Монгол, Хятад, Оросын Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын 16-р нэгдсэн чуулган энэ пүрэв гаригт эхэлнэ. Хятад, Орос улсын Танхимуудын төлөөлөл болон 300 гаруй бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагч нар оролцох энэ удаагийн чуулганы онцлог, бизнес эрхлэгчдийн өмнө тавигдаж байгаа сорилт болон шинээр нээгдэж буй боломжийн талаар МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалантай ярилцлаа. МҮХАҮТ-аас зохион байгуулж буй 16-р нэгдсэн чуулган 8-10-ны хооронд гурав хоног үргэлжилнэ.


-Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахлын дараа хийгдэж байгаа эхний чуулган гэдгээрээ энэ удаагийн чуулган өмнөх чуулгануудаас илүү онцлогтой байх гэж бодож байна. Ямар асуудлууд түлхүү хөндөгдөх бол?

-Гурван улсын Танхимуудын чуулганыг жил бүр зохион байгуулдаг. Тухайн жилийн эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагаанд ямар үр дүн, сайжруулалт гарав, экспорт, импортын хэмжээ, төрөл зүйл нь хэрхэн өсөн нэмэгдэв, хөрөнгө оруулалт болон хамтарсан төсөл хөтөлбөрүүдийн тоо ямар хэмжээнд байна, цаашид ямар боломж бололцоо байна вэ? гэдгийг жил бүр ярилцаж, хамтарсан тунхаглал гаргаад явдаг. 

Сүүлийн хоёр жилд цар тахлын улмаас улс орнууд хилээ хаасан, худалдаа, эдийн засагт хүндрэлүүд учирсан. Цар тахлын жилүүдэд зөвхөн бид ч биш, дэлхий нийтээрээ тээвэр ложистикийн шоконд орсон. Энэ бол цар тахлын улмаас үүссэн асуудал биш юмаа. Тээвэр ложистикийн салбар өөрөө асуудалтай байсныг цар тахал ил гаргалаа гэдгийг судлаачид хэлж байна.  

Манай улсын хувьд бараа бүтээгдэхүүний импорт, ялангуяа түүхий эд, тоног төхөөрөмжөө Хятад улстай шууд худалдаагаар хийдэг байсан. Хятад улс хилээ хаасны дараа ийм боломжгүй болсон. ОХУ болон Украины хооронд үүссэн геополикийн хурцадмал байдлын улмаас ОХУ-тай хийдэг худалдаа, ОХУ-аар дамжиж ирдэг бараа бүтээгдэхүүнүүд, манайхаас экспортод гаргадаг бараа бүтээгдэхүүнд хүндрэл үүссэн. Сүүлийн хоёр жил бидний хувьд зөвхөн хөрш хоёр улсаасаа хамаалахгүйгээр гуравдагч зах зээлийг эрж хайхаас гадна өөрсдөө бас юуг үйлдвэрлэх боломжтой вэ? гэдгээ бодож төлөвлөсөн жилүүд байлаа. 

Хятад улс бол манай экспортын гол зах зээл. Монгол Улсаас экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний 84,4 хувь нь Хятад руу гарч байна. Гэтэл ОХУ-ын хувьд нийт экспортын 0,7-хон хувийг эзэлж байна. Энэ нь нэгдүгээрт, бид ОХУ-ын зах зээл дээр ААН-үүддээ экспортын нааштай боломжуудыг бий болгоогүй байна. Оросын талаас татварын маш өндөр хувь тогтоодог нь ААН-үүдэд хүндрэлтэй байна. ОХУ ч гэсэн олон улсын зүгээс авч хэрэгжүүлж байгаа олон төрлийн санкц, хориг арга хэмжээнүүдтэй холбоотойгоор дотооддоо бараа бүтээгдэхүүний дутагдалтай байна. Тиймээс хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид яаж өргөжүүлэх вэ? гэдгийг өнөөдрийн шинэ нөхцөлд байдалд дахин авч үзэх шаардлагатай болсон байна. 

-Энэ удаагийн чуулганд МҮХАҮТ-аас дэвшүүлж байгаа Монголын бизнес эрхлэгчдийн амбиц юу вэ?

