Хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн нь

“...Зарим нь бол зуны амралтаараа кино хийчихэж байгаа юм, зарим нь бол хэдхэн төгрөгөөр кино хийчихэж байгаа юм, зарим нь байраа тавиад кино хийчихэж байгаа юм. (инээмсэглэв)”

Соёлын сайд С.Чулуун УИХ-ын чуулганд оролцож, гишүүдийн асуултад хариулах үедээ ийм үг амнаасаа унагав. Ёжтой гэгч нь инээснийг нь түүхэн баримт талаас нь энд дурдчих нь зүйтэй болов уу. Энэхүү хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалтад “Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх” асуудал байсан учраас урлаг соёлынхон чуулганы явцад урд хожид байгаагүйгээр анхаарал хандуулцгаалаа.

Харамсалтай нь, хэлэлцэх эсэх тухай хэлэлцүүлгийн үйл явц дараа нь хэвлэн нийтлэгч Б.Баясгалангийн хэлсэнчлэн “Чихнээс цус гармаар...” өрнөлөө. Чуулганы танхимд ч хуулийн төслийг эсэргүүцэх гишүүд цөөнгүй байв.

УИХ-ын хуульч голцуу гишүүд хуулийн төсөлд түүхий байгаа зүйл, заалтыг эшлэн эсэргүүцэв. Тухайлбал гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Энхбаяр нарын гишүүд хуульд урлагийн бүтээлийг цензурдэх заалт орсон, бүрхэг томъёололтой заалтууд олонтой, түүхий байгааг зарчмын хувьд хатуу шүүмжиллээ. Харин УИХ-ын гишүүн Ц.Анандбазар“Киноны хуульд амин сүнс нь болсон хоёр заалт алга. Монгол киночид очоод бүрэн кино авдаг студитэй болгох зохицуулалт хэрэгтэй. Хоёрт, аймаг бүрд хоосон байгаа хөгжимт театрын заалуудад кино гаргах нөхцөл бүрдүүлээч” хэмээсэн санал хэлэв. Гишүүний хоёр санал кино урлагт дэмжлэг болох нь дамжиггүй. Гэхдээ үүнийг хуулийн зохицуулалт болгон тусгах нь арай л эрэмбэ дараа нь алдагдсан асуудал болох нь ойлгомжтой. Албан тоотоор шийдчих юмыг журамладаг, журмаар зохицуулчих юмыг хуулиар зохицуулдаг, хуулиар зохицуулмаар юмыг зөнд нь хаядаг нь манай төр хийгээд төрийн нялх түшээдээс ихээхэн хамаардгийн энгийн жишээ энэ. Эрхэм гишүүний 4.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж босгосон “Өргөө” кино театрын сүлжээний өндөр татаас монгол киночдод ямар нэрмээс болдгийг тоочвол цаас хүрэлцэхгүй.

Харин кино урлагт хамгийн ойрхон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр “Хамгийн сүүлд Мандухай сэцэн хатан, Мөнх тэнгэрийн хүчин дор киног төр дэмжсэнээс хойш Монголын кино урлаг 30 жил орхигдсон. Дунд нь яахав улс төрийн бодлогоор ганц нэг удаа дэмжиж байсан талтай” хэмээн барим тавим ярив. Улс төрийн бодлогоор ганц нэг удаа дэмжсэн гэдэг нь түүний гар бие оролцон, Монголын түүхийг ихэд гуйвуулан байж бүтээсэн түүхэн кинонууд билээ.

Харин эрхэм гишүүн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн кино урлагийг үзэл суртлын хэрэгсэл гэж хардгаа нуусангүй. “Бидний багад байсан эх оронч хүмүүжил одоо байхгүй болж байна. Залуусын тархи нь жижгэрсэн, халамж хүсдэг болсон... Хар тамхинд идэгдсэн монгол бий болж байна” гал цогтой үсгийг тэрээр айлдав.

Киночдын хандлага

Кино урлагийг дэмжих хуулийг чуулганаар хэлэлцэх болсны дараа киночид өөрсдийн байр сууриа идэвхтэй илэрхийлж эхэлсэн. Тэдгээрээс гол өнгө аясыг тодорхойлох хоёр санааг харъя.

