ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын хийж буй айлчлалтай холбоотой дотоодод хийгээд гадна багагүй үсрээн болж байна. Угаасаа ОХУ-ын өнөөгийн нөхцөл байдал тодорхой, бас манай хоёрхон хөршийн нэг нь Орос тодорхой. Яг энэ нөхцөлд хөөрхий, бидний монголчууд зүгээр байж байгаад хадны завсар хавчуулагдаад тиймхэн л сууна. С.Лавров юу гэсэн бол, ямар шахаанд оруулсан бол, юу амласан бол, бид яах ёстой юм... Сөрөг хүчнээс эсэргүүцлийн жагсаал хийж, бас дайныг эсэргүүцэж байгаа олон хүн байр сууриа илэрхийлж байна. Нөгөө талд эрх барьж байгаа нөхөд ч бас өөрсдийн зовлонтой л суугаа. Энэ бол Монголдоо байгаа хүмүүс талцаж хуваагдахын биш харин бүх монголчуудын л зовлон. Нөгөө талаас өнөөгийн энэ нөхцөл байдал бидэнд парламентаа улам бүр бэхжүүлж, парламентын засаглалаа батжуулах ямар хэрэгтэй байгааг баталж байна. Манай нэг улстөрч “АН-ын хагарал бол зөвхөн нэг намын асуудал биш. Сөрөг хүчин хүчтэй байх нь хоёр том хөрштэй манайх шиг улсын хувьд тун чухал юм. Хөршүүдээс үе үе шахалт дарамт ирнэ ш дээ. Тэр үед манайх парламентын засаглалтай орон болохоор нөгөө нам зөвшөөрөхгүйбайна, тэдэнтэй зөвшилцөх хэрэгтэй гэж бас бултуулах үе байна. Нөгөө тал “Худлаа ш дээ, та нар нэг л биз дээ” гэх нь бий ч яалт ч үгүй тулсан үед гарах гарц болдог” гэж ярьж байсан билээ. 

Олон улсын тавцан дахь Оросын нөхцөл байдал, Оростой мөнхөд хөршлөн суух Монголын нөхцөл байдал... Саахалт айлын гадаад хэрэг хариуцсан эрхэм ирээд буцах, үдлээд буух төдий мэт боловч бидэнд маш олон зүйлийг ойлгуулж байна. Сонгодог парламенттай болж, өнөөгийн парламентын тогтолцоогоо чанд бэхжүүлэх ёстойг маш тодорхой хэлж байна. Дүлий хүн сонсмоор, тэнэг хүн ойлгомоор ухааруулж байна.

Хэдийгээр бид парламентын засаглалтай улс гэдэг ч гадаадын судлаачид манайхыг хагас парламентын засаглалтай гэх нь бий. Учир нь парламентын засаглалтай ч эрх мэдлийн хуваагдал ихтэй, хайбрид маягтай л даа. 

1992 онд шинэ Үндсэн хуулиа батлахад улс төрийн тогтолцоог сонгох үедээ санал бүр эн тэнцүү хуваагдсан гэдэг. Бүр нэг ч хүний зөрүүгүйгээр шүү. Тэгээд Б.Чимэд абугайтан тэргүүтэн энэ асуудлыг шийдэхийн тулд улс төрийн тогтолцоогоо парламентын засаглалтай ч бас Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байсан хүмүүсийн саналыг тусгаж өгснөөр манай өнөөдрийн Үндсэн хууль мэндэлсэн юм билээ. Холимог загвартай, дэлхийд хаана ч байхгүй эцэг хууль. Тухайн үедээ асуудлаа тэгж шийдсэн байж болох ч эрх мэдлийн хуваагдал олон алдаа, бэрхшээлийг бидэнд дагуулсныг хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй. 

Үндсэн хуульд өөрчлөлт хийх явдлыг улстөрчид өөрсдийн эрх мэдлээ нэмэгдүүлэхийн төлөө хийх гэж байна гэж үзээд хардагсад олон байна. Зөв. Хардах хэрэгтэй, бас хатуу хяналт тавьж анхаарах ч хэрэгтэй. 

Чуулган завсарлаад орон нутагт ажиллахаар явсан гишүүд Үндсэн хуулийннэмэлт өөрчлөлтийн талаар ярихад иргэд янзгүй хүлээж авч байгаа талаар чих дэлсэж байсан. Үнэндээ ч иргэдэд үнийн өсөлттэй зэрэгцээд эрх ямба нь ихдээд байгаа гишүүдийн тоо нэмэгдэнэ гэсэн ойлголт игзаар юуг нь хөдөлгөөд байж магадгүй. Гэхдээ тоо нэмэгдэхэд ач холбогдол өгөхөөсөө нэмснээр юуг өөрчилж болохыг тунгааж нэг үзье. 

Хардаад дургүйцэх төдий орхих биш харин маш чинад анхааралтайгаар эл асуудалд дуу хоолойгоо өргөх ёстой гэж санаж байна. 