-Тухайлбал, уул уурхайн бус экспортоо нэмэгдүүлье, бараа бүтээгдэхүүнээ төрөлжүүлье гэж байна. Манай экспортод гаргаж байгаа нийт бараа бүтээгдэхүүний 93 хувь нь уул уурхайн экспорт. Тиймээс уул уурхайн бус, ХАА-н гаралтай болон бусад бараа бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлье гэдэг эхний зорилт. Энэ чиглэлээр салбар хуралдааныг зохион байгуулж, хоёр улсын танхимууд болон бизнес эрхлэгчидтэй хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцана. Зөвхөн худалдаагаар хязгаарлахгүй, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлье. Зохион байгуулж байгаа улс нь өөрөө тухайн жилийнхээ сэдвийг тохирдог, гол хурлаа чиглүүлдэг. Энэ давуу эрхээ Монголын тал ашиглаад гурван улсын коридор дагуух хөрөнгө оруулалт, тээвэр ложистик, худалдаа эдийн засаг, үйлдвэрлэл, хөнгөн болон хүн үйлдвэрлэл дээр хамтарсан хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийг эхлүүлье, үүн дээр санаачлагыг эхэлж гаргая гэдэг нь энэ удаагийн чуулганд манай талаас тавьж байгаа гол зорилт.

-Хятадын талаас бол бизнес эрхлэгчид ч, төрийн бодлогын түвшинд ч манайхтай худалдаа хийх сонирхолтой байдаг. ОХУ бол арай өөр бодлоготой явж ирсэн. Харин хувийн хэвшил, бизнес эрхлэгчид нь манайхыг хэр сонирхдог вэ?

-Өнгөрөгч 2022 оны дундаас эхлээд ОХУ-аас манайх руу чиглэсэн бизнес эрхлэгчид, иргэдийн урсгал эрс нэмэгдсэн. 

Өнгөрсөн оны есдүгээр сард бид ОХУ-ын Владивосток хотод хоёр улсын танхимуудын хамтын ажиллагааны хүрээнд Эдийн засгийн форум зохион байгуулсан. Энэ үеэр Монголоос ноос, ноолууран бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх сонирхолтой байна гэдгээ Оросын тал илэрхийлсэн. 

Мөн барилга, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллах, хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа. Форумд Монголын талаас 30 орчим ААН оролцсон бол Оросын талаас 200 орчим ААН оролцсон нь бизнесийн түвшинд сонирхол их байна гэдгийг илэрхийлэл. Монголын бизнес эрхлэгчдийн зүгээс тавьж байгаа гол асуудал нь манай бараа бүтээгдэхүүнд хэт өндөр татвар тавьдаг, 40 орчим хувийн татвартай байгаа. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? Татварыг заавал тавина гэж байгаа бол өөр ямар уян хаан зохицуулалт байж болох вэ? Бараа материалаа гаалиар гаргахдаа биш, борлуулсныхаа дараа татвар авдаг байж болох уу? гэх мэт төлбөрийн уян хатан зохицуулалтыг хайж байна. Нөгөө талаас ОХУ-д байдаг чөлөөт бүсүүдийг ашиглах  талаар ярилцсан. 

Владивостокийн уулзалтын дараа, 2022 оны сүүлчээс эхлээд ОХУ-ын муж, хотуудаас бизнес эрхлэгчид дангаараа болон төрийн байгууллагуудтай ирж, манайд зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаануудад оролцож байна. Тухайлбал, Эрхүү мужийн захирагч нь Эдийн засгийн яамд, бизнес эрхлэгчидтэйгээ бүрэн бүрэлдэхүүнтэйгээр ирсэн. Бизнес эрхлэгчид нь дангаараа, танхимтайгаа ирэх нь ч байна. Украины дайнтай холбоотойгоор ОХУ-д үүссэн геополитикийн нөхцөл байдлын дараа Оросын талаас манайхыг сонирхох сонирхол өмнөхтэй харьцуулахад хэд дахин нэмэгдсэн. 

-Орост хүнсний хомсдолтой байна. Мал, махан бүтээгдэхүүн сонирхож байна. Гэтэл манайх мал, махаа экспортолж чадахгүй байна, малын даац хэтрээд байгаль орчин гамшгийн хэмжээнд хүрч байна. Экспортонд гаргая гэхээр малын чанар, эрүүл ахуйн асуудал шаардлага хангадаггүй. Үүн дээр ямар нэг өөрчлөлт, дэвшил гарсан уу?

-Эрэлт хэрэгцээ бол байгаа, үүнийгээ тогтмол илэрхийлж байгаа. Нөгөө талаас бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргахын тулд тухайн улсынхаа техникийн нөхцөл шаардлагуудыг хангах ёстой. Үүн дээр ХХААХҮЯ үндсэн бодлогоо барьдаг. Өнөөдрийг хүртэл махны экспорт дээр маш их хэмжээний хориг, хязгаарлалтуудыг тавьж ирсэн. Үйлдвэрлэгчдийн зүгээс энэ хориг, хязгаарлалтуудаа чөлөөл өө, дотооддоо хямд үнээр борлуулж байснаас экспортод өндөр үнээр гаргамаар байна гэдэг. Зөвхөн мах ч биш, малын гаралтай бусад бүтээгдэхүүнүүдээ хагас боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох замаар нэмүү өртөг шингээгээд экспортод гаргая гэдэг. ХХААХҮЯ энэ асуудлуудыг шат дараатай шийдвэрлээд явж байгаа гэдэг мэдээллийг хийсэн. Малын өвчлөл, мал, махан бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлэхэд тулгамддаг асуудлуудаа шийдвэрлэхээр олон улсын донор байгууллагуудтай хамтраад 2-3 аюулгүй бүсийг байгуулахаар бодлого төлөвлөөд ажиллаж байгаа гэдэг мэдээлэл гарсан. Албан ёсоор ажил нь эхлээд явж байгаа талаар хараахан мэдээлэл аваагүй байна. 

