татаад авчихна, бид 2-ыг бол загас хөөп” гэдэг шиг “Ардын нам бол тэнгэр татаад авчихна, Ардчилсан нам бол шорон хөөп!!!” болж байна уу? Алийн болгон ноёны бөх, харц бөх гэж алаг үзэж байхав дээ, тийм үү?
Цэргийн баярын урд өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн шүүхэд нэгэн дуулиантай хэрэг “чимээгүй” шийдвэрлэгдсэн байна. Чимээгүй гэхийн учир энэ хэргийн талаар хэвлэл мэдээллийнхэн сурвалжилсангүй, шүүхээс ч мэдээлэл өгсөнгүй. Хэвлэлийн сонор соргогыг заримдаа эрх баригчид нь “мартуулчихдаг” гэмтэй болсон хойно яая гэхэв.
Мартагдсан эрүүгийн хэрэг
Энэ нь Жаст группын захирал Ш.Батхүү нь Өмнөд Африкын Стандарт банкнаас зээлсэн 100 сая ам.долларын барьцаанд Эрдэнэт үйлдвэрийг тавьсан хэрэг л дээ. Иргэн Ш.Батхүү дээр бүх буруугаа овоолж, харин үлдсэн нь “уснаас хуурай гарсан” энэ хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэж дуусссан байна. Учир нь Шүүхийн тухай шинэ хуулиар дүүрэг, нийслэлийн шийдвэр зөрүүтэй биш бол Улсын дээд шүүх хэргийг хянах эрхгүй болсон. Үүнийг хуулийн согог гэж болно, удахгүй засагдах биз.
Иргэн Ш.Батхүүгийн Эрдэнэт үйлдвэрийн нэр барьж зээл авсан, бичиг баримт хуурамчаар үйлдсэн, банкны бичиг баримтыг хууль бусаар үйлдсэн, бусдыг залилсан, мөнгө угаасан үйлдэлд дүүргийн шүүхээс 8 жилийн хорих ял өгсөнөөс Нийслэлийн шүүх мөнгө угаасан үйлдлийг хүчингүй болгож 7 жил болгосон юм байна. Өөр хэн ч хариуцлага хүлээгээгүй байна.
Ийм алаг үзэлтэй шүүх гэж байх уу?
Сонирхолтой нь Эрдэнэт үйлдвэрийг зээлийн барьцаанд тавьсан хэргийг хамтран үйлдсэн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий болон бусад захирлуудыг гэм буруутайг тогтоосон ч яагаад ч юм нэг гэмт хэргийг хамтран, бүлэглэн үйлдсэн этгээдийн зарим нь шинэ Эрүүгийн хуулиар буруудаж, зарим нь хуучин Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан юмуу даа. За гэлээ гээд яахав, сайн муу ч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэйгээс хойш ингэсгээд орхиё, шүүх эцсийн шийдвэрээ гаргасан хойно.
2002 оны Эрүүгийн хуулиар компанийг төрийн, хувийн өмчит гэж ялгахгүйгээр захирлынх нь гэм бурууг 265 дугаар зүйлд заасан “... аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах” гэсэн зүйл ангиар шийдвэрлэдэг жишиг байсан, хууль нь ч тийм. Гэхдээ төрийн өмчийн компанийн бүх захирлуудад Эрүүгийн хуулийг зөв хэрэглүүлэх, хэргээ шударгаар шүүлгүүлэх тэгш боломж олдож байсан уу?
Эрдэнэт үйлдвэрийн захирлыг Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлд заасан “аж ахуйн нэгжийн албан тушаалтан” гэсэн үндэслэлээр буруутгаж болсон юм байна, тэгвэл “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюу толгой” компанийн захирлуудад шүүх тийм боломж өгсөн үү?
УИХ, Засгийн газрын удаа дараагийн шийдвэрийн дагуу Дубайн төлөвлөгөөг баталсан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Да.Ганболд нарт Эрдэнэт үйлдвэрийн захирал Ч.Ганзориг шиг Эрүүгийн хуулийн зохих заалтаар хэргээр шийдвэрлүүлэх “заяа дутаж” хөөрхий.
Төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй, Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын компанийн захирлуудыг шүүхээс Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан Төрийн албан хаагч хэмээх ангилалд хүч түрэн оруулж ял шийтгэсэн. Гэхдээ Эрдэнэтийн захирал Ч.Ганзоригийн эдэлсэн шиг хөөн хэлэлцэх хугацаа дуусах, Өршөөлийн хуульд хамрагдаж боломжийг хасчихжээ. Энэ бол Нийслэлийн Эрүүгийн хэргийн шүүхээс нэг асуудалд нэн ялгамжтай алагчлан хандсан нэг жишээ.
Эрдэнэт үйлдвэрийг 100 сая ам.долларын барьцаанд тавьж хохироосон нь наранд чөлөөтэй явж байхад УИХ, Засгийн газрын шийдвэрээр Оюу толгой төслийг гацаанаас гаргасан нь нарсанд 1 жил хатаж суугаа нь шударга явдал мөн үү?
Монгол улсын төрийн өмчит Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Монгол, Эрдэнэс оюу толгой компаниуд юугаараа ялгаатай гэж! Компанийн нэр нь өөр, эсхүл захирлын нэр нь өөр болохоор Эрүүгийн хууль өөрөөр үйлчилдэг болсон юмуу? Иргэн Ч.Ганзориг бол их сайхан нэр, иргэн Б.Бямбасайхан, Да.Ганболд бол арай өөр гэж шийдмээргүй байлтай. Аль эсхүл Ардын намын Ганзориг буруугүй, Ардчилсан намын Бямбасайхан, Ганболд нар буруутай гэж шүүх алаг үзмээргүй юм. Адилхан аавын хөвгүүдийг алаг үзэж ялгаварлах хэрэг байсан юмуу даа. Ойлгох гэж хичээгээд ч “оюун мөхөсдөх” юм заримдаа.
Зэрэг нэмэхийн өмнө кинон дээр “Таныг бол тэнгэр татаад авчихна, бид 2-ыг бол загас хөөп” гэдэг шиг “Ардын нам бол тэнгэр татаад авчихна, Ардчилсан нам бол шорон хөөп!!!” болж байна уу?
Эрх баригчийн эрхшээлд орсон Шүүхийн тухай хууль баталсан биш нэг талаар өөрийнхөнд ял завшуулах, нөгөө талаар хилсээр ял шийтгэгдсэн өрөөлийнхнийг "мартах" нь хэрээс хэтрэх гээд байдаг болсон байна шүү, шүүх эрх биш анхаарна биз!
Ингэхэд Монгол Улсын Үндсэн хуульд “тэгш байдлыг хангах нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, “Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалт байдаг билүү, аль эсхүл алга болчихсон уу? Алийн болгон ноёны бөх, харц бөх гэж алаг үзэж байхав дээ, тийм үү?
MARIA WANG
Зочин
Onom
Зочин
Зочин
зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Женког намаас хөа
зочин
Малчин ард
ПАРТИЗАН
z
Зочин
Зочин
Зочин
Үнэн үнэн