… ТЭГВЭЛ СҮҮЛИЙН 35 ЖИЛД ЮУ ЯАЖ ӨӨРЧЛӨГДӨВ?
Хүнд ноогдох гурилын хэрэглээ байнга тогтмол байгаа боловч 1990 онд худалдаалагдаж буй 2-р гурилын хэрэглээ 80 хувийг нь эзэлж байсан бол одоо дээд гурилын хэрэглээ 80 хувь болсон байна. Монгол улсын хилээр 60 мянга орчим нэр төрлийн бараа импортоор орж ирж буйн үлэмж олон нь хүнсний бүтээгдэхүүн юм. Хүнсний нэр төрөл олширсноос гадна чанар эрс дээшилж витамин, амин дэм, чихэрлэг их болсноор хэдийгээр тоон судалгаа байхгүй ч залуучуудын өндөр, жин нэмэгдсэн нь нүдэнд харагдана. Хүнсний зохисгүй хэрэглээнээс болж 35-аас дээш насны хүмүүсийн хэт таргалалт, жингийн хэтрэлт 63 хувьд хүрч байна.
… ТЭГВЭЛ СҮҮЛИЙН 35 ЖИЛД ЮУ ЯАЖ ӨӨРЧЛӨГДӨВ?
Энд сүүлийн гуч гаруй жилийн албан ёсны статистикийг харьцуулан тоо баримт ашиглан Монгол улсын хөгжлийн тоймыг харуулах гэсэн юм. Үүнд БНМАУ-ын Статистикийн төв газраас эрхлэн гаргасан 1971, 1981, 1986, 1991 оны эмхтгэлүүд, Үндэсний статистикийн хорооны 2010 оны Хүн ам орон сууцны тооллогын дэлгэрэнгүй баримт бичиг, Монгол банкны жил бүрийн тайлан, Олон улсын валютийн сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны 1992-2016 оны хоорон дахь жил бүрийн тайлан зэргийг ашигласан болой.
ХҮМҮҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, шүтэж бишрэх, төрөө чөлөөт сонгуулиар өөрийн итгэл үнэмшлээр сонгох, чөлөөтэй зорчих бүхий л эрх шинэ Үндсэн хуулиар нээлттэй болжээ. Одоо Монголд Төрийн бус байгууллага буюу иргэдийн сайн дурын эвслийн тоо 23 мянгад хүрсэн байна. 1990 оноос өмнө оршин тогтнох эрхийг нь төрөөс зөвшөөрсөн бие даасан нэг ч байгууллага байгаагүй. Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн хэвлэлийн тоо хэдийнээ 600 гаруй байгаа бол 1990 онд төрийн мэдлийн 10 орчим төвийн сонин сэтгүүлтэй байсан. Одоо зөвхөн хувийн хэвшилд хамаарах өдөр тутмын сонин 2014 оны байдлаар 20 гаруй, радио 40 орчим, монгол хэлээр нэвтэрдэг зурагтын суваг хэдэн зуу байгаагийн дотор сум болгон өөрийн гэх бие даасан телевизийн сувагтай болжээ.
Амьдрах газраа иргэд өөрснөө сонгох болсноор 520 мянган хүнтэй байсан Улаанбаатар сая дөрвөн зуун мянгат болж, Дархан, Эрдэнэтэд тус бүрд нь 80-100 мянган хүн амьдарч байна. Үүнээс гадна Монгол улсын хүн амын 4 хувь нь гадаадад амьдарч байгаа. Монгол улсад тогтмол амьдран суугаа гадаадын иргэн ба харъяалалгүй иргэд нийт 15 мянга орчим байгаа нь нийт хүн амдаа 0,5 хувийг эзэлж байна. Монголд ирэх жуулчин 1990 онд жилд мянга хүрдэггүй байсан бол одоо хэдийнээ 100 мянга давжээ. Монгол улсын хилийн дээсийг жилд сая орчим монгол хүн нэвтэрч гадаад орнуудад аялж жуулчилж, худалдаа наймаа хийж, сурч боловсорч байна. Шашин шүтлэгтэй хүний тоог 1990 оноос өмнө гаргадаггүй, ерөнхийдөө сүсэгтэн байхгүй гэж үздэг байсан бол 2005 онд гадны байгууллагаас тооцсон дүнгээр буддын шашинтан хүн амын 15 хувийг, христийнх 4 хувь, лалынх 2 хувь гэж гаргажээ. Улс төрийн нам МАХН-аас өөр байх нь хориглогддог байсан бол одоо бүртгэлтэй 37 нам байна.
