“Сонгууль-2020”- Халуухан сэдэв
Ямар чөтгөр нь бие даагч энэ удаа баараггүй гээд үзмэрдчихсэн юм, бүү мэд. Бие даагчид дээр санал тоолох болохтой зэрэг компьютерын алдаа гардаг нь ч юу юм. Бас хэт олуулаа орж саналуудыг ёстой нэг хувааж тарамдуулснаа ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй мэт.
УИХ-ын сонгуулийн дүнгийн талаар “Өдрийн сонин”-ы сурвалжлагч Б.Номингийн асуултад 2020.06.27-ны өдөр өгсөн хариултыг анхны бүрэн эхээр нь хүргэж байна. Асуулт хариулт, агуулга утга санааг тэр өдрийн байдлаар хүлээн авна уу–baabar.mn
1. УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль боллоо. Энэ удаагийн сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж 2016 оны түүх давтагдлаа. Ард түмэн МАН-аас салах дургүй байсан бололтойдог оо?
Энэ бол 2016 оны давталт төдий биш юм. 1992, 2000, 2016 онд ингэж нэг тал руу хэлбийж байсан, энэ удаа мөн адил. Хэт олон нам, эвсэл, хэт олон бие даагчид нэг тойрог дээр 2-3-хан суудлын төлөө зэрэг зэрэг өрсөлдөөд саналаа хуваагаад цацчихтай зэрэг гарсан үр дүн нь энэ л дээ. МАН-д хийсэн бүтээсэн гэж хэлүүлэх үйлс байлгүй яахав. Тэр нь чухал үзүүлэлт мөн боловч энэ удаа МАН нийт саналын 45%, АН 24%, бие даагчид 8%-ийг авсан гэсэн албаны нэг мэдээ явж байсан. МАН-ыг ард түмний талаас илүү дэмжээгүй байхад МАН-аас салах дургүй байна гэж үзэх нь өрөөсгөл хэрэг. Гэхдээ ялуулаад гаргаад ирсэн нь Хүрэлсүхийн өөрийнх нь хувь хүний нэр хүнд имиж, Засгийн газрынх нь сүүлийн хагас жилд хийсэн ажил, тухайлбал хотын утааг багасгасан, “Ковид-19” цар тахалтай амжилттай тэмцэж, ард түмнээ аюулт өвчнөөс аварч хамгаалж байгаа гэх үзүүлэлт, нөгөө талд нь АН-ын удирдлагын нэр хүндгүй элдэв алхмууд зэрэг зэрэг нөлөөлснөөр ийм үр дүн гарсан болов уу. МАН ялсан гээд байгаа чинь ард түмэн АН-д дүн тавьчихлаа гэдгийнх нь илэрхийлэл шүү дээ. Монголчууд гуравдагч хүчнийг хүсэхгүй байна, бие даагчдаар төр бариулахыг сонирхохгүй байна гэдэг нь МАН-ыг ялалтыг хангуулсан бас нэг чухал шалтгаан мөн.
2. Мажоритари, тэр дундаа томсгосон хэлбэр сонгогчийн санал гээгдэх магадлал хамгийн өндөр гэж судлаачид үздэг шүү дээ. Сонгуулийн системд эрх барьж байгаа намд илүү боломж олгочихов уу?
Санал гээгдэнэ гэдэг нь харьцангуй ойлголт. Сонгуулийн хуулиа ингэж батлаад мөрдөөд хэрэгжүүлчихсэн байхад санал гээгдсэн гэх гонгиноон чухал биш. Нэгэнтээ нийтээрээ тэр хуулийг нь зөвшөөрөөд дагаад мөрдсөн байхад ухарч гомдоллох үндэс байхгүй. Хэрэв гонгинох байсан бол сонгуулийн хуулийг бүх нам, улс төрийн хөдөлгөөнүүд эсэргүүцээд бойкот зарлаад УИХ-ын сонгуулийг хийлгэхгүй байх ч юм уу, бүх ард түмнээрээ референдум явуулаад хуулиа өөрчлүүлэх боломж эрэлхийлэхгүй, гарц хайхгүй яасан юм гэх асуулт гарч ирнэ. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх хэрэггүй баймаар.
3. Санал хуваасан байдлаар нэр дэвшигчид тодорчихлоо гэж үзэх хэсэг байна. Энэ нь МАН-д ашигтайгаар тусчихав уу?
Харин тэглээ. МАН-д ашигтайгаар туслаа. Нэг иргэн бичсэн байна лээ. “АН нам бүх саналаа энэ жижиг гудамжны намуудад дээрэмдүүллээ. АН хангалттай олон суудал авч болох байсныг эд нар хуваалцаж АН намыг чирээд өөрсдөө уналаа” гэжээ. Болсон явдлыг зөв л хэлсэн байна. Хэт олуулаа сүржигнэж сонгуульд оролцоод МАН-аас бусад улс төрийн нам хүчнүүд ямар гай дуудчихсанаа одоо ойлгох байлгүй. Гэхдээ Хүрэлсүх ба МАН руу одоо дайрч давшлаад хэр амжилт олох бол? Харин 2024 онд Хүрэлсүх ба МАН-тай тооцоо бодох, хариуцлага тооцох эрх нь бусад намуудад, сонгогчдод нээлттэй үлдэж байна.