Мах бол манай хамгийн потенциальны экспортын бүтээгдэхүүн. Бог, бод нийлээд жилд 20 сая толгой мал экспортлох боломж манайд бий. Мөн халал зах зээл дээр эрэлт их байна, өндөр үнээр мах махан бүтээгдэхүүн авдаг. Халал стандартыгдотооддоо нэвтрүүлж чадах юм бол Турк гэх мэт Исламын шашинтай улс орнууд Монголын махыг ихээр сонирхдог. 

Малайзын халал сертифатыг хариуцсан байгууллага манайд албан ёсны салбараа байгуулаад, сургалтууудаа хийгээд, халал серификатыг нэвтрүүлээд эхэлсэн байгаа. Зөвхөн мах биш, малын өлөнг Турк болон Европын холбооны зарим улс руу экспортолж байна. Хагалгааны утас бэлдэх түүхий эд болдог. Үүн дээр бас янз бүрийн хориг, хязгаарлалт тавилаа гэдэг асуудал манайд удаа дараа ирсэн. Үүнийг нь холбогдох байгууллагууд руу нь уламжлаад, хориг, хязгаарлалтыг нь болиулах, экспортыг хүндрэлгүй явуулах дээр Танхим дэмжлэг үзүүлээд явж байна.

-Засгийн газар самнасан ноолуур экспортод гаргах шийдвэрээсээ буцсанаас болж ААН-үүд ихээхэн хохирол амссан. Үүн дээр танхим ямар арга хэмжээ авсан бэ?

-Ноолуурын хувьд бид нийт гаргаж байгаа ноолуурынхаа 20 орчим хувийг л эцсийн бүтээгдэхүүн болгож байна. Үлдсэн 80 хувь нь түүхийгээрээ гарч байна. Самнасан ноолуур экспортлох дээр ХХААХҮЯ, үйлдвэрлэгчид болон танхим нэг байр суурьтай байсан. Эдийн засгийн хөгжлийн яам эсрэг байр суурьтай байсан. Түүхий ноолуур гаргах тухай тогтоолыг ЭЗХЯ бие дааж гаргаад дараа нь ХХААХҮЯ-нд мэдээлсэн асуудал гарсан. Үүн дээр Танхим үйлдвэрлэгчдийнхээ талд мэдэгдэл гаргасан, хэвлэл мэдээллээр цацсан. Танхимын дэргэд Ноос ноолуурын зөвлөл гэж бий. Энэ зөвлөлөөсөө саналуудыг нь аваад шат шатны байгууллагуудад хүргэж ажилласан.

Танхимын гол чиглүүлж байгаа салбар бол уул уурхайн бус экспорт. Тэр дундаа бүртгэлийн асуудал. Сая нүүрсэн дээр гарсан асуудал бол бүртгэл мэдээлэл дутуу явсан, маш их хэмжээний нүүрс бүртгэлгүйгээр гарсан. Энэ асуудал экспортын бүх салбар дээр байгаа. Бүртгэл мэдээллийг сайжруулах тал дээр жишээ нь бид хушны самар дээр ажилласан. Гааль болон татвар дээр бүртгэгдэж байгаа самрын хэмжээ гурав дахин өссөн, 300 сая ам.долларт хүрсэн. 

Уул уурхайн салбар нийт ажлын байрны 4-хөн хувийг бүрдүүлдэг. Өндөр хэмжээний цалин аваад ажлын байраар хангагдаж байгаа нь хүн амын 4-хөн хувь. Үлдсэн хүн амын амьжиргааг дэмжиж, ажлын байраар хангая гэвэл бид уул уурхайн бус экспорт руугаа анхаарах ёстой. 

Үүний тулд дахиад гаднын хөрөнгө оруулалтыг дэмжих, үйлдвэрлэлүүдийг нэмэгдүүлэх, эцсийн бүтэгдэхүүний үйлдвэрлэл, тээвэр ложистикоо шийдэх, боомтуудаа өргөжүүлэх, чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх асуудал яригдана. 

-Уг нь манайх Чөлөөт бүсийн тухай хуультай. Нэг, хоёрын зэрэг чөлөөт бүс ч бий биз дээ?