Зураглаач Шарга:

Ямар ч дэлгүүрт бараагаа тавьж, заруулахад суутгал 15-30 хувь л байгаа байх... Харин кинотеатрууд 50 хувь... Энэ бараг дээрэм ... Дээрээс нь зар сурталчилгаа байрлуулах зардлыг 100 хувь киночид даана... Энэ арай л чангадаад байгаа санагддаг. Энэ хувийг л өөрчлөөд, хуульд заагаад өгчихвөл болох гээд байсан юм... Бас гаднын киноны дэлгэцэнд тавигдах хувийг хязгаарлачихвал... Киночдод өөр юм хэрэггүй ...

Найруулагч, продюсер А.Миеэгомбо:

Зарим найзууд “Монголын орчин цагийн кино урлаг тэр чигээрээ гамшиг” гэж их л халагладаг атлаа төрөөс дэмжих тухай асуудлууд яригдаад эхлэнгүүт “Төр киноны асуудалд хутгалдлаа. Жамаараа хөгжиж байхад” хэмээн ухаантны дүр эсгэн халаглацгаах.

Асуудлын гол нь төр ямар хэмжээнд, яаж оролцох тухай буюу зохистой тэнцвэрийн асуудал л яригдах болохоос “огт дэмжих хэрэггүй” гэдэг нь өөрөө өрөөсгөл дүгнэлт шүү! Зах зээлийнхээ зарчмаар яривал Хятад, Орос, Америк зэрэг томоохон гүрнүүд киноны бодлогоо зөнд нь хаяад хөгжүүлмээр юм. Тэгэхгүй байгааг харин бид бүгд л мэддэг, сонсдог...

Хуулийн асуудал дээр алдаа оноо байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг бүгдээрээ хэлэлцэж залруулж бас болно.

Харин тэр улсын дэмжлэгийг өмнөх шигээ чимээгүйхэн зарлаад, чимээгүйхэн ялаад, чимээгүйхэн хийгээд явдаг тогтолцоо байх юм уу? Хэн ч харсан ойлгомжтой, шударга жишгээр шалгаруулж, тодорхой бодлогын дагуу дэмжээд явах юм уу? Удирдан зохион байгуулах хүн нь хэн нэг улстөрчийн гарын хүн байх уу, салбарын байгууллагуудын дундаас олонхийн санал авч сонгогдсон төлөөлөл байх уу гэдэг нь гол асуудал юм.


Аль аль талдаа анхаарууштай заалтууд

Мэдээж хэн л үндэсний кино урлагаа уруудуулъя гэсэн хууль санаачлахав. Зургаан бүлэг, 15 зүйлтэй зургаахан хуудас энэ хуульд чухам ямар зохицуулалтууд байв?

Ерөнхий бодлогын чиглэлийн заалтуудаас:

6.1.1 Кино урлагийн хөгжлийн хөтөлбөр батлах
6.1.2 Кино үйлдвэрлэлийн дэд бүтэц байгуулах
10.1 Монгол болон хамтарсан кино төслийг жил бүр нээлттэй сонгон шалгаруулж, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

Энэ гурван заалт л кино урлагт хамгийн чухал нөлөө үзүүлэх боломжтой. Эдгээр заалтыг тодорхой болгох, хэрэгжүүлэхэд киночдын оролцоо хяналтыг хангах нь хамгаас чухал харагдаж байна. Харин хуулийн 12 дугаар зүйлд байгаа кино зураг авалт хийх зөвшөөрлийн асуудал нь зөвхөн гадаадын иргэнд хамаарахаар төсөлд тусжээ.

Харин 13 дугаар зүйлд киног ямар ангиллаар түгээхийг тусгасан байна. Үүнд нэг асуудал байгаа нь түгээхэд баримтлах журмыг Соёлын яам болон Мэдээлэл, харилцаа холбооны зохицуулах хороо батлах нөхцөл үүсжээ. Энэ тохиолдолд кино бүтээлийг түгээх асуудалд төрийн цензур гарцаагүй орж таарна. Энэ заалтыг л задалж, уран бүтээлчдийн хараат бус хяналт оруулах асуудалд киночид маань анхаарал хандуулах хэрэгтэй болж байна.

Энэ талаар хуульч О.Мөнхсайхан твиттерт санаагаа илэрхийлжээ.

