Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор өнөөдөр
зохион байгуулагдах “Соёл, урлагийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага”
зөвлөгөөнд зориулав.



… Хуу хамахын тулд үзэл суртал хэрэгтэй.
“Эдийн засгын алуурчдын золиос” номноос



Манай улсад анх 1956 онд Соёлын яам байгуулагдаж 1959 онд татан буугдсан бөгөөд 1961 онд дахин байгуулагдаж 29 жил ажиллах хугацаандаа олон сайхан ажил хийж кино урлаг, сонгодог урлаг, цирк , театрыг хөгжүүлж байгаад 1990 онд татан буугджээ. 

Соёлын яамны хуучин байранд Ардчилсан холбоо байрлах болов. Гэвч 1992 онд дахин байгуулагдаж Н.Энхбаяр толгойлж байхдаа “Соёл урлагийг дэмжих санг” анхлан байгуулж эхэлж байжээ.

Тус яам 1998 онд Гэгээрлийн яам болон өөрчлөгдөөд 2000 онд “Боловсрол соёл шинжлэх ухааны яам” болон хувирчээ. 

2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагын хороо бий болсон байна.

Дэлхийн улс орнуудыг судлан үзвэл Соёлын бодлогыг дангаараа хариуцдаг Соёлын яамтай улс орон бараг 90 хувь байдаг байна. Соёл урлаг, спорт,аялал жуулчлалын яамтай орны тоонд :

Албани, Бахэм, Этопиа, Грек, Индонез, Япон, Өмнөд Солонгос гэсэн 7 орон багтдаг бол Соёл, сүм шашины яамтай орон ганцхан Норвеги байдаг байна.

Мөн түүнчлэн соёл урлаг, хэвлэл мэдээллийн яамтай орны тоонд Их Британи, Сингапур, Гайти ордог бол манайх шиг Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай ганцхан орон байгаа нь Недерландын вант улс байна. 

Сүүлийн үед яригдаад байгаа эдийн засгийн алуурчдын офшор компаниудын олонх Недерланд улсад бүртгэгдсэн байдаг ажээ.Тэгвэл яахаараа бид ардчилсан хүчин хуу ялагдсан 2000 онд гагц энэ улсын жишигээр яг хуулж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай болсон нь ч бас л анхаарал татна. 

Дан ганц соёлын яамтай дэлхийн 26 орон байдаг бөгөөд үүнд Орос, Хятад,Чех, Дани, Бразил, Канад, Франц, Итали, Испани, Энэтхэг, Турк, Тайланд … зэрэг голлох орнууд цөм багтжээ.

Манай хойд хөрш Оросын Холбооны улсад Соёлын яам 1953 онд бий болсон бөгөөд соёл урлаг, кино, архив хариуцдаг. 1992 оноос тус яам аялал жуулчлалыг хариуцдаг болж 2008 оноос соёл урлаг, хэвлэл мэдээллийн яам болон өргөжжээ. 

Тус яам 2011 оноос Европын Холбооны 36 улсад гишүүнтэй“ЕВРИМАЖ” хэмээх кино урлагийг дэмжих санд нэгдэж 1436 кино төсөлд 434 сая евро зарцуулсан байна. 

Гэтэл манай улсад кино урлагийг дэмжих сангийн үүргийг 1961-1990 оны хооронд тогтвортой ажиллаж байсан Соёлын яам хариуцажМонголын соёл урлагийг өнөөгийн түвшинд хүргэх ажлыг хийсэн бөгөөд харамсалтай нь нэг намын үзэл суртлын байгууллага байж олон зуун улс төржсөн худал түүхээр кино жүжиг тавьж дуу хөгжим зохиосон нь өнөөг хүртэл ард олныг төөрөгдүүлсэн хэвээр байна. 

Өнөөдөр ч бид баяр ёслолын үеэр тэр үед хийгдсэн маш олон худал түүхийн киног үзсээр байгаа билээ. Иймийн тул дахин соёлын яамыг эмхлэн байгуулж 30 жил хийсэн үзэл сурталжсан кино урлагийн бүтээлийг дахин шинэчлэх шаардлага урган гарч байгаа юм. 

Төрийн оролцоотой хийсэн худал түүхийг төр өөрөө оролцож засах үүрэгтэй.