-Чөлөөт бүс гэж арван хэдэн жил ярьсан хэрнээ нэг ч бүтээн байгуулалт байхгүй. Алтанбулагийн чөлөөт бүс дээр 17-18 төрлийн архи, алкохол худалдаг дэлгүүрүүдээс өөр  бүтээн байгуулалт байхгүй. Тиймээс чөлөөт бүсийг олон улсын түвшинд, сонгодог жишгээр нь хөгжүүлэхийн тулд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг оруулах, хувийн хэвшилд менежментийг нь хариуцуулах ёстой юм байна. Бусад улсын бэлэн жишээ байна. Турк улс гэхэд 1980-аад онд яг л манайх шиг “Юу үйлдвэрлэх вэ? Яаж үйлдвэрлэх вэ? Хөрөнгө оруулалтыг яаж татах, хаашаа яаж борлуулах вэ?” гэдэг асуудалтай байсан. Өнөөдөр Европын холбоо цагаан эд хэрэглэл, даавуун материалынхаа 2/3-ыг Туркээс авч байна. Гэр ахуйн цахилгаан барааныхаа бас 2/3-ыг авч байна. Туркээс бүрэн хамааралтай болсон. Цар тахлын үед Хятад улс хилээ хаахад Европын хөрөнгө оруулалттай ААН-үүд, үйлдвэрлэгчид үйлдвэрүүдийнхээ тасралтгүй үйл ажиллагааг хангахын тулд Туркэд үйлдвэрүүдээ байгуулаад, өртөг багатай, хямд зардалтай бүтээгдэхүүн үйлдвэрлээд эргээд Европ руу гаргасан. Цар тахлаар маш их хожлыг Турк улс авсан, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Турк улсын эдийн засгаа хөгжүүлж чадсан шалтгаан ерөөсөө чөлөөт бүсүүдээ маш сайн хөгжүүлсэн. 

Нөгөө талаас, Туркийн худалдааны боомтууд дээр зөвхөн гаалийн үйл ажиллагааг төр хийдэг, бусад бүх үйлчилгээг хувийн хэвшил хийдэг. Дээр нь Туркийн Худалдаа аж үйлдвэрийн танхим нь боомтууддаа хөрөнгө оруулдаг. Монголд л “Танхим бол байдаг л нэг ТББ” гэж хараад байгаа болохоос биш бусад улс бол Танхимын зарчмаар ажилладаг. Худалдааны танхим, Уул уурхайн танхим, Арьс ширний танхим гээд төрөлжсөн. 

-Арьс ширний танхим гэснээс манайх Дарханд арьс ширний үйлдвэрийн үйлдвэрийн парк байгуулна гэж 2-3 жил дараалж яриад, төсөв мөнгө тавиад явж байгаа. Гэтэл дэлхий нийтээрээ арьс ширний уламжлалт хэрэглээнээс татгалзаж, өмсч зүүхээ больж байна гэх юм. Тэгэхээр манайх энэ салбарын хөгжлийн хаана нь явна, хааш нь ямар бүтээгдэхүүн гаргах вэ?

-Арьс ширний уламжлалт хэрэглээ дэлхий нийтээр хумигдаж байгаа. Шинэ үе мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнээс татгалзаж эхлээд байна. Байгаль орчиндоо ээлтэй байя, ногоон эдийн засагтай, ногоон хэрэглээтэй болъё гэдэг хандлага руу шилжчихээр том үйлдвэрүүд арьс ширээр гутал, хувцас хийхээ больж эхэлж байна. Дахин боловсруулсан бүтээгдэхүүнүүд бий болж байна. “Тойрог эдийн засаг” гээд хэрэглэсэн бараа бүтээгдэхүүнээ дахин боловсруулаад шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Турк бол арьс ширэн бүтээгдэхүүнээрээ дэлхийд танигдчихсан, тэргүүлэгч улс. Гэтэл Туркийн үйлдвэрлэгч нар өөрсдөө ярьж байна. Бид Италид, том брэндүүдэд арьс, ширээ нийлүүлдэг байлаа. Одоо брэндүүдийн хандлага өөрчлөгдөөд ирэхээр бид арьс ширнийхээ үйлдвэрлэлийг өөр чиглэлээр хөгжүүлэх шаардлагатай болж байна гэж. Жишээлбэл, хүнсний үйлдвэрлэл, каллоген, биологийн нэмэлт бүтээгдэхүүн, желатин хийж байна. Европын холбооны желатины хэрэгцээний нэлээд хувийг Турк хангадаг болсон байна. Арьс ширний үйлдвэрүүд нь дандаа желатины үйлдвэртэйгээ хамт явж байна. Манайд ч гэсэн желатины хэрэглээ өндөр. Хүнсний бүхий л бүтээгдэхүүнд хэрэглэж байгаа. Тэгэхээр бид ч гэсэн арьс ширний үйлдвэрлэлийнхээ бизнес моделийг эргэж харах шаардлага гарч ирж байна. 