Хуульч О.Мөнхсайхан:

Ийм зөвшөөрөл авч байж кино хийдэг болбол соц үe шиг цeнзур үүсэх, улмаар Үндсэн хуулийн 16.8-д буй “соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрх” болон 16.16-д буй “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх” эрх чөлөөг зөрчих өндөр магадлалтай.

+18 киног хүүхэд ТВ үздэг цагаар гарахыг хязгаарлах нь хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалахад зайлшгүй тул Үндсэн хууль хориглохгүй. Гэвч +18 кино мөн эсэхийг шийдвэрлэх асуудлыг зөвхөн хуулиар зохицуулахыг Үндсэн хууль шаарддаг. Журмаар зохицуулбал цензур болж үндсэн эрхийн зөрчил...

twitter.com/munkhsaikhan_o


Сайдаас хүсэх ганц л зүйл

Монголын төр агуулга бүтээгчдээ дэмжих зорилгоор гаргах гэж буй анхны хууль иймэрхүү шатандаа явна. Энэ бол зөвхөн киноны салбар биш агуулга бүтээгчдийн анхаарлыг татаж буй хууль гэдгийг Соёлын шинэхэн сайд маань анхаараасай билээ. Цаашид соёлын салбарыг дэвшүүлэх, уруулах эсэх нь эндээс хангалттай харагдана.

Монголд агуулга бүтээгчдийг дэмжих төрийн бодлого байхгүй. Хуучин дэмждэг байсан нь догматик системээ дэмжүүлдэг үзэл суртлын дуу хоолой болохоор нь л тэжээдэг байсан хэрэг. Зохиолчид хэвлэлийн газар, кино бүтээгчид, мэргэжлийн студи, кино театр, зураач, куратор, галерейн харилцаа бол соёлын маш чухал хэсэг. Учир нь, тэд хоосноос агуулга бүтээж, агуулгаараа баялаг бүтээдэг маш чухал үйлдвэрлэгчид. Гэтэл манайд тэд импортоор оймс, шоколад оруулж ирдэг тэрбумтнуудтай адилхан зарчмаар татвар төлж байна. Татвар нь мөлжлөгийн шинжтэй. Ийм учраас түгээгчид, бүтээгчдээс бүтээлийг нь татаас багатай авч түгээх боломж хумигдаж байгаа юм. Түгээлтийн дараа дараагийн бүтээлээ санхүүжүүлэх ашиг гардаггүй учраас ялангуяа монгол кинонд ахиц гарахгүй байгаа хэрэг.

Ойрхноор нь зохиолчдод тохиолддог маш энгийн жишээн дээр авч үзье. 10 мянган төгрөгийн үнэтэй ном дэлгүүрт байна гэж бодвол, 3000 нь хэвлэх зардалдаа, 3000 нь номын дэлгүүрийн татаастаа, 3000 мянга нь ном бүтээгдэх үеийн зардалд (зохиолч хүн ч бас хоол хүнс, орон байрны хэрэгцээтэй) шингээд нөхөр зохиолчид 1000 төгрөг үлдэнэ. Ухамсартай зохиолч бол үүнээсээ 10 хувийг нь нэмж төрд татуулна. 10000-аас 900 төгрөг л зохиолчийн гар дээр үлдэнэ. Кино дээр нөхцөл байдал бүр ч дор. Агуулга бүтээгчдээ дэмжиж, татвараас чөлөөлж, импортын тэрбумтнуудаас ялгаж салгаж хардаг болохоос нааш Монгол Улсад соёлын тухай яриад хэрэггүй. 

СОЁЛОО ДЭМЖИХ ЭХНИЙ БОДЛОГО БОЛ УРАН ЗОХИОЛ, КИНО, ЖҮЖИГ, ХӨГЖИМ, БҮЖИГ, ДУУ, ТОГЛООМ, ДҮРСЛЭХ УРЛАГ ГЭЭД БҮХИЙ Л ХЭЛБЭРЭЭР АГУУЛГА БҮТЭЭГЧДИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ЯВДАЛ. ИНГЭЖ БАЙЖ ТЭД НЭГДЭЖ, ЗАХ ЗЭЭЛ НЬ ЭРЧИМЖИЖ, ЖАМ ЁСНЫ ХЭЛБЭРТЭЭ ОРНО.


Нийтлэлч Я.БАЯРАА

Үндэстний ТОЙМ №25 (453)