Социализмаас нь малчдыг салгаач ээ!
Ертөнцтэйгээ танилцаач, эрх чөлөөт ардууд аа. Ертөнцөд малчдыг цаснаас хамгаалах үүрэгтэй Төр, засаг, албан байгууллага хэд байдаг вэ? Мал аж ахуй хэт хөгжсөн, жишээ нь хатуу ширүүн уур амьсгалтай Канад, Скандинав, Грийнландад тийм “ОБЕГ” нь гялалзтал ажиллаж, хушуу дэвсэн очиж байна уу гэсэн туршлагыг явж судлана уу.
-Малчдыг 100% биеийг нь даалга!
Гарчгаа тун эвгүй сонголоо. Тэгэхээс ч өөр арга алга. Эх орон маань олигтой хөгжиж өгөхгүй байгаа шалтгааныг маш томоор илэрхийлж гарчгаа сонголоо. Социализм ба капитализмыг хольж 33 жил явлаа. Одоо боль гэж уриалах санаатай. Малчид гэлтгүй нийт иргэдээ шинэ нийгэмд нь үтэр түргэн дасгамаар байна. Гучин хэдэн жил Tөр нь бүх зовлонг нь хуваалцах гэж алингаа алдаад өнөөдөр ч яг бахь байдгаараа. Хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуй гэж алга болоод чилийсэн 33 жилийг үдчихжээ. Хөдөөд бүх мал, аж ахуй, газар тариалан, машин техник хувийн хэвшилд 100% шилжээд 33 жилийг үдчихсэн атал Төр нь малчдынхаа өмнө сөхөрч унан царай алдаад л. Одоо тэднийг зөнд нь орхих (хаях) хэрэгтэй. Тэгсний оронд малчдыг төр халамжлахгүйгээр, ОБЕГ өвс тэжээлийг нь зөөж өгөхгүйгээр нэг өвлийг туулуулаад үзэх хэрэгтэй. Тэд арьс мах, тархи толгой, мал сүргээрээ мэдэрч дараа дараагийн өвлүүддээ бэлтгэх болно. Зун амарлингуй суухаа болино.
Оршил бичье. Улиг боллоо. “Анхаар! Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна” гэж ирээд л сүртэй зарлана. “Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд, өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдахыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна”, “Өнөө өглөөний цаг уурын станцаас цасны зузааны мэдээгээр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар төдөн см зузаан цасан бүрхүүл тогтсон байна”, “Өнөөдөр, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсны улмаас малдаа яваад цасанд төөрсөн нийт 56 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ”, “Сүхбаатар аймагт 25 дуудлагаар 37 хүн, Дорнод аймагт 8 дуудлагаар 10 хүн, Хэнтий аймагт хоёр дуудлагаар хоёр хүн, Дорноговь аймагт 21 дуудлагаар 32 хүн буюу нийт 81 хүн төөрсөн, сураггүй болсон дуудлагын дагуу дээрхи аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж байна”, “Дуудлага мэдээллийн дагуу 20:00 цагийн байдлаар 35 хүнийг эсэн мэнд олж, 46 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ”, “Цасан шуурганы улмаас хоттой мал цасанд дарагджээ”, “Улсын онцгой комиссын мэдээгээр Монгол Улсын хэмжээнд 11 аймгийн 30 сум цагаан зудтай бол 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд өвөлжиж байна. Иймд бид өвөлжилт хүнд байгаа Хөвсгөл, Увс, Өвөрхангай аймгуудийн Засаг дарга нартай холбогдож, нөхцөл байдлыг тодруулав” гэх мэт, лав гучин хэдэн жил чихэнд хэт дастал, улиг болтол ярьжээ.