-Турк жишээ нь манай арьс ширний салбарт хөрөнгө оруулах боломжтой юу?

-Танхимын зүгээс Туркийн арьс ширний танхимын төлөөллийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард авчираад, Дархны арьс ширний паркад хөрөнгө оруулаач ээ гэдэг санал тавьсан. ХХААХҮЯ, Дарханы арьс ширний паркийн төслийн нэгжтэй уулзуулсан, Дархан хоттой танилцуулсан. Гэсэн ч таны түрүүн хэлсэнчлэн манай төрийн бодлого, хууль эрх зүйн орчин маш тодорхойгүй байна. 

Арьс ширний парктай болно гэж яриад байгаа боловч ядаж төрөөс дэд бүтцийг нь шийдэж өгөөгүй байна. Үйлдвэрлэлээ барихын хажуугаар дэд бүтцийн асуудлыг давхар шийднэ гэвэл хөрөнгө оруулагч нар орж ирэхгүй,  зардал өндөр тусна. Төр хэрвээ дэмжмээр байгаа бол ядаж дэд бүтцийн асуудлаа түрүүлээд явуулах ёстой байхгүй юу. 

Тэгж байж хөрөнгө орууулагч нар орж ирнэ. Хөрөнгө оруулагчдыг татахын тулд ямар хөнгөлөлт урамшуулал, ямар давуу талыг бий болгох вэ? гэдгээ анхаарахгүйгээр зүгээр л “70 сая мал байна, 20 сая арьс байна, түүхий эд хангалттай байна” гэж яриад байна. Мэдээж түүхий эд бол хангалттай. Гэхдээ бид хөрөнгө оруулалтын орчноо сайжруулж байж л хөрөнгө оруулалтыг татаж чадна. 

-Хөрөнгө оруулалт татаад төсөл хөтөлбөр хэрэгжүүллээ гэхэд манай ажиллах хүч хэр хангалттай юм бэ? Компаниуд бол байнга хүний нөөцийн дутагдалтай байдаг шүү дээ?

-Хятад улс хилээ нээсний дараа ОХУ-аас ирж байгаа бизнес эрхлэгчдийн дийлэнх нь манайхаас бараа бүтээгдэхүүн татах сонирхолтой байна. Мөн тухайн үед ОХУ-аас олон тооны иргэд дүрвэж ирж байна, Монголд үлдэж байна, үлдэх сонирхолтой байна гэдэг мэдээллүүд явсан. Үүнтэй холбоотойгоор Танхимаас судалгаа хийж үзсэн. Үнэхээр манайд үлдэж байна уу, тэдгээр нь ямар мэргэжилтэй хүмүүс байна? Нарийн мэргэжилтэй хүмүүс хэр олон байна, албан ёсоор ажил эрхлэх хүсэлтэй хүмүүс байна уу? гэдэг судалгаануудыг хийж үзсэн. Яагаад үүнийг хийсэн бэ гэвэл манайх хүн ам цөөн, дээр нь залуучууд маань үйлдвэрлэл дээр ажиллах сонирхол бага байна. Сүүлийн үед бизнесийн орчны бүхий л судалгаан дээр чадварлаг ажиллах хүчин, мэргэжилтэй боловсон хүчний дутагдал маш хүнд асуудал болж гарч ирсэн. Судалгаанд оролцогчдын 50-иас илүү хувь нь “боловсон хүчний дутагдал хамгийн том асуудал” гэж хариулж байна. Өмнө нь санхүүжилт асуудал байсан бол одоо ажиллах хүчин асуудал болсон. Тэгэхээр бид хөдөлмөрийн зах зээлийн бодлогоо ч гэсэн дахин тодорхойлох шаардлагатай болж байна. Өмнө нь зөвхөн гадагшаа гаргахыг эрмэлздэг байсан бол өнөөдөр эргээд гаднаас ажиллах хүч авах шаардлага үүсч байна.

-Өмнө нь ярьж байсан сэдэв рүүгээ эргэж оръё. Манай талын хэрэгцээ шаардлага бол мэдээж эхний ээлжинд хөрөнгө оруулалт. Тэгвэл Хятадын бизнес эрхлэгчид, ААН-үүдийн сонирхож байгаа салбар нь юу вэ?