МАКРО ЭДИЙН ЗАСАГ. 1940-1990 оны хоорон дахь 50 жилд Монголын эдийн засаг 10,4 дахин өссөн бол 1990-2014 оны хоорон дахь 24 жилд 20 дахин өсчээ. Үүнээс 1990-2004 онд хоёр дахин өссөн бол 2004-2014 оны хооронд 10 дахин буюу мянган хувь өссөн байна. Төсөв, хөрөнгө оруулалтын 70 хувийг ЗХУ-аас зээлж хэрэглэдэг байсан бол 1999 онд хандивлагч болон олон улсын санхүүнийн байгууллагын энэ талын дэмжлэг 40 хувь болсон ба 2005 оноос төсвийн бүрдлийг өөрснөө 100 хувь хангадаг болсон. Монголын өөрийн талаас оруулж буй төсвийн бүтцийн 42 хувь нь 1940 онд хувийн хэвшил эзэлж байсан бол 1960 онд огт үгүй болоод 2000 онд 80 хувь хүрчээ. Төсвийн нийт хэмжээ 1995 онд 250 сая доллар байсан бол 2010 оноос энэ үзүүлэлт дөрвөн тэрбум долларыг давах болжээ. Монгол улсыг 2005 оноос ядуугийн зэрэглэлээс хасч ОУВС-ын олон хөтөлбөрөөс хаслаа. ДНБ-ий нэг хүнд ноогдох хэмжээгээр 1995 онд 400 орчим доллар байсан бол өдгөө бараг 5 мянган доллар болж дэлхийн дундач төвшний эдийн засагтай оронд тооцогдох болов.
Ажилгүйдэл огт байхгүй гэж үздэг, ажилгүй байхыг гэмт хэрэгт тооцдог байснаа больж, албадан хөдөлмөрийг хориглосноос хойш ажилгүйдлийн төвшин 5-7 хувийн хооронд хэлбэлзсээр буй, харин ажлын байр хэдэн зуун мянгаар эзэнгүй байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох сард 60-80 төгрөг авдаг байсан малчдыг эс тооцвол улсад ажиллагсдад 160 төгрөг байсан, харин одоо 500 мянган төгрөг байна. Худалдан авах чадварыг нь тооцвол багаар бодоход хоёр дахин илүү болжээ. Энгийн жишээ хэлэхэд 160 төгрөгөөр 20-25 кг мах авдаг байсан бол энэ тоо өдгөө огт буураагүй. Харин бусад барааг чанар, хүртээмжтэй нь харьцуулан коэфициентлахад хавьгүй илүү болохыг янз бүрээр батлаж болно. Малын тоо толгой 1943 онд 27 сая хүрч байсныг эс тооцвол 1990 он хүртэл хэзээ ч 25 сая хүрч байгаагүй бол 2014 онд төлийн тоогоо оруулаад 59,2 сая толгойд хүрсэн, одоо 70 саяд хүрч байна. Хэдийгээр малын тоо бараг гурав дахин нэмэгдсэн боловч ДНБ-д эзлэх хувь нь бараг гурав дахин буурсан. Хатуу хучилттай зам 90 онд 1184 км байсан бол одоо 7 мянган км болжээ. Нийт импорт найм дахин, экспорт долоо дахин өсчээ. 1990 онд ямар ч шатлалгүй ганц банктай байсан бол одоо арилцааны банк 17 байна. Хэдийгээр хагас нь татвар төлдөггүй ч гэсэн өнөөдөр 100 мянга гаруй хувийн аж ахуйн нэгж оршин буй.