4. Бие даагч нар энэ удаа арай ихэдлээ?
Ямар чөтгөр нь бие даагч энэ удаа баараггүй гээд үзмэрдчихсэн юм, бүү мэд. Бие даагчид дээр санал тоолох болохтой зэрэг компьютерын алдаа гардаг нь ч юу юм. Бас хэт олуулаа орж саналуудыг ёстой нэг хувааж тарамдуулснаа ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй мэт. Шударга, эх оронч бие даагч олон байгааг хүлээн зөвшөөрнө. Зарим нь зорилготой, хөлс мөнгөөр орсон гэх яриа цуурхал ч сонсдож байна. Олон санал авчих нэг нөхөрт шавар болохоор хөлслөгдөөд санал зулгаасан ч юм шиг. Хоёр том нам өрсөлдлөө гэж бодоход тэр хоёрын нэг талд ажиллаад, аль нэгийнх нь саналаас чангаагаад унагачихсан, цаад нөхөрт нь ялалт хангуулчихсан байхыг үгүйсгэхгүй.
5. МАН олонхи болсноор ямар давуу тал байна?
МАН-ыг олонхи болгосноороо ард түмэн тэдэнд дахин боломж олгоё, ачааг нь үүрүүлсэн шиг үүрүүлье гэж шийдэх шиг боллоо. АН засгийн эрх барихаараа өвөр хоорондоо үзэлцдэг, намын дотоод тэмцэлдээ улс орноо, төр засгаа чирдэг үзэгдлээс ард түмэн үнэндээ залхсан шүү дээ. Тийм учраас амар амгаланг эрэлхийлээд ах намдаа саналаа өгдөг. Төр тогтвортой, түмэн олон амгаланг байг ээ гэх ерөөл энэ удаа МАН-д хандаж хэлэх шиг боллоо. Давуу тал гэж асуулаа. Давуу тал гэдгээ аль өнцгөөс харж асууж байна вэ? Улс орноо хөгжүүлээд, ард түмнээрээ ажил алба эрхлүүлээд, амьдралыг нь өөд татуулаад явах тэр эрх нь МАН-д байна. Тэр эрхээ зөв ухаалгаар, гэхдээ хурдтай хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгж хөгжүүлэх эрх нь гарт нь байна гэдэг чинь л давуу тал. Давуу талаа ашиглаад эргэж хургалгүйгээр хөгжлийн бодлого руугаа яаралтай ор, эдийн засгаа төрөлжүүл, ганц уул уурхай шүтэхгүй яв, халамжлагч төр байх төдий бус ажил хийлгэж чадсан төр байж үз, төмөр нүүрээ гаргах үедээ гарга, угждаг угжуулдаг тогтолцоогоо соль, түүнд чинь хэн ч саад хийхээргүйгээр их эрх Та нарт атгуулчихлаа гэж л би эрх баригчиддаа хэлж захих байна.
6. АН-ын 11 гишүүн хэр сөрөг хүчин болж чадах вэ? АН ялагдал хүлээж байгаа нь дотоод зөрчилтэй нь холбоотой юу?
Сөрөг хүчнээр дутсан парламент, сөрөг хүчнээр дутсан ард түмэнгүй юм шиг л дүн гарлаа. Сөрөг хүчний үүргээ 2016-2020 онд АН хэрхэн хийж хэрэгжүүлсэн бэ гэдэгт чинь ард түмэн дүнгээ тавьчихсан юм биш үү? Эв нэгдэлтэй байгаагүй, дотроосоо хагарч хоёр гишүүнээ алдаж, нөгөөдүүл нь өөр нам болж салсан, бас АН-ын дэд дарга нь ИЗН-д элсэж, МАХН-ын толгойлсон эвсэлд орж нэр дэвшсэн, сонгуульд нэр дэвшүүлэхийн өмнө бөөн шуугиан, мөнгөний асуудал дэгдээсэн, сонгуулийн кампанийн явцад лидер нь лидер байх үүргээсээ гэнэт татгалзсан, олон дарга нар нь бие дааж санал зулгаасан гээд АН-ыг шүүмжлэх аян шалтаг мундахгүй. Гэтэл МАН-д тийм юм байна уу? Эв нэгдэлгүй, хэрүүл зодоонтой, эргэж буцсан алхам хийсэн үү? Харьцуулаад үз дээ. Нам шиг нам нь МАН л юм байна. Тулхтай буурьтай юм байна гэж ард олон үзэж байгаа бол түүнийг үгүйсгэж болохгүй шүү дээ. АН яаж байна. Бужигнаж эхэллээ, дарга нараа сольж байна. АН-аа татан буулгаад дахин шинээр байгуулъя гэсэн уриалга ч явж байна. Дахиад л нөгөө намын шинэчлэл гэх сунжирсан ажил өрнөх юм уу? Бусад намуудын тухайд хувийн амбиц, адайр аашаа дараад, даруй тарцгаагаад нэг туган дор орж нэгдээсэй гэсэн хүслээ би нуухгүй. Одоо Та нар тарцгаагаад хуучин нам, нэрээ ор тас мартаад нэг том цул улс төрийн хүч бол!