-Хятад улсын хувьд мэдээж мах, ноолуур байнгын сонирхдог зах зээл. Нөгөө талаас сүүлийн үед биднээс сонирхож байгаа гол зүйл нь “Хөрөнгө оруулалтын төслүүд байна уу” гэж маш ихээр асууж байна. Хамтраад үйлдвэр байгуулья, хөрөнгө оруулалтын үр ашигтай төслүүд байвал хөрөнгөө оруулъя гэдэг сонирхлыг удаа дараа илэрхийлж байна.  Өнгөрсөн дөрөвдүгээр сард Манжуурын бизнес форумыг Танхим зохион байгуулсан, Манжуур хотын дарга ирж оролцсон. Одоо болох гурван улсын танхимуудын чуулга уулзалт дээр Хятад улсаас Өвөр Монгол мэдээж өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно. Хил орчмын бүс нутгуудаас дахиад 4-5  муж оролцохоор болсон. Мөн хувийн хэвшил, хөрөнгө оруулалт хийж бизнесийн харилцаагаа өргөжүүлэх сонирхолтой ААН-үүдийг оролцуулаад нийт  150 орчим хүн ирэхээр бүртгүүлсэн байна. Энэ удаагийн чуулган бол эхний шат нь. Энэ онд нийтдээ Хятадтай холбоотой гурван том арга хэмжээ төлөвлөгдсөн байгаа. Энэ сарын 22-нд Өвөр Монголын дарга нь өөрөө Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ айлчлалын бүрэлдэхүүнд хөрөнгө оруулалтын чиглэлээр 190 орчим ААН бүртгүүлсэн байна. Манай талаас хөрөнгө оруулалтын төслүүд хайж байна гэсэн үг. Манай ААН-үүдийн зүгээс ч гэсэн энгийн үед, ялангуяа цар тахлын улмаас эргэлтийн хөрөнгө оруулалтгүй боллоо, хөрөнгө оруулагч олоод өгөөч гэдэг саналуудыг байнга тавьж байсан. Энэ боломж нь энэ удаагийн хурлаар гарч ирж байна. Тиймээс хөрөнгө оруулалтын төслүүдээ өгөөч ээ гэдэг саналыг бид ААН-үүддээ тавьж байгаа. Зураг төсөл нь бэлэн болчихсон, ТЭЗҮ нь хийгдчихсэн, эхлэхэд бэлэн, эсвэл эхлээд явж байгаа, өргөжүүлэх шаардлагатай төслүүдээ ирүүлэх хэрэгтэй байна. Эхний манай арга хэмжээн дээр Орос, Хятадын 300 орчим бизнес эрхлэгчид ирнэ. Дараагийн 22-ны Өвөр Монголын арга хэмжээн дээр 190 орчим бизнес эрхлэгчид ирнэ. Есдүгээр сард бас Хөх хотод Хятад-Монголын экспо болно. Үүн дээр ААН-үүд маань төслүүдээ авч очоод хөрөнгө оруулагч нарт танилцуулах боломж бүрдэж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Ямар нэг салбар зааж хязгаарлахгүй. 

-Салбарын хувьд хязгаарлалт байхгүй ч хөрөнгийн чадвар, хүний нөөц, төслийн үр ашиг гээд бусад шалгуур байх уу?

-Бид бол одоогоор төслийг жижиг, дунд, том гэж хэмжээгээр нь, эсвэл үйлдвэрлэлийн төрлөөр нь хязгаарлалт тавихгүйгээр бүгдийг нь авья гэж байгаа. Зөвхөн энэ удаагийн арга хэмжээгээр хязгаарлахгүй, ер нь Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой гаднын бизнес эрхлэгчид цахим шуудангаар, албан тоотоор, эсвэл Монголд ирсэн үедээ төслүүдийг асуудаг. Энэ болгон дээр Танхим нэгдсэн дататай байх нь бидний үүрэг. Танхимын бүх гишүүдийнхээ бизнесийн боломжийг өргөжүүлэхэд зуучлах үүргээ гүйцэтгэнэ. 

Энэ удаагийн чуулганаас ядаж таван ААН бизнесийн түнштэй болоосой, дахиад таван бизнес эрхлэгч хөрөнгө оруулалт авчихаасай гэдэг боломжийг л хайж энэ чуулганыг хийж байгаа юм. 

-Хил орчмын бүс нутгуудад эдийн засаг, худалдаа арилжааны арай өөр нөхцөл үүсдэг байх. Ямар шинэ боломж байна?