Мөн түүнчлэн тус яамны дэргэд кино урлагийг дэмжих сан байгуулж бодлого санхүүгээр дэмжин Хүүхдийн кино, Түүхэн кино, Архи хар тамхины эсрэг кино, нэвтрүүлэг, баримтат киног хийх шаардлага гарч байна. Социализмын үед байсан кино үзвэрийн газрыг дахин байгуулж 21 аймаг хотод кино үзвэрийн сүлжээ байгуулждэмжих бодлого явуулах хэрэгтэй бөгөөд мөн дэлхийн кино наадмуудад оролцох киног төрөөс дэмжин санхүүжүүлэх олон улсын кино наадамд оролцуулах зэрэг ажлыг төрийн бодлого болгох цаг хэдийнээ болжээ.

Өнөөдөр урлаг соёлын газрууд дан ганц мөнгө хөөсөн байгууллагууд болсноор хошин шогийн жүжигчид л бүх урлагийг төлөөлж тэдний оролцоотой бүх реклам ,кино ,жүжиг бүтэж байгаа нь сонгодог урлаг, жинхэнэ кино урлаг бүрэн мөхлийн ирмэгт тулж ирсэнийг харуулж байна.

1961-1990 оны хооронд тогтвортой явж ирсэн Сайн дурын уран сайханчдын уралдаан тэмцээн зэрэг олон арга хэмжээ алга болоод зогссонгүй Улсын филармони, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын театр арай чүү оршин тогтнож киночид өөрсдийн олсон спонсорын шахалтаар архи ,тамхи сурталчилсан кино, жүжиг тавьсаар байна. 

Улсаас санхүүжүүлж байсан цагийн сүүлчийн түүхэн кино болох “Мандухай цэцэн хатан “киноноос хойш түүнийг гүйцэхээр түүхэн кино гарсангүй. 

Баримтат кино бараг зогсож телевизүүдээр гарсан мэдээнүүд л Монголын түүхийг авч үлдэх хэмжээнд хүрчээ. 1980-аад онд хийгдссэн “Туулсан зам” хэмээх хэдэн бүлэг баримтат киноноос өөр түүхэн баримтат кино нэг ч гарсангүй. Тэр нь бас л улс төржсөн нэг намыг магтан дуулсан түүх билээ.

“Баримтат киногүй улс орон гэрэл зургийн цомоггүй айлтай адил “ гэсэн үг байдаг. Өнөөдөр Ардчилсан хувьсгалын тухай бүтээгдсэн хоёр гуравхан баримтат кино байдаг билээ. Түүний хоёрыг нь би хийлцсэн. Ардчилсан хувьсгал ялаад 22 жил болж байхад нэг ч уран сайхны кино хийгдээгүй нь дэндүү бодлогогүй явсныг илтгэнэ. 

Ийм байдлаар цааш явбал бид түүхээ авч үлдэж чадахгүйгээс гадна аль социализмын үеийн улс төржсөн худал түүхээрээ хойч үеэ хүмүүжүүлсээр байх болно. Хорин хоёр жил гэдэг нэг бүтэн үе билээ. Гэтэл энэ үеийн тухай ганц ч уран сайхны киногүй бараг баримтат киногүй өнөөг хүрлээ. 

С.Цогтсайханы хэдэн дуу телевизийн хэдэн дүрс мэдээтэй л өнөөдөр бид сууж байна. 

Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино гэдэг. Гэвч бүх урлагийн дотроос хамгийн үнэтэй нь бас кино урлаг билээ. Тиймээс ч кино урлаг удах тусам үнэ орж байдаг. Соёл урлаг бол манайх шиг улсад яалт ч үгүй төрийн хайр халамж харж хөгжих салбар юм. 

Оюу толгой таван толгойгоос түрүүнд бид соёл урлагийг дэмжиж хүн ардынхаа толгойг цэнэглэх хэрэгтэй . 

Иймээс Соёлын яамыг дахин байгуулах нь төрийн бодлогын бараг эхний алхам болсон байна. Дээр дурдсан улс орнуудын судалгааг харахад Боловсрол Соёл Шинжлэх ухаан хэмээх гурван салбарын нэгтгэсэн орон Недерланд Монгол хоёроос өөр байхгүй байгаа бөгөөд улс орны бараг 90 гаруй хувь нь дангаараа соёлын яамтай байгааг анхааран харах цаг болжээ. 