7. Урд урдынхаас олон нэр дэвшигч энэ удаагийн сонгуульд өрсөлдлөө. Гэтэл бие даагч нэг гарлаа. Тэр нь урд нь Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг. Иргэд бие даагчдад халтай ч юм шиг.
Н.Алтанхуягийг бие даагч гэж би лав хэлж чадахгүй. Түүнийг бие даагч гэсэн мандатаар Эрдэнэтийнхэн сонгосон уу? Тэгсэн гэж би итгэж чадахгүй байна. Н.Алтанхуяг бие даагчаараа удах ч үгүй. Аль 30 жилийн өмнөх соцдек, дараа нь АН-ын нэг лидер, нам дамжсан “Алтан гадас” фракцын нэг үндэслэгч, Хөдөө аж ахуйн сайд, Сангийн сайд, Тэргүүн шадар сайд, Ерөнхий сайд асан, АН-ын дарга асанАлтанхуяг л гэж сонгогчид нь харсан байх. Эрдэнэт рүү шилжин суурьшсан Увс аймгийн уугуул иргэд түүн рүү хуйларч ханарсан, бас хэлмэгдэж хохирсон гэдгээр нь өрөвдөж сонгосон байх. Түүнээс бус бие даагчдад Монголын сонгогчдын хаалга цонх бүхэлдээ хаалттай байгааг энэ сонгууль дахин нотлоод өгсөн бус уу? Бие даагчдад шаанс гараад ирлээ гээд ийм олон хүний толгойг эргүүлж сонгууль руу хөтөлчихснийг би л лав ойлгохгүй байна гэдгээ дахин давтан хэлье. Увс гэснээс 30 жилийн түүхнээанх удаа цэнхэр туяа татуулсан Увсын сонгогчид ёстой од болох биз. Лав 2020 оны онцлох үйл явдлын нэгээр зарлагдана. Увсаас Увс нутгийн ардчиллын анхны тугч болон УИХ-даа орж ирсэн О.Цогтгэрэлдээ ах нь Монголын хамгийн том сониноор дамжуулан баяр хүргэж амжилт хүсэн ерөөж байгааг хүлээн авна уу.
8. Сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй гэх яриа гарлаа. Ерөнхийлөгчид хандлаа. Хар машины луйврыг их ярьж байна?
Ялагдсан намуудын дарга нар, жишээ нь АН, Шинэ нам түрүүчээсээ ялагдлаа зөвшөөрөөд огцроод эхэлтэл ганц шөнийн дотор хувираад зөвшөөрөхгүй болоод явчихлаа. Хар машины луйвар, хакердуулсан, байхгүй хүний 250 мянган санал, царцааны нүүдлийг ярьж, сонгуулийн дүнг огт хүлээн зөвшөөрөхгүй гэдэг дээрээ ялагдсан бүх нам, нэр дэвшигчид нэгдэж өргөн фронтоор тэмцэл өрнүүлэх бололтой байна. ҮАБЗ-ийг зарлан хуралдуулахыг ч шаардаад эхэллээ. МАН-ыг татан буулгах тухай шаардлага ч явж байна. МАН-ын байрны гадна талд лаатай жагсаал хийж “7 дугаар сарын 1”-ийг санууллаа. СЕХ-г огцруулах, хариуцлага тооцохыг шаардаж байна. Саналаа гээгдүүлсэн жирийн сонгогчдыг тэмцэлд уриаллаа. Ард түмний гарын үсэг цуглуулна гэж байна. Иймээс сонгуулийг дахиулах тухай шаардлага хүчээ авч магадгүй. Одоо Төрийн тэргүүний мэргэн шийдвэр л маргааныг хагална. Cаналын хуудаст дахин хяналтын тооллого хийлгүүлэхийг МАН ч дэмжчихлээ. Дахин тоолуулж эхэллээ. СЕХ-нд нэмэлт ачаа үүсэх байх. Таатай байдлаар цаашаа явна гэх баталгаа бас байхгүй. Нөгөө амар амгаланг хүсэн хүлээж байгаа, удахгүй наадамлах, зуны дэлгэр цагт амарч цэнгэх дуртай ард түмэн чинь хөдөлж өгөх үү гэдэгт л гол асуудал байна. Тэд улс төрөөс залхсан, дөжирсөн, хөдөө гадаа тарж явсан байвал дахин сонгуульдлаа гэхэд ирц хүрэхгүй байх вий гэдгийг шаардлага тавигчид бодолцох байх. Үйл явдлын өрнөлийг л ажиглах суухаас өөр яах билээ. Хэлж таах юм алга.
-о0о-