С.Баярын ноён нуруу Ц.Элбэгдоржид арай л дэндүү дутаж байна. Юуны өмнө хэлэхэд энэ бол хувь хүмүүст байгалиас заяасан өгөгдөл буюу өндөр нам, өргөн нарийн, хүзүү сээрний тухай биш юм. Зүгээр л улс төрийн хоёр намын хоёр өөр лидерийн хувь чанар, улс төрчийн хандлагын тухай л юм.

Угаасаа л С.Баяр угийн хийтэй үг унагадаггүй, хэр баргийн алдаа гаргадаггүй хүн. 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт явдлын дараа олимпийн алтан медаль угааж халамцаад Сүхбаатарын талбай дээр согтуу гарч ирсний эс тооцвол шүү дээ. Ард түмнийхээ өмнө алдаа эндэл гаргасан түүх бараг л байхгүй. Хийнэ гэсэн бол хийчихдэг, шалгуулна аа л гэсэн бол шалгуулчихдаг хүн. Сая бүр АТГ дээр сайн дураараа, хоёр хөлөөрөө явж очоод хоригдсон байсан. Н.Энхбаяр шиг оймс энэ тэрээ гозолзуулалгүй гутлаа үдээд очсон байгаа юм. Тиймээс Монголын ард түмэн С.Баяр АТГ-т очихдоо ямар оймстой байсан тухай одоо хэр нь маргасаар л байна.

С.Баярын ийнхүү хөлөөрөө яваад шорон луу орохыг харж бахархсан АН-ын нэг гишүүн энэ тухайгаа “С.Баяр эр хүн шиг загналаа” гэж сонинд ярилцлага өгөөд намын дайсан болохоо шахсан гэсэн. АН-ын дарга байгаад ЕТГ-ын газрын дарга болсон нэг хүн түүнийг өрөөндөө дуудан байцааж “Ямар учраас нөхөр минь чи, С.Баярыг магтаж, ардчиллын эсрэг үйл ажиллагаа явуулаад байна” гэж загнасан юм даг уу даа. Өөрийнх нь дарга ч юм уу, өмнөх дарга нь ч юм уу “хөлөөрөө яваад шорон луу орсон” түүх байхгүй учраас атаархсандаа тэгсэн байх. Одоогийн Ерөнхийлөгчийг УИХ-ын гишүүн байхад нь нэг удаа АТГ-аас дуудсан чинь Баянгол зочид буудлын өмнө баахан хүмүүс цуглуулж, телевизийнхнийг дуудаад, АТГ-ынхан бантахдаа жирэмсэн байсан туслах эмэгтэйг нь бариад явчихсан гэдэг билүү дээ.  

Гэтэл С.Баярыг АТГ-ын хаалгаар өөрөө явж ороод хоригдсон гэдгийг монголчууд маргааш өглөө нь мэдэж байх жишээтэй. Саяхан бүр шоронд хоригдсон эрхмүүдийн “аж байдалтай” танилцахаар очсон УИХ-ын хүний эрхийн дэд хорооны гишүүнд С.Баяр шоронгийн удирдлагаар дамжуулан “Би хэнтэй ч уулзахгүй, хэнд ч юу ч ярихгүй” гэж хэлүүлсэн байна лээ. (С.Баяртай уулзуулаагүй биш, С.Баяр л өөрөө уулзаагүй юм билээ л дээ) Н.Энхбаяр шоронд ороод сонсголоо алдсан бол С.Баяр ярих чадвараа алдсан болж таарав. Гэхдээ л шалгуулна л гэсэн бол шалгуулна. Гол нь “юу ч ярихгүй” байх.

Тэр лав энэ алдарт үгээ ч гэсэн цаасан дээр бичээд шоронгийн даргад үзүүлсэн байж таарна. Эсвэл угаасаа тэнд байгаагүй ч байж болно. (Зүгээр тийм байх боломжтой л гэж байгаа юм) Энэ бол нэг талаас манай авлигатай тэмцэх байгууллагын өмнө тулгарч байгаа маш том сорилт юм. "Би юу ч ярихгүй шүү, чаддаг юм бол та нар нотлоорой!" Энэ чинь “ясыг чинь цайтал хорьж байгаад хэлүүлнэ дээ” гэдэг ухамсартай манай хуулийнханд маш том сорилт байхгүй юу. Тийм учраас АТГ-ынхан С.Баярын энэ үгийг албан байгууллагынхаа ханан дээр алтан үсгээр бичих хэрэгтэй. Цаашдынх нь ажил үйлд тустай.

Гэтэл Ц.Элбэгдорж яав? Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээ, “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалт, шүүх, хуулийн байгууллагын шинэчлэл гээд байсан бүхнийг маань МАН толгой дээр нь нурааж байхад таг дуугүй л байна. Ер энэ улсад байгаагүйгүй ч юм шиг. “Эрдэнэт”-ийн 49 хувийг Ц.Элбэгдорж хулгайлж авсан шүү гээд өөрийнх нь нам ч, өрсөлдөгчид нь ч гүтгээд байхад л "шалгуулъя” гэж хэлээгүйгээр зогсохгүй “шалгуулахгүй” ч гэж бас хэлсэнгүй. Ингээд харахаар С.Баярын ноён нуруу Ц.Элбэгдоржид арай дэндүү дутаж байна.  

inews.mn