Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань
Алив үндэстэн өөрийн эрхэм хүнээ дээдлэн бурханчилдаг. Бурханчилна гэдэг нь өөрийн шашны хувилгаан, гэгээн болон шүтлэг тахилгын баатарт өргөмжилж, дурсан тахих утга. Монголчууд ч тэр мэт. “Лу.Алтан товч”-оос эхлээд, Зава Дамдины “Монголын түүх”-д хүртэл Чингис хааны сүнсний угсааг Буддын шашин, ялангуяа Зонховын шашны гэгээн хутагт, эрхэм зүтгэлтнээс улбаалуулан бичсэн байдаг. Сайн ухвал, Будда болсон Ханхүү Сиддхартагийн сүнс хувилан төрсөөр Есүхэй баатрын гэрт мэндэлсэн ч баймаар.
Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань
Саяхан Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчинлэн хийдэд Чингис хааны хөргийг Очирваань Бурханд хувилган бүтээгээд заллаа. Өмнө нь Пүрэвбат лам нэгийг бүтээн төрийн ордонд залсан ба түүнээс ч өмнөх үеийн түүхэн хувилбар нь Гандан хийдийн сан хөмрөгөөс хэдэн жилийн өмнө гарч ирж байсан санагдана. Цөмөөрөө, Умар зүгийн Жавзандамбын шашны догшидын нэгэн Очирваань Бурханы дүр хувирал ажгуу.
Өлгөж аваад хөгжүүлчихэж болмоор дэл сул хэрүүл хайж явдаг зарим маань “Чингис хааны үед Буддизм төрийн шашин байгаагүй” гэхчлэн наргианы аргумент сөргүүлэн, хэл ам дэгдээж харагдах. Наргианы аргумент гэдэг нь ийм учиртай. Асуудлын гол нь Чингис хаан Буддист байсан, Их гүрний үед Шарын шашин үндэсний хэмжээнд дэлгэрсэн эсэхтэй огт хамаагүйд оршино.
Алив үндэстэн өөрийн эрхэм хүнээ дээдлэн бурханчилдаг. Бурханчилна гэдэг нь өөрийн шашны хувилгаан, гэгээн болон шүтлэг тахилгын баатарт өргөмжилж, дурсан тахих утга. Монголчууд ч тэр мэт. “Лу.Алтан товч”-оос эхлээд, Зава Дамдины “Монголын түүх”-д хүртэл Чингис хааны сүнсний угсааг Буддын шашин, ялангуяа Зонховын шашны гэгээн хутагт, эрхэм зүтгэлтнээс улбаалуулан бичсэн байдаг. Сайн ухвал, Будда болсон Ханхүү Сиддхартагийн сүнс хувилан төрсөөр Есүхэй баатрын гэрт мэндэлсэн ч баймаар.
Энэ нь Чингис хаан юугаа илүү ихээр эрхэмлэн дээдэлж, үндэсний шүтээн болгон уламжлуулах санаа. Их монгол улсыг байгуулаад, дэлхий дахиныг байлдан дагуулагч асан эзэн Чингис хаанд хамгийн тохирох “дүр” нь Умар зүгийн Жавзандамбын шашнаа хортныг номхотгогч, догшин дүрээрээ алдаршсан Очирваань байсан буйз аа. Улмаар “Очирваань бол ар Халхыг даасан бурхан” гэлцэх болсон нь Чингис хааны сүр сүлд, сүнс сахиус нь Монгол үндэстнийг үеийн үед тэтгэн, тусгаар тогтнолыг нь сахин хамгаалахын бэлгэдэл гэж тайлагдана.
Дашрамд дурьдахад, “Халхын заяа их”, “Халхын амны хишиг дуусашгүй” гэдэг хэллэг нь Монголын олон ястан дундаас зөвхөн Халх ястанг онцолсон хэрэг биш юм, зарим хүний эмзэглэдэг шиг. Нийт үндэстнийг зонхилогчийн нэрээр нийтийг төлөөлүүлэн ярьдаг, БНХАУ-д олон үндэстэн байдаг ч зонхилогчоор нь Хятад, ОХУ-д өчнөөн үндэстэн ястан суудаг ч голлох хэсгээр нь Орос гэдэгтэй адилхан үзэгдэл.