-ОХУ-д манайхаас гарч байгаа бараа бүтээгдэхүүний экспортыг харахаар хайлуур жонш 50 гаруй хувийг дангаараа эзэлж байна. Хаймар дугуй 8,4 хувь, агаарын тээврийн хэрэгсэл 7,8 хувь, дараа нь үнэ металл гээд уул уурхайн гаралтай бараа бүтээгдэхүүн дийлэнх нь байна. Бидний экспортлохыг зориод байгаа хүнс, мал аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн цөөн хувиар экспортлогдож байна гэсэн үг. Ялангуяа Буриад, Эрхүү, Алтайн хязгаар, Туваг харахад бидний хэрэглээ ерөнхийдөө ойролцоо. Цаг уурын болон газар зүйн байрлал ойролцоо учраас. Бодит жишээ хэлэхэд, Боршоо боомт, Увсын Улаангом хоёрын хооронд 100-хан км. Энэ боомтоор өдөрт дор хаяж 200 орчим машин Оросоос орж ирж байна. Оросын талаас нэг хүний авч гарах бараа бүтээгдэхүүнд 25 кг гээд хязгаарлалт тавьдаг болохоор машиндаа аль болох олуулаа сууж орж ирээд маш их хэмжээний худалдан авалт хийгээд гардаг. Эргээд тэрийгээ цаанаа аваачиж борлуулдаг. 

Хүнс бол эцсийн бүтээгдэхүүн учраас их хэмжээгээр гарч байгаа. Ихэвчлэн ноос, ноолуур, эсгий, сарлагийн хөөвөр, тэмээний ноос гэм мэт бараа бүтээгдэхүүн маш ихээр гарч байгаа. Оростой хийж байгаа худалдаа маань энэ мэтчилэн ганзагын наймаа маягаар яваад байна, экспорт гэхээсээ илүү. Үүнийг албан ёсны экспорт чиглэл рүү нь оруулах хэрэгтэй болж байна. 

Магадгүй, үүний гарц гаргалгаа нь Алтанбулагийн чөлөөт бүс байж болох юм. Чөлөөт бүсдээ үйлдвэрлэлийнхээ эцсийн шатыг байгуулаад тэндээсээ татвараас хөнгөлөгдсөн байдлаар Орос руу гаргаж болно. Өөрөөр хэлбэл, Алтанбулагийн чөлөөт бүсээ хөдөлгөх тохиромжтой цаг нь өнөөдөр болсон байна. 

Хувийн хэвшил менежментийг нь хариуцаад явбал Танхимын зүгээс ноос, ноолуур гэх мэт чиглэл чиглэлийнхээ үйлдвэрлэл эрхлэгчидтэй холбогдоод ТЭЗҮ-г нь дахиж шинээр хийе. Үйлдвэрүүдээ худалдааны төвтэй нь цогц байдлаар хийгээд, жишиг чөлөөт бүс болгоё гэдэг сонирхол байгаа. Энэ талаар чуулган дээр нэлээд ярилцах байх. 

Дээр нь энэ чөлөөт бүсүүдэд хийх хөрөнгө оруулалт гурван улсаар хязгаарлагдахгүй. Зүүн өмнөд Азийн Малайз, Энэтхэг зэрэг улстай бизнес форум хийгээд явж байхад манай чөлөөт бүсэд өөрсдийн үйлдвэрийн салбарыг байгуулаад Монголоор дамжуулаад Орос, Хятад, төв Ази руу бүтээгдэхүүнээ гаргах сонирхол нь их байдаг. Монгол Улс өөрөө хоёр том зах зээлийн дунд оршиж байгаа нь давуу тал болж өгдөг. Үүн дээр бас төр засгийн анхаарлыг хандуулахыг зорьж байна. 

-Манай Хөрөнгө оруулалтын тухай хуулиар хөрөнгө оруулагч нарт босго тавьдаг. 100 мянган доллараас дээш хөрөнгө оруулалт хийх ёстой, оруулж ирж байгаа ажиллах хүчнийхээ тоогоор татвар төлөх ёстой гэх мэт. Тэр нь хөрөнгө оруулагчдын сонирхолд хэр нийцдэг вэ?

-Хөрөнгө оруулалтын шинэ хуулиар энэ асуудлыг цэгцэлье, 100 мянган долларыг босгыг багасгаж, гаднын ажиллах хүчин дээр уян хатан бодлого баримаар байна. Бид чинь өөрсдөө дотооддоо ажиллах хүчний дутагдалд орж эхэлж байгаа шүү гэдэг саналуудаа хуулийн төслийг боловсруулж байгаа ЭЗХЯ-нд хэлж байгаа. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хувийн хэвшлээр албан ёсоор хэлэлцүүлээгүй байна. Энэ хэлэлцүүлгийг тавдугаар сарын 29-нд төлөвлөсөн байсан боловч хойшилчихлоо. Хэлэлцүүлэг хийгээд эхлэхээр нэлээд олон бодитой саналууд гарах байх. “Хууль” гээд гоё үгтэй, гоё зохицуулалттай мөртлөө хэрэгждэггүй, хэрэглээнд орж өгдөггүй цаасыг бий болгохоосоо илүү бодитой, хэрэгжих боломжтой байх ёстой. Гаднын хөрөнгө оруулалт гэдэг зүйл тухайн улсынхаа технологи, ноу хау-тай орж ирдэг. Энэ бидэнд хамгийн том давуу тал болно. 

