Монгол улсад “Могойд барьдаг мод” болсон нэг улс төрч бий. Гал усны гашуун зовлон, Цар тахал, Стандарт бус нийгэм... ер нь энэ улсад болохгүй бүтэхгүй байгаа бүх бэрхшээлтэй хамгийн түрүүнд төрийн нэрийн өмнөөс нүүр тулдаг Шадар сайд С.Амарсайханыг “Энэ албыг хашиж байгаа нь чиний хохь” гэж хэлмээр санагддаг. Түүнийг сайн зүхэцгээх хэрэгтэй. Ингэж байж ард түмэн сайн улс төрчийг бүтээдэг. Дэлхийн практик өөрөө тийм юм.

 

Өнөөдөр Стандарт, хэмжил зүйн газрын 100 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы шууд харьяаны байгууллага. Сэтгүүлчийнхээ хувьд миний бие “Монголын нийгмийн салбар бүрт Стандарт ягшитал мөрдөгдөж гэмээнэ хөгжил бий болно. Хөгжсөн, аз жаргалтай нийгэм гэдэг бол Стандарт яс тас мөрдөгддөг улс орныг хэлдэг юмаа” гэж үргэлж бичиж ирсэн. Ер нь бол энэ салбарт, энэ сэдэвт үргэлж анхаарч, тэр хэрээрээ Монголд Стандартыг мөрдөж, хэрэгжүүлэхийн төлөө Шадар сайд С.Амарсайхан ямар ажил хийж, хэрэгжүүлж байгааг анхааралтай ажиглаж ирсэн юм. Тийм болохоор өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байгаа “Иргэдэд ээлтэй стандарт” өдөрлөгт ач холбогдол өгч байна. Улмаар Монголын Стандарт, хэмжил зүйн байгууллага нь өнгөрсөн100 жилийн хугацаандаа өнөөдрийнх шиг сэргэлттэй байсангүй гэдгийг итгэлтэй хэлэх байна. Өмнөх 30 жилтэй харьцуулаад хараарай. Өнөөдөр байгууллага, аж ахуй нэгжүүд, хувь хүмүүс бүгдээрээ “Стандарт” гэдэг үгийн үнэ цэнийг мэдэрч, ажил амьдралын маань салшгүй нэг хэсэг гэдгийг ойлгох болжээ. Энэ бол урьд хожид байгаагүй нийгмийн сэтгэл зүйн том ололт юм. “Бид Стандарттай нийгэмд л хүн шиг амьдрах ёстой юм байна” гэсэн сэтгэлгээний энэхүү өөрчлөлт нь энэ салбарын 100 жилийн ой дээрх хамгийн том реформ, хамгийн том амжилт. 

Стандартыг ийм түвшинд, оюун санааны шатанд аваачихад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы гүйцэтгэсэн үүрэг онцгой их. Сайн ажлыг сайнаар хүлээн зөвшөөрөх соёл монголчуудад бий болсон. С.Амарсайханы амнаас гарч байгаа авиа бүрээс СТАНДАРТ хэмээх үг өнгөрсөн жилүүдэд байнги гарсан. Бүр залхмаар. Өнөөдөр ч үргэлжилж байна. Үр дүн нь гарч байна. 

Ойрын өдрүүдэд орон нутагт зогсоо зайгүй албан томилолттой ажиллаж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн иргэдтэй хийж буй уулзалтаас энэ бүхэн бас харагдаж байна. Уулзалт бүр дээр СТАНДАРТ яригдаж байна. Засгийн Газрын бүтэц дэх олон агентлаг, газрууд дотор Стандарт, хэмжил зүйн газар нь тод биш, ач холбогдол багатай мэт байсан нь түүх болсныг Засгийн газрын тэргүүн мэдрэв бололтой. Улаанбаатар хот, аймаг, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Стандарт, хэмжил зүйн газрын салбар нэгжийн бүтэц зохион байгуулалт, боловсон хүчний чадавхи, материаллаг бааз урьд хожид байгаагүйгээр сайжирсаныг Засгийн Газрын удирдлагууд ард иргэдээр дамжуулан ойлголоо. 

Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр болж байгаа Стандарт хэмжил зүйн 100 жилийн ойд зориулсан өдөрлөгт харъяа салбар газрууд болон 21 аймгийн хэлтсүүд оролцож иргэдэд үйл ажиллагаа, үйлчилгээгээ таниулан мэдээлэл өгч, чанараар тэргүүлэгч харилцагч байгууллагуудын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа нь хэр чадавхитай салбар болсон бас нэг том үзүүлэлт юм. Өдөрлөгт Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Сорьцын хяналтын газар, Хэмжих хэрэгслийн, шалгалт баталгаажуулалтын газар, Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газар, Нийслэлийн лаборатори, Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газар, Мэдээллийн технологи, стандартын лавлагаа, сургалтын төвүүд оролцож байгаа нь Монголын нийгэмд СТАНДАРТ-ыг мөрдөж хэрэгжүүлэхийн төлөө Шадар сайд С.Амарсайхан ямар айхавтар өргөн фронтоор, далайцтай ажиллаж байгааг харуулж байна. Үүнийг бүр онцлон хэлэх ёстой. Стандартгүйгээр Монгол улсын хөгжил дэвшил, хүн ардын эрүүл аюулгүй амьдрах боломж яригдахгүй. Тийм болохоор Стандарттай нийгмийг байгуулахад хүн бүрийн оролцоо, дэмжлэг, хүчин чармайлт чухал байгаа юм. Ингээд салбарын нийт ажилтан ажиллагсадад 100 жилийнх нь ойн баярын мэнд хүргэе. Монголын нийгмийн салбар бүрт, эд эс бүхэнд Стандартыг мөрдүүлэх, хэрэгжүүлэхийн төлөө махаа зулгаан зүтгэж яваа Шадар сайд С.Амарсайханы ажилд ганц удаа ч болтугай амжилт хүсье.