Сүлд хотойж сүү ээдээгүй ээ!
Жиргээчдэдээ сайхан амрахыг хүсээд унтахыг хичээлээ. Болж өгдөггүй ээ. Өдөржин уншсан, сонссон бүхэн тархин дотор зодолдоно. Иргэд төрдөө яасан итгэлгүй болж байна аа. Хэсэг бүлэг хүнд биш Төрд дургүй болно гэдэг хэвийн үзэгдэл мөн гэж үү..гэх мэт.
Өнөөдөр төр гэдэг байгууламж бараг л бүтцийн өөрчлөлт хийсэн юм л даа. Засгийн газарт, яаманд л хийж гэж дуулддаг байсан бол УИХ, Засгийн газар бужигнаж өнжсөн хэрэг. Угтаа сар шинийн өмнө Монголын төр гэдэг их айл бүл бүтэн болсон юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар анхны хуралдаанаа удирдлаа. Эхний хэдэн хуралдаанд Тамгын газрынхан бараг дэргэд нь сандал тавиад өгчихмөөр нэлээн шадарлах бололтой. Тэгж байгаад зүгшрэх биз. Гэтэл тэвдэж ядаж байхад нь АН-ын бүлгээс өөрөө гарчихаад бүлэг нь гаргахгүй байгаа нэг нөхөр яг л гадилаа булаалгасан сармагчин шиг ширээ нүдэж дүвчигнээд алдарт парламентач, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг үг хэлүүлдэггүй. Ц.Нямдорж сайд дэлбэртэл уурлаж тачигнатал загнах байтал инээгээд байх юм. Сөрөг хүчнийхэн хоорондоо муудалцаж байгаа болохоор тэр биз. Санаж байгаа бол “ширээ нүдэгч” нэгэнтээ үгээ хэлэх гэтэл Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх , Ж.Мөнхбат гишүүн нар “хулгайч”-аараа дуудалцаж байхад яг ингэж инээж сууж билээ. Уур хүрмээр зүйл биш юм шиг байна лээ.
Энэ бүхний дараа сайд нараа томиллоо. ЗГХЭГ-ын даргаар томилогдсон Л.Оюун-Эрдэнийн Харвардын ч гэнэ үү боловсролын асуудал бүхэл оройжин анхаарлын төвд байж ам билүүдэх шалтаг болов. Сурсан нь худлаа юм уу, дипломных нь хавтас “ориг” биш юм уу, тэр нь хэнд ч хэрэгтэй юм, чөтгөр бүү мэд.
Уг нь төрийн удирдагчдын боловсрол,үнэн, худал диплом иргэн миний амьдралд ерөөсөө хамаагүй юм байна гэдгийг бид мэдрээд жил гаруйхан болж байгаа санагдах юм. Ерөнхийлөгчийн боловсролыг чамлаж эмгэнэж харамсаад байсан нь саяхан. Би хүртэл ажиллаж байсан яаманд маань сайдаар томилогдож ирэхэд нь “Ийм боловсролтой хүний пиар яаж хийнэ ээ” гээд ажлаа өгөөд гарч байв. Дараа нь яасан гээч. Тэр хүнийхээ хувийн эзэмшлийн сонинд огт мэдэхгүй очоод орчихсон шинэ ажил гээд гүйж явснаа тээр хойно анзаарсан. “Боловсрол нимгэн эзэн” маань миний яаж бичихийг заах биш, гэсэн ч ичээд өөр сонинд ажиллав.
Энэ хооронд УИХ-ын гишүүн Х.Баттулга гэдэг хүн ямар сэтгэлтэй, юунд зорьсон, түүндээ хүрэхийн тулд юу хийх гээд байгаа, ямар потенциалтай болохыгажиглаад л байлаа. Сүүлдээ дэмжихээс аргагүй боллоо. Бараг л Өмнөд Солонгос шиг хөгжих дүр зураг, ажлын эхлэл харагдсан хэрэг. Явсаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшлээ. Надад түүний боловсрол чухал биш болсон ч олон хүн харьцуулж бас эмзэглэж байв. Ард түмний буруу гэлтэй биш бүр хоёрын хоёр удаа хол илүү ялчихлаа. Ард түмэнд юу дутагдаад, юу хүсээд түүнийг сонгочихов. Диплом хэрэгтэй бол тэвэрч авчраад ширээн дээр асгахаар хүн зөндөө л байсан байх. Тэгэхээр асуудал өөр зүйлд байгаа биз.