ЭРҮҮЛ МЭНД.Хүн амын тоо 1990 онд 2,2 сая байснаа 2020 оны үзүүлэлтээр 3,4 сая хүрчээ. Монгол хүний дундач наслалт сүүлийн 25 жилд долоон жилээр нэмэгдлээ. Одоо монгол эмэгтэйн дундач наслалт 76, эрэгтэйнх 68 болжээ. 1990 оны байдлаар ой хүртлэх нярайн эндэгдэл 128 промил байсан нь дэлхийд хэт өндөр үзүүлэлт учир Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад 64 гэж мэдээлдэг байжээ. Одоо нялхсийн эндэгдэл 16 промил буюу тэр үеийнхээс даруй долоо дахин буурсан байна. Нас баралтын үзүүлэлт 10 мянган хүн тутамд 10,4 промил байсан бол одоо 5,6 промил болтлоо буурсан байна. Өнөөдөр Монголд жилд 16 мянган хүн нас барж бараг 70-80 мянган хүүхэд төрж байна. Төрөөс эрүүл мэндэд гаргадаг төсвийн хэмжээ 1992 онд 10 орчим сая доллар байсан бол 2011 оноос энэ тоо 500 сая долларт хүрчээ. ХДХВ-ын тархалт хүн амын 0,01 хувиас бага байвал аюулгүй гэж ДЭМБ-аас үздэг, харин Монголд тархалт нь 0,0007 хувь орчим аж.
БОЛОВСРОЛ. Долоон дээд сургуультай, 16 мянган оюутантай байсан Монгол өнөөгийн байдлаар 100 орчим дээд сургуультай, гадаадад сурч байгаагаа оролцуулаад 200 мянга орчим оюутантай болжээ. Төсвөөс боловсролд өгч буй мөнгө 20 орчим хувь эзэлдэг хэвээр авч мөнгөн утгаараа доллароор тооцоход сүүлийн 25 жилд 10 дахин нэмэгджээ. 10 мянган хүнд ноогдох оюутны тоо 600 давж энэ үзүүлэлтээр дэлхийд нэгд орж байна. Дээд боловсролтой хүний тоо 1990 онд 100 мянга байсан бол одоо 400 мянга гаруй болжээ. Үүний 62 хувь нь эмэгтэйчүүд. Дунд сургуулийн 10 жилийн сургалтыг дэлхийн жишигт ойртуулан 12 жилийн сургалттай болголоо. Одоо нийт сумын бараг ихэнх нь 12 жилийн сургуультай болж байна. Сургуулийн насны боловч сургууль завсардсан хүүхдийн тоо нийт сурагчидтай харьцуулахад 0,8 хувь эзэлж байна. Улсын сургуулийн сурагчид үнэгүй үдийн хоол идэж, улсын цэцэрлэгт хүүхэд төлбөргүй явдаг болсон нь урьд хэзээ ч байгаагүй үзүүлэлт юм.
ОРОН СУУЦ.Тухайн цаг уурын бүст амьдрах бололцоотой уламжлалт болон орчин үеийн сууцыг орон сууц гэж нэрлэдэг олон улсын жишигтэй. Монгол нь 2010 оны тооллогоор 713 мянган өрхийн 99 хувь нь орон сууцтай байсан энэ үзүүлэлтээр дэлхийд маш дээгүүрт орж байна. 322 мянга өрх гэрт, 382 мянган өрх байшинд амьдарч буйн дээр 8 мянган өрх зориулалтын бус сууцтай нь нийт өрхдөө нэг хувь эзэлж байна. Оюутан сурагчдын нийтийн байранд 1700 өрх буюу 0,2 хувь, ажилчдын нийтийн байранд 10 300 өрх буюу 1.5 хувь өрх амьдардаг аж. Ийм нарийвчилсан тоог 1990 оноос өмнө гаргаж байгаагүй. Цахилгаан эх үүсвэргүй өрх 3,3 хувь, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй нь 15.6 хувь ба төвийн эрчим хүчээр хангагддаг өрх 76,6 хувь байна. Таваас доош хүнтэй өрх 82 хувь аж.
