Төрийн өмчит компаниуд эрх баригч намынхаа, бүр тодруулбал МАН-ынханд зориулж албан тушаал “зохиож” тэтгэсээр сүйрч байгаагийн нэг жишээ нь “Эрдэнэс Монгол” билээ. Намын дарга У.Хүрэлсүх тийм ч ойр дотно байгаагүй боловч энэ байдлыг засч чадах эдийн шуналгүйгээр төрийн албанд 30 гаруй жил зүтгэснийг нь бодож Д.Хаянхярвааг шилж томилсон биз. Харин түүнийг хүссэнээрээ ажиллах боломжийг олгох эсэх нь намын “аппаратынхан”-ы дур зоргын асуудал шахуу болчихоод байгаа нь илт харагдаж байна. Тухайлбал зургаан дэд захирлыг нь гуравхан дэд захиралтай болгож, зургаан газрыг нь хоёрхон газар болгон цомхтгосон төсвийг тус компанийн ТУЗ өнгөрсөн пүрэв гаригт /2020.12.03/ баталсан. Үүнийхээ хариуд ч утсаа улайстал цагаан байрнаас дарамтлуулж байгаа нь Д.Хаянхярваагийн уг байгууллагын босгоор давмагцаа “Саарал ордон, цагаан байрнаас яриулж томилогдсон бүх хүнийг толгой дараалан хална” гэсэн хамаа намаагүй үгнээс нь болсон бололтой. 

Жишээ нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн эхнэрийнхээ дүү, “Монлаа”-гийн угшилтай, Өвөрхангайн МАН-ын сонгуулийн чухал менежер гэгдэх Л.Хосбаярыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар томилуулахаар “шахаж” заавал Дэд захирлаар томилохыг шаардсан байгаа юм. Өвөрхангайнхны сонгуулийн ажилд гүйдэг бүхнийг албан тушаалд томилох гэвэл Монголын төрд зай багадаж босго нь өндөрдөнө шүү дээ. Тэгээд ч одоо тэр нөхөд, түүний фен залуус чамлахааргүй л албан тушаалд ажиллаж байхад ингэж улайрах хэрэггүй юмсан. Ойрын өдрүүдэд УИХ-ын гишүүн асан Л.Энхболдыг мөн Тэргүүн дэд захирлаар томилох гэж буй тухай хэвлэлүүд мэдээлсээр байна. Мөн л Засгийн газраас ч зарим нэг сайд шахалт, “шаардлага” тавьсаар байгаагийн цаана өөр учир начир ч бий. Гэтэл Л.Энхболд гэж хэнсэн билээ. Тэр зөвхөн “ЖДҮчин” биш билээ.

Л.Энхболд зөвхөн ЖДҮ-чин биш!

Эрдэнэс Монгол-ын дэд захиралаар “гэтэж” яваа Л.Энхболдын дараагийн зээл нь Бичил санхүүгийн хөгжлийг дэмжих сан. Энэ санг анх Дэлхийн банк, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлсэн “Тогтвортой амьжиргаа” төслийн хүрээнд 2002 онд байгуулсан байдаг. Хөдөөгийн болон санхүүгийн үйлчилгээ  хязгаарлагдмал газруудад оршин сууж буй иргэдийг тогтвортой санхүүгийн үйлчилгээнд хамруулан улмаар хүрээг нь өргөтгөж, тэдэнд үзүүлэх санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилго бүхий Бичил санхүүгийн хөгжлийн сан манай улсад байгуулагдаад 18 жил болж байна. Энэ сангаас бичил санхүүгийн хөгжлийг дэмжих зорилгоор арилжааны банкуудад гурван тэрбум, банк бус санхүүгийн байгууллагууллагад нэг тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилтийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэйгээр /сүүлд нэмэгдсэнээр/ олгодог байсан юм билээ. МАН-ын олон ч “ББСБ-тай, ломбардтай нууц ноёнтнууд энэ сангаар VIP үйлчлүүлсэн дээ. Л.Энхболд тэдний л нэг. Гэм нь шаардлага хангаагүй байсан ч утсаар ярьж дарамталж байгаад авчихдаг байсан ноён зан түүнд ч байв. Л.Энхболдын хувьд одоо ч түүний ХОМ-т бичээстэй “Ирээдүй Инвест” ББСБ тус сангаас удаа дараа зээл олгогдож, төлөгдсөн байдаг. Хамгийн сүүлд 2016 оны сүүлчээр 400 сая төгрөгийн зээл авсан байдгаас Бичил санхүүгийн хөгжлийг дэмжих сан татан буугдсан 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар 240 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэйгээр уг сан Сангийн яамны мэдэлд шилжсэн байдаг. Төлөгдөж байгаа гэж найдъя. Сонирхолтой нь “Ирээдүй инвест” ББСБ-д хувь нийлүүлэгчдийн бүртгэлд Л.Энхболдоос гадна “Тэмүүжин хүнс” ХХК гэж бүртгэсэн байдаг. Харин “Тэмүүжин хүнс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал нь Shih Pei Chih гэж бүртгэгджээ. Ийм овсгоотой, омогтой, үүгээрээ л “төр бизнес хийдэг” ухаанаас хожиж яваа нэгэн бол Л.Энхболд билээ. Мөн түүний төрсөн ах Л.Нэргүй эдүгээ Татварын ерөнхий газарт Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байна. 


Д.Хаянхярвааг бараг л “Моннис”-ийн захирлаар томилчихсон юм биш үү?