ОБЕГ нь малчдыг цаснаас хамгаалах ариун үүрэгтэй. Тийм үү? Өвөл цас их ордог хүйтэрдэг гэдгийг мэддэггүй малчин байна гэж үү, хөдөөгүүр? Өвөл цас их ордог, цасан бүрхүүл тогтдог, зуд болдог, тэр үед шалдаа буудаг гэдгийг малчид мэдэхийн цаагуур мэддэг. Гэвч Төр нь хушуу дэвсээд сайхан царайлаад яваад очно гэдгийг бас мэдэхийн цаагуур мэддэг. Яг л нөгөө социализм шигээ. Тархинд нь нуль социализм.
Ертөнцтэйгээ танилцаач, эрх чөлөөт ардууд аа. Ертөнцөд малчдыг цаснаас хамгаалах үүрэгтэй Төр, засаг, албан байгууллага хэд байдаг вэ? Мал аж ахуй хэт хөгжсөн, жишээ нь хатуу ширүүн уур амьсгалтай Канад, Скандинав, Грийнландад тийм “ОБЕГ” нь гялалзтал ажиллаж, хушуу дэвсэн очиж байна уу гэсэн туршлагыг явж судлана уу.
Мал, бэлчээрээ хувьдаа авчихсан, эсвэл эзэмшиж эрхшээж байгаа малчдад ОБЕГ нь өмнөөс нь далдаганаж гүйж очдогоо нэг өвөл тас зогсоогоод, нэг үгээр наад малчдаа социализмаас нь бүрмөсөн салгаач, сэтгэхүйг нь чөлөөлөөч хэмээн би уриалан дуудаж байгаа царай нь энэ шүү. Улаанбаатарт зун намрын хэдэн сарын турш хааш нь ч хийх аргагүй асар их (бүр асар их!) өвс овоорч халиурч байнаа, хаяж байна, шатааж байна, нийслэл орчмын аймаг сумдын малчид ирээд хамаад аваач ээ (үнэгүй!), нийслэлийн ЗДТГ өвсөө хурааж нөөцлөөд малчдад өвөл нь зараач ээ хэмээн би уриалан дуудаж facebоok-тээ зурагтай пост оруулж байсан даа. Малчдыг уриалсан хэрэг шүү дээ. Яг одоо голд чинь оров уу хэмээн зуданд нэрвэгдсэн малчдаасаа ам асууя.
Цасанд, шуурганд төөрнө үү, байна уу, тэр малчны менежмент. Хэдэн малаа шуурганд алдана уу байна уу, тэр малчны менежмент. Хамар хатгах өвс малд нь байна уу, үгүй юү, бас л малчны менежмент. Төр ямар ч дарамтгүйгээр малыг нь хувьчлаад өгчихлөө, түүнийгээ яаж адуулах, хариулах, маллах, эсэн мэнд бойжуулах нь малчны менежмент юм биш үү? “Төл түмний үйлс” гэсэн социалист уриа үгүй болоод гучин хэдэн жил өнгөрчихсөн, гэтэл түүн рүүгээ буцаах гээд л мучийгаад, түүнийгээ урлаг уран сайхантайгаа хольчихсон, дуу хуур, шүлэг найрагтаа шингээчихсэн, яг өвөл тулаад ирэхээр тэр сэтгэхүй нь дээр доргүй сэргэчихдэг.
Төр хамаг зовлонг нь үүрэх гэж хичээх тусам цаадуул (малчид) нь эрхэлж дуусч байна. Булган аймгийн Сайхан суманд Цагаан сараар 100 шил архи задалсан малчин өрх тодорч амны бай болсон ганцхан жишээ. Эрхээрээ хатах хэрээрээ олхиогүйтэж дуусч байна. Aрдчиллыг, тэгэх тусмаа эдийн засгийн ба өмчийн (мал сүрэг) эрх чөлөөг чинь гарт чинь атгуулчихлаа, малчид аа, гэтэл юун хатуу ширүүн хувь заяанд нэрвэгдэх болоод явчихав аа, байгалийн хүчний өмнө юун их хоосорсон өчүүхэн амьтад болж хувирах гээд царай алдаад эхлэв ээ хэмээн би бичсээр байх болно.