Айлын ам бүлд эхнэр хүүхэд, ач зээ гээд тус тусын оноосон нэртэй хүмүүс амьдардаг ч эцэг хүнийх нь нэрээр “Доржийнх”, “Бат гуайнх” гэж хэлдэг. Үүний төлөө бусад нь гоморхож “Энэ айлд Дулмаа гэж эхнэр,Сүрэн охин, Баатар хүү гэх зэрэг хүн бас байдаг, тэднийг орхиж, гомдоож байна” гэж боддоггүйтэй агаар нэг. Учир иймд “Халхын заяа”, “Халхын амны хишиг” гэдэг нь нийт Монголчуудын: Ойрад, Буриад, Казак бүгдийнх нь амны хишиг,хувь заяаг бэлгэдсэн хэллэг билээ. Учир иймд, өнөөдөр MCS хүчирхэг болсон ч Халхын заяа, Жээнко баян яваа нь ч Халхын заяа, Чойжгоо ланжгар яваа нь ч Халхын л заяа, Сайраан Элчин сайд болоод нийт Монголоо төлөөлж явсан нь ч Халхын л заяа бүлгээ. Халхын амны хишиг дундраагүй цагт Хамаг Монголын амны хишиг дэлгэр л явах тухайтад гарсан ерөөл бэлгэ ажгуу.
Улмаар, Монголын сүм хийдүүд аугаа их Чингис хаанаа Очирваань бурхан болгон шүтэж байгаа нь өөрөө түүх болхоос биш өнгөрсөн түүхээ гуйвуулсан явдал огт биш. Нарийн яривал, түүх өөрөө тодорхой хэмжээнд гуйвж байдаг зүйл. Үлгэрлэвээс, Акира Курасовагийн найруулсан “Рашёмоны сүм” киноны баатрууд нэг болсон явдлыг шал ондоо ондоогоор хуучилдагтай их төсөөтэй. Ингэлээ гээд түүх гуйваад алга болдоггүй. Харинч тунгаан эргэцүүлэх, харьцуулах хувилбартай байхын хэрээрээ үнэн өөрөө оршин тогтнодог авай. Будда ч“Үнэнд хүрэх зам бол эргэлзээ” гэж сургаад өөрийн сургаалийг мухар сохроо дагахын оронд, “яагаад” гэдэг асуулт тавин цэгнэхийг санал болгодог.
Хүний оюун ухаан эргэлзэхийн хэрээр үнэний эрэлд гардаг бололтой. Тэгэхээр эргэлзээ бол оюун ухааны моторыг ажиллуулдаг түлш бензээн нь гэлтэй. Түүх тэр мэт эргэлзэх юмтай, түүхэндээ эргэлзэх эрхтэй баймаажин үнэнд ойртдог дүрэмтэй. Тийм учраас дарангуйлагч дэглэмүүд хамгийн түрүүнд эргэлзэх эрх чөлөөг боомилж, нийгмийн оюун санааг шүүн тунгаах боломжгүй болгодог.
Харин ч түүхийн хамгийн үнэн хувилбарыг албажуулан тогтоох гэж оролдохын хэрээр түүх өөрөө гуйвж дайван, үнэнээс гаждаг нь сонин. Гэхдээ, түүх өгүүлэгчийн байр суурь, харах өнцөг хийгээд санаатайгаар өөрчилсөн хувилбарыг нийгэмд сонголтгүйгээр тулгах хоёр бол тусдаа.
ХХ зууны БНМАУ-ын социалист түүх бол “Ерөөсөө гуйваагүй, цорын ганц үнэн түүх” бүтээх оролдлого юунд хүргэж болдогийн тод жишээ. Олон хувилбар өнцөгтэй түүхээс, зөвхөн өөрийн үзэл сурталд нийцэх хувилбар гаргаад, бусдыг нь хүчингүйд тооцсон тийм түүх шүү дээ.