“Эрдэнэс Монгол” ХХК түрээсийн байрны 14, 15 дугаар давхарт үйл ажиллагаагаа явуулдаг. Сард 60 сая, жилд 700-800 сая төгрөг түрээсэнд төлдөг юм байна. Энд яагаад хэмнэлт хийж болохгүй гэж? Жишээ нь Нийслэлийн Засаг захиргааны “Хангарьд” ордныг хувьчлах дуудлага худалдааны зар 2020 оны10 дугаар сарын 20-нд хэвлэлд зарлагдсан. Дуудлага худалдааны анхны үнэ 43 тэрбум 423 сая 400 мянган төгрөг, дуудлага худалдаа 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр болохыг уг зард дурджээ. Гэсэн ч Яармагт барих хотын захиргааны шинэ барилга хөрөнгө санхүүгийн улмаас хугацаандаа ашиглалтад орж амжихааргүй болсон учраас дуудлага худалдааг хойшлуулсан гэж тайлбарлаж буй. Нөгөөтэйгүүр “заавал объектоо суллаж байж өмч хувьчлалаа зарлах ёстой” гэсэн тайлбар өгч буй ч улс төрийн шинжтэй тайлбар гэх үү дээ. Эх сурвалжийн мэдээлснээр дуудлага худалдаанд оруулсан энэ барилгыг “Эрдэнэс Тавантолгой” ХК 43.4 тэрбум төгрөгөөр авах гэдэг юм билээ. Уг нь Монголын төрд зөв менежерүүд ажилладаг бол “Эрдэнэс Монгол”-ын нэр дээр шилжүүлээд өгчихвөл орон нутгийн өмчөөс төрийн өмч рүү шилжүүлээд л, төлбөрийг нь графикаар төлөөд явахад одоо Моннист өгдөг түрээсийн мөнгөө нийслэлд өгчихмөөр харагддаг. Яагаад гэвэл “Эрдэнэс Монгол”, түүний охин компаниудын байрны түрээст өгдөг мөнгийг нэгтгэж харвал сард 200 сая, жилд хоёр тэрбум гаруй төгрөгт дөхөж байна шүү дээ. Бүгдээрээ нэг дор цуглаад, дуудлага худалдаанд зарласан үнийг төлчихөж болохгүй гэж үү? Нөгөөтэйгүүр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хамаг машин техник нь “Моннис”-ийнх, дарга нар нь голдуу Nissan Patrol “Y-62” машин унадаг. Яагаад ч юм бүгдээрээ өөр өөр компанийн нэр дээр бүртгэлтэй байх юм. Энэ чиглэлээр “Моннис”-т их хэмжээний өр төлбөртэй байдаг нь Д.Хаянхярваа бараг л “Моннис” гэдэг айлын зарц ч юм уу, захирал ч юм уу болсон шиг хошин дүр зураг үзэгдэнэ. 

Нэг жишээ дурдъя. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай 239 км авто замын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани Б.Баяндэлгэр даргатай “Гашуунсухайт автозам” ХХК компани гэж бий. Стратегийн ач холбогдолтой чиглэлийн автозамын хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажилладаг л болохоос аймгуудад байдаг л АЗЗА-тай адил үйл ажиллагаатай мөртлөө 186 хүнтэй, 15 тэрбум төгрөгийн төсөвтэй. Гэтэл энэ төсвөө хүрэхгүй байна, төсвийг тодотго гээд дөрвөн тэрбум төгрөг нэхсэн албан бичиг ирүүлсэн байх юм. Эдний захирал нь төрд 33 жил ажилласан, санхүүч мэргэжилтэй хүн. Гэтэл өөрийн компанийн “Дарга дэд дарга, дэд захирал, газрын дарга, газрын орлогч, алба, албаны дарга нар, тэр бүхний туслахууд” гэсэн замбараагүй бүтцийг цэгцлэхийн оронд нэг аймгийн төсөвтэй тэнцэх хөрөнгийг чамлаад байна гэдэг харамсалтай дүр зураг биш гэж үү?

Төрийн өмчит компаниудын 10 гаруй их наядаар яригддаг өр, авлага байдаг гэдэг. Төсвийг хэмнэх хүсэлтэй хүнийг хаанаас хайж олоaх вэ? УИХ, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нар энэ талаар газар дээр нь шалгалт хийж дорвитой арга хэмжээ авахад санаа тавих шаардлагатай байна.

Хамгийн гол нь данхайсан бүтцийг нь өөрчлөх шаардлагатай. Сураг сонсвол “Эрдэнэс Монгол” ХХК-ийн шинэ захирал бүх охин компани, төслийн нэгжүүдэд ирэх жилийн төсвөө 15 хувиар хэмнэж оруулж ирэх чиглэл өгсөн гэнэ. Хэрэв тус компанийн ТУЗ-ийн баталсан бүтцээр ажиллаж, намын цагаан байрнаас шахсан дарга нарыг цөөлж чадвал төсөв хэмнэгдэх боломж бий. Хэдийгээр ТУЗ-ийнхний цалин нууцын зэрэглэлтэй, гэхдээ өндөр биш, L-1, L-2, L-3 гээд гурван шатлалтай байдаг боловч цалингийн хэмжээнд биш хэтэрхий олон даргатай, олон хүнийг цалинжуулдагт асуудал байна. 

                                                                                                                                                    /Үргэлжлэл бий.../