ХҮНСНИЙ ХЭРЭГЛЭЭ. 1990 онд дундач монгол хүний өдрийн хүнсний хэрэглээ 2 000 ккалори хүрдэггүй байсан бол өдгөө 2 800 ккалори болж энэ үзүүлэлтээр Японыг давах болжээ. Махны хэрэглээ 1985 оны Хүнсний программаар нэг хүнд жилдээ 88 кг болгохын төлөө зорилт тавьж байсан бол өдгөө махны хэрэглээ бараг 150 кг болжээ. Үүнээс дотоодод үйлдвэрийн аргаар нядлан бүртгэгдсэн тураг махны хэмжээгээр тооцвол нэг хүний жилийн ноогдол 100 кг-д дөхөх ба энд хувиараа нядалж идшинд хэрэглэж буй мал мах тооцоонд ороогүй болно. Үүнээс гадна махан дайвар бүтээгдэхүүн, импортоор орж ирдэг гахай, загас, тахианы мах болон бусад махан бүтээгдэхүүн, консервыг нэмэхээр дэлхийд хамгийн их мах хэрэглэдэг орон болжээ. Хүнд ноогдох гурилын хэрэглээ байнга тогтмол байгаа боловч 1990 онд худалдаалагдаж буй 2-р гурилын хэрэглээ 80 хувийг нь эзэлж байсан бол одоо дээд гурилын хэрэглээ 80 хувь болсон байна. Монгол улсын хилээр 60 мянга орчим нэр төрлийн бараа импортоор орж ирж буйн үлэмж олон нь хүнсний бүтээгдэхүүн юм. Хүнсний нэр төрөл олширсноос гадна чанар эрс дээшилж витамин, амин дэм, чихэрлэг их болсноор хэдийгээр тоон судалгаа байхгүй ч залуучуудын өндөр, жин нэмэгдсэн нь нүдэнд харагдана. Хүнсний зохисгүй хэрэглээнээс болж 35-аас дээш насны хүмүүсийн хэт таргалалт, жингийн хэтрэлт 63 хувьд хүрч байна.
АХУЙН ХЭРЭГЛЭЭ. 1990 онд Улаанбаатарт 3300 автомашин хөдөлж байсны 100 орчим нь аминых байлаа. Одоо Улаанбаатарт явж байгаа автомашины тоо өрхийн тооноосоо хэдийнээ давсан. Нэг сая гаруй автомашинтай нь 3 хүн тутмын дунд нэг машин гэсэн үг. Мөн гар утасны тоо нийт хүн амын тооноос хэтэрч давхардсан тоогоо 4 сая 300 мянга байна. Үүний дотор ухаалаг гар утас хэрэглэгчид хэт дийлэнх хувийг нь эзэлж буй. Гүйлгээнд хэрэглэгдэж байгаа банкны карт хэдийнээ хүн амын тооноосоо давсан. Нэг сая 600 мянга орчим компютер интэрнэтийн сүлжээнд холбогджээ. Бүх өрх телевизортой. Монгол иргэд 2006 оноос хойш 7 тэрбум долларыг автомашинд, 2 тэрбум долларыг гар утсанд, нэг тэрбум долларыг цахилгаан хэрэгслэл, түүний дотор ихэвчлэн нимгэн дэлгэцтэй зурагтад зарцуулжээ.
ОРЛОГО.Улсын орлогын дийлэнх хэсгийг 1990 оноос өмнө хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуй бүрдүүлдэг байлаа. Одоо энэ үзүүлэлт 30 хувьд хүрэхгүй, нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг хүний тоо 15 орчим хувь байна. Мал аж ахуй нь бараг тэр чигээрээ хамтралд харъяалагддаг нийгмийн гэх өмч байсан ба тэнд хөдөлмөрлөгчдийн өрхийн сарын цалин орлого 100 төгрөг хүрдэггүй байсныг өнөөгийн ханшаар долларт шилжүүлэх юм бол 3-5 доллар байлаа. Үүнд нэг долларыг тухайн үеийн захын ханшаар бодоход 20 орчим төгрөгтэй тэнцэж байснаар тооцов. Мэдээж энд хаалттай эдийн засаг дахь төгрөгийн худалдан авах чадварыг тооцсонгүй. Улсад ажиллаж буй хамгийн бага цалинтай иргэд болох цэвэрлэгч манаач сард 160 төгрөгийн орлоготой байсан нь тухайн үеийн 3 кг баавгайтай чихэртэй тэнцэж байв. Дундаж багш, эмчийн сарын цалин 40-50 кг махтай тэнцэж байлаа. Юутай ч энэ махаар тооцсон хэмжээ өдгөө өсөж “хөгжөөгүй” юм гэхэд буураагүй. Барааны олдоц, чанарыг ярих юм бол хоёр нийгмийн зөрөө хэмжихийн аргагүй ялгаатай.