Үүгээрээ би Төрийн тэргүүний боловсролд сэтгэл хангалуун яваа гэх гээгүй, уучлал ч эрэх гээгүй юм. Хагарсан чулуу эвлэж нийлдэггүй ч гэдэг билүү, тэр одоо хамаагүй. Асуудал нь юунд гээч. Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор би болон миний гэр бүл хохирдоггүй юм билээ. Улс ч “бараг” хохирохгүй. Учир нь ганцаараа шийдвэр гаргах боломж тун хомс тул санаа зовинолтгүй. Итгэ, хяна, дараагийн сонголтоо зөв хий. Та, би сайн сайхан амьдармаар, удирдагчдын боловсролоос ичээд байгаа бол өөрийгөө, үр хүүхдэдээ л хүсээд байгаа сайн боловсролоо эзэмшүүлчихэд хангалттай, хүсвэл шүү дээ.
Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ сайд хуулиар оногдсон ажлаа хийгээд УИХ, ард иргэдээрээ ажлаа дүгнүүлнэ гэсэн үг. Бусад шинэ дарга, сайд нарын тухайд ч мөн адил. Ё.Баатарбилэг сайдын хувьд түүний боловсролоос ч ичих хэрэггүй. Тэр бол “номыг нь ч сурсан, номхныг нь ч сурсан” чигч бөгөөд “хар нялхаараа” буурь суучихсан залуу. Энэ нь эрхэлж явсан ажил, дагаж явсан дарга нартай нь холбоотой. “Алтны дэргэдэх гууль шарладаг”-ийг л дахиад харлаа.
Б.Энх-Амгалан сайдыг сайн мэдэхгүй. Мэдэхгүй хүнийхээ тухай мэдэж бичих гээд юу хийхэв. Би муу танихгүй байхыг бодоход “битүү морь” гэдэг нь юм болов уу даа. Зам тээврийн салбараар “заннималдах” байсан юм бол яах гэж “Мишээл экспо”-гийн гэж овоглотлоо дэлгүүрийн босс хийснийг бүү мэд. Удахгүй таньдаг болно оо.
Төрд хийсэн бүтцийн өөрчлөлтөөс ард иргэд нэг л зүйлийг хүлээж буй. Юуны өмнө Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нэгэнтээ УИХ-ын дарга асан М.Энхболдоос төрөө цэвэрлэж авахын тулд УИХ-ын даргын ажлаа өгөхийг шаардсан. Энэ үг явсаар түргэн түүхий нэгэн хууль болж тэрүүхэн хавийн зорилго биелээд авсан нь өнөөдрийн дүр зураг. Олон нийт хамгийн эхлээд “Цаашид яах вэ, М.Энхболдоор даргалуулаагүй УИХ цэвэр үү, ЖДҮХС-аас албан тушаалын давуу байдлаа ашиглан зээл авсан, зориулалтын бусаар зарцуулсан гэх гишүүдтэй яаж хариуцлага тооцох нь вэ” гэдгийг анхааралтай ажиглаж байна. Гэмт хэрэгт холбогдсон нь нотлогдоогүй хүмүүстэй хариуцлага тооцож, намын даргын сүр хүчээр энэ “реформ” хийгдсэнийг бүгд мэдэж байгаа ч ядаж шүүмжлэхийн тулд ч атугай тогтвортой ажиллуулах хэрэгтэй.
Улс төрийн тогтворгүй байдал эдийн засгийн тогтворгүй байдлыг “тэжээдэг”. Тиймээс иргэдээ итгэл алдарч хямартал эвдрэлцэхгүй байхыг энэ УИХ-аас хүсье. Алсын хараатай монгол хүн улс орныхоо хөгжлийг тольдох биш төр засгаа хэд хоноод огцрохыг тоолж амьдрах учиргүй. Иргэд ч гэсэн төрөө хамгийн муу муухайгаар хэлэхээс урьтаж сайн иргэн, сайхан өрх айл байхын төлөө хичээх нь зүйтэй.
Ингээд “урвуулагч” хэмээх гахай жилдээ бүл бүтэн төртэй шинэлэх нь ээ. Сайхан хэрэг. Эрхэт төрөө бүл бүрдүүлж байхад нь элч сайд нарыг нь их муухай үгээр угтаад яах вэ. Алдаатай, оноотой ч ард иргэдийнхээ төлөө ажиллах үүргээ мэдээд орж ирлээ. Тэглээ гээд Төрийн сүлд хотойж түүнд өргөдөг сүү минь ээдээгүй. Төрийн минь сүлд өршөөг! Сар шинэдээ сайхан шинэлээрэй!