Чингис хаанаа Очирваань бурханд хувилган шүтэхтэй төсөөтэй үзэгдэл ХХ зууны социалист системд ч, түүний нэгэн хэсэг БНМАУ-д ч түгээмэл байв. Нийгмийн ерөнхий шашин нь Марксизм. Карл Маркс бол социалист ертөнцийн бол гэгээрсэн Будда, Бурханы хүү Иусус, вивангиридич Магомед нь гэмээр ч юм уу?
Ленин, Сталин нарыг “Марксизмыг хэрэгжүүлсэн” хэмээн өргөмжилдөг нь Буддынхаар бол Нагаржуна, Зонхов хавьцаа зүйрлэл. Сүүлдээ Зөвлөлтийн тэргүүн Л.Брежневийг, дараахан нь манай Ю.Цэдэнбал даргыг “Марксизмыг шинэ нөхцөлд хөгжүүлсэн” гэх болсон нь Богдоор тодруулах маягийн пиар гэмээр. Улс төрийн товчооны гишүүдийнхээ зургийг социалист сүм- улаанбулангийнхаа хойморт зэрэгцүүлэн хадаж хүндэлдэг байсан нь тамгатай хутагтуудын дүрийг дугандаа залахын соцүлгэр аятай. Нэр нь өөр болохоос биш нэдэр дээрээ адилхан, бүх нийтийн шүтээн бүтээсэн үйл явцууд бүлгээ.
Тэгэхээр, шашныг шинжлэх ухаанаар шүүх, шинжлэх ухааныг шашинжуулах хоёр ав адилхан муйхар зүйл. Христийн шашинтай хүн тааралдвал “Тэгж ярих юм бол хүнийг шавраар хийх боломжгүйг шинжлх ухаан нотлоод байгаа” гэж мангартдаггүй биз дээ, бид? Монголын Буддистууд Чингис хааныгаа Очирваань бурхан болгон шүтэхээр “тэгж ярих юм бол...ХIII зуунд Буддизм төрийн шашин байгаагүй” гээд байгаа нөхдүүд дээрхтэй агаар нэг.
Өнөөгийн Загалмайтнууд бол Еваг Адамын хавиргаар хийсэнд үнэмшигчид гэхээсээ илүү Христийн шашинтнуудын 2000 жилийн турш бүтээсэн мораль, ёс суртахууны үнэт зүйл, хүмүүнлэгийн үзэл санааг тээгч нар.
Тэр мэтээр Чингис хаанаа Очирваань бурхан болгон тахиж буй тал нутгийг Буддистууд Чингис хаан Буддист байсан, тэр үед Буддизм Монголын нөмөрч байсан гэж батлаад байгаа юм биш. Чингис хаанаа өөрийн шашны эрхэм дээд шүтээн, аврагчид тооцон бурханчлаад дээдэлж л байгаа сүсэгтнүүд. Чингис хааныг шүтэх нь ямар ч Монгол хүнийг баярлуулах болохоос гомдооно гэж үү???
Хэрвээ, тал нутагт Загалмайн шашин анх дэлгэрэхдээ тэр чигээрээ цэцэглээд үлдсэн бол бид Чингис хаанаа Христийн дагалдагчийн нэг болгоод дээдлэх л байсан. Зохиомж талаас нь харвал “Монголын нууц товчоо” бол Библийн бүтцээр хийсэн бүтээл. Гэхдээ, зохиогч нь Их хааныхаа намтрыг Христийн шашны хэсэг болгох гэж зориогүй л болов уу. Ариун судар уншсны хувьд библи бол “Бурханлаг хүний түүх”, “Бурханы хүүгийн намтар” бүтээх гарын авлага л гэж итгээд, Их хааныхаа түүхийг Бурханы намтар бүтээх дэг сургуулиар туурвисан нь тэр бололтой. Хожуу үеийн Буддист түүхчид мөн л Буддагийн ертөнцөд Бурханы намтар бүтээдэг дэг стандартаараа Чингис хааныхаа түүхийг шинэчлэн туурвисан нь Алтан товч, Хорчойжун сэлтэд тусгалаа олсон буйзаа.
Бурханы түүхтэй Чингис хаан Бурханы дүртэй байхад гайхах юун?
2025 оны гуравдугаар сарын 10.