СӨРӨГ ХҮЧИНГҮЙ МОНГОЛ
СӨРӨГ ХҮЧИНГҮЙ МОНГОЛ
Юу л болоод, хаашаа яваад байна даа, хүүхдүүд минь! Ардчилсан намын бүлэг сайн дураараа Ерөнхий сайдын халаасанд өөрсдөө гүйгээд орно гэж бодсонгүй. Амаа хамхиад сууя гэсэн ч Э.Бат-Үүлийн “Намын дарга О.Цогтгэрэл минь, сөрөг хүчний удирдагч шиг чанга байгаач” гэсэн жиргээ үзэг цаас нийлүүлэхэд хүрлээ. Эдийн засгаа хасах руу нь оруулж, элгээр нь хэвтүүлсэн Л.Оюун-Эрдэнэдээ МАН хариуцлага тооцсон. Дараачийн удирдагч Г.Занданшатар нь АН-ыг засгаасаа хөөгөөд гаргасан. Энэ үед өвгөн би одоо л нэг Монгол улс сөрөг хүчинтэй болж, эрх баригчдад хяналт тавих нь гээд олзуурхаж суусансан. Гэтэл зуу хоногийн дараа АН-ын дарга нь өөрсдийг нь шившигтэйгээр хөөсөн МАН-ын Засгийг улайран хамгаалахыг хардаг юм байна.
МАН-ын зодоон маньд хамаагүй баймаар. Намын даргад өрсөлдсөн Г.Занданшатар нь Д.Амарбаясгаландаа далаараа тавиулчихаад тахимаа өгөхгүй “Шоронд хийнэ” гэж шүд зууж. Тэгмэгц ХЗДХ-ийн дэд сайд асан, гишүүн Б.Энхбаяр Д.Амарбаясгалангаа 30 сая доллартай хятад өвгөний амыг барьчихсан хэмээн мэдэгдлээ. Арай ч дээ, хүүхдүүд минь. Албан тушаал, сайдын суудлын төлөө нэгнийгээ “хүн нухсан” хэмээн гүжирдэж, цагаандаа гарах гэж...МАН-ын идээ бээрийг уг нь сөрөг хүчин шахах ёстой байтал тэд өөрсдийгөө хэн нь хэн бэ гэдгийг нийгэмд харуулаад хошин шог цаашаа болсон доо.
Уг нь Их хурал нь Засгийн газартаа хариуцлага тооцох номтой. Гэтэл манайд эсрэгээрээ. Сөрөг хүчин нь эрх баригчдын сандал суудлын дотоод хэрүүлд орж, түмэн олны итгэлийг бөхөөв. Сөрөг хүчин байхгүй, хэлж ярих хүнгүй бол Ардын нам ахиад л дураараа дургина. Тендер, шахаачид, авлига, хулгай нь хэдэн арван их наядаар яригдана. Эрх баригчдыг дураараа идэж уух боломжийг Ардчилсан нам ахиад гурван жил олгох нь дээ, янз нь.
Дэлхийн ардчилал өндөр хөгжсөн, хөгжилтэй орнуудын парламентыг харж суухад сөрөг хүчин нь Засгийн газартаа хариуцлага тооцож, огцруулж байхыг харснаас муу ажиллаж байгаа Засгаа хамгаалж, тэдний “бээлий” болж явахыг үзсэнгүй. Ард түмний дийлэнх нь 2028 оны парламентын сонгуульд АН-ыг дэмжих нь тодорхой байлаа. Гэтэл ард түмний итгэлийн галыг АН-ын дарга ингэж унтраах гэж дээ. Өмнө нь би “Дүрмээрээ бус бяраар АН-ыг эзэгнэх аархал” нийтлэлдээ энэ тухай бас сануулж байсан удаатай.
...Сүйтгэгч, хорлогч Х.Баттулга ноёлох оргилд байхдаа аймшигтай хулгай хийсэн. Арьсаа хамгаалахад УИХ-ын гишүүний сэнтийг хуяг гэж боддог. Эрх мэдэл мөнгөнд нугасгүй цөөврүүд түүнийг АН-ын оройд залвал ивээлд нь багтаж зад баяжихаар улайран хамгаалдаг. Тэдний нэг нь Увсын хязгаарын хүү О.Цогтгэрэл битгий байгаасай гэж залбирч явлаа. Гэвч АН-ын шинэ дарга О.Цогтгэрэлийн хувьд хүчтэй сөрөг хүчин байх, нам нь 2028 оны УИХ-ын сонгуульд ялах, ялагдах нь чухал зүйл биш байжээ. Үзэл бодол үнэт зүйл гэж түүнд даанч алга. Амин хувийн эрх ашгаа бэхжүүлэхийн тулд тэр АН-аа золигт гаргажээ. Арга ч үгүй дээ. Хэдэн жилийн өмнө Э.Бат-Үүлийн үсийг О.Цогтгэрэл гишүүний алтан нутаг хүүхэн зулгаасан нь угтаа намын даргын төлөөх зодооны хаялга байж. Увс хүүхэн Үүл хоёрын дунд уралцах юу байх билээ. Гавьяат Сосорбарам руу Бээжин гэгч олон арван саяын дээрмээрээ ял эдэлсэн цуутай хэрцгий этгээд гурил цацлаа. Намын дарга болох нүхээ малтаж байж, хөөрхий тэр. Одоо харин АН-ыгаа МАН-ын халаасанд нэг мөсөн шургуулчихаад амьсгаа гүнзгий авч сууна. Сөрөг хүчингүй Монгол минь хөөрхий! Ингээд бодохоор АН-ын толгойд амин хувийн ашиг хонжоо хайсан хэдэн наймаачид л гарчихаж. Үндэсний Бодлогын хорооны дарга О.Амгаланбаатар юу хийж, юу бодож суудаг юм бол! Бас л амин хувийн ашиг сонирхол уу?
МАН-ын шинэ үеийнхэн Г.Занданшатарыг огцруулсны дараа О.Цогтгэрэл намынхнаа дагуулаад талбай дээр гараад туг далбаа бариад өмөөрч жагсаал хийж, өмнөөс нь өлсгөлөн зарлахыг л өтөл насандаа үзчихгүй юм сан даа.
Оч
Чинбаа