Нөгөө талаас шинэ үеийн залуучууд маань дэвшилтэт технологитой үйлдвэрүүд дээр ажиллах сонирхолтой байна. Энэ хэрэгцээг нь бид хангах чадах юм бол үйлдвэрлэлийн салбарт залуучуудыг ажлын байраар хангах боломж бололцоо байна. Залуучуудын сонирхол бол дижитал, цахим хөгжил, техник технологийн дэвшил. Тэгэхээр манай үйлдвэрүүд тэр шаардлагыг нь хангаж чадахгүй болохоор ажиллах сонирхол буураад байна. Энэ бол зөвхөн Монголд ажиглагдаж байгаа зүйл биш, олон улсын зах зээл дээр байгаа хандлага. 

Нэгэнт бидэнд дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмждэг санхүүжилтын уян хатан механизм байхгүй учраас гаднын хөрөнгө оруулалтад найдахаас өөр арга байхгүй. 

-Хэлэлцэх асуудлууд дотор аялал жуулчлалын салбар орсон байсан. Цар тахлаас хойш уначихаад байгаа салбар шүү дээ. Сэргэлт нь хэр хурдан бэ?

-Аялал жуулчлал бол нэг их бүтээн байгуулалт, нэг их хөрөнгө оруулалтгүйгээр валютын урсгалын оруулж ирдэг үр ашигтай салбар. Энэ салбарын бас нэг үр ашиг нь маш олон салбарыг тэжээж байдаг. Жишээлбэл, агаарын тээвэр, авто тээвэр байна. Аялал жуулчлал нь худалдаа үйлчилгээний бусад салбарын борлуулалтыг доод тал нь 25 хувиар нэмдэг. Тиймээс маш чухал салбар. Хоёрдугаарт экспортын салбар. Харамсалтай нь, бид үйлчилгээний экспортоо нийт экспортдоо тооцдоггүй, дандаа бараа бүтээгдэхүүний экспортоо тоолоод байдаг. Магадгүй дараа жилээс үйлчилгээний экспортоо нийт экспортдоо оруулж тоолдог болох байх. Дэлхийн худалдааны байгууллага бол үйлчилгээний экспортыг маш чухалд авч үздэг. Үйлчилгээний салбар нийт экспортын 30 хувийг эзэлж байна гэдэг тоо гаргаад удаж байна. Аялал жуулчлал бол цар тахалд хамгийн их нэрвэгдсэн салбар. Хамгийн их ажлын байраа алдсан, хамгийн их эрсдлийг үүрсэн. Цар тахалд хамгийн их өртсөн салбарын судалгааг гаргахад хамгийн эхэнд аялал жуулчлал, дараа нь барилгын салбар орсон. Цар тахлын дараа дахиад судалгаа хийсэн. Аялал жуулчлал харьцангуй богино хугацаанд сэргэлт үзүүлж байна. Засгийн газар бас их түрж өгч байна. 2023 оныг Монгол улсад зочлох жил болгоод зарлачихлаа. 

Манай аялал жуулчлалын салбарын гол хоёр хэрэглэгч нь яалт ч үгүй Орос, Хятадын зах зээл. 

Цар тахлын өмнө ОХУ-аас 100 орчим мянга, Хятад Улсаас 200 орчим мянган жуулчин аялдаг байсан. Гэтэл эргээд Монголоос Хятад руу аялсан хүний тоо давхардсан тоогоороо сая хүрчихдэг шүү дээ. Маш их хэмжээний эдийн засаг аялал жуулчлалаар гадагшаа гардаг. 

Энэ мөнгөө эргээд оруулж ирдэг, балансалж байх ёстой. Тэр үүднээсээ аялал жуулчлал бол бидний гол ярих ёстой сэдэв. 

Жишээ нь, энэ удаагийн форумд ирж байгаа 300 бизнес эрхлэгч маань манайхтай бизнесийн харилцаанд орсон тохиолдолд дахиад аялал жуулчлалын салбарын хэрэглэгчид болно. Тиймээс бид Танхимын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл, мөн БОАЖЯ-нд санал тавьсан. Бодлого, шийдвэр, хөрөнгө оруулалтаа танилцуулаад оролцооч гэж байгаа. Дээр нь цаад талаас ирж байгаа ААН-үүддээ чухал ач холбогдол өгч оролцъё гэдэг зорьж байгаа. Зөвхөн Хятад улсаас жуулчин хүлээж авдаг Хятад аялал жуулчлалын зөвлөл шинээр байгуулагдсан юм байна. Энэ зөвлөлтэй бас санал солилцоод явж байгаа. 

-Ярилцсанд баярлалаа. Форумын үйл ажиллагаанд нь амжилт хүсье.  

iNews.mn