Шуурхай тойм: С.Лавровын тээсэн аюул
Ардчилсан Парламентад итгэж байна! Олон намын тогтолцоотой Парламентыг нөхцөл байдал нэхэж байна!
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров өнөөдөр манай улсад айлчилж байна. Үүнтэй зэрэгцэн УИХ өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаараа Газрын тосны тухай хуулийн 7.2-т өөрчлөлт оруулахаар Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл хэлэлцэхээр оруулж байгаа юм байна.
Газрын тосны тухай хуулийн 7.2-т “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харъяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэсэн байдаг. Үүнд
“агаарын хөлгийн шатахуун хамаарахгүй” байхаар хуулийн өөрчлөлт оруулахаар УИХ чуулганаар оруулах гэж байна!!! Ингэснээр Орос, Хятадын дунд түгжигдсэн байршилтай манай орны гадаад ертөнцтэй холбогдох цорын ганц гарц агаарын замыг Оросуудын мэдэлд өгөх гэж байна. Улмаар цаашид монголчууд Орос, Хятадаас өөр газар руу нисэхгүй болж ч мэдэх юм.
ОХУ-ын “РосНефть Аэро” компани Монгол Улсад ТС-1 төрлийн онгоцны шатахууныг импортлох, хадгалах, тээвэрлэх, борлуулах эрх авах хүсэлт тавьсан байдаг. Гэтэл “РосНефть Аэро” компани нь сөнөөгч бөмбөгдөгч онгоцонд шатахуун цэнэглэдэг учир Европын холбоо, Америкийн давхар хоригт орсон. Тэгэхээр Монгол Улс шууд хоригт орох эрсдлийг орос сайд тээж ирсэн хэрэг биш үү? Учир нь энэ хоригт орсон компанитай Монголын төр хамтарсан компани байгуулж, бизнес хийвэл улс бүхлээрээ хоригт орно гэж ойлгогдоод байх юм.
Шатахууны хангамж бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тэр тусмаа улс төрийн ээдрээтэй цаг мөчид Оростой, Агаарын замд хамтарсан бизнес хийх нь Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцэхгүй төдийгүй сонирхлын зөрчилтэй, эрсдэлтэй зэрэг олон сөрөг мессежийг дэлхий дахинд өгөхгүй гэж үү?
Монголын төр, УИХ Газрын тосны салбарт төрөөс баримтлах дунд хугацааны бодлогоо баталчихсан. Үүнд “шатахуун хангамжийн олон эх үүсвэртэй байх”-аар батлагдсан.
Энэ бодлого дээрээ байр сууриа хатуу баримталж Төрийн эрх барих дээд байгууллага, УИХ асуудлыг шийддэг, Ардчилсан Парламенттай орон гэдгээ одоо л харуулах цаг боллоо.
Ардчилсан Парламентаараа шийдвэр гаргаж “нохой хорих”, “шахааг эсэргүүцэх” бас нэг сэдэв байна. Энэ бол эх сурвалжийн мэдээлснээр өчигдөр орой /2022.07.04/ ОХУ-ын “Роснефть” компаниас Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонтой утсаар ярьж одоогоос 14 жилийн өмнө 2008 оны 5 дугаар сард, сонгуулийн өмнөхөн тавьсан өнөөх л шатахууны салбар оруулж ирэх тухай ярьсан гэх мэдээлэл байна. Утсаар ярьсан эсэхийг холбогдох байгууллагууд шалгах биз. Хэрэв эх сурвалжийн энэ мэдээлэл үнэн бол Монголын төрийн баталсан, Газрын тосны талаар баримтлах дунд хугацааны бодлогын бүх баримт бичгүүдэд энэ санал нийцэхгүй гэдгийг Монголын төр, УИХ, Засгийн газар шат шатандаа хатуу санаж шийдвэрээ гаргана гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэн түүхээ эргэн хараарай!
2008 оны 5 дугаар сарын 20-ны тэр өдөр тухайн үеийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Үүнийг Улсын төв архиваас шүүж үзэж болно. Миний санаж байгаагаар Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил гишүүний саналаар уг тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулж байсан. Өнөөдөр тийм хэмжээний ШТС ороод ирээгүйг бодоход Монголын төр зөв шийдвэр гаргажээ. Энэ нь тухайн үеийн парламент одоогийнхтой л харьцуулахад “олон намын тогтолцоотой”, тийм онцлогтой Засгийн газартай байсан тулдаа тэссэн байх. Энэ сэдвийг эргэн санаж, хөндөж байхад ҮХНӨ-д нэмэлт өөрчлөлт оруулах цаг хугацаа зайлшгүй мөн гэж бодож байна. Монгол Төрийн, Ардчилсан Парламентын мэргэн шийдвэрт Монголын ард түмэн найдаж байна.