Тэгээд ч Монголчууд эртний дуу хууртай, соёл урлагтай орон билээ. Уртын дуу бараг мөхөж, хөөмий, морин хуур,язгуур урлаг бүр мартагдаж дэлхий даяар тэр дундаа ази тивийг эзлэж байгаа Солонгосын соёлын довтолгоонд залуучууд кино хөгжмөөр дамжин автсаар байгааг, саяхан дэлхийн хэмжээнд шахуу яригдаж байсан сонгодог урлаг мөхөж байгааг мөн Монголын бахархал болсон циркийн урлаг сөнөж дэлхийд гайхагддаг уран нугараач охид гадаад оронд дүрвэн гарч гудманд шахуу нугарч байгааг, “Мандухай цэцэн хатан” киноноос хойш тийм түүхэн кино гарахгүй байгааг хүүхдийн кино энэ өнгөрсөн 22 жилд ганц нэгхэн л хийгдсэн зэрэг нь төрийн бодлогыг тодорхойлж дэмждэг байсан соёлын яам үгүй болсонтой шууд холбоотой билээ.

Өнөөдөр бид уртын дууг минь Хятадууд авчихлаа, морин хуурыг Өвөр Монголд алдлаа гэж уулгалж байдаг. Үүний хойноос хөөцөлдөх газар бас л Соёлын яам билээ. 

Бид өнөөдөр гэдсэндээ хийх хоолтой болсон ч толгойдоо хийх хоолгүй орон болжээ. Хэрвээ заавал аль нэг салбарыг нийлүүлэх ёстой юм бол хэвлэл мэдээлэлийгхамруулаад харилцаа холбооны зохицуулах хороог нэгтгэж болдоггүй юм уу?

Эртнээс уламжлалтай соёл урлагаа хөгжүүлэн дархлаажуулахын оронд гадаад улсын соёлын довтолгооны хөлд үрэгдэж үзэх киногүй, унших номгүй, сонсох хөгжимгүй Бони М Смоки амандаа аялсан Жэймс Бонд, Титаник зурагтаараа үзсэн Доржсамбуу Цогзолмаа гэхээсээ илүү Чанву Жангумгэж ярьсан гадаадын эдийн засгийн алуурчдын бодлогоор газар шороогоо ухсан, англи хэлээр хазгай муруй ярьсан LV-гын дуураймал хятад хувцас өмссөж гангарсангаднаас нь харахад солонгос гэж андуурмаархирнээ “Би Монголоороо гоёдог“ хэмээн хоосон хашгирсан эрлийз хүмүүс болж байна бид.

Улс төрчид өөрсдөө кино үзэж хөгжим сонсох дуртай ч урлагийнхан хөнгөмсөг улс ,гавъяатыг нь өгөхгүй болохоор архинд орчихдог юм. Америкийн гавъяат гэж би л лав сонсоогүй хэмээн ярьж доог тохуу хийж явдаг. Гэтэл тэр шоолоод байгаа хүмүүс л төрийн дуулалыг зохиосон хирнээ ядуу гундуу амьдарч мөнгөөр худалдаж авч болдоггүй авъяас гэх баялагтай ч цоорхой гуталтай хорвоог барж байдаг орон манайхаас өөр бараг байхгүй. 

Төрийн хошой шагналт Мөрдорж гуай эрүүлжүүлэхэд ороход тэндхийн цагдаа “Өлзий хээтэй энгэрийн тэмдэг хоёр ширхэг” гээд төрийн шагналыг нь бүртгэж байсан тухай яриа байдаг.

Үүнийг тэрлэж суугаа миний бие ч гэсэн Белгийн вант улсын мөнгөөр кино хийж дэлхийн кино наадмуудаас 23 шагнал хүртсэн ч төрөөс ганц төмөр ч аваагүй яваа нэгэн. Миний овог нэрээрGoogle сайтэд орвол 11 мянга 300 илэрц гардаг ч Монголдоо бол муу нэртэй шахуу болсон хүн. Урлаг хийх гэхээр өрөнд ордог, улс төрчдийн хөрөг хийвэл мөнгө олдог нэгэн.

Эдийн засгийн алуурчдын золиос ном “Саяыг хулгайлахын тулд хуйвалдаан хэрэгтэй, тэрбумыг хулгайлахын тулд хууль гаргах хэрэгтэй, хуу хамахын тулд үзэл суртал хэрэгтэй“ гэсэн үгээр эхэлдэг. 

Энэ үзэл суртлыг гадныханаасхамгаалдаг дотооддоо хөгжүүлдэг дархлаа суулгадаг газар нь уг нь тэр улсын Соёлын яам байдаг билээ.

2012 оны 6 сарын 14