Тухайлбал, гишүүдийн тоог нэмэх. Энэ нь эрх мэдэлтэй хүмүүсийн тоог нэмнэ гэхээсээ өнөөдөр эрх мэдэлтэй байгаа нөхдийн хүчийг сулруулах давуу талтай. Нэг гишүүнд ногдож байгаа эрх мэдлийг хувааж, хэдхэн гишүүдэд лоббидох маягаар өөрсдөдөө ашигтай хууль батлуулдаг тэр байдлыг арилгах боломжтой юм. Өнөөдөр байнгын хороон дээр хэдхэн гишүүнээр асуудал цааш явж, чуулган дээр цөөхөн хэдэн гишүүн кноп дарснаар асуудал шийдэгдэж байна. Нэг гишүүн 2-3 байнгын хороонд харьяалагдаж, асуудлаа ч бүрэн судлахгүй чуулган дээр орж ирээд хажуудахаасаа хэлэлцэж байгаа асуудлаа лавлаж, кноп дарж байхыг харж л байлаа. Угаасаа Монгол Улсын хүн ам 30 жилийн өмнөхөөс хамаагүй өссөн. Төлөөлөх гишүүдийн тоо нэмэгдэх нь зүй ёс тогтол. Ер нь гишүүдэд нөлөөлж, хуйвалдаанд хөл тавиулахгүй байх боломжит хамгийн бага тоог 120 цаашлаад хүн амдаа тааруулбал 150-151 гишүүн гэсэн судалгаа байдаг юм билээ. Тоо нэмэх нь нэг хүнд ирдэг эрх мэдлийн төвлөрлийг тарааж байгаа хэлбэр юм.

Ийм тоо сонсохоор эрх ямба нь дийлдэхгүй хүмүүсийн тоо дахин өсөх нь гэж айх хүмүүс гарна. Угаасаа өнөөдрийн нөхцөл байдал, сонгуулийн тогтолцоо тэгж айхад хүргэсэн болохоор арга ч үгүй биз.

76 тойргийг санхүүжүүлдэг, сумын төвийн сургуулийн дээвэр, соёлын төвийн хөгжим авах тухай ярьдаг 76 биш Монгол Улсад хэрэгтэй дэд бүтэц, төмөр зам, эрчим хүч, томоохон хөгжлийн төслүүдэд санаа чилээдэг төлөөлөлтэй болох бүтэц хэрэгтэй байна. Манайд голдуу явж ирсэн сонгуулийн тогтолцоогоор хүн амын тэн хагасынх нь шахуу өгсөн санал үнэгүйдэж гээгдэж хоцордог. Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх бүртээ ингэвэл Үндсэн хуулийн цэц дээр унах болов уу, тэгвэл унах байх гэсэн яриа байнга л явж ирсэн. Өөрчилчих гэхээр зөрччих гээд байх асуудал байдаг байлаа. Одоогийн яригдаж байгаагаар Үндсэн хуульд гагц тогтолцоо гэдэг үгийг оруулснаар олон асуудлыг шийдэх боломжтой юм билээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Улсын Их хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан нь пропорциональ эсвэл холимог тогтолцоогоор сонгууль явуулахад асуудал болдог юм. Тодорхойлбол, шууд гэсэн үгэн дээр уначихаад байдаг. Уг нь 2012 онд сонгуулиа холимог тогтолцоогоор хийж байсан ч Үндсэн хуулийн Цэцээс 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар дүгнэлт гаргаснаар хувь тэнцүүлсэн болон холимог тогтолцоогоор явуулах боломжгүй болсон билээ. 2012 оны сонгуулиар нийт 76 суудлын 48 нь тойргоос, 28 нь жагсаалтаар оруулсан нь багахан ч гэсэн хувь тэнцүүлж боломжийн харьцаатай парламент бүрдэх боломжийг өгч байв. Харин бусад үед хувь тэнцүүлж суудал хуваарилагдаж байгаагүй учраас хүмүүс миний өгсөн санал хаачив гэж бухимдаж, сонгуулийн шударга эсэхэд эргэлзэхэд хүргэж байсан түүх бидэнд бий. 2016 оны сонгуулиар гэхэд нийт сонгогчдын 46 хувийн саналыг ч бүрэн аваагүй МАН нийт суудлын 85 хувийг авсан нь мөнөөх л сонгуулийн тогтолцооных. 

2012 онд холимог тогтолцоо орж ирсэн нь сайн ч 50:50 хувиар хийж чадаагүй, 28 гишүүн буюу 30 хувь нь жагсаалтаар сонгогдож байв. Одоо бол тэнцүү гэсэн зарчим яригдаж байгаа юм билээ. Ингэж байж бид өөрчлөлтийг мэдэрнэ. Сонгууль бүрийн өмнө улс төрийн хүчнүүд өөрсдөдөө ашигтай хувилбараар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулдаг завхрал алга болно. Ингэснээр урт хугацааны хөгжлийн бодлого тодорхойлдог чадамжтай парламенттай болж чадна.

Парламентын ардчилал бэхжиж гэмээнэ Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөө хамгаалагдах юм шүү. Сонгодог парламенттай болсноор хөршүүдийнхээ улс төрийн бодлогод дагаж ширвэгдээд байхгүй болно. Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, эдийн засгийн хараат бус байдал улам бэхжих учиртай.