Найруулагч Тэйлор Шериданы (Taylor Sheridan) бүтээл “Wind River”буюу “Салхит Гол” уран сайхны кино энэ оны 8-р сарын 4-нд кино театруудад гарч эхэлснээсээ хойш одоогоор 40 сая долларын орлого олж чамгүй амжилт үзүүлэн Каннын кино наадмын 3 төрөлд нэр дэвшин шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн байна. Гарсан цагаасаа BoxOffice д өндөр үзүүлэлттэй байгаа нь үзэгчдэд таалагдсаных биз ээ. 

Wind River киноны зохиол нь сонирхолтой бөгөөд 2 цагийн турш үзэгчдээ огтхон ч уйдаахгүй. Тус кино триллер төрлийн кино боловч дотроо хүчтэй сэтгэл хөдлөлийн драмыг агуулсан юм. Киног нийтэд үзүүлж түгээх эрхийг The Weinstein Company анх гэрээ хийн авсан боловч саяхан тус компанийн эзэн Харви Вэйнштэйн хүчингийн хэрэгт холбогдсонтой холбоотой гэрээ цуцлагдсан байна. Сонирхуулахад гол дүрийн 2 жүжигчин маань өмнө нь MARVEL- ийн Avengers-т хамтран тоглож байсан юм.

Үйл явдал 

АНУ-ын баруун хойд хэсгийн Вайоминг муж Салхит голын хөндийгөөс хүчирхийлүүлж доромжлуулсан индиан охины цогцосыг анчин Кори Ламберт (Jeremy Renner) олж цагдаад мэдэгдсэнээр киноны үйл явдал өрнөнө. Тус хэргийг мөрдөхөөр Холбооны мөрдөх товчооны мөрдөгч Жейн Баннер (Elizabeth Olsen) ирнэ. Шинэхэн, залуу,туршлага бага мөрдөгч мөрдөх ажиллагаандаа Кориг туслахыг хүссэнээр тэд хамтран уг гэмт хэргийг илрүүлдэг. 

Найруулагч киноны гол түлхүүр санаагаа Жейны хэлдэг: “Амьтанд ч хүртэл хайрлах өрөвдөх инстинкт байдаг байхад бусдыг зөвхөн таашаал авахын тулд хүчиндэж хүчирхийлэл үйлдэж байгаа хүн бол хүн биш араатан. Эдгээр араатнуудын мөрийг хөөж мөрдөж устгаж байгаа хүн нэг ёсны анчин болж байгаа юм яг Кори Ламберт шиг” гэсэн үгээр илэрхийлсэн мэт. Киноны төгсгөлд анчин Кори Ламберт гэмт хэрэгтэнг барьж, хөөрхий охины амиа алдсан яг л тэр хэлбэрээр хөнөөж охины аав, өөрийн найзад амласан амлалтаа биелүүлж байгаад энэ үгний тайлал оршино. 

Тэйлор Шеридан киноогоо бодит үйл явдлаас сэдэвлэсэн бүтээсэн нь энэ киног сонирхолтой болгосон агаад Америкийн уугуул иргэд болох индианчуудын өнөөгийн бодит байдал, тэдэнд тохиолдож байгаа олон олон харамсалтай үйл явдлуудыг харуулж чадсанаараа олон сая үзэгчдийг байлдан дагуулсан юм. 1992 онд Вэл Килмерийн гол дүрд нь тоглосон “Thunderheart” киног та үзсэн бол эдгээр уугуул индианчуудын амьдрал 25 жил өнгөрөхөд сайжраагүйг, тэд америкийн өндөр хөгжлийн дунд нам гүмхэн хүлцэнгүй амьдран суугааг, өөрсдөд нь таслан өгсөн жижигхэн газар дээр өдөр ирэх тусам цөөрөн цөөрсөөр, залуус нь архи, хар тамхинд автаж ирээдүй нь бүрхэг болж байгаа харамсалтай дүр зургийг тус киноноос мэдэрсэн байж таарна.

АНУ-ын Хойд Дакота, Өмнөд Дакота, Небраска, Вайоминг, Монтана мужуудын зарим нэг хэсэгт Лакота омгийн индианчууд амьдран суудаг ба ойролцоогоор 100000 орчим хүн амтай. Амьдралын түвшин АНУ-даа хамгийн доогуур үзүүлэлттэй, эх хүүхдийн эндэгдэл бусад мужуудын дундажаас 5 дахин их, амиа хорлолт, архидалтын түвшин хамгийн өндөр байгаагаас сөнөж мөхөх маш эмгэнэлтэй хувь заяа эдгээр индианчуудыг хүлээж байгааг харж болно. 

2017.11.02