2017 онд ид өвлийн үеэр УИХ-аас батласан “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль гэж байна. Малчид мэдэх байлгүй. “Малчин, амьтан маллагч нь мал, амьтныг өдөр тутам ажиглах, өвчилсөн гэмтсэн үед анхны тусламж үзүүлж, сонгосон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид мэдэгдэх”, “Малаа вакцинжуулалт, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа сайн дураараа, идэвхтэй хамруулах”, “Аль болох өөрийн орон нутагт отор, нүүдэл хийх” гэх мэт олон чухал заалт бий дээ. “Малчны хариуцлагын тухай хууль” үгүйлэгдээд байх шиг надад санагддаг. Эсвэл байгаагий нь би мэдэхгүй байж болно.
Хэрэв тийм хууль байхгүй, байлгахыг зорьж байгаа бол малчдад ХАТУУ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА тохмоор санагддаг юм. Зун намрын урин цагт ихэнхдээ хэвтэж, тэнэж, найрлаж, айл хэсч, эсвэл ажилгүй уйдаж цөхөж суухаар зуны төдөн сард малчин бүр малдаа өвс тэжээл бэлтгэхийг хатуу үүрэг болгоно, малдаа өвс тэжээл бэлтгээгүйг нь торгоно, өмчийг нь хураана гэдэг ч юм уу, эсвэл өвөл болохыг мэдсээр байж зуд цасанд бэлтгээгүй бол тэгж торгоно, шийтгэнэ, зун намрын урин дулаан цагт найр наадмыг хэтрүүлэх, зүгээр суух, айл хэсч хов ярихыг хориглоно, малын арьс шир, ноосоо хаясан, булсан, шатаасан, үнэгүйтүүлсэн бол тэгж шийтгэнэ, арчаагүйгээсээ (залхуугаасаа) болж малаа зуданд үхүүлж хотоо хоосруулсан бол баян малчныд хүчээр зарцлуулж малжуулна, нийслэл рүү шилжин суурьшуулахгүй, нийслэлд ирээд олон жил олхиогүй амьдарч, нийслэлийг муухай харагдуулж байгаа малчдыг албадан нутаг буцаах буюу баян малчныд хүчээр зарцлуулж малжуулна, албадан фермерийн аж ахуйд өгнө гэх мэт хариуцлага тооцуулах шалтаг (жагсаавал маш ихийг бичиж болно) мундахгүй их байна.
Эдүгээ мал сүргийн тоо толгой хэдэн арван сая хүрснийг яг нарийн мэдэхгүй ч лав 80 сая хавьцаа гээд таачихъя. Монголын нийт хүн ам 3.5 сая, тэгвэл 80ч бай, 70 ч бай, 60 ч бай, ихэднэ гэхээс багадахгүй. Энэ их малыг хадгалж харж баясаж суух нь XXI зууны даяаршил, цахим хөгжлийн эрин үед даан ч бүтэхгүй болж байна.
Үүнтэй холбоотой сэтгэл сэргэмээр байж мэдэх Хятадын хүнсний дэлгүүрийн махны үнийн зургийг дор харуулъя. Хагас кг мах 80-100 юань, зарим нь 150 юаниар зарагдан буй өнгөт зурагнууд.
Малчид минь олхиогүйтэж, ОБЕГ-ын ам харж суух биш, зүгээр л энэ зургаас урам зориг аваад наад их махаа экспорт болгочих. Дүгнэе. Иймд энэ их малыг уран сайхандаж дуу шүлгэндээ мөнхлөн уярч харж сууж, зуданд үхүүлж суухаар эртхэн нядлаж ядаж өмнөд хөршийн хүнсний зэх зээлд яаралтай, бүр жилийн 4 улирлын турш гаргамаар байна. Социализмаасаа салж зах зээлийн сонгодог харилцаандаа үтэр түргэн шилжье!