Би америкт хууль зүйн магистрын хөтөлбөрөөр сурсан юм. Манай сургууль дээр нэг өдөр сонгуулийн уулзалт боллоо. Флорида мужийн Маяами Дэйд каунтид (монголоор аймагт гэх юмуу) нэр дэвшсэн эрхмүүд, одоо бодоход 7, 8 хүн ирж сонгуулийн уулзалтаа нэгдсэн байдлаар хийсэн юм. Орон нутгийн сонгууль ч гэлээ, тухайн үедээ 2 сая 300 мянган хүн амтай аймгийн сонгууль гэж хэлж болно.

Монголдоо 10 наснаасаа эхлээд сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй явсан миний хувьд их сонирхолтой байлаа. (10 настайдаа сонгуулийн сонин тарааж, цаашдын сонгуулиудад ч мөн идэвхтэй оролцсон билээ. Намайг бага байхад хүүхэд сонгуулийн сурталчилгаанд явуулахыг хориглодоггүй байсан) 

АНУ-ын тэр аймгийн сонгуулийн нэр дэвшигчид ээлжлэн индэр дээр гарч өөрийгөө болон мөрийн хөтөлбөрөө танилцуулаад, дараа ньасуултанд хариулаад, бас хөөрхөн ширүүн уур амьсгалтай болов. Тэр олон хүн нэр дэвшихээр уулзалтын хугацаа ч багаддаг аж. Бас манайх шиг зузаан, зузаан сонин, сэтгүүл тараасангүй.

Нэг зүйл санаанд тод үлдсэн нь бараг манай улсын хүн ам шиг хүн амтай энэ том аймгийн сонгууль нэр дэвшигчдээ нэгдсэн байдлаар сонгогчидтойгоо уулзуулж чадаж байна шүү дээ гэх бодол. Манайд яадаг билээ. Бөөн юм болж байж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ зурагтаар мэтгэлцүүлсэн болдог. 

Сонгуулийн сурталчилгааны үеэр манай нэр дэвшигчид сонгогчидтойгоо нүүр тулаад бөөнөөрөө уулзалтанд ороод цагаа хэмнээд явж болох юм билээ. Сонгогчийн ч, нэр дэвшигчийн ч цагийг хэмнээд амар.

Манайд орон нутаг биш, бүр УИХ-д тоймтой 3, 4 хүн нэр дэвшинэ. Бүгдээрээ нэг нэгээрээ явна. Бас ухуулагч нар нь ухуулгаа хийнэ. Намын идэвхтнүүд явна. Сонин, материалаа хэдэн ч удаа тараана. Сонгогчоо үндсэндээ залхаана. Намууд гишүүдийнхээ идэвхийг сэргээж, цөсийг хөөргөсөн байдаг тул хоорондоо биесээ муулна, хагаралдана, зодолдоно, заримдаа уйлна, бие биенээ хардана, бүр ядарчихна. Зурагтаар үзэх ч юм байхгүй.

Угтаа бол хүн ам нь адилхан шахуу газруудын сонгуулийг харьцуулахад ийм байна. 

Мөнгө, цаг заваа хэрхэн хэмнэх вэ? 

2011 оноос хойш Сонгуулийн хуулийн ажлын хэсэг дээр сонгогчийн сурталчилгааны материалыг нэр дэвшигчид нэг товхимол болгон гаргаад баг, хорооны ажилтан айл бүрт хүргэж өгөх талаарх саналыг Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-ын гишүүдэд санал болгож иржээ. Маш зөв санал. Харин УИХ-ын гишүүд дэмждэггүй байна. Нэр дэвшигч бүр тус тусдаа материалаа янз бүрийн цаасан дээр, янз бүрийн загвартайгаар хэвлэж, айлын хаалгыг залхтал тогшиж байхаар баг, хороон дээрээсээ очоод авчихад болно. Бас төр сурталчилгааны материалыг чадлаараа хүргэж өгөх ёстой. Үүндээ нэр дэвшигчдийн ухуулагч нар хяналт тавиад ажиллана. Хэрэв төрийн байгууллага хүргэж өгөх, түгээх үүргээ биелүүлээгүй, ялгавартай хандвал төрийн албан хаагчид эрүү, захиргааны хариуцлага хүлээлгэж болно. Түгээх бензин тосны зардлаа нэр дэвшигчдээс нэгдсэн байдлаар авчихна. Байхгүй айлд нь утасдаад хэлнэ. Ирж сурталчилгааны материал авахаа бас давхар сануулна.

Мөнгөтэй нэг нь үлгэрийн ном шиг гоё, өнгөрсөн сонгуулиар зарим сонгуулийн ном, сэтгүүл нь дотроо хуудсыг нь нээхээр босдог хайчилбартай янзын гоё байсан, заримынх нь сурталчилгааны хуудсаа эвлүүлээд дүрс болгочихдог шийдэлтэй ч байсан. Хаяж боломгүй үнэтэй цаасан дээр өнгө төгс дизайнтай хэвлүүлж байхад, зарим мөнгө муутайнх нь халтайсан хар цаас байдаг. Мөнгө муутай гээд тэр хүнийг сонгохгүй байгаадаа бус, тэр хүнийг сэтгүүлчид, ПиАрчид мөнгөгүй болохоор нь дэмжиж ажиллахгүй байгаа юм. Аль нь эхлээд материалаа тавьж хэвлэхээ шодоод шийдчих байх, шударга.

Тиймээс сурталчилгааны материалаа нэр дэвшигчид хамтдаа нэг багцлан хэвлүүлж, төлбөр мөнгөө энэ тэнцүү гаргаад, өөр давуу байдлыг бий болгохгүйн төлөө Сонгуулийн хуулиа засч янзлах хэрэгтэй байна. Нөгөө талаас нэр дэвшигчид хөтлөлцөөд сонгогчидтойгоо багаар бодоход нэг удаа хамтдаа уулзалт хийж, мэтгэлцэх орон зайг хуулиар бий болгоё. Эс бөгөөс далдуур муулах, хар пиар хийх орон зай байсаар байж, эв нэгдлээ алдаж, баян хоосноороо ялгарсаар байх болно. Тэгээд гарсан хойно нь олигархи, хулгайч, бидэнд сонгох олигтой хүн байгаагүй гээд гомдол тасрахгүй шүү дээ.

Хуульч Болдбаатарын ГҮНБИЛЭГ
2019.11.16